Гадаад харилцааны сайд Г.Занданшатар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Мен Баг төрийн айлчлал
хийхээр өчигдөр манайд газардлаа. Харин өнөөдөр Ерөнхий сайд С.Батболдын
урилгаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозэф Байдэн манай улсад нэг өдрийн албан ёсны
айлчлал хийнэ. Мөн Хятадын Коммунист намын Төв хорооны Улстөрийн товчооны
байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улстөр, хуулийн хорооны нарийн бичгийн
дарга Жоу Юнканы Засгийн газрын урилгаар Монгол Улсад хийх найрсаг айлчлал
маргааш эхэлнэ. Эдгээр айлчлал болон цаг үеийн зарим асуудлын талаар Гадаад
харилцааны сайд Г.Занданшатараас цөөн зүйлийг тодрууллаа.
-АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн айлчлалын гол зорилго нь Монголд цөмийн хаягдал булшлах талаар яриа хэлэлцээр хийх явдал хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэл, иргэний нийгмийн байгууллагаас тодорхойлж байна. Үнэхээр тийм яриа хэлэлцээр болох юм уу?
-Дэд Ерөнхийлөгч Ж.Байдэны айлчлалын үеэр цөмийн хаягдалтай
холбоотой ямарваа нэг асуудал хэлэлцэхгүй, яригдахгүй. Учир нь энэ чиглэлээр
хоёр улсын Засгийн газрын хооронд албан ёсны яриа хэлэлцээр хийгээгүй. Өмнө нь
ч хийж байгаагүй. Энэ талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нь ч
хэвлэлээр тодорхой мэдээлэл өгсөн.
-БНСУ, АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалтнуудын айлчлал цаг хугацааны хувьд үндсэндээ давхцаж байна. Энэ хоёр улсад монголчууд харьцангуй олноороо оршин сууж, ажил хөдөлмөр эрхэлдэг. Энэ ч утгаараа оршин суух зөвшөөрлийн зөрчилтэй хүмүүс цөөнгүй байдаг. Визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээр хийх үү?
-Иргэдийнхээ гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс
тодорхой санал санаачилгыг энэ хоёр улс гэлтгүй бусад улс орнуудад тавьж, яриа
хэлэлцээр идэвхтэй өрнүүлж байгаа. Айлчлалын үеэр энэ талаар яригдана.
Солонгост манай иргэдийг зорчих визийн нөхцөлд тодорхой хөнгөлөлт гарна гэж
найдаж байгаа.
-Тавантолгойн орд дээр ажиллах оператор компаниудын сонгон шалгаруулалтыг эргэлзээтэй болсон гэж Солонгосын тал үзэж байгаа. Энэ талаар айлчлалын үеэр яригдах уу?
-Юуны түрүүнд энэхүү сонгон шалгаруулалт эцэслээгүй гэдгийг
хэлэх нь зүйтэй. Энэ ордыг Монголд ашигтайгаар авч явах нь зүйн хэрэг. Нэг
талаас баян харамчаас баялгийн хараал үүсдэг байж магадгүй юм. Тийм ч учраас
өөрсдөдөө хамгийн үр ашигтай хэлбэрээр ашиглах, тэр дундаа найрсаг харилцаатай
түнш орнуудтай харилцан ашигтай хэлбэрээр энэхүү орд газрыг ашиглах нь манай
Засгийн газрын зорилт. Ер нь Тавантолгойн ордын сонгон шалгаруулалтаас
Солонгос, Японы компаниудыг хасаагүй. Хассан тухай албан ёсны ямар ч шийдвэр
байхгүй. Хоёрдугаарт, ийм ойлголт бий болоход зарим нэг нөхцөл байдал нөлөөлсөн
нь үнэн. "Мицүи", "Шинхуа"-н хамтарсан консорциумд
"Шинхуа" голлон төлөөлөх, эсвэл Оросын Төмөр замтай хамтарсан Япон,
Солонгосын компаниудын консорциумд Орос илүүтэй төлөөлөх байдал ийм ойлголт
төрүүлсэн байх талтай.
-Б.Хурцыг Германы талд шилжүүллээ. Ер нь Б.Хурцыг аврах тал дээр хэрхэн ажилласан гэж дүгнэдэг вэ?
-Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн
жилийн хугацаанд ажилласан. Ажлын хэсэг шаардлагатай бүх арга хэмжээг авч
ажилласан гэж үзэж байгаа. Олон улсын гэрээ, эрх зүйн туршлагатай өмгөөлөгч
нарыг эл хэрэг дээр ажиллуулсан. Ар гэрийнхэн болон харьяа байгууллагуудтай
хамтран ажиллаж, Гадаад харилцааны сайд болон Шадар сайд, Ерөнхий сайдаас
захидал илгээж, дипломат арга хэрэгслээр дамжуулан бололцоотой бүхий л арга
хэмжээг авсан. Үнэндээ энэ бол амаргүй асуудал. Олон улсын эрх зүйн хувьд
Европын холбоо гэсэн нэг стандартын хүрээнд асуудлыг шийдсэн. Гадаад харилцааны
яам үргэлжлүүлэн ажиллаж байгаа.
-Германы талд шилжсэнтэй холбоотойгоор ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлнэ гэж байсан шүү дээ. Ер нь энэ хэргийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?
-Ажлын хэсэг шилжээгүй. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.
Ажлын хэсгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ахлан үргэжлүүлэн ажиллана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Энэ нь нэгдүгээрт, хийгдэх ажил
өөрчлөгдөж байгаатай холбоотой.
Венийн конвенцоор дипломат ажилтан хүн суугаа болон дайрч өнгөрч буй улс орондоо халдашгүй дипломат эрх ямба эдлэх ёстой.
Тиймээс ч өмнө нь дипломат статустай иргэнийг барьж
саатуулсан нь олон улсын гэрээ, эрх зүйд нийцэж байгаа эсэх асуудлаар шүүхэд
мэтгэлцсэн. Гэхдээ Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж
байгаагаас бусад бүх хүн дипломат эрх ямба эдлэхгүй гэсэн ойлголтын хүрээнд
Английн шүүх асуудлыг авч үзсэн. Харин одоо Германы хууль хяналтын
байгууллагынхан эрүүгийн хэргийн төвшинд хэлэлцэнэ. Иймээс эрүүгийн хэргийн
өмгөөлөгч авч ажиллуулж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод
хэргийн яам болон хууль хяналтын байгууллагын эрүүгийн чиглэлийн, тэр тусмаа
Германы эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгч, хуулийн мэргэжилтнүүдийг багтаасан.
Нийтлэлч
Б.Номин
Эх сурвалж
Монголын үнэн
Б.Номин
Эх сурвалж
Монголын үнэн
2011 оны 8-р сарын 22, Даваа гариг
No comments:
Post a Comment