Monday 16 April 2012

Х.Баттулга: Хоёр жилийн дотор 1000 км төмөр зам тавина

УИХ-аас төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг дэмжин баталлаа. Энэ талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Засгийн газрын тогтоол батлагдчихлаа. Одоо ямар ажлууд хийгдэх вэ?

-Бодлогын дагуу Тавантолгой-Сайншанд- Чойбалсан гэсэн 1100 км төмөр зам барих ажил эхэлнэ. Үүнд оролцох талуудын бичиг баримт, тендерийн ажиллагааг энэ оноос эхлүүлнэ.

-Төмөр замыг эхлүүлэх техник эдийн засгийн үндэслэл бий юу?

-Техник, эдийн засгийн үзүүлэлтийг урьдчилсан байдлаар хийсэн байгаа. Одоо тогтоол батлагдсан болохоор хөрөнгө гаргаж, урьдчилсан үзүүлэлтийг бүрэн бүтэн болгоно. Бид нарын тооцоолж байгаагаар говьд уул, ус нуруу харьцангуй цөөн учир гүүр барих ажил бага юм билээ. Ер нь ажлын хувьд хөнгөн гэсэн мэргэжилтнүүдийн тооцоо гарсан. Хамгийн том асуудал гэхээр говьд даланг сайн чигжиж хийхгүй бол нуралт үүсэх магадлалтай байгаа.

-Ямар царигийг сонгосон бэ?

-1520 мм гэдгээр явж байгаа. Одоогийн байгаа сүлжээтэй огтлолцож явах учраас огтлолцоо дээр вагон солигдохгүй.

-Эхний чиглэлийг өргөн царигаар барих боллоо. Дараагийн ээлжүүдэд нарийн цариг тавих боломж бий юу?

-Яг нарийн цариг энэ тэр гэсэн юм байхгүй. Гэхдээ хилтэй ойрхон, тухайлбал 40-50 км зайтай ордуудыг эдийн засгийн үндэслэл, аюулгүй байдлын зөвлөлөөр дахин оруулж, Засгийн газар, УИХ-д танилцуулан, хоёр гурав дахь шат руугаа орох заалт бодлогод орж батлагдсан.

-Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх вэ?

-Тендерээр явна. Монгол, Орос, Хятад, Солонгосын тал саналаа өгсөн байгаа.

-Тендер шалгаруулах ажил хэдий хугацаанд хийгдэж, бүтээн байгуулалт хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Бид нар техник эдийн засгийн үзүүлэлтийг 3-5 сар гэж үзэж байгаа. Бодлого батлагдахаас өмнө зарим ажлуудыг хийгээд эхэлчихсэн байсан. Жишээ нь усны хайгуул 1978-1980 онд хийж тодорхойлсон байдаг. Түүнийг баталгаажуулсан өрмүүдийг тавиад эхэлсэн. Харин бүтээн байгуулалтыг хоёр жил гэж тооцоолж байгаа. 100 км тутамд зам гаргаад холбоод явчихна. Төмөр замын рейсийг тавих бол техникийн ажил болчихно. Өнгөрсөн жил 108 км төмөр замыг гурван сарын дотор тавьж байсан.

-1000 км замыг хэдэн жилийн дотор тавих вэ?

-Бид нарын тооцоогоор хоёр жил гэж байгаа

-Нэгдүгээр ээлжийн төмөр замын санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?

-Концессийн хууль байгаа. Мөн зээл байна. Ерөнхийдөө концессийн хуулийг батлаад жил болж байна. Энэ нь хөрөнгө оруулагч улстай гэрээ хийгээд тодорхой хэмжээний хувь, хувьсгал нийлсэн хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн тооцоотой байгаа.

-Түүхий эдийг ОХУ-аар дамжуулаад нүүрсний асар их хэрэгцээтэй Япон, Солонгос руу гаргах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь богино хугацаанд эдийн засгийг сэргээх үр өгөөжөө өгнө гэж бодож байна уу. Ойролцоогоор нэг тонн нүүрсийг хэдэн доллараар гаргах боломжтой гэж үзсэн бэ?

-Манайхан нүүрс зарна гэж яриад байна. Энэ чинь нүүрс биш коксжсон нүүрсийг дахин боловсруулаад коксын хэрэглээ өндөртэй, үйлдвэржилт хөгжсөн, түүхий эдийн ямар ч нөөцгүй Зүүн өмнөд Ази буюу Япон, Солонгос руу кокс гаргах юм. Солонгосын хойгт очиход Австралийн нүүрстэй өрсөлдөхүйц үнээр зарагдана гэсэн тооцоог хийсэн байгаа.

-Австралитай өрсөлдөх чадвар манайд бий юу?

-Байгаа. Үүнийг нэлээд судалж гаргасан учир болно гэж бодож байна.

-Төмөр замыг дагаад бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Хэзээнээс эхлэх вэ?

-Засгийн газар Монгол улсад хол явдаг төмөр замын бодлогыг гаргаж байгаа. Энэ нь шууд хил сэтлээд түүхий эд зөөдөг бодлогын эсрэг юм. Ингэснээр Монголд бүтээн байгуулалт явагдаж, ажлын байр олноор бий болно гэсэн үг. Ажлын байрнаас гадна боловсруулах үйлдвэрийн салбарын бодлого хамт явж байгаа гэсэн үг.

-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын тогтоол өчигдрийн чуулганаар батлагдсан. Чуулган завсарлаж амжаагүй байхад гишүүдэд "Монгол улсын хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан Та бүхэнд талархал илэрхийлэв" гэсэн дурсгалын зүйл тараасан. Та бодлого батлагдана гэдэгт итгэлтэй байсан учир дурсгалын зүйл бэлдсэн юм уу?

-Уг нь бодлого боломж байсан бол оноос өмнө батлагдах байсан юм. Нэлээд хугацаа алдсан. Дурсгалын зүйл яах гэж бэлдсэн гэхээр Монгол Улсын төмөр зам үндсэндээ дэлхийн хөгжлөөс хоцрогдчихсон байсан. Өнөөдөр Монгол Улс өөрсдөө ийм шийдвэр гаргаж байгаа нь түүхэн явдал учир төмөр замын рейс төмрийг зүсэж хийсэн дурсгалыг зүйлийг бэлдсэн юм.

Ч.Гүнсмаа

Нийслэл таймс 2010/06/25

No comments:

Post a Comment