Sunday 22 April 2012

Д.Очирбат: 300 сая ам.долларын зээлийн гэрээнд барьцаалагдсан асуудал байхгүй


УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан Ерөнхий сайд С.Баярын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд намын бүлгээ төлөөлж оролцоод ирсэн юм. Айлчлалын үр дүн болон УИХ-ын намрын чуулганы завсарлагаар хийж байгаа ажлынхаа талаар ярьсан түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
-Чуулганы завсарлагаар тойргуудаа эргэж амжив уу?
-Намрын чуулган завсарлангуут тойргийнхоо бүх хороогоор явж иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Сонгуулиас хойшхи хугацаанд ямар тулгамдсан асуудал байна, шийдвэрлэхийн тулд юу хийж болох вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцсан.
-Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд та оролцсон юм байна. Энэ үеэр «Нэгдсэн Орос» нам, болон түүний дэргэдэх залуучуудын байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулсан гэсэн. Энэ талаар ярина уу?
-МАХН-ын бүлгээс Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн  Д.Оюунхорол нарын бидний хэдэн гишүүд уг айлчлалд оролцсон. «Нэгдсэн Орос» нам, тус намын залуучуудын «Залуу гвард» байгууллагатай харилцаа тогтоож хамтран ажиллах талаар ярилцаж гэрээ байгууллаа.  Би залуу хүний хувьд хөрш орнууд орнуудын, тэр тусмаа Оросын залуучуудын байгуулагатай хамтарч ажиллах нь зүйтэй гэж боддог. Оросын цэргүүд Монголоос гарснаас хойш хэсэг хугацаанд манай хоёр орны ард түмний болон бизнесийн хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон гэж би хувьдаа боддог юм.
-Хамтын ажиллагааны хүрээнд хийх хамгийн эхний ажил юу байх вэ?
-Энэ жил Халх голын ялалтын 70 жилийн ой тохиож байна. Оросын олон мянган эрс Монголын газар нутгийн төлөө тэмцэж бай-сан. Түүхэнд цусаар бичигдсэн энэ гавьяаг 70 жилийн дараа бид хойч үедээ ойлгуулж, үеийн үед дурсаж явах ёстой. Тиймээс энэ ойгоор Оросын «Залуу гвард» байгууллагатай хамтарч, дээрх түүхэн замналын дагуу авто аялал хийхээр тохирсон. ОХУ-аас 70 залуу манайд ирж, манайхаас мөн 70 залуу хамтран түүхэн дурсгалт газруудаар аялж, баатрууддаа хүндэтгэл үзүүлэх, ахмад дайчдынхаа үгийг сонсох аялал зохион байгуулахаар боллоо.
-Хөрш орон гэснээс урд хөршийн залуучуудын байгууллагатай бас ийм холбоотой ажилладаг уу?
-Манай намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнгөрсөн хавар БНХАУ-д айлчилж, тэдний залуучуудын байгууллагатай холбоо тогтоосон. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сард би ОХУ-ын «Нэгдсэн Орос» намын Их хуралд сууж, залуучуудын байгууллагатай нь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсан. Сая хоёр дахь удаагаа уулзсан нь энэ юм.
- МАХН-ын байрны хандивын талаар ярилцав уу?
-Мэдээж хөндөж ярьж байна билээ. Даяаршлын энэ үед МАХН-ын байр яагаад шатсан, юу болсон талаар тэд өргөн мэдээлэлтэй байсан. Намын байраа шинээр бүтээн босгох энэ ажилд залуучуудын байгууллагын зүгээс боломжийн хэрээр оролцож, туслах юмсан гэж ярьж байлаа
-С.Баярын айлчлалын анхны олз нь ОХУ-аас Монголын хөдөө аж ахуйн салбарт туслах зорилгоор 300 сая ам.долларын зээл өгөх болсон. Гэвч энд ямар нэг нууц наймаа оролцсон юм биш байгаа гэсэн хардлага, таамаглалыг зарим хэвлэлээр дэвшүүлэх боллоо. Айлчлалд биеэр оролцсон хүний хувьд энэ талаар та юу хэлэх вэ?
-Үнэндээ энд гэртээ эсвэл Төрийн ордонд сууж байгаад ч юм уу, аль нэг намын байр сууринаас тэр айлчлалын үр дүнд олж ирж байгаа мөнгөний үнэ цэнийг мэдрэх, шүүмжлэх амархан. Асуудалд ажил хэрэгч байдлаар хандаж буй хандлагад олон ялгаа, зөрүү байна. Үүнийг зөвхөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, тоног төхөөрөмжөө сайжруулахад зориулах нь тодорхой. Түүнээс биш ямар нэг банкны, эсвэл намын асуудал биш. Энэ 300 саяыг авахын тулд маш олон гэрээ хэлэлцээр хийж, асуудлыг сайн, муу олон талаас нь ярьж зөвлөлдсөн шүү дээ. Хоёр орны Ерөнхий сайд гарын үсэг зурахаас өмнө энэ талаар маш их зөрүүтэй асуудал байсан. Энэ бүхнийг даван гарч, гэрээ хийж, мөнгө олох гэдэг ямар их бэрхшээлтэй болохыг би анх удаа Ерөнхий сайдын айлчлалд оролцож явахдаа ойлголоо. Өнөөдөр бүгд атрын III аяныг үргэлжлүүлье, эрүүл хүнс хэрэглэе, өөрийн гурил будаагаар ард түмнээ хангая, мал аж ахуйн салбарыг хөгжүүлье гэж ярьж байна. Энэ бол бага мөнгө биш. Гол нь зөв зарцуулах хэрэгтэй.
-Тэгэхлээр та хэвлэлд бичсэнчлэн ОХУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд 2.5 тэрбум ам.долларын алдагдалд ацагласан гэдгийг үгүй гэж баталж чадах уу?
-Тийм. Ямар нэг байдлаар, эсвэл тодорхой асуудлаар барьцаалсан юм биш. Хоёр бизнесмэн хоорондоо наймаа хийж байгаа биш дээ, тийм асуудал ерөөсөө болоогүй. Улс орны хөгжлийн төлөө хийж байгаа үр дүнтэй алхам. Нөгөөтэйгүүр газар доорх баялгаа ашиглахдаа ганц хоёр хүний гар харж суух биш, аль болох олон оронд танилцуулж, тэндээсээ хөрөнгө оруулалт татах боломжтой сонголтыг хайж явах ёстой шүү дээ.
-ОХУ олигархуудын ноёрхол, тэр тусмаа залуу улстөрчид бизнестэй хутгалдах нь ихээхэн газар авсан орон. Танд энэ байдал илт анзаарагдав уу, ер нь тэд манай улс-төрчдийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
-Үнэндээ айлчлалын хүрээнээс хальж тэр талаар анзаарах боломж байсангүй. Хоёр орны залуучууд бие биеэсээ сурах юм их байна. Оросын залуусаас бүтээн байгуулалтын арга барилаас сурах, хамтарч ажиллах юм их бий. Ер нь сүүлийн үеийн залуус, «Шинэ Орос»-ууд нь ч гэсэн Монгол орны болон монголчуудын талаар мэдээлэл багатай байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.

2009 оны 3-р сарын 24, Мягмар гариг
Vip76.mn

No comments:

Post a Comment