Thursday 26 April 2012

Ц.Дашдорж: Төмөр замын төсөлд гадна дотны хөрөнгө оруулагчид оролцох боломжтой



ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж
УИХ, Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой дэд бүтцийн салбар хийгээд сүүлийн үед олны сонирхлыг ихээхэн татах болсон шинэ төмөр замын талаар ярилцлаа.
-Шинэ төмөр замын бүтээн байгуулалт ирэх сараас эхлэх мэдээлэл олны анхааралд орж ирлээ. Маргаан, шүүмжлэл дагуулж, гадна, дотнынхны ашиг сонирхол орчихоод ахиж өгөөгүй энэ ажлыг эхлүүлэх үүрэг цаг хугацааны хувьд Танд ирлээ. Ажлаа юунаас эхлэх гэж байна?
-Төмөр замын бүтээн байгуулалт өөрөө геополитикийн том асуудал. Хоёр хөрш болон бусад орнуудын хувьд ч анхаарал татсан зүйл. Бид Монголын ард түмэн, монгол төрийн эрх ашигт нийцсэн шийдлийг л гаргах ёстой. Хамгийн чухал зүйл нь энэ. Гаднын хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдсэн өнөөгийн нөхцөлд төмөр замын хэрэгцээ зайлшгүй шаардагдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ автомашинаар зөөснөөр бид байгаль орчин, эдийн засагтаа их хэмжээний алдагдал хүлээж буй. Ийм нөхцөлд шинэ төмөр замыг гарцаагүй татах ёстой. ЗТБХБЯ-наас төмөр зам татах бодлогын асуудлыг боловсруулаад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол гаргууллаа. Үүний дагуу төмөр замын суурь бүтэц эзэмших байгууллагыг бие дааж байгуулахаар болсон. Олон улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх зарчмыг мөрддөг. УИХ-аас 2007 онд баталсан Төмөр замын тээврийн тухай хуульд хэрвээ суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч байвал санхүүгийн бүх тооцоо тусдаа байна гэж заасан байгаа. Тиймээс Засгийн газрын энэ шийдвэр энэ хуулийг хэрэгжүүлэх, нөгөө талд олон улсын зарчимд нийцсэн шийдвэр болсон.
-Шинэ төмөр замын ажлыг эхлүүлэхдээ “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани байгуулж өмнө нь байгуулсан “Монголын төмөр зам” ХКийн эрхийг хязгаарлан, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн хардлага бас байгаа?
-Юуны өмнө “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компанийг Засгийн газар олон улсын жишгийг дагаж байгуулсан гэдгийг онцлон хэлье. Монгол Улсад 1949 оноос хойш төмөр замыг төлөөлж, Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг гэсэн нэг л байгууллага үйл ажиллагаа явуулж байна. УБТЗ яагаад жинхэнэ утгаар төмөр замын байгууллагыг төлөөлж байна гэхээр нэгдүгээрт, суурь бүтэц эзэмшигч. Өөрөөр хэлбэл замын эзэн гэсэн үг. Нөгөө талаар төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. Зарим хэвлэлд “Монголын төмөр зам” ХК-ийн эрхийг шинэ компанид шилжүүлчихлээ, булаагаад авчихлаа гэсэн ташаа мэдээлэл гарсан байна билээ.
Суурь бүтэц эзэмших шинэ компани байгуулснаар “Монголын төмөр зам” ХК-ийн үйл ажиллагаа зогсчихож байгаа юм биш шүү.
Энэ хоёр компанийн нэг нь суурь бүтцийг эзэмшиж, нөгөө нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна. “Монголын төмөр зам” компани бол 2008 онд байгуулагдсан. Эдийн засгийн хямрал эхэлчихсэн энэ үед тус компани ихээхэн хүнд нөхцөлд байсан учраас улсаас хоёр зүтгүүр өгч энэ байгууллагаар дамжуулан УБТЗ нийгэмлэгт түрээслүүлж эдийн засгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг хэрэгжүүлсэн. Эхний төсөл нь хэрэгжээд одоо дуусах шатандаа явж байгаа. Төслийн хүрээнд найман зүтгүүр, 245 ачааны галт тэрэг шилжүүлэн ачих байгууламжид зориулж чингэлэг шилжүүлэх техник аваад ашиглаж байна. Хятадаас төмөр замын барилгын машин мехианизм авахаар тохиролцоод эхний тоног төхөөрөмж, машин механизм орж ирж байна. Энэ бүх хөрөнгө өнөөдөр төмөр замын тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх төрийн өмч давамгайлсан “Монголын төмөр зам” ХК-ийн мэдэлд очиж байгаа. Харин шинээр байгуулж байгаа суурь бүтэц эзэмшигч компани бол ирээдүйд баригдах төмөр замын суурь бүтцийг өөрийн эзэмшилдээ байлгах, үүнтэй холбоотой үйл ажиллагааг цаашид зохицуулах юм. Төрийн өмч давамгайлсан хоёр компанийн хоорондох зарчмын ялгаа энэ.
-Шинээр төмөр зам тавих гүйцэтгэгчийг ямар шалгуураар сонгох вэ. Тэдэнд тавих шаардлага ямар байх бол гэсэн асуулт нэг хэсэгтээ анхаарлын төвөөс гарахгүй нь тодорхой. Энэ талаар Та тодруулна уу?

-Төмөр замын салбарт хэрэгжих төсөлд хууль журмын дагуу сонирхогч гадаад, дотоодын компаниуд хамтран оролцох боломжтой. УИХаас 2007 онд баталсан Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор тус салбарт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үйл ажиллагаа эрхлэх боломжийг нээж өгсөн. Гэхдээ улс нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий төмөр замын суурь бүтцийн эзэмшлийн 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх юм. Бүтээн байгуулалтад оролцож ажиллах хүсэлтээ гадаад, дотоодын олон байгууллага ирүүлсэн. Бид одоогоор саналуудтай танилцаж байна. Судалж байгаад ажиллах хүч, техникийн хүчин чадал, төмөр зам барьж байсан туршлагыг нь харгалзан өөрсдийн нөхцөлөө тавина. Засгийн газрын тавьж байгаа төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төр мэдэлдээ авна гэсэн нөхцөлийг хүлээн авсан аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард сууна.
-Говийн бүс нутагт 1100 км төмөр зам барих ажил хэзээ, аль чиглэлээс эхэлж, хэзээ дуусах бол. Хоёр жилийн хугацаанд төлөвлөгөөт замаа барьж дуусах уу?
-Эхний ээлжинд Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн замыг эхлүүлнэ. Гэхдээ нэг чиглэлийн мухар зам байдлаар хийхгүй. Ийм мухар зам монголын нүүрсийг зөвхөн Хятад уруу зөөх зориулалттай болох учраас Ухаа худагаа Таван толгойтой холбон, Тавантолгойгоо Сайншандтай нийлүүлсэн нэг төсөл, нэг цогц хөтөлбөрөөр төмөр замыг зэрэг эхлүүлэх гэж байна. Хоёр жилийн хугацаанд зэрэг барьж дуусгах зорилт тавиад холбогдох шийдвэрүүдийг Засгийн газраар сая батлуулсан. Энэ замыг улсын хөрөнгөөр барьж байгуулах боломж өнөөдөр алга. Тиймээс барих, ашиглах, шилжүүлэх концессын хэлбэрийг ашиглаж бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. “Энержи ресурс” компани Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх замын санхүүжилт, гүйцэтгэгчээ шийдчихсэн. Нэгэнт дөрвөн жилийн өмнө Засгийн газраас шийдвэр нь гарчихсан, зураг төсөл, хөрөнгө нь бэлэн болсон энэ ажлыг “Энержи ресурс” компаниар гүйцэтгүүлнэ. Харин Ухаа худаг

-Таван толгойг холбосон өртөө, Таван толгойгоос Сайншандын чиглэлийн төмөр замыг хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээ хийж, концесс олгох зарчмаар эхлүүлэхээр зэхэж байна.
Нийтлэлч
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж
Монголын үнэн
2012 оны 4-р сарын 06, Баасан гариг

No comments:

Post a Comment