Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Би лав АН-аас зайгаа баримаар байна. Болимоор байна. Одоо бүүр дэндлээ, манайхан хэтэрхий хүлцэнгүй байна


-Бас Могойн голын цахилгаан станцын асуудлаас болж улстөрчид талцаад муудаж байна. Та баруун бүсээс сонгогдсон гишүүний хувьд ямар бодолтой байна?
-Энэ талаар бид маргалдаж байгаа нь үнэн. Монгол улсын засгийн газар Монгол улсыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох гол бодлого барьж байгаа. Эдийн засгийн хөгжлийн хувьд нэлээн хоцронгуй байгаа хоёр аймаг, баруун бүс нутагт эрчим хүчний асуудал хүнд байна. Баруун бүс эрчим хүчний хараат. Зарим нь оросоос авч байна, зарим нь бүр тог ч үгүй дизелиэр аргалж явж байна. Энийг хийхээр төрийн бодлого гарч Могойн голоор дамжуулан баруун бүсийг эрчим хүчинд холбох төлөвлөгөөт ажил явагдаж байгаа юм. Үүнийг харамсалтай нь улстөржүүлж байгаа нэр бүхий улстөрчид байна. Тэр Л.Гүндалайгаас авахуулаад Говь-Алтай, Завханыг тог гэрэлгүй тэмтчүүлж байхын төлөө ажиллаж байгаа хүмүүс байна. Ярьж байгаа үндэслэл нь их жижиг. Хятадууд очиж барина, баахан хятад хүүхэд үлдэнэ гэж байна. Бүр Гүндалай хэлсэн шүү. "Манай Хөвсгөлийн хүүхнүүд энгэр султай, тийм болохоор би эсэргүүцэж байна" гээд байгаа юм. "Сэрэлт" кинон дээр орос эхнэрийн мөөмний сүүгээр хийсэн аюултай гэдэг ш дээ. Тийм л юм болоод байна. Одоо 21 дүгээр зуун гарчихсан байхад орос эхнэрийн мөөмний сүү гэдэг шиг юм ярьж болохгүй ээ.
Манай аймгийн Тайшир суманд байгаа Улаан боомын усан цахилгаан станц барихад 500 орчим хятад хүн ирж ажилласан. Бас ийм яриа зөндөө гарч байсан. Тэд орж ирээд ажлаа хийгээд гарсан, өнөөдөр манай аймагт нэг ч хятад үлдээгүй, нэг ч хятад хүүхэд гараагүй. 21 дүгээр зуунд хөгжил дэвшлийг дагасан нийгмийн шаардлага байсаар байхад харанхуй байлгах шаардлага хэнд хэрэгтэйг би ойлгохгүй байгаа юм.
-Сүүлийн үед хууль хүчний байгууллагууд хоорондоо толхилцож байна. АТГ-т дайрч орсон гэж прокурорыг буруутгаж, ТЕГ мэдэгдэл гаргаж янз бүрийн үйл явдал өрнөж байна. Зарим
нь Хүчний байгууллагын хямрал гэж нэрлэж байна. Үүнийг та юу гэж үзэж байна?
-Дахиад л улстөрчдийн буруу. Эрээгээ алдаж байна. Өнөөдөр олон түмний төлөө биш, эдийн засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл чинээндээ тулж байна. Хүчний байгууллагад асар их мэдээлэл байна.

Ялангуяа АТГ-т сүүлийн 5 жилийн төрийн байгууллагын бүх мэдээлэл байгаа. Цагдаа, шүүх, прокурорт байхгүй мэдээлэл АТГ-т байгаа. Тэр мэдээллийн төлөөх тэмцэл явагдаж байна. Би үүний эсрэг байр.суурьтай байгаа. Энэ байгууллагыг оролдож болохгүй. Энэ байгууллагыг улам сайн бэхжүүлэх ёстой, дэмжих ёстой. Энэ бол бидний эцсийн найдлага ш дээ. Тэр явж байгаа шалтаг шалтгаан бол дэндүү жижигхэн. Төсвийн хөрөнгийг буруу ашигласан л гэдэг. Энэ байгууллагыг энэ байтугай хөрөнгөөр дэмжиж ажилтнуудыг нь ажиллаж, амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Тэгж байж энэ улс орон дэгэндээ орохгүй бол энэ байгуулагыг хямруулах, энд өөрийн хүнээ тавих, тэнд 1айгаа мэдээллийг устгах, баримтыг үгүй хийх тийм том орилго байна уу даа гэж би харж байгаа. Тэгээд л удирдлагыг нь солих ажил эрчимтэй явж байна.
- Ч.Сангарагчаа дарга бараг л бүх сонинд ярилцлага өглөө. Туршлагатай сайн хуульч УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж АТГ-ын даргыг солих бичгийг явуулсан процессыг, Ерөнхий прокурорыг шүүмжилж байсан? Тийм цухал байгууллагыг толгойлж байгаа хүмүүс энэ мэт жижиг алдаа гаргах ёсгүй  байх ?
-Монгол   улсын ерөнхийлөгчийн алдаа нь гэвэл энэ мэргэжлийн байгууллага дээр улстөрчийг тавьсан. Суурь алдаа нь энэ. Өөр хүн олдоогүй юм болов уу би гайхаж байгаа юм. АН-ын дарга байсан улаан" улстөрч хүнийг хэт улс төрийн зорилгоор тавьчихлаа. Монголд гадаад дотоодод боловсрол эзэмшсэн мэдлэг чадвартай залуучууд зөндөө байна. Үнэхээр л салбарыг нь шинэчлэх гэж байгаа юм бол салбарын бодлогыг өөрчлөх ёстой болохоос биш, Дорж, Батааг өөрчлөх нь тийм ч чухал биш. Хэтэрхий хүнээр оролдож ажлаа эхэлж, улс төрийн өнгө аястай захиалгат ажил явж байна гэж би бодож байна.
-Та авлига гэж их ярьдаг гишүүдийн нэг. Сая АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хоёр хэлтсийн даргаа шалгалаа, чагналаа, тагналаа гээд бөөн хэл аманд орж байна.Та юу гэж бодож байна?
-Зүйтэй, АТГ-ын бүх ажилтан давхар шалгагдаж байх ёстой. Хяналт, дотоод хяналт байх ёстой. Тэгж байж л тэр байгууллага эрүүл байна.
-Гол нь энэ асуудлаас болоод Сангарагчаа дарга буруудаад байгаа юм биш үү?
-Үгүй байхаа. Буруудах ёсгүй. Манаачийг хэн шалгахав, манаачийг хэн манах вэ гэдэг асуудал байна ш дээ. Манаач хийж байгаа хүнийг өөрсдийн дотоод хяналтаар манаж л байх ёстой.Тийм болохоор зүй ёсны асуудал, байх ёстой, бүгдийг нь давхар хянах ёстой. Гэхдээ нөгөө талаар ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой.
-Аливаа чухал асуудлыг хэлэлцэхгүй байж байгаад зуны халуун наадам болсон үед УИХ-аар оруулаад шийдчихдэг. Энэ удаа ч гэсэн Тавантолгойн гэрээг наадмын үеэр орууллаа гэсэн шүүмжлэл гарч байна?
-Тавантолгойг шийдэхэд цаг алдаж болохгүй. Маш яаралтай хийх хэрэгтэй. Ажил нь явагдаж байна. АН улс төрийн ашиг хонжоо олох үүднээс Тавантолгой болон сөргүүлэн хүүхдийн мөнгөнөөс авахуулаад бусад болзлыг тавьж байна. Улс төрөөс илүү үндэсний эрх ашгийн төлөө ажиллах ёстой, асуудлыг тавих ёстой. Үүнд би сэтгэл дундуур байна:
-Та Засгийн газраас орж ирсэн төслийг дэмжиж байгаа юу?
-Дэмжиж байгаа. Ганцхан л юмыг ойлгочих хэрэгтэй. Энэ ордыг С.Батболд гэдэг хүн эзэмшиж байхдаа хэн нэгэнд зарчих бололцоо байсан уу, байсан. Энэ хүн заралгүй хадгалаад өдий хүрээд, буцаагаад улс орондоо өгөөд, одоо олон түмэндээ хүртээе гэж байна. Гэтэл энийг эсэргүүцээд буруу юм яриад байгаа хүмүүсийг ойлгохгүй байгаа юм. Тэр хүи зарж үрэхээр байсан бол зарчих л байсан. Энэ олон жил лицензийн төлбөрийг төлөөд гадныханд алдалгүй барьсан, буцаагаад олон түмэнд өгөх гэж байна. Энэ бол хангалттай тайлбар, үндэслэл. Энд тийм хардлага сэрдлэг хэрэггүй. Энэ бол бүгдээрээ хийгээд ч барахгүй ажил, 200 жилээр яригдах үр өгөөжтэй бизнес. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уул уурхайн томоохон корпораци босч ирнэ. Үүний хувьцааг монголчуудад өгье гэж байна. Өөр яах ёстой юм.
-Хүүхдийн мөнгө өгөх эсэх асуудлаас болоод хоёр нам ширүүхэн тулах шиг боллоо. Хүүхдийн мөнгийг өгөхгүй хориод байгаа та нар иргэдэд муухай харагдаад байна шүү дээ?
-АН хүүхдийн мөнгө нэхэж байгаа нь улс төрийн л ажил. Бид  бүгд ярилцсан. Бад зөвхөн хүүхдэд биш, хүн болгонд өвөө эмээ, ээж аавд нь мөнгө өгье гэж байгаа. Монголынхоо 2,7 сая иргэнд бүгдэд нь өгье гэж байна. Өгөх өгөхдөө хэд дахин илүүг өгье гэж байна. Энэ дээрээ бүх юмаа базаад бодлогоо гаргая л даа. Хүнээ хөгжүүлье. Хэрэв ялгаж салгаад үзвэл энэ их том ялгаа шүү.
АН хоёр дахь удаагаа тохиролцооноос буцаж байгаа. Эхний ээлжинд сонгуульд бэлэн мөнгө амлахгүй гэж МАХН, АН-ын дарга С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр тохиролцож гарын үсэг зураад орсон. Cap болоогүй хулхидсан. Сая Хүний хөгжил санг батлуулаад Монгол улсын хавтгайрсан үр ашиггүй хөрөнгө оруулалтыг
Хүний хөгжлийн төвөөрөө дамжуулж хийе, хууль эрх зүйн  хүрээнд зохицуулъя гэсэн, хуулиа баталсан. Дахиад хулхидаж байна, тохирооноосоо буцаж байна. Хэрвээ АН ийм маягаар хандаад байвал бид хамтарсан засгийн газрын асуудлыг эргэж харах ёстой. МАХН дангаараа засгийн газраа байгуулаад, УИХ-аараа ирцээ бүрдүүлээд шийдвэрээ гаргаад явах бүрэн бололцоотой. Ийм асуудлыг бид тавьж болно.
-Ер нь сүүлийн үед танай намын гишүүдийн зүгээс ийм санал их гараад байгаа гэж сонссон. Та намынхаа генсектэйгээ ойрхон хүн. Энэ нь танай намын байр суурь уу, эсвэл таны бодол уу?
-Ийм ороо бусгаа, дэмий юм яриад байвал хэцүү ш дээ. Байн байн тохирооноосоо буцаад Гүндалай шиг загнаад байвал хэцүү биз дээ. Энэ миний байр суурь. Би лав АН-аас зайгаа баримаар байна, болимоор байна. Одоо бүр дэндэж байгаа биз дээ. Манайхан хэтэрхий хүлцэнгүй байна, хэтэрхий амыг нь харж, дагаж байна. Олон түмэн биднийг сонгосон, бидэнд итгэлээ өгсөн. Хариуцлагаа биднээс нэхнэ ш дээ, үр дүнг бидэнтэй л тооцно. Бид эрүүл зөв алхмыг бүгд дэмжиж л байгаа. Саяын төмөр замын бодлого байна, Сайншандын аж үйлдвэрийн бодлого бүгд урагшлаад явж байгаа. Гэхдээ АН ханилгаа муутай байна, Түгжил шиг байж болохгүй ээ. Хамт явчихаад араас хутга зоож байна.
-7 сарын 1 Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн. Энэ талаар та юу  гэж боддог вэ?
-Монголын шинэ түүхэнд гарсан айхтар том хар толбо  хар өдөр. Үүнд үе үеийн улстөрчид бүгдээрээ буруутай. Шийдэх ёстой зүйлээ шийдэж чадаагүй хойш нь тавьж бугшуулж явсны гай. Шууд сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ялчихаад, олонх болчихоод засаглах нөхцөл бүрдэж чадахгүй, засгийн газраа байгуулж чадахгүй ийм гажиг сонгуулийн тогтолцоотой холбоотой. Энийг улстөрчид шийдэх ёстой байсан. Үүнд Энхбаярыг оруулаад бүх улстөрчид буруутай. Энэ үйл явдлаас олон хүн ухаарал авсан. Улс төрийн намууд, улстөрчид нь ухаарал авсан байх. Олон түмэн, төр засаг, хүчний байгууллагууд ухаарал авсан байх. Бад 20 жилийн өмнө асар том хүчтэй шилжилтийг тайван замаар хийж чадсан ухаалаг ард түмэн өнөөдөр зөвхөн хэн нэгнийг эрх мэдэлтэй байлгахын төлөөх сонгуулийн үр дүнгээр хүнээ буудах, амь насыг хороох хэмжээнд хүрсэн нь хамгийн аймшигтай. Энд монголчуудын дотоод нөхцөл байдал гэхээсээ гадаад оролцоо байж гэж анзаардаг. Энэ бодол маань улам баталгаажиж байгаа. Өнөөдөр Монгол улс эрчим хүч, эрдэс баялгийн асар том нөөцийг эзэмшиж байгаа нь тодорхой болж байгаа. Энэ нөөцөнд хяналт тогтоох гэсэн тодорхой улстөр, эдийн засгийн бүлэглэл байна, дэлхийн үндэстэн дамнасан томоохон корпорациуд байна. Үүний хаялга, туршилт буюу Монголын төрийн дархлааг шалгасан туршилт явчихав уу гэж ойлгож байна. Үүнд бид  ухаан зарж, том зургаар харж хэн нэгэн Дорж, Бат гэж буруутныг давчуу хайх биш, дахин энэ нөхцөл бололцоог гаргахгүй байх үүд хаалгыг хаах чиглэлээр л ажиллах ёстой. Энэ үүднээс 7 сарын 1 хүний эрхтэй холбоотой бидний ажилласан ажлын хэсгүүд зөвлөмж үнэлэлт дүгнэлтээ гаргаад МУ-ын Ерөнхийлөгчид, Засгийн газар, УИХ-д асуудлаа тавиад байна.
-7 сарын 1-ний үйл явдалд С.Баяр даргыг их буруутгадаг. Өөрөө ч энэ асуудлаар ямар нэг тайлбар өгөхгүй хэвлэлийнхнээс зугтдаг.
-Энэ чинь нэг хүний буруу байхгүй, нэг хүнтэй холбоотой
Хэрэг бишээ. Долоон сарын 1-ний үйл явдал бүх ард түмний нүдний өмнө болсон. Хэн өдөөсөн, хэн турхирсан, хэн уриалсан, хэн чулуу зөөсөн бүгд байгаа. Энэ дэндүү ил ажил. Хүн болгон өөрийн дүгнэлтээ хийнэ биз. Миний ерөнхий дүгнэлт бол би өөрөө ороод энэ улстөрчид бүгд л буруутай. Бид ийм нөхцөл байдал бий болгочихлоо, ийм явдал боллоо, бид урьдчилан сэргийлж, алсыг харж чадсангүй. Энд хэн нэгэн хувь хүнийг буруутгах нь дэндүү томдоно.
-Одоо удахгүй наадам болох нь. Энэ наадамд Говь-Алтайн бөхчүүд түрүүлнэ гэж зорьж байгаа, таныг ч гэсэн их мөнгө зарж байгаа гэж яригдаад байгаа?
-Удахгүй дэнж хотойтол нааддаг монгол наадам эхлэх гэж байна. Наадмын гол зүйл нь хүчит бөхийн барилдаан. Манай Говь-Алтайн "Хантайшир" дэвжээний бөхчүүд бэлтгэл сургуулилт их сайтай байгаа. Сая Монгол улсын шилдэг дэвжээ шалгаруулах бараг 3 cap үргэлжилсэн барилдаануудад нэг ч ялагдалгүйгээр илт давуу ялж, "Хантайшир" бөхийн дэвжээ манлайлсан. Үүгээр манай олон сайхан залуучууд өөрийгөө нээж чадлаа. Бэлтгэл сургуулилт сайн байгаа нь харагдсан. Ямар ч байсан ирэх наадамд манай дэвжээ томоохон өрсөлдөгч болж оролцоно.
-МҮБХ-ны тэргүүн Нямдорж Говь-Алтайнх. Тиймээс нутгийнхаа бөхчүүдэд шилдэг дэвжээ шалгаруулах тухайгаа эртнээс хэлж, Говь-Алтайн бөхчүүд илүү бэлтгэлтэй шилдэг дэвжээ шалгаруулах уралдаанд оролцсон гэсэн хардлага гарч байсан?
-Наадах чинь дэмий шахуу яриа. Жилийн өмнө "Хантайшир" бөхийн дэвжээг хүлээж авсан. Тэгэхэд манай Алтайн бөхчүүд аймаг аймгийн том бөхчүүд дагадаг, тэдний цүнх савыг нь бариад суганд нь хавчуулагдаад бараадаж явдаг, нэгдсэн зохион байгуулалтгүй байсан. Дэвжээг  хүлээж аваад бие даасан галтай болгох зорилго тавьсан.
Галтай болсон, байнгын бэлтгэлд сургуулилт хийлгэж, багш дасгалжуулагчтай болсон. Дотроо тогтмол тэмцээн уралдаан явуулах болсон. Одоо тамирчдынхаа сэтгэл зүйд анхаарч материаллаг талын дэмжлэг туслалцааг маш сайн үзүүлж байгаа. Нэгдсэн зохион байгуулалт өндөр сахилга баттай болж олон түмэн, нутаг орныхны сэтгэл зүтгэл нийлсэн болохоор амжилтанд хүрсэн. Одоо Говь-Алтай бөхтэй гэж ярьдаг боллоо. Тэрийг хүлээн зөвшөөрөх нь монгол бөхийн өлгий нутаг гэгддэг зарим аймгуудад хүнд байгаа байх. Яг олон түмнийхээ нүдэн дээр барилдсан. Илт давуугаар бүх аймаг, бүх дэвжээг ялж чадсан. Манай Говь-Алтай аймгийн бүх сумдад "Хантайшир" бөхийн дэвжээ байдаг. Тогтмол бэлтгэл сургуулилт хийдэг болсон. Тэндээс шалгаруулж аймгийн хэмжээний уралдаан наадам хийдэг. Тэндээс шалгараад энд ирж төвдөө бэлтгэл хийж байгаа. Зөвхөн хотод "Хантайшир" бөхийн дэвжээний 120 бөх байнгын бэлтгэл хИйж байна. Наадмын болон цагаан сарын барилдааны эрчимжүүлсэн бэлтгэлтэй байдаг. Ингээд ажиллахаар үр дүн гарч байна. Энэ наадамд Говь-Алтайн бөх түрүүлнэ.
-Морь бөх рүү улстөрч, бизнесмэнүүд ороод ирэхээр элдэв эм тариа, витаминаар нүдээд уг чанарыг нь алдуулчихдаг гэж шүүмжилдэг.   Таныг бөхчүүддээ торх торхоор нь уураг өгсөн гэсэн яриа гарах юм?
-Уураг тэжээл өгнө. Ингэж их хүч энерги шатааж зарж байгаа юм чинь тэрийг нь нөхөх ёстой биз дээ. Энэ их энергийг хоол хүнсээр авах бололцоо хүнд байна.
-Танаас их зардал гарч байгаа юу?
-Гарч байгаа. Ганц надаас биш бөхөд хайртай манай нутгийн олон хүнээс гарч байгаа. Үүнийг зөв зохион байгуулж чадаж байгаагийн үр дүн. Түүнээс биш Энхбаяр ганцаараа хийгээд байгаа юм биш.
-Ярилцсанд баярлалаа
Ч.Өлзий
2010 оны 7-р сарын 07, Лхагва гариг
Сэрүүлэг сонин

No comments:

Post a Comment