Monday, 16 April 2012

Г.Баярсайхан: Монголын нүүрсний бодлогыг Бээжин тогтоох болчихлоо

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг болон эдийн засагч Д.Жаргалсайхан нар Канадын "Айвенхоу майнз" компанийн охин компани "Саус гоби сэндс" нь Өмнөговь аймгийн найман суманд 303 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн орших олон зуун сая тоннын нөөцтэй нүүрсний лицензүүдийг БНХАУ-ын "Чалко" компанид зарсан талаар өчигдөр мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-"Айвенхоу майнз" компанийн охин компани "Саус гоби сэндс" Монгол дахь өөрийн эзэмшлийн нүүрсний ордуудаа Хятадын төрийн мэдлийн компанид зарсан гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Аль ч улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд байдаг. "Саус гоби сэндс" компани хувьцаагаа хятадын төрийн мэдлийн компанид зарсныг асуудал болгож байгаа нь хөрөнгө оруулалтыг хязгаарлах гэсэн зүйл ерөөсөө биш. Ялангуяа монголчууд бид олон зуун жилийн турш
өөр улсаас хараат байхын зовлонг хангалттай амслаа. Зах зээлд шилжсэнээс хой ш ч гэсэн нефтиэр Оросоос, хүнсээр урд хөршөөсөө хараат байсаар л байна. Үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг ганц манай улс ярьж байгаа юм биш. АНУ хүртэл үндэсний аюулгүй байдлаа хангахын тулд гадаадын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг өөрийнхөө эдийн засагт оруулах уу, үгүй юу гэдгээ Конгрессоороо хэлэлцэн байж зөвшөөрдөг. Жишээлбэл, эдийн засгийн өндөр ач холбогдолтой боомтыг нь худалдаж авъя гэсэн гадаадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компанид татгалзсан хариу өгч байна.

Мөн гадаадын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль хүртэл гаргасан.

Монгол бол хоёр том хөршийнхөө дунд байдаг жижиг улс. Ялангуяа уул уурхайн салбарт өөрийн гэсэн бодлогыг заавал явуулах ёстой гэж бодож байна. Хятадын төрийн мэдлийн олон компани Монголын ордуудыг худалдаж авч байна. Тэдний нэг жишээ нь л "Айвенхоу майнз" компанийн өөрийн мэдлийн "Саус гоби сэйндс" компанийнхаа 57.6 хувийг Хятадын төрийн өмчийн "Чалько'' компанид 540 сая ам.доллараар зарсан байна.

-"Саус гоби сэйндс" компанийн эзэмшдэг байсан лицензэд хэдий хэмжээний газар нутаг хамаардаг вэ?

-Хөрөнгө оруулж болно. Гэхдээ эцэст нь гарах сөрөг үр дагаврыг монголчууд бид тооцох хэрэгтэй. Монголын нүүрсийг худалдан авагч нэг л улс байдаг. Тэр нь манай урд хөрш. Гэтэл тус улсын төрийн мэдлийн компани нь Монголын бүхэл бүтэн найман сумыг хамарсан 29 лицензтэй компанийн нийт 71 хувийг эзэмшихээр болж байна.

-"Чалько" компани "Саус гоби сэндс"-ээс өмнө нь хувь эзэмшиж байсан юм уу?

-Тийм. 14 хувийг нь эзэмшдэг байсан юм байна. Одоо бол Хятадад нүүрс нийлүүлэгч компани нь тус улсын төрийн мэдлийн компани болж байна. Харин худалдан авагч нь мөн өөрсдөө. Ийм нөхцөлд монополь үнэ тогтооно. Энэ л хамгийн ноцтой асуудал. Хятадууд тэнд монополь үнэ тогтоочихвол бусад хувийн компаниуд өрсөлдөхөд хэцүү болох юм. Ямар нэгэн хувийн компаниуд хөрөнгөө оруулаад асуудал үүслээ гэхэд шүүхээр л маргаанаа шийдвэрлүүлдэг. Харин Засгийн газрын оролцоотой зүйл гэдэг аюултай. Хятад улс цэргийн номлолдоо "Улсын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдал, эдийн засагт нь нөлөөлөхүйц хэмжээний ямар нэгэн үйл ажиллагаа өөр улсад хөндөгдөх юм бол түүнийгээ цэргийн хүчээр шийднэ" гээд заачихсан байдаг.

-Одоо энэ байдлаас гарах гарц байна уу?

-Монголын парламент онцгой анхаарах хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой түвшинд хязгаарлах талаар 2010 онд ярьж л байсан. Энэ асуудлыг одоо хэлэлцэх ёстой. Манай УИХ, Засгийн газраар араар ийм зүйл хийгдэж байгаа нь буруу. "Саус гоби сэндс" компанийн хувьд Виржини арал дээр бүртгэлтэй, гэрээ хэлэлцээрээ Монголоос өөр газар хийчихдэг. Наад зах нь бид татвар ч авч чадахгүй байна. Жижигхэн ар&1 дээр бүртгэлтэй гадаадын компани Монголын ард түмний хөрөнгийг Хятадын төрийн мэдэлд зарчихлаа шүү дээ. Одоо бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өмнөговь аймгийн бүхэл бүтэн найман сумыг хамарсан 29 лиценз бүхий газар Хятадын Засгийн газрын эрх ашиг шууд хөндөгдөхөөр болчихлоо гэдэгт санаа зовж байна. Түүнээс би» хувийн компани байсан бол хамаа алга.

-"Саус* гоби сэндс" хэдий Америкийн компани байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа хувьд энэ талаараа эзэн улсад нь мэдэгдэх ёстой биз дээ?

-Тийм эрх зүйн орчинг нь бид өөрсдөө бий болгох ёстой юм. Тиймээс л үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжийн хэмжээ хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлэх хэрэгтэй байна. Монголын газар нутаг дээр олборлож байгаа нүүрсний хэмжээ, үнийг манайд биш Бээжинд шийдэх болчихоод байна. "Чалько"тийн эзэмших болсон 71 хувь гэдэг маш том орд. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсын стратегийн орд газруудад орох болсон нэг л жишээ энэ. Үүн дээр бид яаралтай арга хэмжээ авахгүй бол процесс цаашаа өрнөөд явчих гээд байна л даа. Бидэнд ердөө л 30 хоног үлдсэн. Үр хүүхэд, хойч ирээдүйгээ бодоод асуудалд нухацтай хандаач гэдгийг энэ УИХ-аасаа хүсч байгаа юм. Ядаж хойч үе маань биднийг сайнаар дурсаж байх ёстой шүү дээ.

-Өнөөдрийн хувьд УИХ хоёр сонгуулиа хийх хоног хугацаагаа тогтоох гээд бусад асуудлыг бараг хаячихаад байна л даа. Магадгүй энэ сиймхийг гаДаадын компаниуд ашигласан байх гэсэн хар төрж байна?

-Бодит байдал дээр эрх баригчид ийм гэрээ хийгдэж байгааг мэдээгүй биш мэдэж байгаа. Харамсалтай нь энэ талаар юу ч ярихгүй байгаа нь өөрөө асуудал юм. Улс төрийн сонгуульдаа монголчуудын анхаарал төвлөрчихсөн байх үед далайн цаана нөхдүүд ийм зүйл хийгээд өнгөрлөө.

-Гэхдээ Монголын Засгийн газраас зөвшөөрөл авсан байлгүй дээ?

-Асуугаагүй. Харин тэд Монголын Засгийн газарт дуулгасан гэж хэлсэн байна билээ. Энэ бол хэтэрхий том доромжлол гэж ойлгож байна.

-Стратегийн орд газарт гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг та бүхэн яг хэзээ өргөн барьсан юм бэ?

-2010 онд. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө.

-Энэ чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын дараалалд энэ тухай ороогүй байсан?

-Хэлэлцэх ёстой. Бусад асуудлын хүрээнд гэж байгаад яаралтай хэлэлцэж эхэлмээр байна. Ц. Сэдванчиг гишүүн бид хоёр эдийн засагч Д.Жаргалсайхантай хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ бол УИХ, Засгийн газартаа хандаж байна гэсэн үг. Ийм ноцтой асуудлыг хөндөн тавьж байхад дуугүй өнгөрөх юм бол УИХ, Засгийн газар маш том гэмт хэрэг хийж байна гэж л ойлгохоос аргагүй. Гадаадын том орны Засгийн газрынх нь ашиг сонирхол орж ирж байгаа энэ асуудлыг Монголын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалынхан мэдэж байж дуугүй өнгөрөхгүй байлгүй дээ. Би л лав тангараг өргөсөн УИХ-ын гишүүнийнхээ хувьд дуугүй байж чадахгүй. Тиймээс эрх үүргийнхээ дагуу Ц.Сэдванчиг гишүүн бид хоёр байр сууриа илэрхийллээ.

-Хэрэв УИХ, Засгийн газар асуудлыг анхааралдаа авахгүй бол та бүхний дараагийн арга хэмжээ юу байх вэ?

-Хэлэлцэхгүй удаашрах юм бол гарын үсэг цуглуулъя гэсэн бодолтой байна.

-Та гурав "Гал ээж" нэртэй хөдөлгөөн өрнүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тэгсэн. Газрын хэвлийд байгаа бүхэн ард түмний баялаг. Монголчууд бид тэнгэр эцэг, газар ээж гэж ярьдаг. Эрх баригчдад нөлөө үзүүлж, газраа хамгаалахын тулд бид гарын үсэг цуглуулна. Манай Ардчилсан намынхан ч гэсэн байр сууриа илэрхийлнэ гэдэгт найдаж байна.

-УИХ, орон нутгийн сонгуулийг хамт хийхүү гэдэг асуудал Монголын улс төрийн гол сэдэв болоод байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би нэг зүйлийг л хэлье. Хүн цаг агаартаа тааруулаад хувцсаа өмсөөд гардаг. Үүнтэй ижилхэн Ардын намынхан нийгмийн өөртөө өгч байгаа үнэлгээнд тааруулаад байр сууриа солиод байна. 2008 онд УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөөд хоёр сонгуулийг хамт хийхээр хууль баталсан. Гэтэл өнөөдөр тэр зөвшилцлөөсөө МАН буцаж байна. Яагаад гэвэл хоёр сонгуулийг хамт хийхээр өөрсдөө ялагдах үнэр гараад байгаа болохоор тусад нь явуулахаар зүтгэж байна тэд.

-Харин танай нам хамт явуулах гэж зүтгээд байгаагийн учир юу юм бэ?

-Наад зах нь УИХ-ын сонгуулийг ажиглахаар олон улсын ажиглагчид ирдэг. Гэтэл орон нутгийн сонгуулийг бол тоохгүй. Ажиглагч байхгүй, дээрээс нь ирц хүрдэггүй учраас орон нутгийн сонгууль дандаа будилаантай болдог. Тиймээс л УИХ-ын сонгуультай хамт хийчихье гэж байгаа юм. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс УИХ, орон нутгийнхаа сонгуулийг хамт хийгээд чадаж байна. Гэтэл ердөө 2.7 сая хүнтэй бид яагаад болохгүй гэж.

Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment