УИХ-ын
гишүүн Э.Мөнх-Очирыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-
Ардчилсан намынхан танай намыг ажиглаж, бас анаж байна. Тэд Гүйцэтгэх
зөвлөлийнхөө хурлыг хойшлуулчихлаа. Танай намынхан С.Батболдыг Монгол ардын
намын даргаар батламжилсан нь хамтарсан Засгийн газар огцрох асуудлыг нэг
алхмаар хойш татсан. Ний нуугүй хэлэхэд, Монгол ардын намын лидерүүд түүнийг
хүчээр аваад үлдчих шиг боллоо, тийм үү?
- С.Батболдыг бид авч үлдээгүй. Тэр
хүнийг хэн ч авч хаях гээгүй. Ажиглагчид ч “Монгол ардын намынхан С.Батболдыг
авч хаяна, бүр өшиглөчихнө” гэж яриагүй байх. Манай нам Ардчилсан намд ажил
хэрэгч санал тавьж, хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан. Тухайн үед
би Засгийн газар байгуулах хамтарсан ажлын хэсэгт ажиллаж байлаа. Тэгэхэд ямар
яриа өрнөснийг ч мэднэ. Гэтэл Ардчилсан намынхан байнга ийм хөдөлгөөн хийж,
тохиролцсоноосоо буцсан, ажлыг урагшлуулах сонирхолгүй үйлдлүүд хийвэл Монгол
ардын намын зүгээс ямар нэгэн алхам хийж л таарна. Гэхдээ үүнийг яг хийнэ гэж
ойлгохдоо чухал биш “Ажил урагшлахгүй бол бид өөрсдөө хариуцлагаа үүрье” гэдэг
л асуудал шүү дээ. Ер нь хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ эргэж
хараасай. Монгол ардын намынхан маань тус намтай тохиролцооны ширээний ард суух
болов уу гэж бодож байна. Манай нам ууган нэрээ сэргээж, үзэл баримтлалдаа ч
тодорхой өөрчлөлт орууллаа. УИХ-ын ээлжит сонгууль эхлэх дөхсөн учраас мөрийн
хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёр намын хоорондын
харилцаанаас илүү улс орон, ард түмэнд тулгамдаж буй асуудал зөндөө бий.
Эдгээрийг цэгцлэхийн тулд ажлынхаа эрчийг хурдасгах арга хэмжээнүүдийг авч л
таарна.
-
Монгол ардын намынхан эвийг хичээх нэрийдлээр фракциудын нэгдэл, тохиролцоо гэж
ямар байдгийг өнгөрсөн өдрүүдэд харуулсан. Н.Энхбаярынхан, хотынхон,
хөдөөгийнхөн хоорондоо томоохон тохиролцоо хийсэн нь Бага хурал, Удирдах
зөвлөлийн гишүүдийг сонгох үйл явцаас тодорхой харагдлаа. Ирэх сонгуульд нэр
дэвших, эдийн засгийн томоохон операцид оролцох гэхмэтчилэн фракциудын ашиг
сонирхол тэднийг яалт ч үгүй нэгтгэчих шиг болсон. Харин та юу гэж бодож байна
вэ?
- Би нэг зүйлийг байнга ярьдаг.
Намын олон өнцөгт үзэл бодол хэр хол явах юм бэ, өрсөлдөөн гэдэг нь хаа хүртэл
үргэлжлэх билээ. Хурал дээр, сонин хэвлэлээр бүгд л ярьсан. Монгол ардын намын
амьдралыг бид бүх талаас нь ухаж үзлээ шүү дээ. Ингэсний эцэст ууган нэрээ
сэргээж, улс орны төлөө ажиллахаа шинээр тодорхойлж эхэллээ. Болохгүй нь юу
байгаа юм бэ. Монгол ардын намынхан хоорондоо хагаралдахаараа муухай,
нийлэхээрээ бүр муухай байдаг байж болох уу. Болохгүй биз дээ. Юу нь буруу
байдаг юм. Монгол ардын нам хэмээх нэр дор Н.Энхбаярынхан, хотынхон, өөр хэн ч
байдаг юм нэгдэхэд буруутгах зүйлгүй. Бид сая 1965 оноос хойшхи залуусыг намын
Удирдах зөвлөлд хэрхэн оруулахаа ярилцлаа. Залуучуудыг төлөөлж, Удирдах
зөвлөлийн хурал дээр санал бодлоо хэлдэг хүмүүс байх ёстой. Тийм учраас
намынхаа даргатай ойлголцож “Санал болгосон хүмүүсийг маань дэмжиж өгөөч” гэдэг
хүсэлт тавьсан. Үйл явц ийм л зарчмаар өрнөж байгаа. Түүнээс биш бүлэглэл гэдэг
утгаар нь би ойлгохгүй байна.
-
Тухайлбал, Д.Очирбат, Ж.Энхбаяр гишүүн та хэд сая яг юу гэж ярилцав. Нэг цаг
орчим нууцлаг яриа өрнүүллээ шүү дээ?
- Үгүй ээ, бид нууц юм яриагүй. УИХ
дахь намын бүлгээс хэдэн хүн Удирдах зөвлөлд ажиллах вэ, квот тогтоосон юм бол
яах вэ гэдгээ ярилцлаа. Энэ талаар намынхаа удирдлагаас ч асуусан. Манайхан сая
зүгээр л чөлөөт яриа өрнүүллээ.
-
Та Удирдах зөвлөлийн гишүүн болохын тулд хэр амбицалж байна вэ?
- Би нэр дэвшихгүй. Надад хийх ажил
зөндөө байна. Удирдах зөвлөлд ажиллахад цаг зав нэлээд шаарддаг. Тус зөвлөлийг
төлөөлж, хөдөө орон нутагт байнга ажиллах шаардлага гарна. Тийм учраас
залуустаа энэ тухай дөнгөж сая хэлчихсэн.
-
Намын Бага хуралд бизнесийнхэн хүч түрэн орж ирлээ. Тэдэнд танай нам ямар өртэй
юм бэ?
- Тийм үү, мэдэхгүй. Би тэгж
хараагүй.
-
Та харсан шүү дээ?
- Тэгээд яана гэж. Төрийнхнийг
оруулах юм уу. Хуулинд “Төрийнхөн” гэж байхгүй шүү дээ.
-
Төрийн албан тушаалтнуудыг ч гэсэн албан тушаалаас нь түдгэлзүүлчихэж байгаа юм
биш үү?
- Ажиллах боловсон хүчин
шаардлагатай учраас тэдэнд санал тавьсан. Тэд ч өөрсдөө төрийн албанаас
түдгэлзээд орж ирж байгаа учраас нам дургүйцэхгүй авна биз дээ.
-
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин XXVI их хурлаар олонхийн санал авч намын дарга
болсон бол, бас Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, байдал З.Энхболд
нарын талд эргэсэн бол хамтарсан Засгийн газрын хувь заяа маш өөрөөр эргэх
байлаа. Энэ өдөр адал явдалт баасан гарагуудын тоог ч нэгээр нэмэх байв. Харин
та хамтарсан Засгийн газрын талаар ямар прогноз дэвшүүлж байгаа вэ?
- Баасан гараг болгоныг “Хар мөртэй”
хэмээн ярьдаг. Миний хувьд, өнгөрсөн баасан гарагийг “Тийм биш байгаасай” л гэж
бодож байлаа. Төр барьж буй намын амьдралд чухал их хурал болсон. Ардчилсан
намынхан ч тун удахгүй Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулах гэж байна.
Мэдээж хэрэг, тэд манай намын их хурлыг ажигласан байх. Бид ч тус намыг ажиглаж
“XXVI их хурлаа их зөв гаргалгаатай хийх сэн” гэж хүссэн. Тийм учраас таны
хэлдэгчлэн өнгөрсөн баасан гарагт “Ирээдүй рүү чиглэсэн гэгээлэг үйл явдалтай
хурал болоосой. Улс орныхоо төлөө зөв шийдэл гаргаасай” гэж бодож байлаа.
Хүмүүс намын даргын албан тушаалд юу бодон өрсөлдөж байгаагаа өөрсдөө мэдэж байсан
биз. С.Батболд дарга энэ албыг авснаас хойш нэг жил гаруй болж байна. Тэрбээр
зоригтой санаачилга дэвшүүлж, олон жилийн туршид ярьсан шинэчлэл гээчийг
өөрийнхөөрөө харан тодорхой шийдэл гаргалаа. “Болох зүйл байвал дэмжье.
Болохгүйг нь хэлье” гэж бид асуудалд хандсан.
-
“Н.Энхбаяр Ө.Энхтүвшинг улс төрийн тоглоомдоо оролцууллаа” гэх мэдээлэл
өнгөрсөн долоо хоногт цацагдахтай зэрэгцэн таныг энэ операцид оролцож байна гэж
ярих хүн ч байсан?
-Ө.Энхтүвшин гишүүн тэгж хэлж байна
уу?
-
Үгүй ээ, энэ бол зүгээр л мэдээлэл.
- Яах вэ, мэдээллүүд янз бүр л
байдаг. Сайн, хэрэгцээтэй мэдээлэлд Мөнх-Очирын нэр ямар орох биш. Жаахан саар
бол энэ нэрийг л дурьддаг болчихсон шүү дээ. Миний хувьд, намын даргын албан
тушаалд хэн нэгнийг нэр дэвшүүлэх талаар хүмүүстэй санал солилцоогүй. Харин
У.Хүрэлсүх даргад хувийн зүгээс хэлсэн. “Намд шаардлагатай гэж үзвэл та бүхэн
Мөнх-Очир гэдэг хүнийг намын удирдах түвшинд ажиллуулбал ажиллуулаарай. Би УИХ
дахь намын бүлгийн хүрээнд ажлаа хийж байна” гэж. Ө.Энхтүвшин даргын хувьд,
болохгүй хүн биш. Энэ ажлыг хийвэл хийчихээр л хүний нэг. Гэвч одоо цаг үе нь
мөн үү, биш үү. Шинэчлэлийг санаачилсан дарга нь ажлынхаа үр дүнг үзэж, дүнгээ
тавиулдаг жам нь байх ёстой байх. Тэр жам нь УИХ-ын 2012 оны сонгуулиар
тохионо. Тиймээс шинэчлэлийг санаачилснаараа хийгээд яваасай. Түүнд нь бид
дэмжлэг үзүүлэхээс биш элдэв саад учруулаад хэрэггүй. Ямар ч байсан С.Батболд
дарга ажлаа хийж, намын гишүүд бид үр дүнг нь харъя. У.Хүрэлсүх дарга ч гэсэн
“Хариуцлагаа үүрч, энэ ажлыг хийе. Хуучин нэрээ сэргээж, үзэл баримтлалаа
шинэчлэн дүнгээ тавиулъя” гэдэг хүсэлтээ хэлчихсэн шүү дээ. Их хурлын
төлөөлөгчид маань тэрхүү хүсэлтийг нь хүлээж авлаа. Тийм учраас ирэх сонгуулиар
үр дүнг нь үзэхийн тулд бүгд зүтгэх ёстой.
-
Ө.Энхтүвшин гишүүн тэнэг хүн биш шүү дээ. Ямар ч байсан өрсөлдөөн, сонгууль
гэдэг асуудлыг дэвшүүлж, XXVI их хурлын уур амьсгалыг огт өөр дүр зурагтай
болголоо. Нөгөөтэйгүүр “Энэ чинь өрсөлдөөний журмаар намын дарга болсон” гэх
тодотголыг С.Батболдод өгүүллээ. Тэгэхээр танай намын удирдлагуудаас
Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх сценарийг зохион байгуулсан юм биш биз?
- Нам хуучин нэрээ сэргээж, үзэл
баримтлалдаа өөрчлөлт оруулсан нь намд зөвөөр тусах уу, үгүй юү гэдэг өнцгөөс
зарим нь хандаж байгаа. Их хурлын үеэр энэ асуудлыг дэмжээгүй жирийн гишүүд
цөөнгүй бий. Ө.Энхтүвшин гишүүн тэдний санал бодлыг дэмжиж, үгээ хэлсэн болов
уу гэж бодож байна.
-
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг намын Бага хурлын гишүүн болголоо. Гэтэл мань хүн
яагаад мөчөөгөө өгөхгүй байгаа юм бол?
- Н.Энхбаяр их хурлын үеэр юу гэж
хэлснийг та бүхэн сонссон. Тэрбээр энэ намын Ерөнхий нарийн бичгийн даргаас
эхлээд төрийн өндөр албан тушаалыг олон жил хашсан хүн. Тэгэхээр тодорхой
хэмжээгээр хэлэх үг байгаа. “Залуус маань зарим зүйлд битгий алдчихаасай.
Мэдээж, алдаа гаргалгүй яах вэ. Гэхдээ дараа нь харамсахаар зүйл бүү хийгээсэй”
гэж бодож л үг хэлсэн болов уу. Түүнтэй би хувиараа хэд, хэдэн удаа уулзаж ярьж
байсан. Тэгэхэд “Албан тушаалын төлөө яваагүй” гэдгээ надад хэлж байлаа. Тэгээд
ч яаруу сандруу хийж байгаа ажлыг цаг тухайд нь зогсоох хүн хэрэгтэй байдаг л
байх. “Яарвал даарна” гэдгийг улс үндэстэн бүр янз бүрээр хэлсэн байдаг.
Монголчууд маань “Яарч хийвэл хожим нь амаа барина” хэмээдэг. Н.Энхбаяр тэгж
бодож л үгээ хэлсэн гэж бодож байна. Манай намынхан ч үүнийг нь зөвөөр ойлгоосой.
-
Ингэхэд та намынхаа үйл ажиллагааны хаахна явна вэ. Экс Ерөнхийлөгчийн талыг
баримталж байна уу. Аль эсвэл С.Батболд даргыг дэмждэг үү?
- Би намын үйл ажиллагааны төвд л
явна. Хэзээ ч туйлширч байгаагүй. Тухайн үед хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн
болгоноо хурал дээр хэлчихдэг. Цаашид ч хэлэх болно. Ер нь би нэг хүн, аль
эсвэл хэсэг бүлэг хүний төлөө явдаггүй. Надад тийм хүмүүжил, соёл байхгүй.
Миний хувьд, аль нэг талыг баримтлагч биш.
-
Хэвлэлд өгсөн ярилцлагуудаас тань харахад экс Ерөнхийлөгчийг дэмжсэн утгатай
зүйл ярьсан байсан. Түүний талыг баримтлагч биш юм бол тэр хүнийг зүгээр л
өрөвдөж байгаа хэрэг үү?
- Өрөвдөөгүй ээ. Жудаг гэж нэг юм
бий шүү дээ. Унасан, аль эсвэл хүч сулхан хүнийг оролдох муухай байдаг юм.
Тухайн үед би “Н.Энхбаяр үзэл бодлоо л илэрхийлж байна шүү дээ. Юу болоод
байгаа юм бэ” гэж ярилцлагадаа дурьдаж байсан. Түүний тухай одоо ч тэгж бодож
байна. Тэр хүн санаж, бодсоноо л хэлж байгаа.
-
Н.Энхбаярын хүч суларсан нь үнэн. Гэхдээ түүнийг хэн оролдоод байгаа гэж?
- Мэдэхгүй, сонин хэвлэлээр ярьсан
хүмүүс тэгж харагдсан болохоор үгээ хэлсэн юм.
-
Экс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сонгуулийн үеэр унагасан хүмүүс нь үү?
- Сонгуулийн үеэр ажиллаагүй
болохоор би хэн нь хэнийгээ унагасныг мэдэхгүй л дээ. Тэгээд ч сонгуульд хүн
унагана гэж явдаггүй. Өрсөлдөгч намдаа ялагдана л гэж байдаг. Гэхдээ хоорондоо
ойр ажиллаж байсан хүмүүс өөрсдөө мэдэж байгаа биз.
-
Та байсхийгээд л зодооны хэрэгт нэр холбогддог. “Айвенхоу майнз”-ын дэд захирал
Ц.Содхүүтэй учраа ололцсон уу?
- Аан, тэр болоогүй явдлын тухай
ярих ямар шаардлагатай юм бэ. Надтай холбоотой тийм дуулиан болоогүй. Сонирхлын
бүлэглэлийн хэдэн хүн сонинд хэд хоног бичүүлээд л чимээгүй болчихсон.
-
Ирэх оны төсөв гацаанд орчихлоо. УИХ “Төсвийн тухай төслийг шаардлага хангахгүй”
гэж үзээд буцаах шийдвэр гаргасан. Гэтэл энэ чухал үед Сангийн сайд байнгын
хорооны хуралдаанд ирээгүй нь гишүүдийг өнгөрсөн долоо хоногт багагүй
бухимдуулсан. Яагаад ирээгүй юм бол?
- “Бие нь муу байна” гэж байна л
даа. Хүн л болсон хойно өвчин зовлон тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Сангийн
сайд гэлтгүй Засгийн газар энэ тухай бодох ёстой. Түүнийг орлодог хүн нь хаана
байгаа юм, хэн юм. Дараа, дараагийн хүмүүс нь ажлаа хариуцах л ёстой.
-
Гишүүдийн шүүмжлэл ч ортой. Ер нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах
ажил жигдрээгүй, 2010 оны төсвийн алдагдлыг 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай
баталсан атлаа ирэх оныхыг 197.7 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар төлөвлөсөн нь
дэндүү хийсвэр алхам биз дээ?
- Миний хувьд, улсын төсвийг тухайн
үед яаж харсан гээч. Мэдээж хэрэг, олон улсын санхүүгийн байгууллагуудтай
тохиролцсон зүйлс байдаг байх. Түүнийхээ хэм хэмжээнд ямар тоо тавихаа тэд
хоорондоо нэлээд ярилцаж байж оруулж ирсэн нь ойлгомжтой. Гэтэл төсвийн төслийг
өргөн барьсных нь дараа Ардчилсан намынхан ингэж жүжиглэх хэрэггүй. Учир нь тус
намынхан хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд бий. Тэгээд ч бид уг төслийг
боловсруулах чиглэлээр өнгөрсөн хавраас хойш хамтран ажиллаж байж оруулж ирсэн.
Сангийн сайд ч Ардчилсан намын гишүүн. Тийм учраас энэ жүжгээ болих хэрэгтэй.
Гэхдээ асуудал бодитой юу, бодитой. Үүнийг одоо л сайн ярих учиртай.
-
УИХ Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг шийдэхдээ зориг муутайхан
хандлаа. Огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг шийдвэр гаргах байсан юм бол тэгж удах
хэрэг байсан юм уу?
- Зориг дутсан уу, үгүй юү гэдгийг
та нар өөрсдөө дүгнэнэ биз. Миний хувьд, дүгнэлт гаргаад өгчихсөн. Тусгай
хяналтын дэд хороо дүгнэлтээ УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлчихсэн
шүү дээ. Энэ бол нийтэд мэдээлчихсэн зүйл.
-
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх тухайд
хориг тавьсан. Та үүнийг дэмжиж байгаа юу. Аль эсвэл бусад гишүүнийхээ адил
эсэргүүцэж байна уу?
- Бусад гишүүн гэж хэн билээ?
-
Танай намын гишүүд хүлээж авахгүй байгаа шүү дээ?
- За, яах вэ дээ. Хүмүүс ажлаа хийж,
хууль санаачлан хориг тавьсныг нь манай намынхан “Хүлээж авахгүй” гэсэн байх.
Би боловсролын салбарынхны цалингийн нэмэгдлийг хасна гэхэд нь хууль санаачилж
байгаагүй юу. Одоо санаж байна уу, үгүй юү та нар. Тэгэхэд “Би энэ хуулийг
эсэргүүцэж байна. Боловсролын салбарынхны цалинг нэмэх шаардлагатай” гэж
өөрийнхөө цалинг Булган аймгийн бүх багш, ажилчдад хандивласан.
-
УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр та Булганы сум бүрт 50 сая төгрөг хандивласан.
Хувиасаа өгсөн үү?
- Тийм.
-
Тэгэхээр Э.Мөнх-Очир гишүүн хэр хэмжээний хөрөнгө, орлоготой гэсэн үг вэ?
- Авлигатай тэмцэх газраас тэр тухай
мэдээллийг авчихаж болно. Нээлттэй.
-
“Нарантуул” захаас хувь эзэмшдэг тань үнэн үү?
-Тийм юм байхгүй. Өмнө нь тэнд гуанз
ажиллуулдаг байсан учраас хүмүүс тэгж ойлгосон байх.
-
Намын бэлгэдэлд төрийн соёмбо, улаан сарнайг хослуулах нь хэр зохимжтой
хувилбар вэ?
- Би энэ талаар нэг их бодоогүй.
МАХН СоцИнтерний жинхэнэ гишүүн учраас улаан сарнай байх нь зүйтэй байх. Харин
эв нэгдлийг дүрсэлсэн одоогийн бэлгэдэл нь соёмбоосоо илүү мэт санагдаж л
байна. Дугуй хэлбэрт цэцгэн дунд өнцөгтэй зүйл байрлах нь дизайныхаа хувьд,
харагдах байдлаасаа хэцүү л дээ.
-
Танай намынхан нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай зүүн төвийн нам гэдгээ олон
нийтийн ой тойнд хоногшуулах оролдлого хийж байна. Энэ талаар шүүмжлүүштэй
зүйлс байдаг уу?
- Онолын хувьд харвал үндэсний гэх
үгийн цаана том агуулга байдаг. Тэр тухай л ярьж байгаа байх. Монгол ардын нам
үеийн үед улс үндэснийхээ тусгаар тогтнолын төлөө явж байсан. Үндэсний үзэл
хэмээх мөн чанар намын дотоодод ямагт байсаар ирлээ. Одоо ч ялгаагүй. Тиймээс
үүнийг заавал тунхаглах шаардлага байна уу гэж боддог. Олон улсын
байгууллагуудын өмнө манай намын хүлээсэн үүрэг, гишүүнчлэлийн асуудал дотор энэ
нь ямар дүр төрхтэй харагдах бол. Үндэсний гэх үзэл баримтлалтай нам ороод
ирвэл цаадуул нь яаж хүлээж авах вэ гэдгийг би сайн мэдэхгүй. Үүнийг манай
онолчид, “Прогноз” академийнхан сайн судалж, гадаад харилцааныхан
СоцИнтернийхэнтэй уулзахдаа энэ тухай хэлчихээсэй гэж хэлж байлаа. Бодвол
уулзаж хэлэх биз.
-
Намын дүрэм, Хичээн эрмэлзэх зүйл гэх мэт олон баримт бичгийг нэгтгэчихэж
болоогүй юм байх даа?
- Болохгүй л дээ. Дүрмийн заалтууд
гэдэг цаанаа олон хүний амьдрал, тэр дундаа намын үйл хэргийг зохицуулдаг
нухацтай өгүүлбэрүүдтэй. Тэр бүгдийн томъёоллуудыг зөв гаргах ёстой. Тийм
учраас олон хүний оюун ухааныг уралдууллаа.
-
Монгол ардын намын түүхийн нэгэн том төлөөлөл нь таны аав. Л.Энэбиш гуайн үед
тус намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөх талаар хэр хүчтэй ярьдаг байсан юм бол?
- Нэр, үзэл баримтлалын тухайд 1990
оноос хойш янз бүрийн санаачилга дэвшүүлдэг байсан. Гэхдээ ямар шатанд юу гэж
өөрчлөх гэж байсандаа гол нь биш. Харин шинэчлэл, өөрчлөлт хийх шаардлагатай нь
тодорхой байлаа. Тухайн үед ардчилсан социалист үзэл санааг нутагшуулж эхэлсэн.
Үүнийг гээлгүй одоо ч аваад явж байна. Уг нь би “Ууган нэрийг сэргээхээс өмнө
хийх шаардлагатай зүйлс байна” гэж хэлж байсан. Тэдгээрийг яваандаа хийх биз.
Монгол ардын нам нэн шинэ шинэчлэл хийчихээд байгаа юм биш. Товчхондоо,
шинэчлэл эхэлж байна. Өмнө нь ярьж байсан зүйлс шинэчлэл байгаагүй. Шинэчлэлийг
авчрахын төлөө л зүтгэж байсан хэрэг. Тэгвэл өнөөдөр шинэчлэлийг үргэлжлүүлж,
орон нутгийнхантайгаа ярилцах ёстой. Улс орон, намынхаа төлөө хийх гэж байгаа
зүйлсийг олон түмэн маань ойлгох хэрэгтэй. Та аавын минь тухай асуулаа. Манай
нам тухайн үед СоцИнтернд элсэх талаар идэвхтэй ажилласан. Аав маань зарим
хуралд журмын нөхдөө удирдан зохион байгуулж оролцдог байлаа. Үүнийг тэр үеийн
гэрэл зургууд, баримт бичгүүд гэрчилнэ. Тухайн үед манай нам СоцИнтерний гишүүн
байхын тулд ардчилал гэдэг үгийг хэрэглээгүй. Гэвч өнөөдөр үндэсний гэх
тодотголыг оруулах шаардлагатай болчихоод байна шүү дээ. Үндэсний гэдэг үгийг
хаа сайгүй хэлж байна. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, тийм биз. Бид
их хурлын үеэр омогших гэдэг үгийг олонтаа ярилаа. Тийм учраас Монгол хэмээх
нэрээр хэрхэн бахархаж, тусгаар тогтнол гэдэг үгийг яаж ойлгох юм бэ гэдэг дээр
шинэ гаргалгаа хэрэгтэй байх гэж боддог.
-
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
Б.Цэцэгдэлгэр
(Улс төрийн тойм сонин)
2010
оны 11-р сарын 09, Мягмар гариг
No comments:
Post a Comment