Thursday 26 April 2012

Ц.Дашдорж: Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой



УИХ, Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдоржтой ярилцлаа.
-Ажлаа авснаасаа хойш та нэлээд завгүй байх боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Одоо яг ямар ажил дээр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Салбарын сайдаар томилогдож ажиллаад сар гаруй болж байна. Улс орны чухал салбарыг хариуцсан яам учраас олны анхаарлын төвд байгаа нэн чухал асуудлуудыг зөв гарцаар шийдвэрлэхийг зорьж байна. Тэргүүн эгнээнд шийдэх ёстой гурван үндсэн асуудалд анхаарлаа хандууллаа. Тодруулж хэлбэл, нийгмийн чиглэлийн буюу иргэдээ орон сууцтай болгох асуудлыг санхүүгийн зөв схемээр шийдвэрлэх, бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг эрчимжүүлэх, шинэ төмөр замын асуудлыг зөв гарцаар оновчтой шийдвэрлэх ажилд нэлээд анхаарч ажиллаж байна. Бас харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэхэд салбар эрхэлсэн сайдын зүгээс шалтгаалах алхмуудыг цаг алдалгүй хийгээд явж байна.
-Таныг ажлаа хүлээж авахад нэлээд асуудал тулгарч байсан. Тухайн үед юу бодогдож байв. Ерөнхийлөгч хүртэл таныг "Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллахдаа байгаа үгүй нь мэдэгддэггүй байсан" гэж шүүмжилж байсан шүү дээ?

-Ний нуугүй хэлэхэд өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ салбар цоо шинэ ч юм уу, хүнд хэцүү санагдаагүй. Харин авто болон төмөр зам, иргэний нисэх гэх мэт тээврийн маш өргөн хүрээний асуудлууд нэ-мэгдсэн. Гэсэн ч зарчмын хувьд шийдвэрлээд явахад хүндрэлтэй зүйл байхгүй. Гарцыг нь олоод зөв зохион байгуулаад явчихвал ямар ч ажлын ард гарч болно гэж би үздэг. Ажил хариуцуулсан бол ард нь гарч байж санаа амардаг зантай хүн. Төрийн тэргүүний хэлсэнбайдал ямар байсныг хүмүүс мэдэж байгаа. Жилд 1470 айлын орон сууц баригдаж байсныг 2004-2008 онд жилд дунджаар 8000 болгож нэмэгдүүлсэн. Салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгож сайжруулсан. Энэ үед барилгын салбарт гарсан ахиц дэвшлүүд тодорхой хэмжээгээр миний нэртэй холбогддог гэж би ойлгож явдаг.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа нь сайшаалтай ч бага, дунд орлоготой иргэдэд 700 мянган төгрөгийн өрхийн орлого гэдэг нэлээд өндөр босго болж байх шиг байна. Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэхээр болсон ч энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад л хамаатай нэмэгдэл. Тэгэхээр хувийн хэвшилд ажилладаг, бор хоногоо яая гэж яваа иргэдэд байртай болох нь хэцүү даваа болж хувираад байгаа юм болов уу?

-Хөтөлбөр маань өөрөө бага, дунд орлоготой иргэдэд чиглэгдсэн моргейжийн зээлийн тогтолцоо юм. Ер нь бол Д.Жигжид сайдын үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн шүүдээ. Энэ ажлыг 2004-2008 онд нэлээд идэвхжүүлж Ипотекийн тухай хууль гэх мэт эрх зүйн зохицуулалтаар сайжруулсан. Тухайн үеийн зээлийн хүү өндөр байсан учраас зээлийн үндсэн шалгуур нөхцөлийг хангахад иргэдийн орлогын хэмжээ хүрэхгүй хүндрэлтэй асуудлууд гарч байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Төрийн албан хаагчдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг төр засгаас нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийнхэн ч тодорхой хэмжээгээр хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн асуудлыг нэмэгдүүлэх бодит шаардлага гарч байна. Тэр хэмжээгээр цалингааөсгөхёстой. Ингэсний үр дүнд төрийн болон хувийн секторт ажил эрхэлж буй хүний хувьд орон сууц худалдаж авах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Мөн зээлийн хүүгийн хэмжээг жилийн зургаа буюу сарын 0.5 хувь болгон бууруулж анх удаа 55 ам.мөтрээс доош хэмжээтэй байрны хүсэлт гаргасан бага, дунд орлоготой иргэд рүү чиглүүлж өгсөн.Энэ нь зорилтот бүлэг рүүгээ хандуулсан хэлбэр.Төр орон сууц хүсэгч иргэндээ нэг удаа 50 сая төгрөгөөс ихгүй зээлийг хөнгөлөлттэй олгохоор болсон нь хатуудсан болзол биш. Нийтээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь энэ ондоо байртай болог. 2016 он хүртэл хэрэгжих хөтөлбөр учраас иргэд хувийн зохион байгуулалтаа хангаад сайн судлаад хэзээ ч хамрагдах бололцоотой, Нөгөө талд нь энэ зээлийн үр дүнгээр нийгэмд олон эерэг үзэгдлүүд бий болж байна. Тухайлбал, хувийн компаниудад ажиллаж байгаа залуучууд НДШ-ийг аль болох бага төлөх сонирхолтой, жижиг дунд бизнес эрхэлж байгаа, лангуу ажиллуулж байгаа, таксинд явж байгаа хүмүүс огт төлөхгүй байдаг байсан бол одоо бүгд л хөрөнгө, орлогоо ил болгож эхэлж байна л даа.-Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжүүлж эхэлснээр орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэх юм. Үүнээс бага хүүтэй зээлийн ашиг гарахгүй байх тал руу хандаж байна ч гэж байна. Орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?-Барилгын компаниудад яагаад тодорхой шалгуур тавьж гэрээ байгуулсан гэхээр үндсэндээ орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоох бодлогыг барьсан хэрэг. Өнөөдрийн байдлаар манай улс нийт цементийн хэрэглээний 35, арматурын хэрэглээний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Энэ нь барилгын үнэ өсөх үндсэн шалтгаан болсон. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих цаг ирсэн. Удахгүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөтөлбөр хэрэгжээд эхний орон сууцууд жигд ашиглалтад ороод эхлэхээр эрэлт, нийлүүлэлт тэнцвэржээд үнэ дагаад буух ёстой.
-Орон сууцны ченжүүд гэж бий. Тэд орон сууц худалдаж авах чадваргүй иргэдийн бичиг баримтыг ашиглаад зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж, байруудыг худалдаж авч байна гэх юм. Энэ бүхнийг хэрхэн тооцоолсон юм бэ?

-Өнөөдөр манай иргэд харьцангуй хариуцлагатай болчихсон шүү дээ. Өөрт ирж байгаа боломжийг тийм амархан бусдад ашиглуулахгүй байх. Нөгөө талаар банк, ОССК гэх мэт зээлийн нөхцөлд шалгуур тавьж байгаа байгууллагууд бий учраас ийм зүйл гарахгүй болов уу. Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ иргэн, банк хоёрын дунд шууд гарц нээгээгүй. Яагаад гэвэл банк зээлийг өөрийн зээлдэгчдэд олгох, зорилтот төвшний бус хүмүүст өгөх магадлал өндөр байж болзошгүй гэж сэрэмжилсэн учраас ОССК-д хүсэлт ирүүлсэн хүмүүсийн материал банк руу очиж зээл олгогдох байдлаар зохицуулсан юм.
-Та саяхан нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт ажиллахдаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны дэд бүтцийг хонгилын системд шилжүүлнэ гэсэн . Энэ боломжтой гэж үү?

-Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх бодлогоо "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгасан байгаа. Удахгүй дулааны V цахилгаан станцыг барих ажлыг эхлэх гэж байна. Хотын дэд бүтцийг хонгилын системд шилжүүлэх ажлыг өнгөрсөн онд 40 мянгатад 200 метр урттай дэд бүтцийн хонгилын системийг ашиглалтад оруулчихсан байна. "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм"-д шинээр тавих шугам сүлжээг сувагт болон хонгилд байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Газар доорх инженерийн шугам сүлжээг нэгтгэн нэг хонгилд байрлуулах боломжтой нөхцөлүүдийг ч заагаад өгчихсөн байгаа. Нэг гэмтэл гарахаар л газар ухдаг, шинэ тавьсан замаа эвддэг байдлыг халах цаг нь болсон. Салбар эрхэлсэн сайдын хувьд шинээр баригдах орон сууцны хорооллын системд байрлуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ гэж зорьж байна. Хонгилын системийг байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулах шаардлагатай ч дараа нь үр ашгаа төдий хэмжээгээр өгөх сайн талтай. Хотын инженерийн шугам сүлжээг нийтэд нь яг ийм туннелийн системд шилжуүлчихвэл зундаа засварлахаар хөрсийг нь хуулж, намартаа хучдаг газар шорооны ажил зогсч, төсвийн хөрөнгө хэмнэгдэх давуу талтай юм.
-100 мянган айлын орон сууц хөтөлбөр 2016 оныг хүртэл үргэлжилнэ. Тэр болтол хэчнээн иргэнийг орон сууцжуулна гэсэн тооцоо гарсан байдаг вэ?

-Хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулсан. Зөвхөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 9000 нь бидний тавьсан шаардлагад нийцсэн. Компаниудынбарьж байгаа барилгын явцыг судлаад үзэхэд 1,6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой.
-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад гурав хүрэхгүй сар үлдлээ. Та сайд болсныхоо дараа "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана" гэсэн. Үлдсэн хугацаанд ямар ажил амжуулах төлөвтэй байна вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд богино хугацаа үлдсэн. Цаг хугацаатай уралдаж ажиллах л хэрэгтэй. Юуны өмнө улс орны хэмжээнд, аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто замын ажлыг маш эрчимтэй хэрэгжүүлэх ёстой. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зөв эхлүүлэх, хэрэгжилтэд анхаарах, Төмөр.зам, иргэний нисэхийн чиглэ-лээр ч хийх ажлууд байна. Салбарынхаа урагшаа явж байгаа ажлын хажуугаар тэдний эрх зүйн орчныг сайжруулах ажилд бас анхаарч байна. УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж батлуулах хууль тогтоомжуудад анхаараад харьяа агентлаг байгууллагуудынхаа эрх зүйн орчныг сайжруулчихвал зорилго тодорхой төвшинд биеллээ гэж үзэж байна.
-Та "Эхний ээлжинд аймгуудыг холбосон авто замуудыг барих ажил дээр төвлөрч ажиллана" гэлээ. Энэ ажил юу болж байна вэ?

-Улс орны хөгжпийн чиг хандлагыг дэд бүтэцгүйгээр төсөөлөх аргагүй л дээ. Монгол Улсын 1.500.000 хавтгай дөрвөлжин км нутгийг жигд хөгжуүлэхийн тулд бүх аймаг, суурин газруудаа авто замаар холбож, Улаанбаатар хотод түргэн шуурхай ирэхээс эхлээд олон боломж, бодит бололцоог иргэдэд олгох нь зүйтэй юм. Тийм учраас эхний ээлжинд аймгуудыг холбосон авто замын асуудалд анхаарна гэж төлөвлөсөн. Энэ саналаа биелүүлэх үүднээс ялангуяа, хөндлөн чиглэлийн зам, түүнээс салаалсан аймгийн төвүүдийн замын асуудлыг шийдвэрлэх чиглэлд нэлээд анхаарч байна. Энэ онд замын салбарт нийтдээ 346 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийнэ. Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх замын хөрөнгийн асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Сайншандаас хоёр тийш 150 гаруй км зам тавигдаад байна. Одоо Замын-Үүдийн чиглэлийн 128 орчим км замын асуудал шийдэгдэнэ. Энэ ажлыгхийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар хоёр багц тендер зарласан байгаа. Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь зэрэг зургаан аймгийн төвийг нийслэлтэй холбох авто замын барилгын явц 30-90 хувьтай байна. Үлдсэн зургаан аймгийн төвөөс эхлэх 545,6 км замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барина. Санхүүжилтын асуудал шийдэгд-чихлээ шүү дээ. Цаг алдахгүйн тулд шууд гэрээгээр сонгон шалгаруулалтыг явуулна. Ирэх сарын эхээр ажил эхэлнэ гэж ойлгож болно. Босоо тэнхлэгийн замын хувьд баруун талд Хов-дод, төвийн бүсийн хэмжээнд Улаанбаатараар дамжиж урд хойд хилийг холбох олон улсын буюу АЗ зэрэглэлийн зам үндсэндээ шийдэгдэж байна.
-Уул уурхайтай холбоотой дэд бүтэц, авто замын асуудал хурцаар тавигдаж байна шүү дээ. Энэ талаар ямар ажлууд хийж байна вэ?

-Уул уурхай түшиглэсэн, өрөөсгөл эдийн засагтай монгол орны хувьд байгалийн баялагтаа тулгуурлаж, эдийн засгийн өсөлтийг хангах, ДНБ-ээ өсгөх, үүндээ тулгуурлаж хөгжлийн дараагийн алхмаа зөв тодорхойлохын тулд дэд бүтцийг сайжруулах нь маш чухал асуудал. Өнөөдөр уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ хэрээр уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг тээвэрлэх дэд бүтцийг барьж байгуулах ажил хурцаар тавигдаж байна.Энэ асуудал нь ялангуяа Өмнө-говь, Дорноговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт хурцаар тавигдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс өөрийн хөрөнгөөр авто зам барих, ашиглах тухай хүсэлт олноор ирж байна.Манай яамны зүгээс эдгээр авто зам барих асуудлыг шийдвэрлэхдээ улсын хэмжээний авто замын төлөвлөлттэй уялдуулах, уул уурхайн тээвэрлэлт хийж гүйцэтгэх авто замыг нийтийн хэрэгцээний авто замаас тусад нь барьж байгуулах, ингэхдээ уул уурхайн ашигт малтмалын тээвэрлэлтийн зориулалтаар баригдах авто замуудыг нэгтгэх замаар тус тусдаа олон авто зам барихаас сэргийлэх бодлого баримтлан ажиллана. Өнөөдрийн байдлаар Концессийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2010 оны 83 дугаар тогтоол гарсны дагуу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 245 км хатуу хучилттай авто замыг 10 жилийн хугацаатай, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр барих эрхийг "Говийн зам" ХХК-д олгосны дагуу тус яамтай гэрээ байгуулан ажиллаж, замыг 2011 оны аравдугаар сард ашиглалтад оруулаад байна. Мөн Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Булган боомт хүртэлх 306 км хатуу хучилттай авто замыг "Мон Эн Ко" компани өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулаад байна. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км хатуу хучилттай авто замуудыг эргэн-төлөгдөх нөхцөлтэйгээр, Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу ху-чилттай автозамын ажил Оюу-толгойн хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэжбайна. 2012онд Улаанбаатар-Мандалговийн 104км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 83 км хатуу хучилттай авто замыг Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгөөр, Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 251 км хатуу хучилттай авто замыг эргэн төлөгдөх нөхцөлөөр тус тус барилгын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад-Гашуунсухайт чиглэлийн улсын чанартай авто зам баригдаж, 2014 он гэхэд ашиглалтад бүрэн орох боломжтой болно.
-Авто замын хувьд гадныхан хүнд даацын машинаар даац хэтрүүлж байнга зөрчил гаргадаг. Богино хугацаанд Монголын баялгийг зөөхийг урьтал болгож буй юм биш биз?

-Нүүрс тээвэрлэлтэд зөвшөөрөгдсөн даацыг хэтрүүлэх явдал түгээмэл байгаагаас шалтгаалан хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж хүний амь нас, эрүүл мэнд болон байгаль орчинд хор хохирол учруулахын зэрэгцээ автозамыг эвдэж гэмтээх байдал ихээхэн гарч байна. Манай улс "3амын хөдөлгөөний тухай", "Замын дохио тэмдгийн тухай" Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон үндэсний стандартаар автомашины бүх жин, нэг тэнхлэг дээрх ачаалал болон оврын зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гарсан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийтийн хэрэгцээний зам ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Уул уурхайн тээвэрлэлт гүйцэтгэж байгаа компаниудаас тээврийн хэрэгслийн даац, нэгтэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлэх саналыг гаргаж байгаа бөгөөд одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд нийтийн хэрэгцээний замд уг саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд гагцхүү нийтийн хэрэгцээний бус "тусгай зориулалт"-ын замаар тогтоосон маршрутаар бүх жин нь 44 тонноос илүү гарсан хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх боломжтой байна. Энэ чиглэлээр Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д өргөн бариад байна.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье
Нийтлэлч
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж
Үндэсний шуудан
2012 оны 4-р сарын 23, Даваа гариг

No comments:

Post a Comment