Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Намууд өөрсдийн эрх ашгаа дээгүүр тавиад байна


Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж. Энхбаяраас тодруулга авлаа.
-Сонгуулийн тухай хуулийн төсөл дээрх зарчмын зөрүүтэй асуудлаас үүдэн АН-ын бүлэг завсарлага авчихлаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Улстөрийн намууд рейтингээ тодорхойлчхоод өөр өөрсдөдөө давуу тал олохыг л хичээгээд байна. Уг нь маш хурдан зохион байгуулалт хийгээд Сонгуулийн тухай хуулиар ард түмний санал асуулгыг бүх аймаг, суманд зохион байгуулах хэрэгтэй. Ингээд л ард түмэн шийдэг. Сонгууль гэдэг бол бидний хорин жил бүтээсэн ардчилсан нийгмийн үнэт зүйл. Засгийн эрх барих, санал гаргах, төлөөлөх эрхийг хэнд өгөх вэ гэдгээ шийдэх чухал алхам. Үндсэн хуулийн зарчмаар бол сонгуулиар хүнийг сонгоно гэж байгаа. Эхнэр болох хүнээ харж байж авдаг, эд хөрөнгө худалдаж авахдаа үзэж сонждог монгол уламжлал байдаг.Тэгэхээр сонголт хийх энэ эрхээ нэг намд өгнө гэдэг хэцүү болчхоод байна. Улстөрийн намууд бүрэн төлөвшөөгүй, Монгол Улсын эдийн засаг гадна дотны оролцоо ихтэй, хиймэл зохиомол намууд олноороо үүссэн энэ цаг үед монголчууд хүнээ таньсан байх гэж ойлгож байна. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ. Одоо худлаа ярьж, тогос шиг гоёж, тогоруу шиг яваад нэмэргүй. Монгол ухаантай, суурьтай, олон түмний эрх ашгийг гишгэчихгүй гэж найдсан хүнээ ард түмэн сонгоно. Миний зарчим бол энэ. МАН эрх барих эрхээ хүнээр дамжуулна гэсэн зарчимтай байгаа. Өнөөдөр намын ард хэн ч орж магадгүй. Ямар ч гар хөл орж, ямар ч гадаад улс орон зохион байгуулалт хийхийг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Урьд нь МАН пропорциональ давамгайлсан тогтолцоог дэмжээд байсан биш бил үү?
-Манай нам дотор энэ уур амьсгал байгаа. 100 хувь мажоритар гэж ярьж байгаа хүмүүс ч бий. Юутай ч бид энэ нөхцөлд нэг алхъя. Ахмадууд, залуу үеийн төлөөлөл байя. Ахмадууд нь 24 буюу пропорциональдаа жагсаад, намын лидерүүд гэж байгаа том улстөрчид нь орж ирэг. 52 мажоритар суудал буюу шинэ уур амьсгал, шинэ цус төрд хэрэгтэй. Шинэ хүмүүсийг гаргаж ирэх боломжийг нээж өгөх ёстой гэдэг зарчмыг л барьж гаргаж байгаа юм. 100 хувь пропорциональ буюу нам сонгоно гэдэг нь сонгогчийн эрх ашиг руу халдаад байгаа юм. Та зүгээр л нам сонгочих. Хэнийг гаргахаа нам нь мэдье гээд байгаа асуудал. Миний бодлоор бол хүн өөрийн үндсэн эрхээ хэнээр төлөөлүүлэхээ харж байж шийдэх ёстой. Мэдэгдэхгүй, харагдахгүй уутан дотор сонгууль хийх гэж байгаа нь өнөөгийн цаг үед үндэсний аюулгүй байдалд харшлах болов уу. Чинээлэг масс нь бий болоод өдөр тутмын материаллаг асуудлаас хөндийрөөд ирсэн цаг үед дараагийн буюу улстөрийн нам төлөөлөх цаг үе ирэх байх. Одоогоор энэ нь арай эрт байна.
-Танай намын Удирдах зөвлөл ч хуралдлаа. Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Удирдах зөвлөл ямар байр суурин дээр тогтов?
-Сонгуулийн асуудал дээр манай удирдах зөвлөл холимог системээр урагшаа алхах шийдвэр гаргасан. Миний бодлоор энэ асуудал дээр намууд өөрийн эрх ашгаа дээгүүр тавиад байна. Ядахдаа нэг баг, хороонд очиж ард түмний амьдралд орж үзээгүй улстөрийн жижиг намууд нам гэдэг нэрээр гарч ирэх гэж оролдож байна л даа.
-Энэ хуулийн төслийн асуудалтай холбоотойгоор Н.Лүндээжанцан дарга бүлгийн даргын албан тушаалаасаа татгалзаж байгаа нь олны анхаарлыг татаж байна?
-Н.Лүндээжанцан дарга өнөө-гийн цаг үед улстөрийн намууд өөрсдийн эрх ашгаа хэт урдаа тавиад, төр засгийн ажлыг гацааж байгаа нь зохисгүй зүйл гэдэг үүднээс санал бодлоо илэрхийллээ. Миний ойлгож байгаагаар өнөөдөр Монгол Улс шийдвэрлэх сонголтын өмнө байна. Гаднаас нэлээд нөлөө орно. Монгол Улс бүс нутаг, Ази тив төдийгүй, дэлхийн хэмжээнд уул уурхайн баялгийн нөөцөөрөө нэлээд том тоглогч болж гарч ирж байгаа ийм цаг үед тэр том баялгийн хуваарилалтыг хэнээр шийдүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Намаар шийдүүлэх үү, эсвэл эх оронч танигдсан монголчуудаа гаргаж ирэх үү гэдэг сонголт бидний өмнө бий.
-АН дундын хувилбарыг сонгоно гэсэн саналыг гаргасан ч МАН-ын бүлэг байр суурин дээрээ бат зогссон гэсэн мэдээллийг Ч.Сайханбилэг гишүүн өгсөн. Хоёр намын бүлэг тохиролцоод дундын хувилбарыг сонгож болдоггүй юм уу?
-АН пропорционалийг сонгон  гэдэг зарчим дээрээ хатуу зогсож байгаа. Тэд дундын хувилбарыг сонгоогүй шүү дээ. Намын нэрийн дор өнгө мөнгө, эрх мэдэл дагасан сонголт явж магадгүй.Үүнээс зайлах арга бол хүн сонгох юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сурвалжлагч: Д.Өнөржаргал
2011 оны 6-р сарын 24, Баасан гариг

No comments:

Post a Comment