Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Хөдөлмөр эрхлэлтийн хуулийг баталсан ч хуучнаа хүчингүй болгож чадалгүй гацчихсан

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа

-Таныг Ховд аймагт ажиллаад ирсэн гэж сонслоо. Явсан газрын сонин хачнаас хуваалцаач. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадам сайхан болов уу?

-Тойрогтоо 20-иод хоног ажиллаад ирлээ. Энэ үеэр Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр тохиосон. Сайхан наадлаа. Ой угтсан олон бүтээлч' ажил хийжээ. Ер нь ойдоо нэлээд эртнээс бэлдсэн л дээ. Цагаан сарын дараахан Улаанбаатар хот дахь Ховд аймгийн уугуул иргэдийн золголтыг зохион байгуулснаас эхлээд ойдоо идэвхтэй оролцох гэж анхаарсан. Нутгийн зөвлөлөөс Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод хандивын уулзалтууд зохион байгуулж, 400 орчим сая төгрөг босгосон юм. Үүнийгээ ойн хүрээнд бүтээлч, тодорхой ажлуудад зарцуулаарай гэж орон нутгийн удирдлагуудад өгсөн. Түүнээс гадна улсын төсвөөс аймгийн төв доторх бүх замыг шинэчлэх хөрөнгийг шийдсэн. Мөн аймгийн төвийн гэрэлтүүлгийг ч шийдлээ.

-Хандивын мөнгөний зарцуулалтад ямар дүн тавив?

-Тэр мөнгөөр Баатар хайрхан уулыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Мөн Бичигтийн хөтөл дээр үдэлт, угталтын хаалга бүтээсэн байна. Ховд хотыг харах өндөрлөг ч байгуулж. Түүнчлэн Улаан богочийн рашаан, түүний ойр орчмыг хамгаалалтад авч, тохижуулсан байна. Нутгийн зөвлөлөөс цуглуулсан хандиваар орон нутгийнхан маань олон сайхан зүйлийг бүтээснийг хараад сэтгэл хөдөлж байлаа. Нутгийн маань байшин барилга нь өнгө засаж, бүх айл нь хашаа даамангаа будаж янзалж Ховд хот шинэ өнгө төрхтэй болсонд сэтгэл хангалуун байна.

-Энэ жил олон тэгш ой тохиож, баяр наадам олонтой байна. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү аймгууд бөх, мориныхоо бай шагналаар ёстой л уралдаж байх шиг. Үүний зэрэгцээ хөшөө барималд хамаг хөрөнгөө зарж, тодорхой бүтээлч зүйл хийсэнгүй гэх шүүмжлэл ойн арга хэмжээ болгоныг дагалддаг. Энэ тухайд Та юу хэлэх вэ?

-10 жилд нэг удаа болдог тэгш ойн үеэр хуран цугласан наадамчин олныг баярлуулж, баяр наадмаа өргөн дэлгэр болгохын тулд улсын цолтой бөхчүүд, газар газрын шандаст хурдан хөлгүүдийг урьж даллах шаардлагатай гэж боддог. Тиймээс ч бай шагнал нь хэр том байна, тэр хэмжээгээр олон газраас хүчит бөх, шандаст хөлгүүд тухайн орон нутгийг зорин ирж наадмыг сайхан болгодог.

Энэ нь бусад аймгуудтай уралдаж байгаа хэрэг биш.

Энэ үүднээс нутгийн зөвлөлөөс түрүүлсэн бөхийг супер УА3-469 машинаар шагнасан. Үүнийг миний хувьцаа эзэмшдэг "Нью прогресс" группээс гаргасан юм. Мөн их насны морины түрүүг ч энэ хэмжээнд байлсан. Үүний зэрэгцээ Монгол Ардын Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У.Барсболд азарганы түрүүг, "М-Ойл" компанийн захирал н.Батбаяр соёолонгийн түрүүг тус тусҮА3-469 маркийн машинаар шагнасан. Бусад насны морьдын айраг, түрүүг мотоциклоор байллаа.

-Иргэд сонгогчидтой уулзаж явахад юуны талаар илүүтэй ярьж, хэлж байна вэ?

-Хөдөөгийн малчидтай нэлээд уулзлаа. Ялангуяа алслагдсан бүс нутагт аж төрж байгаа малчдадаа анхаарахгүй бол үнэхээр хүнд болжээ. Үнэндээ өнөөдөр багаасаа мал дээр өссөн 50-иас дээш насныхан л мал маллаж байна. Залуучуудад мал дагах сонирхолгүй болж. Яагаад гэвэл, хөдөөд мал, малчин хоёрын үнэ цэнэ эгээ адилхан болж. Мал аж ахуйн салбар ийм байдалтай удвал эрсдэлд орохоор байна. Малчдын маань сэтгэл гундуухан байна. Мөн алтай нутагт чоно нохойн асуудал хүнд болжээ. Бид талын чоныг хайрлана, хамгаална гээд ярьж байхад алтай нутагт айлын 20 тугалыг өвөлд нь идчихэж байна. Энэ жилийн хувьд бяруу, унагатай айл харьцангуй цөөхөн байна. Гэгээн цагаан өдөр малыг нь барих хэмжээнд хүртлээ чоно элбэгшсэнийг нутгийнхан хэлж байна. Чоныг устгаж, тоо толгойг нь тодорхой хэмжээгээр бууруулах талд малчид санал санаачилга гаргах ёстой. Үүнийг нь төр засгаас ч дэмжих ёстой гэж бодож байна.

-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, "Монгол мал" хөтөлбөр, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний биржийн тухай хууль зэрэг бодлого шийдвэрийг энэ удаагийн парламент баталсны хувьд Та бүхнийг "малчдад ээлтэй" гээд тодорхойлчход нэг их буруудахгүй болов уу. Гэтэл малчдын амьдралд тэгтлээ өөрчлөлт гарахгүй байх шиг. Шалтгааныг нь Та юу гэж бодож байна вэ?

-Малчдыг чиглэсэн олон бодлого, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч тэдний амьдралд наалдаж, үр дүнгээ өгч байгаа нь бага юм. Хэрэгжих төвшиндөө удаан, хангалтгүй байна. Зөв бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх гэж яваа ч аймаг, орон нутагт хэрэгждэггүй юм байна. Ялангуяа төрийн албаны анхан, дунд шатанд төрийн үйлчилгээг' чадварлаг, жигд, шуурхай хүргэхгүй байна.

Ганц малчдын талаарх бодлого гэлтгүй төр засгийн бүхий л бодлого энд ирээд л гацаад байх шиг.

Жишээ нь, малчдын тушаах ноосны кг тутамд урамшуулал олгох шийдвэр хэрэгжиж эхлээгүй, малчид журамтайгаа ч танилцаагүй л байна. Үндэсний үйлдвэрийн төлөөлөгч нэртэй хэдэн хүмүүс ноосыг нь авсан ч урамшууллаа хэзээ авах, урамшуулал өгөх, өгөхгүй нь тодорхойгүй байна. Ноолуурын үйлдвэрлэлийг 100 тэрбум төгрөгөөр дэмжлээ, одоо ноолуурын үнэ өснө гээд л байсан. Бодит байдалд үйлдвэрүүд нь ноолуураа авахгүй, үнэ нь уначихсан л байна шүү дээ. Энэ байдал нь УИХ-ын сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын бүх үйл ажиллагааг саатаасан АН-ын завсарлагатай ч холбоотой.

- Та Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын төвшинд боловсруулах ажлын хэсгийн ахлагч. Энэ төслийг хэлэлцэх асуудлаас АН-ын бүлэг нэлээд удаан завсарлага аваад байсан. Өнгөрөгч чуулган завсарлахаас өмнө гацаа арилж, ямар нэг ахиц дэвшил гарсан уу?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу жил бүр 60 мянган ажлын байр бий болгох орчин нөхцөлийгв бүрдүүлэхийн тулд гарцаагүй батлах ёстой. Хуулийн төслийг өнгөрсөн оноос л хэлэлцэж эхэлсэн. АН-ын завсарлагаас шалтгаалан одоо болтол батлагдаагүй л байна.

Ерөөсөө л сандал ширээтэй зууралдаж байгаагийн л илрэл.

Энэ хууль батлагдвал АН-ын хүмүүс ажилгүй болчих вий гэсэн бодлын үүднээс л тэд завсарлага авч байгаа. Уг нь нэлээд бэрхшээлийг давж эхний хэлэлцүүлгүүдийг давж, шинэчилсэн найруулгын төслөө хууль болгон баталсан ч хуучин хуулиа хүчингүй болгож чадалгүй гацчихлаа. Ингэснээр Монгол Улсын хамгийн том тулгамдсан асуудал болсон ажилгүйдлийг багасгахад хүндрэл болж байгаа юм. АН-ын бүлэг хамтарсан Засгийн газарт ажиллаж байж, төр засгийн үйл ажиллагааг гацаадаг, завсарлага авдаг, ард түмний амьдралыг сайжруулахаас хойш сууж байна.

-Юу гэсэн үг вэ. Шинэ, хуучин хоёр хууль байгаа хэрэг үү?

-УИХ хуулийг батлахдаа агуулгаар нь биш үг, үсэг бүрийг нь нарийвчлан хэлэлцэж, эцсийн найруулгыг нь сонссоны дараа баталдаг. Нэг бие даасан хууль батлагдвал нөгөө хуулийг нь хүчингүй болгодог. Мөн дагаж өөрчлөгдөх хуулиудад ч нэмэлт, өөрчлөлт оруулан баталдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталчихсан. Харин хуучин хуулийг нь хүчингүй болгоогүй. АН завсарлага авсан. Тийм учраас шинээр батлагдсан хуулийн хэрэгжиж эхлэх нь түдгэлзээд байгаа юм. Хуучин хууль нь үйлчилж байгаа гэсэн үг.

Нийтлэлч
Б.Номин
Эх сурвалж
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment