МАХН-ын
бага хурлын тов зарлагдаагүй хэдий ч тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн
байх нь олон хүний анхаарлыг татаж эхэллээ. Генсекийн суудалд хамгийн
тохиромжтой хэмээн олны таамаглаж байсан Л.Амарсанааг Ерөнхийлөгч Тамгын газрын
даргаараа тохоон томилж, ёстой л нөгөө дэвшүүлэн зайлуулна гэгч болов. Түүний
араас Л.Энэбиш агсны хүү аавынхаа шийрийг хатаахаар генсекийн суудалд суух
магадлалтай гэлцэнэ. Мөн У ИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал
жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, тус яамны экс сайд
У.Барсболд гээд шижигнэсэн залуусын нэрс жагсаатай байна. УИХ-ын гишүүн
Э.Мөнх-Очиртой уулзаж ярилцлаа.
-Таныг
намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоно гэлцэх юм.
-Үнэнийг хэлэхэд би энэ талаар зарим
нэг сонин хэвлэл, сайтаас л олж харж сууна. Генсек болохсон гээд мөрөөдөөд,
хөөцөлдөөд яваа юм миний хувьд алга даа.
-Ер
нь намын генсек буюу ерөнхий нарийн бичгийн дарга ямар хүн байх ёстой вэ, таны
бодлоор. Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг сонгох талаар танай намынхан
дунд ямар яриа өрнөж байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд ямар нэгэн
таамаг одоогоор байхгүй. Намын бага хурлын үеэр намын дарга өөрөө шийдэл
гаргаад, хурлын гишүүд тэрхүү шийдлийг нь сайтар ярилцаад санал хураах нь
зүйтэй байх. Өнөөдөр манай намын хувьд байр байшин ч үгүй болчихсон хүндхэн байгаа
шүү дээ. Тиймээс намын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхээс гадна ирэх дөрвөн
жилд намынхаа амлалтыг биелүүлэх бодлого, чиг хандлагыг зөв аваад явчих тийм
хүн л намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох ёстой. Намын генсек бол
бодлого барих, боловсон хүчний асуудал шийдэх, намын даргын өдөр тутмын ажлыг
зохицуулах зэрэг ажил гүйцэтгэх намын даргын дараах хүн шүү дээ. Тиймээс энэ
хүн намын үүрээс биш гэхнээ намын хорооны даргын үүрэгт ажлыг хийгээд үзчихсэн
намын ажил дунд, доод шатандаа ямар байдгийг мэддэг л хүн байх учиртай болов
уу.
-Төрийн
албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ирэх оны эхнээс төрийн
албан хаагч нар намын харъяалалгүй болно. Төрийн албан хаагчдын олонх нь
МАХН-ын гишүүд байдаг. Тэгэхээр энэ нам хүчгүйдэх нь гэсэн яриа гарч байна.
Үүнтэй та санал нийлэх үү?
-Аливаа хүн намыг үзэл бодлоороо
сонгодог. Тэгэхээр үнэмлэх өгснөөр хүний үзэл бодол өөрчлөгдөнө гэж би бодохгүй
байна. МАХН байгуулагдсан цагаасаа төрийн ажлыг үүрсээр ирсэн баялаг
туршлагатай. Тиймээс ч төрийн албан хаагчдын олонх нь энэ намын гишүүд байгаа.
Төрийн албыг төрийн алба шиг байлгахад мэргэшсэн боловсон хүчнийг намын
харъяаллаас ангид байлгахыг зөв зүйтэй асуудал гэж боддог. Ингэлээ гээд манай
нам гар мухардаад сандраад байх зүйл алга.
-Орон
нутгийн сонгуулийн үр дүнд ямар сэтгэгдэлтэй байгааг тань сонсмоор байна?
-Яг үнэндээ сэтгэл хангалуун байна
гэж хэлж чадахгүй. Нийслэл болон олон аймагт МАХН олонх болсон ч зарим дүүрэг,
аймгийн иргэд Ардчилсан намыг олонх болгон сонголоо. Энэ сонгууль бидэнд
ажилдаа дүгнэлт хийх, хойшдоо олон зүйлд анхаарах шаардлагатай болсныг
харууллаа. Жишээ нь, Хан-Уул дүүргийн сонгогчдын итгэлийг юунаас болж алдав
гэдгээ шүүн тунгааж ярилцах цаг болжээ. Нам маань боловсон хүчний асуудал
дээрээ алдаад байна уу гэсэн бодол төрдөг. Өөр ямар шалтаг шалтгаан байгаад
дүгнэлт хийх хэрэгтэй.
-Хан-Уулын
хувьд хуучин Засаг дарга Д.Загджав орон нутгийн сонгуулийн үеэр сонгуулийн
хэсгийн хорооныхонд дарамт шахалт үзүүлсэн нь сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлсөн
юм биш үү?
-Би тэгж бодохгүй байна. Ганц хүн
очсоноор дүүргийн олон мянган сонгогчийн санаа бодлыг эргүүлчих нь юү л бол.
-Та
төрийн албанд багаас нь их рүү нь хүртэл зүтгэж яваа хүн. Дүүргийн Засаг дарга,
хотын менежерийн албыг хашиж явсны тань хувьд асуулгүй өнгөрч боломгүй нэг
асуулт байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол жилээс жилд ихэсч байна.
Үүнийг багасгаж чадахгүй байгааг юугаар тайлбарлах вэ?
-Хот, дүүргийн удирдлагуудын өмнө
тулгамдсан хамгийн том асуудал энэ байдаг. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудал
чөдөр тушаа болж байгааг үе үеийн Ерөнхий сайд нар хүлээн зөвшөөрдөг. Олдсон
мөнгөө зөв зарцуулсан бол агаарын бохирдол шийдэгдчих байсан. Гэтэл намууд бие
биеэс өрсөн элдэв халамж нэрээр бэлэн мөнгө тарааснаас энэ мэт асуудал
орхигдчихлоо шүү дээ.
-Хоёул
эргээд намын генсекийн талаар ярилцъя л даа. Таны аав намын Ерөнхий нарийн
бичгийн даргын албыг нэр төртэй хийж явсан. Намын генсек ямар хүн байвал
зохистойг Энэбиш даргаар жишээлэн ярих хүн цөөнгүй байдаг. Тэгэхээр МАХН-ынхан
танд итгээд энэ албанд сонговол та хүлээж авах уу?
-Намд олон жил зүтгэснээрээ юм уу,
сайд даргын алба хашиж явснаараа энэ албыг би хаших учиртай хэмээн ярьж байгаа
хүн ч өнөөдөр байна. Яг түүнтэй адил миний аав энэ албыг сайн хашсан болохоор
би сонгогдоно гэж хэлж чадахгүй. Гэхдээ нам итгэж үүрэг хариуцлага оноовол би
татгалзахгүй, харин ч даалгаврыг амжилттай биелүүлэхийн төлөө хичээж ажиллана.
Ер нь ерөнхий нарийн бичгийн дарга гэхээсээ илүү нарийн бичгийн дарга нарын
хүрээнд ажиллах хүсэл байна. Нам дотроо хийхээр бодож төлөвлөсөн зүйл надад бий,
намынхаа төлөө зүтгэх цаг үе ч ирсэн гэж бодож явдаг.
Д.Цээпилмаа
2008 оны 12-р сарын 08, Даваа гариг
news.mn
No comments:
Post a Comment