Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Ч.Улаан гишүүн цочирдсондоо л намаасаа гарна гэж хэлсэн байлгүй


УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой ярилцлаа.
-Сүүлийн үед Туул голын асуудал нэлээд анхаарал татаж эхэллээ. Туул голын ундарга ширгэж байгаад зохих хувь нэмэр оруулсан хүнээр таныг нэрлэх боллоо?
-Төрийн бус байгууллагуудыг хэлээд байна уу. Тэд чинь хэдэн дарга нар дээр очиж яриулаад шоу хийдэг, мөнгө авдаг л хүмүүс. Хэрвээ тэгж бодож, иймэрхүү шоу хийсэн бол горьдсоны гарз. Би Улаанбаатар хотод төрж өссөн болохоор ундны усны эх үүсвэрийг ширгээнэ гэж байхгүй. Гачууртад хотын иргэдийг сайхан амрах га-зар бий болгох гэж санаа сэдсэнээс өөрцгүй. Яг үнэндээ тэнд хуучин цагт оросууд СОТ-2 амралт гэж байгуулчихаад болоод л байсан биз дээ. Монголчууд ирээд гольф тоглох гэхээр болдоггүй. Үүний ялгааг гаргаад ундны усыг бохирдууллаа гэж ярих хэрэгтэй. Би гол усныхаа эсрэг юу ч хийгээгүй. Харин ард түмний эгэл баатар Эрдэнэ гуай ундны усаа бодож байвал Гачууртаасаа нүүх хэрэгтэй. Гольфын талбай гэж 120 га газар дээр хамгаалалтын бүс хийчихсэн бол, өнөөдөр нийслэлийнхэн бүгдээрээ амарч зугаалаад явж болно шүү дээ. Олон улсын стандартад нийцсэн амралтын газар цогцлуулах байсан. Хотынхон тэрийгээ өнөөдөр өөр газарт шилжүүлсэн гэж сонссон. Гэтэл бас дахиад л надтай холбоод байх юм. Хоттой холбоотой мэдээллийг иргэдэд зөв хүргэх хэрэгтэй шүү дээ.
-АТГ-т дуудагдсан нь энэ асуудалтай агуулгын хувьд холбоотой. Үндэслэл нь юу байсан юм бэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байхад Солонгосын компаниас авлига авсан гэдэг үндэслэлээр өгсөн гэнэ билээ.
-Та тэр компанитай ямар холбоотой юм бэ. Хөрөнгө оруулалт байгаа юм уу?
-Байхгүй.
-Солонгосын компаниудад газар зарсан гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Хотод ажиллаж байсан хүмүүсийг газар зарсан гэж үеийн үед хардах юм. Өнөөдөр гольф гэдэг спорт бий болохдоо өртөг өндөртэй, үнэтэйгээр бүтдэг. Дараа нь өндөр хэмжээний татвар улсад оруулдаг салбар. Аялал жуулчлалын маш том сүлжээ салбар бий болно шүү дээ. Үүнтэй адилхан зассан талбайд амралтаа өнгөрөөх спортын нэг төрлийг хөгжүүлэхэд буруу зүйл юу байна вэ. Тухайн үед хотын Иргэдийн төлөөлөгчдийн төлөвлөгөөнд орсны дагуу хөрөнгө гаргаад спортын талбай хийчих компани Монголд байгаагүй. Тэгээд л гадныханд хандаж, амьхандаа өөрийгөө олигтой ажиллалаа, хөрөнгөтэй компанийг уруу татаж ирээд дүүрэгтээ овоо татвар орж ирэх юм байна гэж бодсоноос өөр зүйлгүй. Үүнээс гадна Гачууртын 200 гаруй иргэн ажилтай болж, аж амьдралаа залгуулах юм байна гэж л харсан. Ийм юм болно гэдгийг хэн мэдэх вэ дээ.
-Дээрх иргэдийн асуудлыг ор үндэслэлгүй гэж хэлэх гээд байна уу. Солонгосын компаниудаас мөнгө авсан  зүйл  байхгүй  гэж үү?
-Мөнгө төгрөг авах нөхцөл байхгүй. Яасан гэж тэр компани авлига өгөх юм бэ. Ойлгомжгүй биз дээ. Яах вэ, тухайн үед гаргаж байсан шийдвэрүүд маань шүүх дээр очоод хүчингүй болсонд л их харамсдаг. Зөв, олигтой ажиллаж байсан албаны хүнийг сайн хянасан бол энэ спорт үргэлжлээд явах байсан. Дутуу дулимаг гаргасан захирамжаас болоод энэ ажил нурсанд харамсдаг шүү.
-Сонгууль дөхсөн болохоор үүнийг ээлжит нэгэн шоу гэж харж байна уу?
-Өрсөлдөгч гэж харахаас илүү ийм яриагаар бусдын нэр   хүндийг  гутаах   гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа болов уу гөж харж байна. Тэр онцгойлон яриад байгаа эмэгтэйтэй холбоотой. Тэр эмэгтэй хэдэн төгрөг олчих санаатай ингэж явдаг байх. Төрийн бус байгууллага нэрийн дор 5-7 жил юу ч хийхгүй мөртлөө санхүүжилт нь нууцлагдмал сэтгүүл өнгөтөөр хэвлээд, телевиз, сониноор төлбөртэй гүтгэлэг явуулаад байна. Хамгийн сонирхолтой нь тэр мөнгө хаанаас гардаг юм бэ. Тиймээс эсрэгээр нь төрийн бус байгууллага нэр зүүгсэдийг шалгавал яасан юм бэ. Уул усныхаа төлөө эх орон иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэдэг ТББ-ууд байгааг үгүйсгэхгүй. Тэр дунд ашиг хонжоо хайгаад ингэж элдвээр хүн муулах, байгууллагуудыг дарамталж санхүүжүүлэх байдлаар яваад байгаа хүмүүс бий. Өнөөдөр тэд хаанаас ингэж мөнгө авч, хэвлэн нийтэлж, захиалгатай төлбөртэй нэвтрүүлэг явуулаад байгаа юм бэ гэдгийг ялгаж зааглах хэрэгтэй.
-Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсноор АТГ-ын үйл ажиллагаа эрчимжлээ. Үүнийг улс төрийн өнцгөөс харахад МАН-ын гишүүдийг хоморголон баривчилж байна гэж улстөржүүлэх сонирхол байна. Харин та юу гэж харж байгаа вэ?
-Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг үгэнд итгэдэггүй юм. Ерөнхийлөгч нар бүгд ардчилсан нийгмийн хүмүүс. Ц.Элбэгдорж ардчилсан нөгөөх нь ардчилсан бус гэж хэлж болохгүй. Ардчилсан  Ерөнхийлөгч гэснээс   илүү  АТГ-ын   үйл ажиллагаа хэр явагдаж байна  вэ  гэдгийг  олж  харах хэрэгтэй.  УИХ-аар АТГ-ын дарга нарыг нь томилохдоо хүн бүр л битгий тэр жижиг загасаар   оролдоод   байгаач ээ.   Том  акулуудаа  бариач гэж хэлсэн биз дээ. Тэгээд ажлаа  хийе  гэхээр  нь  та нар улстөржлөө гэвэл ажил хийхэд хэцүү л болно. Энэ бүгдийг улстөрийн өнцгөөс нь    харвал    ажлаа    хийж чадахгүйд  хүрцгээнэ.  Урьд нь   ингэж   байсаар   өмнөх даргыг нь ажилгүй болгоод авсан шүү дээ.
-Тэгэхээр улс төржилгүйгээр шалгуулах ёстой гэх гээд байна уу?
-Тийм. Шалгуулах л хэрэгтэй.
-Гэхдээ бас нэг анхаарал татаад байгаа нь АН-ын тодотголтой гишүүдийг шалгахгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Ерөнхийдөө тэгж харагдаж байна. Гэхдээ үгүй болов уу. Манай намын гишүүдийг түлхүү шалгаж буй нь хашиж байгаа албан тушаал, ажилтай нь холбоотой биз. МАН үнэхээр боловсон хүчин сайтай, энэ улс орныг олон жил авч явсан нам. Төрийн алба хашиж явсан үе дамжсан ажил хийсэн хүмүүсээс ганц нэгийн зэрэг хувьдаа завшчихсан нэгэн байхыг үгүйсгэхгүй. Шалгах л хэрэгтэй. Үнэн зөв нь гарна шүү дээ.
-Үүнээс гадна АТГ-ыг улстөржүүллээ гэж хардаж байгаа шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгаа. Дээрх баривчилгааг хийх болсон нь эрх баригч хоёр нам улстөрийн гуравдагч хүчнийг бий болгохгүйн төлөө хийж буй алхам гэж тайлбарлах нь хэр үндэслэлтэй вэ?
-Ардчилсан Ерөнхийлөгчийн заавраар ингэж байна. Төрийн орднЫ гадна жагсаж байгаа хүмүүс болохоор МАН ингэсэн гээд байгаа шүү дээ. Тэгэхээр аль нь үндэслэлтэй хардлага хэлээд байгаа нь ойлгомжгүй болчихлоо. Яг үнэндээ дээрх хардлагын аль аль нь биш АТГ-ын ажил нь эрчимжсэн байна гэж л харж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч гэдэг юм уу АН-тай холбоод намнаад байна гэвэл үгүй. МАХН-ыг нам дарахын тулд МАН-ынхан намнаад байна гэвэл бүр харагдахгүй байна. Өөрийн бодол өөртөө зөв гэгчээр улстөрийн ашиг хонжоо олохын тулд ч ярьж байгааг үгүйсгэхгүй.
-Уг баривчилгааг эсэргүүцэгчид өөр өөрсдийнхөөрөө хүлээж авсан. Зарим нь УИХ-ын гишүүдийн   халдашгүй   байдалд халдсан гэж үзсэн. Тийм ч болохоор   ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэсэг гишүүд гаргаад байгаа шүү дээ?
-Тэгж бодохгүй байна.
-Тэгвэл та асуудлыг аль өнцгөөс нь харж байна вэ?
-УИХ-ын   ямар   гишүүдийн   эрхэнд   хэн   халдсан юм бэ. Тэр 10-аад хун баривчилгаа хийж байхдаа ширээ тойрсон хүмүүсийг холдуулах хэрэгтэй болно шүү дээ. Барих гэж байгаа хүндээ ойртохын тулд шүү дээ. Тэр хүмүүсийн дунд УИХ-ын гишүүд хавчуулагдсан юм билээ. Би байгаагүй, телевизээр л харсан. Баривчилгаа хийхдээ тогтоол үзүүлээд баривчлах гээд ирлээ гэхэд нь дуугүй л зай тавиад өгөх ёстой. Хуулиа мэддэг, дээдэлдэг хүмүүс бол эсэргүүцэлгүй зай тавиад өгчих хэрэгтэй байсан.
-Тэр нэр бүхий гишүүд экс Ерөнхийлөгчийг баривчлахыг мэдсэн учраас амиа хаацайлах гэж тэнд очсон гэж тайлбарлаад байгаа?
-Мэдэхгүй юм даа. Он удаан жилийн зүйлсийг хажууд нь байгаагүй учраас экс Ерөнхийлөгчтэй ийм тийм холбоо сүлбээтэй гэж баримт тавим хэлэхэд хэцүү. Хотынхон чинь өдөр тутмын хогны асуудалтай зууралдсаар байгаад л ажлаа дуусгадаг. Улстөр хийж явдаггүй учраас улстөрийн гал тогоонд юу болсныг сайн мэдэхгүй байна.
-ХЗДХ-ийн сайдыг огцруулахгүй байхаар шийдлээ. Тэгэхээр тэр нөхдийн асуудал бүрхэг болоод ирж байгаа юм биш үү?
-Би ч гэсэн тийм бодолтой байгаа.
-ХЗДХ-ийн сайдтай хариуцлага тооцохгүй бол намаасаа гарна гэж ирээд мэдэгдсэн хүн бий шүү дээ?
-Хэн?
-УИХ-ын гишүүн Ч.Улаан байна. Үүнээс гадна намаасаа гарна гэж байгаа өөр бусад хүний тухайд юу хэлэх вэ?
-Мэдэхгүй юм. Аливаа хүн айж цочирдохдоо хамаагүй зүйл ярьчихдаг талтай. Тэгээд л хэлчихсэн юм болов уу. Намаасаа гарах гэж байгаа хүмүүсийн тухайд юу гэх вэ дээ. Би чинь нам дотроо фракцигүй  фракцийн хүн шүү дээ.
Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин

No comments:

Post a Comment