Monday, 30 April 2012

Э.Мөнх-Очир: Бөх, моринд хорхойсоод байдаггүй ч сайн харвана шүү


УИХ-ын гишүүн Энэбишийн Мөнх-Очиртой ярилцлаа.
-Аавын тань гэгээн дурсгалд зориулсан цэцэрлэгт цогцолбор бий болсонд баяр хүргэе. Баянгол дүүрэгт өмнө нь байгаагүй цэцэрлэгт цогцолбор бий болсонд хүмүүс баяртай байна лээ. Та бүхэн ч хүн бүхний очих дуртай газрын нэг болоосой гэж хүссэн. Ер нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн аавынхаа хөшөө бүхий цэцэрлэгт цогцолбор байгуулах санаа яагаад төрсөн бэ?
-Баярлалаа. Уг нь хөшөө босгоё гэж бодоогүй юм. Миний аав төрдөө ялангуяа нийслэлийн хөгжлийн төлөө зүтгэж явсан хүн. Энэ үүднээс бэлгэдлийн юм байх хэрэгтэй гэж бодсон. Аавын минь найз Хурцаа ах болон уран бүтээлч найз нөхдийнх нь хүрээнд нэлээд ярилцсан. Ерөөсөө час хийсэн нэг зүйл байгуулъя гэдэг үүднээс соёмбо хөшөөг очиж үзлээ. Аавынхаа бодож санаж явсан зүйлийг орхигдуулчихгүй хийх зүйлдээ шингээчих юмсан гэдэг үүднээс их ч ярилцсан. Бүгдийг цогцоор хийхгүй л бол болохгүй санагдаад. Тэгээд л цогцолбор байгуулахаар болсон юм. Газрын хувьд тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдтой зөвлөөд Гандангийн дээд талын аюулгүйн тойргийн дэргэд цэцэрлэгт цогцолбороо байгуулахаар шийдсэн. Тухайн үед хүмүүс намайг замын голд юм хийх гэлээ гэж л байсан. Харин хийсэн хойно нь хүмүүс хараад их ам сайтай байна. Хүмүүс тохилог орчинд хөлөө амраагаад суучихдаг газрын нэг байгаасай гэж хүсэж байна даа.
-Үндсэндээ наадам эхэлж байна. Харин хаврын чуулган завсарладаггүй. Гэвч морь, бөхөнд хорхойтой гишүүд сэм сэмхэн л морь, бөхийн галаа эргээд байх шиг байсан. Харин та яаж байна?
-Би морь уядаггүй. Цаг зав ч их зарцуулах ажил юм шиг байна лээ. Миний хувьд адуунд ойрхон байсан ч хурдан морь сонирхож явсангүй. Тэгээд ч аав маань төрд зүтгэж яваа хүн морь сонирхоно уу гэхээс уяж, сойгоод явах нь зохимжгүй гэж хэлдэг байсан. Харин бөх, хөл бөмбөгийн хорхойтой хоёр найзтай шүү. Тэр найзууд шигээ бөхөд тэгтлээ хорхойтой биш ээ.
-Таны нэрээр уралддаг ганц морь ч байдаггүй хэрэг үү. Уг нь УИХ-ын гишүүд, компанийн захирлууд нэр дээрээ уралддаг хурдан хүлгүүдтэй байдаг?
-Сумын наадамд миний нэрээр уралдуулъя гэсэн морьд байдаг юм. Тэр морьд уралдаж байгаа байх аа. Надад уясан шүү ч гэж хэлдэггүй, би ч асуудаггүй. Ер нь тэгээд ч нэрээрээ уралдуулах нь зохимжгүй дээ. Хурдан морины уяа сойлгыг тааруулж, хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа уяачийнхаа нэрээр уралдах нь л зүйтэй биз дээ.
-УИХ нэлээд уяач гишүүнтэй шүү дээ?
-За ах нарын тухай би яриад яахав.
-Булган аймаг хүчит бөхчүүд олонтой нутаг. Төрийн түшээд бөхийн галаа эргэлээ, шинэ галын нээлтэд очлоо, тэргүүнээр нь сонгогдлоо гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Та нутгийнхаа бөхчүүдтэй уулзаж байгаа байлгүй. Өнгө сайтай байна уу?
-Манайхан Дуган хадны амралтанд бэлтгэлээ базааж байна. Бүгд тэгш сайхан залуучууд гараад ирчихсэн. Ер нь өнгө сайтай харагдаж байна лээ. Би сүүлийн таван жил бөхийн галаа хариуцаж явна. Нутгийн зөвлөлдөө бөхийн асуудал хариуцсан дэд даргаар ажилладаг.
-Бөхийн галаар эргэж явахад нутгийнхнаа хэн нь илүү баярлуулах шинжтэй байна?
-Нэр хэлээд хэрэггүй биз ээ. Юм дуулгах хэд хэдэн сайхан залуу байна.
-Наадмын өмнөх дугаарт ярилцлага авч байгаа болохоор бөх, морь сайн яриулах санаатай байсан юм?
-Би харин сайн харвана шүү. Гэхдээ тэмцээнд оролцож байгаагүй. Харвах гэснээ оночихдог юм. Үнэндээ би бөх, моринд тийм ч их хорхойтой биш болохоор наадмын нээлт үздэг. Тэгээд уяач найзынхаа морьдыг очиж хараад л өнгөрдөг.
-Булганы наадам үзэх үү?
-Үгүй, гэртээ байна. Наадмын нээлт үзээд, дараа нь найзынхаа уяан дээр очно. Тэгээд л цай хоолоо сайтар бэлдээд телевизороо асаагаад л хэвтчихнэ дээ. Ер нь би диван руугаа л гүйдэг хүн шүү дээ.
-Оюутолгой гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гэрээний төсөлд тусгахыг хүссэн санал бараг биелсэнгүй. Гэрээний төсөл хэвээр орж ирсэнд зарим гишүүн бухимдалтай байна. Таны хувьд юу гэж үзэж байна вэ?
-Ажил хийх бололцоог хийх гэж байгаа хүнд олгох хэрэгтэй. Засгийн газраас ийм хувилбар байна, Монгол Улсад энэ нь ашигтай гээд байхад бид яагаад заавал ийм тийм гэж ярих шаардлагатай юм. Бидний дэмжээд байгаа нэгдүгээр хувилбар илүү ашигтай гэж би хувьдаа үзэж байна. Хоёр дахь хувилбар нь зүйтэй гэсэн бодолтой хүмүүс ч бий. Гэхдээ асуудлыг олонхийн саналын дагуу шийдвэрлэх нь зөв шийдэлд хүргэнэ гэсэн байр суурьтай байна.
-Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх,ашиглахыг хориглох тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үед та картаа шидээд чуулганы танхимыг орхиж байсан. Их л бухимдалтай байсан санагдах юм. Хуулийн төслийг хэлэлцэлгүй хойшлуулж байгаатай холбогдуулан Төрийн ордны дэргэд зарим иргэний хөдөлгөөнөөс өлсгөлөн зарлалаа. Та хуулийн төсөлд ямар дүгнэлт өгч байна?
-Дархан цаазат газартай холбоотой хуулиудад болохгүй гэсэн олон заалт орсон зохицуулалт бий. Гэтэл болохгүй гэж хэлсэн юмаа хууль гаргаж тойрох гээд байгаагийн учир юу вэ гэдэгт миний бухимдал төрсөн юм. Жирийн ажил хийж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн ажлыг яамнаас нь ч, хяналтын байгууллагаас нь ч боль гээд зогсоогоод байдаг мөртлөө хууль зөрчөөд байгаа илт үйлдлийг болно хэмээн хууль өөрчлөх гээд байгаад дургүй хүрээд байна. Манай нутагт ухаж болохгүй гээд л улайрах юм. Гэтэл бусдын нутагт ухаж болдог юм уу. Миний хувьд чиний, миний гэсэн зарчим баримталдаггүй хүн.
-Шинэ Ерөнхийлөгч томилгоонуудаа хийсээр байна. Зөвлөхүүдээ сонголоо. Элчин сайдуудын томилгоог УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхлэх нь. Та томилгоонуудад хувь хүний зүгээс ямар дүгнэлттэй сууж байна?
-Энэ хүний хийх ажлынх нэг гэж бодож байна. Ард түмэн сонголтоо хийсэн. Эргээд сонгосон хүнийхээ ажлыг ард түмэн л дүгнэнэ. Тиймээс бид нар ийм тийм гэж янз бүрийн юм бодоод явах ямар ч хэрэг байхгүй. Миний хувьд элчингүүдэд томилох хүмүүсийн нэрийг хараад ганц хоёр хүний хувьд сэтгэл дундуур байна.
-Томилгоо хийхийн өмнө албан тушаалын “бялуу” хүртээх гэсэн ойлголт ямагт явдаг. Ерөнхийлөгчийн зүгээс, МАХН, АН-аас гээд л тэнцүү тоотойгоор өөрсдийн хүнээ санал болгож оруулсныг хэвлэлээр бичиж байна. Ийм зүйлд та ямар байр сууринаас ханддаг вэ?
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шударга ёсыг эрхэмлэж ажиллахаа яриад байгаа бол тэр зарчмаа л баримтлах хэрэгтэй. Томилгоонд ч энэ байр сууринаасаа хандах учиртай. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн дипломат, ажлын туршлагатай хүнийг санал болгох нь зүйтэй юм. Өнөөдөр бид ураныг Францтай, Оюутолгойг Канад, зээл тусламжийг Кувейттэй гэх зэргээр ярилцана. Тиймээс энэ улс орнуудад ямар хүнээ төлөөлүүлж суулгахыг сайтар тунгаах хэрэгтэй. Бялуу хүртээх ч гэдэг юм уу эсвэл дэмжлэг үзүүлэх гэдэг үүднээс өөрийн хүнээ томилох нь шударга бус хэрэг. Харин Монгол Улсын төрийг төлөөлж чадах хүнийг томилох учиртай. Цаашид Ерөнхийлөгч энэ тал дээрээ анхаараад явах биз.
-Тойрог руугаа явж байна уу. Булган нутгийнханд эдийн засгийн хямрал хэр нөлөөлж байх шиг байна?
-Үнэнийг хэлэхэд монголын ард түмэн ямар ч хүнд нөхцлөөс өөрийгөө аваад гардаг онцлогтой. Бид идэвхтэй, сэтгэлтэй ажиллавал ард түмэн маань дороо өндийнө. Энэ хэдэн малчдаа залхуу энээ тэрээ гэж ярьдаг. Яагаад тэгж хэлж байгаа юм. Тэд чинь ажил амьдралынхаа төлөө зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Мөнгөний хомсдолд орсон энэ хэцүү нөхцөлд ард түмнээ хоол, ундаар тасалчихгүй яваа хүмүүс бол үнэндээ малчид. Суурин газарт амьдарч байгаа төрийн албан хаагчдын амьдрал хүндхэн байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нааш цааш болох нь нөлөөлөх юм. Тиймээс төрөөс энэ хүмүүстээ илүү анхаарлаа тавих хэрэгтэй байна.
-Та чуулганы танхимд үргэлж үг хэлээд байдаггүй. Гэхдээ хааяа дуугарахаараа хатуухан үг хэлж суудаг. Та санаачилж, боловсруулж байгаа хуулийн төслөөсөө ярихгүй юу?
-Би танхимд бусадтайгаа шөргөөцөлдөж суухаасаа илүү байнгын хороод хэсэж саналаа хэлэхийг илүүд үздэг. Тэр бүрийд өөрөө дуугарахаас илүү хүмүүст ойлгуулах байдлаар ажиллахыг хичээдэг. Зөв юмны төлөө тууштай явах л учиртай. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг бодлогын чанартай том том асуудалд голлож ажиллах хүмүүс нь байна. Тэд ажлаа хийж байна. Гэхдээ тэдний хийж чадахгүй, мэдэхгүй ард түмний амьдралд хэрэгцээтэй хуулиуд олон бий. Миний хувьд засаг захиргааны нэгж, удирдлагын тухай хууль, хотын статусын асуудалд санал хэлж, төсөл боловсруулахаар ажиллаж байна. Мөн бие даан Галт зэвсгийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад дуртай хүн дуртай буугаа ангийн буу нэрээр оруулж, дуртай сумаараа буудаж байна. Гэтэл энэ нь дэлхийд байдаггүй жишиг. Тиймээс бид галт зэвсгийн тухай хуулиа зөв болгох хэрэгтэй.
-Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ. Хуулийн төсөлтэй холбоотой баримт материал цуглуулж, уншиж судлаж байна уу?
-Энэ намар өргөн барина. Миний хувьд уншиж судлаад байх шаардлагагүй. Би чинь Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч шүү дээ.Тагнуул, цагдаа, Гадаад харилцааны яам, ан гөрөөний холбоод, буудлагын холбоодоос авсан санал бий. Ажлын хэсэг ажиллаж байна.
-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдын нэг нь та. Хуулийн төсөлд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Өөрөөр хэлбэл, хүний утас чагнаж, эрхэнд нь бүдүүлгээр халдсан хуулийн зохицуулалт бий болох нь гэсэн ойлголт бий. Уг асуудлыг байнгын хороодоор хаалттай хэлэлцэж байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Их зүйтэй хууль гарах учиртай юм. Гэтэл буруу мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Үнэндээ энэ хууль гарснаар өнөөдөр дуртай хүнийхээ утсыг чагнаж байгаа явдлыг зогсоох юм. Ач холбогдол нь үүнд оршино. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь хүссэн хүнийхээ утас чагнаж байгаа байдалд хяналт тавих асуудал юм. Тагнуул, нууц албаны тухай хуулиудад сонсох чагнах тухай зохицуулалтууд байдаг. Хамгийн гол нь техникийн шинэчлэлт хийнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ оператор компаниудад шинэ тоног төхөөрөмж суурилуулчихвал иргэн хүн дуртай хүн, дуртай прокурор нь намайг дарамтлахгүй нь гэдэгт итгэлтэй байж болно. Монголын ард түмний халааснаас жилдээ гуч, дөчин тэрбум төгрөгийн ашиг олж байгаа оператор компаниуд ард түмнийхээ төлөө жаахан юм хийх ёстой шүү.
-УИХ-ын гишүүдэд иргэдийн зүгээс мөнгөтэй холбоотой гуйлт их ирдэг гэсэн. Оюутны сургалтын төлбөр, эмчилгээний зардал өгөөч гэсэн хүсэлт тасардаггүй гэдгийг ялангуяа шинээр сонгогдсон гишүүд хэлдэг. Та энэ гуйлтыг биелүүлж чаддаг уу?
-Ийм гуйлт надад бараг ирэхгүй байна даа. Учир нь би сан, төсөл, хөтөлбөрийн шугамаар асуудлыг шийдэхийг чухалчилдаг. Нутгийнхнаасаа та бүхэн надаас битгий тав, арван мянган төгрөг хүсээрэй гэж гуйсан. Харин энэхүү гуйлтыг нь сум болгонд үйл ажиллагаа явуулж байгаа сангийн шугамаар шийдэж, амьдрал ахуйг чинь дээшлүүлэх бололцоо олгохоо хэлдэг.
-Шинээр сонгогдсон нэг гишүүн арга барахдаа халааснаасаа тэр мөнгийг нь гаргаж өгсөн гэж ярьж байсан. Танай гэр бүлийн бизнес юу вэ?
-Би бизнес эрхэлдэггүй. Эхнэр маань төрийн ажлаас гараад бизнес эрхлэнэ гээд л үзэж байна. Юм судлаад л яваад байна. Миний юу ч байхав дээ аавын минь үүсгэн байгуулсан компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Би төрийн албанд орсон болохоор гүйцэтгэх захирал томилчихоод өөрөө зөвлөх маягаар л явж байна. Аавын дурсгалд зориулсан хөшөө цогцолборыг тойруулж барьсан хашаа, төмрөөр хийсэн сандал, чулуу зэргийг миний хөрөнгө оруулсан компаниуд хийдэг юм.
-МАХН намын анхан шатны байгууллагуудын ажилтнуудаа цуглуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан алдаа оноогоо ярилцаж, цаашдын ажлаа төлөвлөж ярилцлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нам дотооддоо нэлээд бужигнаантай байгааг сонин хэвлэлээр бичиж байна. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Би яг үнэнийг хэлэх үү. Би үнэндээ үүний талаар юу ч бодохгүй байна. Ирэх наймдугаар сард би хөдөө явна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үед бичиж, нийтэлж байсан нийтлэл, телевизийн нэвтрүүлгүүдийг цуглуулж байна. Тэгээд түүнийгээ нэг сайн тухтай харна. Түүний дараа л энэ тухай ярих байх. Надад үүнийг бодож тунгааж байх зав алга. Үнэндээ сонгуулийн дүн гарсны дараа харамсалтай л байсан.
-Та өөрийгөө хурц, түргэн зантай гэж боддог уу?
-Зарим юманд миний дургүй хүрдэг. Хүн өөрийнхөө мэдэхгүй юмыг байнга мэдэх гээд ажил гацаагаад байдагт үнэхээр дургүй. Бид чинь хотын ажил хийж байхдаа үе үеийн олон сайхан дарга нараар загнуулж, юм болгонд гар хүрч, түлэгдэж, ажилд туршлагажиж байсан болохоор юм мэдэхгүй хүн мэдэж байгаа юм шиг бураад байдагт дургүй хүрээд байдаг.Тэгээд л түүнийгээ шууд илэрхийлчихдэг.
Г.Мандуул
2009 оны 7-р сарын 09, Пүрэв гариг

No comments:

Post a Comment