Thursday 19 April 2012

Г.Батхүү: Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирэх сард гаргана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл буюу дэд дарга, байнгын хороодын дарга нар өчигдөр хуралдлаа. УИХ-ын даргын өрөөнөөс дэд дарга Г.Батхүүг гарч ирэхэд нь цөөн асуултад хариулт авснаа хүргэе.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа. Ямар асуудлыг хэлэлцэв?

-УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар хийх ёстой ажил болон байнгын хороодын хийхээр төлөвлөсөн ажлуудыг хэлэлцэж, нэмж хийх ёстой ажлуудын чиглэлээр УИХ-ын дарга үүрэг даалгавар өглөө. Түүнчлэн чуулганы завсарлагаанаар хаврын чуулганаар хэлэлцэх ёстой хуулиудын ажлын хэсгийг хуралдуулж, чуулган эхлэхэд хэлэлцэх асуудлуудыг бэлэн болгосон байх талаар үүрэг чиглэл өглөө. Мөн УИХ-аар батлагдсан хуулиудын талаар үнэн зөв мэдээлэл өгөх, ач холбогдол, ямар асуудлыг шийдэхэд чиглэсэн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүд аймаг, орон нутагт сонгуулийн тойрогтоо ажиллахдаа ард түмэнд мэдээлэх талаар тодорхой чиглэл үүрэг өгсөн хурал боллоо.Чуулганы завсарлагаан гэдэг бол гишүүд амарч байгаа хэрэг огтхон ч биш. Энэ үед чуулган л хуралдахгүй бөгөөд бусад бүтцээрээ УИХ ажиллаж, дараагийн буюу хаврын чуулганы бэлтгэл ажлаа хангадаг үе.

-Гишүүд тойрогтоо хэдий хүртэл ажиллах вэ?

-Гишүүд дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө орон нутагтаа ажилласан байх, дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын чуулган эхлэхэд ирц бүрэн байх гэсэн үүргийг өгч байгаа.

-Хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа хуулиуд Сонгуулийн тухай хуулиас эхлээд олон бий?

-Сонгуулийн тухай хууль бол нэн тэргүүнд хүлээгдэж байгаа, хамгийн эхлээд хэлэлцэх хууль байх болов уу. Түүнээс гадна мэдээж цаг үеийн олон хуулиуд бий. УИХ-ын даргаас сая өгсөн даалгаврын нэг нь хаврын чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудын жагсаалтыг гуравдугаар сарын 15-нд батлах тухай байсан. Ингэхдээ нэлээд судалгаатай, байнгын хороодын дарга нарын саналыг авч Дэгийн хуулиа хатуу барьж хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл намрын чуулганаар хэлэлцсэн асуудал нь төлөвлөснөөсөө олон болчихсон. Төлөвлөсөн асуудлуудын дундуур нь яаралтай хэлэлцэх олон асуудал орж ирсэн учир энэ намрын чуулганаар төлөвлөсөн асуудлаа хэлэлцээгүй мэт боловч нийт хэлэлцсэн асуудал, ажлын тухайд нэлээд их зүйлийг амжуулсан нь харагдаж байгаа л даа. Тиймээс төлөвлөлтийг аль болох бодитой явуулдаг, цаг үеийн чанартай асуудал олон гаргаж ирэхгүйгээр урьдчилан харж, төлөвлөж, чуулган, аливаа хуралдаанд хэлэлцэж байгаа шийдвэр, хууль тогтоомжид ул суурьтай хандаж ажил-лах үүргийн талаар өнөөдрийн хуралдаанаар мөн ярилаа.

-Ирэх хаврын чуулган сонгуулийн өмнөх гурав дахь чуулган тул гишүүд нэлээд хариуцлагатай хандах болов уу?

-Дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны хамгийн их үр дүнтэй, ачаалалтай ажилладаг, олон шийдвэр гардаг чуулган бол сонгуулийн урьд жилийн хоёр, гурав дахь чуулган байдаг л даа. Яагаад гэвэл хэлэлцэж эхэлсэн олон асуудлуудынхаа эцсийн шийдвэрийг гаргадаг. Нөгөө талаас байнгын хороод, УИХ-ын бүх бүтцийн байгууллагуудын үйл ажиллагаа хамгийн их эрчимтэй явдаг үе. Сонгууль дөхөхтэй зэрэгцээд орон нутагт ажиллах, ирэх сонгуульдаа бэлтгэх учир ирэх хаврын, дараагийн намрын чуулган бол хамгийн хариуцлагатай, чухал чуулган болно гэж бодож байгаа. Ер нь бол бүх асуудлыг хэлэлцэж дуусна гэж байхгүй шүү дээ. Тиймээс нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой, концепцийн чанартай хуулиудыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Т.ГЭРЭЛ

2011 оны 2-р сарын 14, Даваа гариг, Өдрийн сонин

No comments:

Post a Comment