Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Хүн гүтгэсэн бол ялаа үүрнэ

УИХ-ын гишүүн Х.Баттулга

Сүүлийн өдрүүдэд өрнөөд байгаа үйл явдлын талаар ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. МоАХ-ны байр буюу Ардчиллын ордны мэдээллийн танхимд хүн гишгэх зайгүй цугласан олны өмнө ч байр сууриасаа ухрахгүй, үнэн бодитой зүйл ярьж байгаагаа баримтаар нотолно хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрээр Тавантолгойн гэрээтэй холбоотой Засгийн газрын болон Улсын Их хурлын тогтоол, холбогдох баримтуудыг иш татан мэдээллээ танилцууллаа.

-Намайг Засгийн газрын гишүүн байхдаа БНСУ, БНХАУ-тай нууц гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Энэ бол боломжгүйг хэн ч мэдэж байгаа. Олон улсын хэмжээний том гэрээг зүгээр нэг Засгийн газрын гишүүн дур мэдэн байгуулаад байдаггүй. Заавал Засгийн газрын хуралдаанаар танилцуулж гарын үсэг зурна. Ц.Нямдорж ч үүнийг мэдэж байгаа. Гэрээний хувьд бол ийм гэрээ байна, танилцсан гэдэгт гарын үсэг зурснаас биш баталсан юм биш. Тавантолгойн гэрээ үндсэндээ зогсонги байдалд орчихсон нь "Энержи ресурс"-тай холбоотой. "Энержи Ресурс" буюу Ухаа худаг дөнгөж дөрвөн хувийг эзэмшдэг гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний эзэмшдэг хувь дөрвөн тэрбум доллараар үнэлэгддэг. Жирийн математикаар бодоод үзье. Тэгвэл үлдэж байгаа 96 хувьд нь 96 тэрбум долларын үнэлгээтэй байх ёстой. Гэтэл үгүй байгаа биз дээ. Саяхан олон улсын шинжээчид ажиллаад "Танай Тавантолгой 20-30 тэрбумын өртөгтэй" гээд үнэлгээ хийчихсэн. Үүний дөрвөн тэрбум долларынх нь хэсэг "Энержи Ресурс"-т байна. Ингээд үзэхээр тэдэнд ногдож байгаа хувь дөрөв байж таарах уу. Ухаа худагаас болоод Тавантолгойн ажил гацчихлаа гэхээр зарим сайд нарын шээс нь гоожчих гээд байгаа юм. Аргагүй шүү дээ. Энэ компанид барьцаалагдчихсан, байранд нь амьдардаг хүмүүс. Байрнаас нь гадна мэдээж том зүйлүүд байж л байгаа. Тийм учраас би нэр бүхий сайд нарыг АТГ-т өгөхөө мэдэгдсэн.

-Таныг ингэж ярихаар маргааш бас нэг мэдэгдэл гарах байх даа. Сүүлдээ хоёр сайдын хэн нь үнэн яриад байгааг иргэд ойлгохоо болилоо?

-Энэ бол Ц.Нямдорж, Х.Баттулга гэдэг хоёр хүний хоорондын асуудал биш. Энэ бол улс орны хэмжээний асуудал. Өнөөдөр "Энержи Ресурс" 20 айлд очиж байхад Тавантолгой нь 2,7 сая иргэнд ногдож байна. Гэтэл Тавантолгойн гэрээг байгуулаад ажлыг нь эхлүүлэх гэхээр бизнес нь зогсчих гээд байна. Ингээд л Тавантолгойг гацаагаад байгаа юм. Би үүнийг удаа дараа хэлж байна. МҮОНРТ-ээр ярилцлага өгөхдөө ч хэлсэн. Би хүн гүтгэсэн бол ялаа үүрнэ гэдгээ хариуцлагатай хэлье.

-"Шинэ яармаг" хороолол байгуулахад Монголын талын оролцогчоор нь өөрийнхөө компанийг оруулсан гэж бас мэдэгдсэн?

-Өөрийн талын ч биш. Миний орон тооны бус зөвлөхөөр ажилладаг залууг хэлж байгаа юм. Энэ залуугийн дор 20 гаруй шижигнэсэн залуу байна. Тэд 2-3 жилийн өмнө өөрсдөө бие даагаад Яармагийн бүх айлаар судалгаа хийгээд төсөл бичсэн юм билээ. Энэ төслөө шалгаруулалтад оролцуулсан, тэр нь тэнцсэн гэсэн. Тэрнээс би өөрийн хүнээ тавьсан зүйл байхгүй. Яг үнэндээ өнөөдөр Монголд тэр тусмаа яам, тамгын газарт чадвартай боловсон хүчин ямар хомс байдгийг би биеэрээ мэдэрсэн. Энэ залуучууд шиг ажлаа мэддэг, хаа ч очоод тэр газрынхаа хэлээр яриад, ойлголцоод асуудлаа шийдчихдэг залуус ховор. Монгол Улсын Засгийн газраас "Зөгийн үүр" хөтөлбөр батлаад гадаадад сурсан залуучуудаа эх орондоо ир гэж уриалж байгаа. Гэхдээ үнэндээ энд ирээд ажил ямар байгаа билээ. Тэгэхээр эхнээсээ өөрсдийнхөө хүчээр ажлаа эхлүүлээд хийж байгаа залуучуудыг харин ч дэмжих ёстой гэв.

Нийтлэлч
Б.Эрхэс
Эх сурвалж
Зууны мэдээ

No comments:

Post a Comment