Monday 16 April 2012

Х.Баттулга: 2030 он гэхэд Улаанбаатарын 80-90 хувь нь гэр хороолол болох магадлалтай


УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ярилцлаа.


-Засгийн газрын хуралдаанаар барилгын дүрмийн асуудлыг хэлэлцжээ. Энэ дүрэм шинээр орж ирж байгаа юм уу, эсвэл урьд нь мөрдөгдөж байсан уу?

-Урьд нь мөрдөгдөж байсан дүрэм. Барилга дээр гарч байгаа асуудлуудыг арай өөр дүрэм журмаар зохицуулъя. Барилгын чанар, хүлээлцэх, улаан шугам татахаас эхлээд ямар чанарын барилга хүлээж авах вэ гэдэг асуудлыг л шинэчилж Засгийн газрын хуралдаанаар орууллаа.

-Ашиглалтад орох гээд хүлээгдэж буй, хөрөнгө санхүүгийн хувьд хүндхэн байгаа барилгуудын талаар яамны зүгээс ямар бодлого авч хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Барилгын салбар их хүнд байна. Ямар ч байсан 260 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ байгаа. Үүнийг олгох хэрэгтэй. Олгож байж энэ барилга ашиглалтад орж захиалга өгсөн хүмүүс нь байрандаа орно.

-Үүнээс гадна орон сууцны зээл авч захиалга өгсөн хүмүүс байрандаа орохыг хүлээж байгаа байх. Энэ нь барилгын салбарт ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү?

-Энэ нь өөрөө сүлжээ маягийн юм л даа. Орон сууцанд орох гээд урьдчилгаа мөнгө өгчихсөн байдаг. Гэтэл орон сууц нь баригдаж дуусдаггүй. Үүнээс болж бухимдал үүсдэг. Үүнийг шийдэж, дутуу баригдсан барилгыг даруйхан ашиглалтад оруулахын тулд 260 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм.

-Мөнгө хэрэгтэй байна гэдэг чинь хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн үг. Гаднаас хөрөнгө оруулах боломж байна уу?

-Улсын төсвөөс хөрөнгө оруулахад хэцүү боллоо. Үүнийг гадны хөрөнгө оруулалтаар зохицуулах л асуудал байна. Тийм учраас нэн тэргүүнд УИХ-аар Ипотекийн тухай хуулийг батлах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин нь бүрдэж байж барилгын салбар руу гадны хөрөнгийг татан оруулна гэсэн үг.

-Барилгаас гадна замын ажил эхлэх гэж байна. Замын хувьд хөрөнгө оруулалт ямархуу байна?

-Замын асуудал нэлээн хүнд байгаа учир улсын төсвөөс зам тавихад хэцүү болсон. Өнгөрсөн онд 500 орчим км зам тавина гэж төлөвлөснөөс 100 орчим км зам тавигдсан. Урьд нь зам тавьж байсан компаниуд өөрийнхөө хөрөнгөөр зам тавиад хохирол амссан. Тиймээс төр засаг уян хатан бодлого барьж, тэдгээр компаниудын хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулах хэрэгтэй.

-Манайд тийм хэмжээний мөнгийг дэмжлэг болгон өгөөч гэсэн хэдэн компани танайд хандсан бэ?

-Зам барих ажилд 35 орчим компани 11 орчим тэрбум, барилгын салбарт 260 орчим тэрбум төгрөгийн туслалцаа хүсээд байгаа.

-40 мянган айлын орон сууц хөтөлбөр энэ жил дуусна. Жижиг, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангана гэж ярьж байсан?

-Жижиг, дунд орлоготой иргэд, хямд өртөгтэй барилга гэж хуваарилаад байгаа. Ингэж хуваарилж болохгүй. Яахав стандартаа мөрдвөл хямд барилга гэж байлгүй л яахав. Гэхдээ бид өнөөдөр ажилгүйдлийн асуудлыг шийдэж, тодорхой орлоготой болгож, орлогоосоо тодорхой нөхцөлөөр орон сууцандаа төлбөр төлдөг энэ системийг бүрдүүлэх ёстой. Мөн ажилгүйдлийн асуудлыг барилга, зам тээврээр нөхөх боломж байгаа. Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай харилцан санамж бичиг хийсэн.
Боловсролын яамтай төсвийн газрын тогтоолоор гурвалсан яамны хэмжээнд яригдсан. Үүгээр юуг хэлээд байна гэхээр ажилгүй байгаа иргэд, өрх болгоноос нэг иргэнийг энэ салбар луу татан оруулах асуудлыг явуулъя. Гэхдээ үүнийг төлбөр төлдөг биш тэдэнд тэтгэмж маягаар сарын 150 орчим мянган төгрөгийн урамшуулал олгоё. Энэ мөнгийг тэр хүн хоол, унаандаа зарцуулна уу эсвэл сургуульд сурч тэндээсээ шууд ажлын байр руу гаран өөрөө энэ орон сууцныхаа асуудалд хамрагдаад явдаг байя гэсэн санаа байгаа.
Өнөөдөр бид энэ арга хэмжээг авахгүй бол 2030 он гэхэд Улаанбаатар хот 80-90 хувь нь гэр хороолол болох магадлалтай байна. Анх 1920 онд Улаанбаатар хот байгуулагдахдаа 90 хувь нь орон сууц байсан бол одоо 40 хувь нь орон сууц болжээ.

Монголын мэдээ 2009/03/19

No comments:

Post a Comment