Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг 20:21-ээр батлав

Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосон ч жилийн талаас илүү нь өнгөрсөн хойно Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 20:21-ийн саналаар УИХ өчигдөр батлав.Төслийг Засгийн газар санаачилж, хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УЙХ-ын гишүүн С.Бямбацогт ахалсан байна.

Манай оронд ажил эрхлэхийг хичээдэг, хүсэл нь байлаа ч хөдөлмөрийн бүрэн чадваргүй, биеийн өндөр, нам, нас, хүйс, царай зүс, орон шоронгоос суллагдсан гэх элдэв шалгуураас болж ажил олгогчид гологддог 200 мянга орчим хүн байдаг гэнэ. Тэднийг ажлын байраар хангахтай холбоотой зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргадаг. Гадаадаас Монголд ажилладаг иргэдийн ажлын байрны төлбөрийн орлогоор энэ сангийн хөрөнгийг бүрдүүлдэг байж.Тэр нь жилдээ 20 орчим тэрбум төгрөг. Цаашдаа манай төр, засаг үндэсний ажилчдаа дэмжих бодлого баримталж, гадаадынхныг шахаж чадвал энэ санд ордог мөнгө багасах учиртай. Тийм учраас нэгдсэн төсвийн орлогын 0.3 хувь буюу найм орчим тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг болох саналыг Засгийн газар гаргасан юм байна.Түүнийг нь УИХ дэмжлээ. Харин УИХ-ын Ажлын хэсэг энэ хэмжээ төсвийн орлогын 1.0 хувь буюу 27 тэрбум төгрөг байх ёстой гэж үзсэн. Уг нь Төсвийн байнгын хороо элдэв төрлийн санг төсвөөс санхүүжүүлэхийн эсрэг байж, Байнгын хороодын хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг дэмжээгүй аж. Чуулганы өчигдрийн хуралдааны үеэр энэ тухайгаа ТБХ-ны дарга Д.Хаянхярваа тайлбарлахыг хичээсэн ч Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт тийм боломж олгосонгүй. Д.Хаянхярваагийн урд суудаг тэрбээр эргэж хараад микрофоныг нь холдуулчих жишээтэй.

Хэдэн сарын өмнө гаргаж байсан саналаа С.Эрдэнэ таг мартчихаж. Түүгээр нь санал хураалгаад дэмжигдтэл өөрийнхөө эсрэг бачимдав. Манай бүлгийн дарга, дэд дарга эзгүй байгаа. Надад бүлгийг төлөөлөх эрх өгсөн учраас хуралдаанаас завсарлага авлаа гээд санал өгөхөд ашигладаг картаа сугалаад авчихлаа. Энэ нь дэг зөрчиж буйг спикер сануулахад Ажлын хэсгийн ахлагч руу баахан үсчив. "Өөрийн чинь гаргасан санал шүү. Битгий эрхлээд байгаарай" гэж С.Бямбацогтыг үг хаяхад нь "Битгий давраад байгаарай" хэмээн С.Эрдэнэ аархав. Ингээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр санал хураахад 20:21-ээр батлах санал дэмжигдсэн юм. Дэгээр бол бүх зүйл дууссан ч АН-ын зарим гишүүн маргаан үүсгэсэн учир хуулийг дагалдан гарах тогтоол болон бусад асуудлаар ирэх долоо хоногт санал хураалт явуулахаар болов. Хуралдааны дараа төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогттой ярилцлаа.

-Хуулийн төслийг батлах эсэхээр санал хураахад 20:21-ээр дэмжигдлээ гэсэн дүн самбарт гарсан. Гэтэл хэдхэн секундын дараа батлагдаагүй мэтээр яриад эхэлсэн. Ямар учиртай юм болов?

-Төслийн зарчмын зөрүүтэй томъёоллуудаар санал хураагаад дууссан. АН-ын бүлгийнхэн санал өгөөгүй ч төслийг ганцхан саналын зөрүүгээр баталсан. Ирцэд орсон хэрнээ санал өгөөгүй тохиолдолд тэр нь эсрэг саналд тооцогддог юм. Бүхэлд нь баталж, ёсчлохыг ирэх долоо хоногт болгож хойшлууллаа.

-Санал хураалт дууссаны дараа гишүүн С.Эрдэнэ би бүлгийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа гээд, завсарлага авах шаардлага тавьсан.Түүнийг нь яагаад хүлээж авсангүй вэ?

-Завсарлага авах эрх уг нь бүлгийн даргад байдаг.Тэгээд ч санал хураалт явуулахаас өмнө завсарлага авах хүсэлтээ тавьдаг дэгтэй. Гэтэл С.Эрдэнэ би бүлгээ төлөөлж байгаа гээд ярьж байх шиг байсан. Дэгийн дагуу саналаа тавиагүй гээд УИХ-ын дарга завсарлага өгөөгүй.

-Таныг "Битгий давраад байгаарай" гэж С.Эрдэнэ гишүүн дарамтлах шиг болсон. Даварсан ямар хэрэг хийсэн юм бэ?

-Эрдэнэ өөрөө л давраад байх шиг санагдсан. Өөрийнхөө гаргасан саналыг эсэргүүцээд байсан. Уг нь тэр дэмжигдсэн шүү дээ. Гэтэл түүнийхээ эсрэг юм яриад унасан. Тэгэхээр нь "битгий эрхлээд байгаарай" гэчихсэн чинь намайг "давраад байгаарай" гэж байна лээ.

-Та хоёр тийм таарамжгүй хүмүүс үү?

-Энгийн л харилцаатай. УИХ, Байнгын хороогоор асуудал хэлэлцэж байхад энэ байтугай юм болно шүү дээ.Төслөө хамгаална, үзэл бодлоо илэрхийлнэ.Түүнээсээ болж элдэв үг чулуудалцана. Дараа нь ижий, ахай болчихсон л явдаг. Эмзэглээд байх зүйл биш. Ажил хэргийн л маргаан шүү дээ.

Өнөөдөр Го.Энхтөр

2011 оны 6-р сарын 20, Даваа гариг, Өнөөдөр

No comments:

Post a Comment