Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: АН намын эрх ашгаа улс орныхоос дээгүүр тавьж байна


УИХ гацаанд орлоо. Сонгуулийн тогтолцоон дээр хоёр намын санал зөрөлдсөн учраас Байнгын хороод хуралдахгүй, бусад асуудлаа ч ярихгүй суугаа. Эрхэм гишүүдэд хаврын чуулганаар хэлэлцэж батлах учиртай хуулиудаас илүү санааг нь зовоосон асуудал яг үнэндээ ирэх сонгуулийг яаж явуулах вэ гэдэг болж хувирчээ. Уг нь энэ асуудлыг шийдэх гарцыг ард түмнээсээ асууна хэмээн Ардын нам гаргасан. Гэтэл Ардчилсан нам үүнийг нь эсэргүүцсэнээс эл гацаа үүссэн юм. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Сонгуулийн хуулиас улбаалан бүх ард түмний санал асуулга явуулах эсэх нь хоёр нам зөрөлдөж, парламентын ажил зогсоход хүрэхээр том асуудал мөн үү?
-Сонгуулийн хууль манай өнөөдрийн нийгмийн гол зангилаа. Иргэд өөрийнх нь өмнөөс улс орноо удирдах, төлөөлөх хүнээ, намаа сонгох хамгийн гол үндсэн эрх Сонгуулийн хуулиар шийдэгдэж байгаа. Бид ардчилсан нийгэмд шилжээд 20 жил болж байна. Монгол Улсын иргэн бүр, өрх бүр үндсэндээ энэ 20 жилийг дүгнэж байна хэмээн би ойлгодог. Энэ хугацаанд алдаа ч, оноо ч их байна. Цаашид яах вэ гэдгийг нийгмийн бүхий л салбарт хүн бүр дүгнэж бодож байгаа. Нийгмийг бухимдуулж буй хэдэн асуудал нь нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт. Монгол орны хувьд уул уурхай, эрдэс баялаг эрчим хүчний томоохон нөөцийг эзэмшиж байгаа нь тодорхой болж буй энэ үед үүнийг дагасан нийгмийн баялгийн хуваарилалттай холбоотой бухимдал газар авч байна. Баян, ядуугийн ялгаа их бий болж байна. Үүнтэй холбоотой татварын тогтолцоо зөв байна уу гэдэгт олон хүн эргэлзэж эхэлсэн. Цаашдаа ингэж явах уу? Ялангуяа цөөхөн монголчууд энэ их байгалийн баялагтайгаа мэдэрсэн, харьцангуй өндөр боловсролтой, мэдээлэлтэй учир ийм байдлаар цаашдаа удаан явахгүй. Баян, ядуугийн ялгаа хэт ихсэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд туйлын ноцтой, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх гол нөхцөл болно. Ялангуяа нөөцийн энэ их боломж нь Монголыг дэлхийн их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнд оруулж байна. 2012 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөхтэй холбоотойгоор нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх хүсэл эрмэлзлэл бүхий улс төрийн нам хүчин, гадна дотны сонирхол байхыг үгүйсгэхгүй. Бараг байна гэж хэлэхэд болно.
Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх хамгийн том нөхцөл нь бүх нийтийн санал асуулга. Ард түмнээсээ асууснаар шийдүүлснээр намыг сонгох уу, хүнийг сонгох уу гэдэг зарчмыг шийдүүлэх юм. Ингэснээр хэн нэгэн улстөрч, нам сонгуулийн дараа энэ сонголтыг үгүйсгэх, тоглох, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэхээс хамгаалж чадна. Тиймээс бүх нийтийн санал асуулгаар Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар асуух нь зөв гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр намын эрх ашиг жижигхэн шүү дээ. Гэтэл намуудын эрх ашигт хэт хөтлөгдөж улс орныхоо эрх ашгийг хойш хаяад байгаа хандлага байна. Хэт улайрч байгаа нь анзаарагдаж байна. Олон зуун жилийн парламентын засаглалтай Англи орон сонгуулийн системээ ард түмнээрээ шийдүүллээ. Ингэснээр нийгмийн тогтвортой байдлыг хангаж чадаж байна. Тиймээс түүхэн эгзэгтэй үе буюу өнгөрсөн 20 жилээ дүгнэж, өнгөрсний алдаа, оноон дээрээ тулгуурлаад ирээдүйгээ төсөөлөх гэж оролдож байгаа энэ цаг үед эцсийн зангилааг хаана зангидаж хэнд, ямар намд нийгмийн баялгийн тэгш хуваарилалтыг зохицуулах засгийн эрхийг олгох вэ гэдгийг ард түмнээрээ шийдүүлэх нь монголчуудын эрх ашигт нийцнэ.
-Ерөнхийлөгч ард түмний өмнөөс асуудлыг шийдэх үүрэгтэй 76 гишүүн өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр сууринаас хандсан гэсэн.
-Ард түмнээс асууж шийдүүлэх ёстой гэдэг Ерөнхийлөгч ийм зүйл яриагүй байлгүй дээ.
-Ардчилсан намынхан яагаад эсрэг байр суурьтай байгаа юм бол?
-АН намын эрх ашгаа улс орны эрх ашгаас дээгүүр тавьж байна. АН, ардчилсан Ерөнхийлөгч ард түмнээсээ асуухаас айгаад байгааг ойлгохгүй байна. Түүхэн цаг үед сонгуулийн хуулийг ард түмнээрээ шийдүүлж чадвал ирээдүйд болох янз янзын нэртэй өнгөт хувьсгалуудаас бид урьдчилан сэргийлж чадна. Үүнийг давж гарч чадвал монголчууд үсрэнгүй хөгжил дэвшилд хүрэх улс төрийн суурь нөхцөл бүрдэнэ. Тиймээс намаас улс орны эрх ашгийг илүүд үзэж ард түмнээсээ асуух нь эх оронч хүн бүрийн бодох ёстой зүйл.
-Ард түмний санал асуулга явуулах санал УИХ-ын гишүүдээс гарсан юм уу, танай намын удирдлагаас гарсан шийдвэр үү?
-Намын бүлэг дээр гишүүд санаачлага гаргаж олонхиороо дэмжээд намын Удирдах зөвлөлийн хуралд оруулсан. Удирдах зөвлөл асуудлыг авч хэлэлцээд зүйтэй хэмээн үзсэн. Улс төрийн хоёр том намын санал зарчмын том зөрүүтэй буй энэ үед дахин зөвшилцөл нэрийн дор ард түмний хүсэл сонирхлоос өөр зөвшилцөлд хүрэх нь зохимжгүй юм. Тиймээс ард түмнээсээ асууя хэмээн шийдсэн.
-Есдүгээр сард ард түмнээсээ асуугаад, сонгуулийн тогтолцоогоо тодорхойллоо гэхэд 2012 оны сонгууль шинэ хуулиар явах уу?
-Шинэ хуулиар явна.
-Амжих уу?
-Зургаан сар хангалттай хугацаа.
-Эсэргүүцэл их байна шүү дээ. Парламентын гаднах намууд хүртэл санал асуулгыг эсэргүүцэж байна?
-Ард түмнээсээ асуухаас айж буй улстөрчид, улс төрийн намуудын дуу хоолой идэвхжээд байгаагаас үнэндээ айж байна. Анхан шатны нэгж болох сум, баг, дүүргээс сонгогдож үзээгүй улс төрийн намууд ард түмний өмнөөс том дуугараад байгааг ойлгохгүй байна. Сонгуулийн хууль бол нийгмийн тогтвортой үеийн хууль биш шийдвэрлэх үеийнх учир ард түмэн шийдэх хэрэгтэй.
-Гэхдээ энэ бол УИХ-ын гишүүдийнх биш, Ардын намын Удирдах зөвлөлийн шийдвэр. Удирдах зөвлөл нь гишүүдийн эрхэнд халдаж, гаргасан шийдвэрээ хүлээн зөвшөөрүүлж байна гэх маягийн яриа хөөрөө сүүлийн үед хэвлэлээр олон гарлаа. Төрийн эрх барьж буй намын бодлого ер нь яаж гарч ирэх ёстой юм бэ?
-Ардын намын удирдах зөвлөл улс оронд хамаатай нийгмийн томоохон асуудлуудыг шийдвэрлэх улс төрийн шийдвэрүүдийг гаргаж байгаа. Үүнийг гаргах ёстой хэмээн би ойлгодог. Ардын нам эрх барьж буй улс төрийн хүчний хувьд намын Удирдах зөвлөл улс орныхоо эрх ашгийг бодсон томоохон шийдвэрийг гаргахын өмнө сайтар ярилцаж дүгнэж УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгч хамтран ажилладаг. Энэ бол өнөөдрийн манай ардчилсан тогтолцооны мөн чанар, үнэт зүйл юм. Ингэж байж намын хариуцлага, намаар дамжуулаад олон түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн хариуцлага болон хүчийг нэгтгэн зангидаж нэгэн үйл хэрэгт зориулах нь Удирдах зөвлөлийн үүрэг. Тиймээс АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Ардын намын Удирдах зөвлөл аль аль нь улс төрийн шийдвэр гаргахынхаа өмнө заавал улс төрийн дээд байгууллагаараа хэлэлцэж ярьдаг. Ингэх нь парламентын эрхэд халдаад буй асуудал гэж миний хувьд үздэггүй.
-АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах тухай нэлээд ярьж байна. Ер нь хамтрах санал дэмий зүйл байжээ гэх хүн байдаг. Таны хувьд хамтарснаар хоёр намын хэн нь хожсон бэ?
-Энэ хоёр нам хамтарснаараа улс төрийн намуудад асар их хохиролтой. Эрх барьж буй Ардын намд хохирол илүү тусч байна. Гэвч улс орны эрх ашгийг эрхэмлэн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд бид хамтрах санал дээрээ байгаа. Дахин хэлэхэд намд хохиролтой ч улс оронд хэрэгтэй шийдвэр юм. Хоёр нам хамтарснаараа нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх байх хэмээн бид найдаж байгаа. Дахин хэлэхэд бид АНнд найдаж байгаа. Энэ цаг үед намын эрх ашгийг хойш тавиад хохирлоо өөртөө үүрээд түүх болох үлдсэн хугацаанд үр бүтээлтэй ажиллавал Монгол орны хөгжилд хэрэгтэй.
-Гэхдээ хугацаа бага үлдлээ шүү дээ?
-Нэг жил гэдэг хамтраад ажиллаж чадвал их хугацаа. Төрийн албаны маш том реформ хийх шаардлагатай. Эдийн засгийн загвараа эргэж харах, татварын суурь тогтолцоогоо өөрчлөх гэсэн хоёр том зүйлийг хийх хэрэгтэй. Гэхдээ Ардчилсан нам хамтрахаа больё, явъя гэвэл бид хорихгүй. Манайд боловсон хүчний хангалттай нөөц боломж бий.
-Танай намын залуучуудын дуу хоолой хөгшчүүлдээ дарагддаг гэсэн яриа байдаг. Залуусын төлөөллийн хувьд та ийм шүүмжлэлд ямар хариу өгдөг вэ?

-Ардын нам шиг залуучуудаа бодлогоор бэлтгэж, байршуулж, дэмждэг ирээдүйн улстөрчдийг зөв боловсруулж буй нам байхгүй. УИХ-д буй Ардын намын залуучууд бүгд үүрэг хүлээж ажилладаг. Засгийн газрын бүрэлдэхүүн, Удирдах зөвлөл, Байнгын хороодын удирдлагад залуусаа ажиллуулж байна. Залуучуудын хувьд зовлон гэхээр нэг зүйл нь бид эрх барьж байгаа болохоор сөрөг байр суурьтай намын гишүүд шиг дуу хоолойгоо хэт чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг.
-Энэ нь намын сахилга бат уу?
-Улс орны бодлого, намын бодлого. Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх үе шатанд явж буй энэ цаг үед хэдийгээр бодлоготой зөрүүтэй, зарчмын өөр байр суурьтай байлаа ч олонхын шийдвэрийг дагаж ажилладаг. Энэ бол манай намын давуу тал. Нэгдсэн зохион байгуулалтад орж чаддаг, олонхын гаргасан шийдвэрийг дагаж чаддаг ингэснээр улс төрийн нам, улс төрийн хүч шиг байж чаддаг нь манай намын давуу тал.
-Сонгуулийг мажоритараар явуулах нь жалга довны үзлээр асуудалд хандах боломжийг нээдэг хэмээн буруутгаж байгааг та юу гэж тайлбарлах вэ?
-Сонгуулийн өөрчлөх гэж буй хуульдаа нийцүүлээд улстөрчид популист алхам хийгээд эхэллээ. Жалга довны үзэл гэж олон хүн яриад байдаг. Угтаа эндээс л Монгол Улс бүрдэж байгаа юм шүү дээ. Цөөхөн хүн амтай өргөн уудам нутаг дэвсгэртэй улс орны хувьд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах нь улс орны том асуудал. Улаанбаатар хотод төвлөрсөн ийм байдлаар хөгжиж болохгүй. Аль болох нутаг орноо эзэмшиж ирээдүйд хөгжлийн давуу тал болох мал аж ахуйгаа дагаж амьдрах хэрэгтэй. Ард түмнээсээ, малчдаасаа холдоё гэсэн үзэл бодол энэ сонгуулийн хуулийн хүрээнд яваад байх шиг. Үүнийг би харь үнэртэй гэж ойлгож байна. Улс орон оршин тогтнох байгаль дэлхийтэйгээ харилцах, ёс заншил өв уламжлал олон зүйл тэр жалга довонд байгаа өвгөдийн бор авдарт бий. Монголчууд “бор авдар”-аа л сайн ухвал хөгжинө дөө. Би хэдий хотод төрж өссөн хотын хүн ч гэлээ Монголын хамгийн зах хязгаарын аймгаас УИХ-д сонгогдон, тэдний элч болон ажиллаж байна.
Тэр нутгийн бор өвгөдтэй уулзах бүртээ тэдний ухааныг үнэхээр биширч байдаг. Монголын биет болон биет бус олон өв уламжлал, ёс заншил монгол ахуйн агууг мэдэрдэг. Тэр дов толгодоос, нутаг орноос салахын төлөө бодлого явуулж байгаа АН-ыг ойлгохгүй байна. Ард түмнийг басамжлаад байгааг нь гайхаж байна. Өнгөрсөн 20 жилд бид эрээн боодолтой янз бүрийн юманд их хууртсан. Миний хувь энэ 20 жилийн дүгнэлтэд олон өөр хаягтай, шошготой юмнаас сайхан бор ааруулаа л илүү гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ сонголтыг ард түмнээрээ хийлгэмээр байна. Үүнийг хийлгэхгүйн төлөө АН Монголын төрийг гацааж, УИХ-ын бүх үйл ажиллагаанд оролцохгүй байна шүү дээ.
-АН буулт хийгээд 38:38 гэсэн хувилбарыг санал болгож буй нь санал асуулгагүйгээр асуудлыг шийдэх гарц биш үү?
-Сонгуулийн хууль мажоритар, пропорциональдаа биш. Санал хулгайлдаг, мөнгө тараадаг, луйварддаг муу муухай юм хийдэг хүмүүстээ байдаг. Түүнийг процессын хувьд үндсэндээ цэгцэлсэн. Одоо намаа сонгоно уу, хүнээ сонгоно уу гэдэг нь миний хувьд сонин биш. Энэ хоёр гол нам зарчмын өөр байр суурьтай байгаа нь 2012 оны сонгуулийн дараа үүсэх нөхцөл байдлыг туйлын тогтворгүй болгож байна. Монголын улсын нийгэм эдийн засагт хортой үйл явдал болох вий хэмээн эмээж байна. Тиймээс ард түмнээсээ асууж, сонгуулийн дараах нөхцөл байдалд вакцин хийнэ гэсэн үг. Ингэснээр хэн ч хаанаас ч захиалгаар яаж ч оролдоод энэ байдлыг эвдэж чадахгүй болох юм. Энэ л нэг түүхэн шийдвэрлэх үеийг монголчууд давчих юм бол хөгжлийн олон том бодлогууд баталгаажна. Ингэснээр бүгдээрээ л хожно. Манайх тооны хойноос хөөцөлдөөгүй бөгөөд тооны зөрчил нь дараагийн зөрчлийг үүсгэнэ. Ард түмний нэрийг барьсан олон хөдөлгөөн бий болж байгаа энэ цагт ард түмнээ хагалуулахгүй үндэсний эрх ашиг гэдэг талаас нь түрүүлж харах ёстой юм.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Н.Сарангэрэл
2011 оны 7-р сарын 06, Лхагва гариг

No comments:

Post a Comment