УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.ОЧИРБАТТАЙ ярилцлаа. Тэрээр Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч юм.
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давалгүй нэлээд удаж байна. Энэ хуулийг гараас гаргах үүрэгтэй ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд юу амжуулав. УИХ уг хуулийг батлахгүй хойшлуулаад байгаа нь ямар учиртай вэ?
-Ер нь бол Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гэхээр эмэгтэйчүүдийн тухай асуудал гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ хууль маань аливаа хүйсийн эрх тэгш тэнцвэрт байдлыг хангах тухай хууль юм.Тиймээс энэ өнцгөөс нь яриагаа эхлэх нь зөв болов уу. Эмэгтэйчүүдийг дарга болгох, сонгуульд өрсөлдүүлэх, УИХ-ын гишүүн болгох хууль ч гэж зарим хүн ойлгоод байх шиг ээ. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар сонгогдсоноос хойш иймэрхүү хандлагаар над руу олон хүн хандаж байгаа болохоор ингэж тодотгож байгаа юм. Хүмүүс зөндөө утас цохисон. Тэд аль нэг талын хүйсийг илүү барьсан хууль гэж ажиглаад байгаа юм. Гэтэл Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гэдэг өөрөө илүү нарийн харилцааг зохицуулдаг. Жендер гэдэг гадаад үг үнэндээ эмэгтэйчүүдийн эрх гэсэн агуулгагүй шүү дээ.Орчуулбал эр, эм хүйсийн эрх тэгш,тэнцвэрт байдлыг хадгалах тухай ойлголт. УИХ дээр хуулийн төслөө жендер гэдэг гадаад үгээр явах уу,эсвэл Хүйсийн тэнцвэрт байдлыг хадгалах тухай хууль гээд монгол хэлээрээ явах уу гэж ч ярьсан.тэгээд олон улсад хэрэглэж байгаа тэр хүрээгээр нь ойлгох үүднээс гадаад нэр томьёог нь сонгохоор ажлын хэсэг тохироод байна.-Олон нийт Жендерийн эрх тэгш байдлын хуулийг эмэгтэйчүүдэд зориулсан гэж тойлгож байж болно. Харин хууль тогтоогчид маань ямар ойлголтоор өдийг хүртэл энэ хуулийг гацаагаад байгаа юм бэ?
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг баталж чадахгүй үндсэндээ 16 жил болж байна. Дөрвөн парламент дамжин хэлэлцэж байгаа төсөл. Ийм олон жил гацсан шалтгаан нь улстөрчдийн лоббитой холбоотой. УИХ-ын сонгуульд нэр дэвших квоттой холбоотой 8.2 дахь заалтаас л үүдэлтэй гэж болно. Ганцхан энэ заалтад аливаа хүйсийн төлөөллийг 30 хүртэл хувь өсгөе гэж байгаа юм. Энэ квотыг УИХ-ын сонгуулийн тухай хууль тодорхой болчихвол Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд тавьж өгөх боломжтой. Яг өнөөдрийн байдлаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлаагүй байна. Эсрэгээрээ сонгуулийн хуулиа өөрчилье, тогтолцоогоо шинэчилье гэж гишүүд яриад байгаа. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ч сонгуулийн хуулийг хэлэлцэнэ гээд оруулчихсан.-Сонгуулийн хуулийг өөрчилж байж Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн үг үү?
-Ажлын хэсэг өөр саналтай байгаа. Эхлээд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулиа гаргачихъя. Сонгуулийн болоод аливаа квотын асуудлаас болж Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулиар зохицуулах бусад асуудлыг хойш татаж болохгүй гэж үзсэн. Нөгөө хэсэг нь бол нэгдүгээрт сонгуулийн хууль, хоёрдугаарт улс төрчдийн лоббиноос болоод хойшлоод байгаа шүү дээ. Тиймээс ерөнхий утгаар нь жендерийн хуулиа эхлээд гаргах ёстой. Дэлхийн маш олон орон ийм хуультай болчихсон. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогодоо ч Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль гаргана гээд амлалт авчихсан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиа гаргах нь зөв гэж үзэж байгаа юм. Шинэ он гарсны дараахан ажлын хэсэг хуралдаж, бас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийчихсэн. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах бололцоо бүрдсэн. Дагалдах ганц,хоёр хуулийн өөрчлөлтөөр бусад Байнгын хорооны саналыг хүлээж байна. Бусад Байнгын хороо асуудлаа оруулчихвал чуулганаар хэлэлцүүлэх бололцоотой.-Тэгэхээр сонгуулийн квотыг нь орхиод Жендерийн эрх тэгш байдлын хуулиа баталъя гэсэн үг үү?
-Улс төржилтөөс болоод лобби ороод явдаггүй тэр хэсгийг нь УИХ-ын сонгуулийн хууль гарсны дараа ярья. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөх Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулиа гаргая. Ингэснээр зөвхөн сонгууль, улс төртэй холбоотой хэсгээс нь болж ерөнхий зохицуулагдах бусад асуудал саатахгүй болно л доо. Ажлын хэсэг ийм л үзэл баримтлалаар ажиллаж байна.-Дагалдах хуулиуд нь юунаас болж гацаад байгаа юм бэ?
-Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хороо анхны хэлэлцүүлгээ хийчихсэн.Харин дагалдаж орж ирэх хоёр хуулийн төслөөр Хууль зүйн байнгын хороо санал нэгдээгүй юм.Хэрэв маргаантай болоод байвал ажлын хэсэг дээрээ дахин хуралдаад асуудлыг шийдэх боломжтой.-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөлд сонгуулийн хуулиас гадна өөр олон квот байгаа биз дээ. Тэр бүхэн нь яаж явах вэ?
-Хуулийн төслийн 8.2, 8.4-д төр засаг, улс төрийн намуудын төвшинд хамрах квот гэж бий. Энэквотуудаас болоод улс төрчдийн дунд гацаа үүсээд байгаа юм.Гэхдээ ажлын хэсэг сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой квотыг л УИХ-ын сонгуулийн хуулийн дараа авч үзье гэсэн саналтай байгаа.Бусад квот нь хуульдаа хадгалагдана. Төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчдын, намуудын жендерийн асуудал гээд бүгд тодорхой хувиар ороод ирчихсэн.
-Хүйсийн тэгш байдлыг хангах хууль зөвхөн сонгуульд нэр дэвших квотоос болж 16 жил гацжээ. Зохицуулах олон харилцаа хүлээгдэж байгаа биз дээ. Эвсэл хуулийн амин сүнс нь сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо юу?
-Зохицуулах асуудал олон бий. Гэтэл яг таны асуусанчлан сонгуулийн квоттой холбоотой нэгхэн заалтаас болж 16 жил гацчихсан төсөл. Энэ хууль гарснаар ерөнхий том асуудлууд нь шийдэгдэх ёстой. Хуулийн төсөл ч 16 жил болж, дөрвөн парламентаар хэлэлцэгдсэн болохоор маш сайн боловсруулагдаж, чанагдсан. Тэгсэн хэрнээ баталж чаддаггүй. Ерөөсөө л нэг бол сонгууль дөхчихдөг, эсвэл ярьсаар байгаад л хуулиа хойшлуулчихдаг. Ганц квотоос болж Жендерийн эрх тэгш байдлын хууль гарахгүй хүлээгдээд байгаагийн учир шалтгааныг эмэгтэйчүүд ч бодох ёстой. Тэр гацаад байгаа хэсгийг нь дараа шийдэж болно шүү дээ. Квотыг өнөөдөр шийдчих гэхээр сонгуулийн хууль яаж гарах нь тодорхойгүй байна. Мажоритар, пропорциональ, холимог тогтолцооноос алийг нь сонгохоо ч эцэслэж шийдээгүй. Тэгэхээр тогтолцоо ямар байхаа тогтчихоод квотоо ярина уу гэхээс өмнө нь ярих боломжгүй болчхоод байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулийг ярих хүртэл жендерийн хуулийг хойшлуулмааргүй байгаа юм.-Эмэгтэйчүүд ч бодолцох ёстой гэсэн үгийг та хэллээ. Юу гэсэн үг вэ?
-Улстөрч эмэгтэйчүүд түр орж ирж байна л даа. Гэхдээ тэд сонгуулийн квотыг тавихгүй юм бол энэ хуулиар яадаг юм бэ гэдэг. Квотоо л хойшлуулах юм бол хуулиар яах юм гэж олон ч эмэгтэй улстөрч над руу утас цохисон. Би үүнд нь үнэхээр их харамсаж явдаг. Хэсэг улсууд л, хэсэг эмэгтэй улс төрч л 30 хувийн квот тавихгүй бол Жендерийн эрх тэгш байдлын хуулийг гаргаж яах юм бэ гэдэг. Уг нь тийм биш шүү дээ. Би энэ ажлын хэсгийг ахалж яваагийн хувьд, ганцхан квот тавихын тулд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийг ашиглах гэж байгаад харамсаж байна. Ерөнхий том хуулиа гаргахын тулд ганц нэг заалтыг түр үлдээх зориг байх ёстой юм, эмэгтэйчүүдэд. 16 жил яг л энэ асуудлаас болж гацаад байгааг нь хүн бүр мэдэж байгаа. Үнэндээ нэг хэсэг хүнийг улс төрд оруулахын тулд энэ квотыг тавьж өгч байгаа хэрэг биш шүү дээ. Явцуу утгаар нь ойлгохоор Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн үнэ цэн нь өөрөө унаад байгаа юм. Хууль нь илүү хэрэгтэй байгаа юу, квот нь илүү чухал уу гэдгээ л хүмүүс бодох хэрэгтэй юм. Эмэгтэйчүүдийн квотыг 30, 40, 50 хувь болгож тавихад хуулийн зорилго оршиж байгаа гэж би хувьдаа бодохгүй байна.-Та хуулийн төсөл гацаад бай-гаа хамгийн том шалтгааныг хэлчих шиг боллоо. Сүүлийн үед бага насны охидыг хүчирхийлж байгаа талаар янз бүрийн зүйл сонсогдох боллоо. Энэ хууль батлагдсанаар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал цэгцэрч чадах уу?
-Таны хэлсэн эмзэг, хөндөгдөөд байгаа зүйл шууд л шүд авсан мэт зүгээр болчихгүй нь ойлгомжтой. Магадгүй өөр хуулиар зохицуулагдахгүй зүйл. Эрүүгийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг шүү дээ. Гэхдээ ерөнхий олон зүйл шийдэгдэнэ. Ер нь бол жендерийн эрх тэгш байдлыг хангах, эрэгтэй, эмэгтэй хүн бие биеэ хүндэтгэх, уламжлалт сайн харилцаагаа хадгалах талд монголчууд бусдаас илүү гэж би боддог шүү. Өүлэн эх, Бөртэ, Мандухай сэцэн хатан гээд сайхан түүхт хүмүүсийнхээ түүхийг өргөж явдаг. Монгол уламжлал, монгол үндэстний онцлог нь энэ. Гэр бүл, эцэг эхийгээ эрх тэнцүү авч үздэг. Айлын бэр болоод явчихна гэж эмэгтэй хүүхдэдээ ондоо, удам залгах юм гэж хүүдээ өөрөөр ханддаггүй, бас хүмүүжүүлдэггүй биз дээ. Хуруундаа зүүдэг бөгж нь хүртэл хаан бугуйвч, хатан сүйх байж, түүнийг солилцдог. Хамгийн балчир, нялх хүүхдээсээ эхлээд эцэг, эхийгээ ялгаж харьцдаггүй. Дөнгөж хэлд орж байгаа хүүхдээс "Чи аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ" гэхэд "хоёуланд нь" гэж л хариулдаг. Өөрөөр хэлбэл, тийм багаасаа л монголчууд гэр бүлийн хүмүүжил, аав ээжийн хүмүүжил, өрх доторх нандин харилцааг хөгжүүлж авч явдаг ард түмэн. Зарим оронд магадгүй санхүүгийн эрх мэдэлтэй, илүү мөнгөтэйг илүүд үздэг байж болох. Харин монголчууд аав ээж, эмээ өвөөгөөр, эм хүйсээр нь ялгаж харьцдаггүй. Тэр утгаараа монголчууд жендерийн асуудлыг аль ч улс орноос илүүтэй амьдрал ахуй дээрээ аваад явчихсан ард түмэн. Харин энэ хууль маань ерөнхий жендерийн харьцаа алдагдаад байгааг зохицуулна. Жишээ хэлье л дээ, гэхдээ эрчүүд дээр. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийн 25 орчим хувь нь л эрэгтэйчүүд байна. Бусад багш, ажилчид нь ялгаагүй ийм хувьтай. Харин эмэгтэй төлөөлөл нь 75 хувь болчихсон. Бид хуулиар энэ харьцааг ядаж л 60:40 болгож зохицуулъя гэж байгаа.-Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар юу хэлэх вэ. Бага насны охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, бэлгийн дарамтад оруулах, амь насыг нь хохироох, хил дамнуулан худалдаалах гээд зохион байгуулалттай гэмт хэрэг гарах болжээ?
-Охидыг уруу татдаг, хүч хэрэглэдэг, хэрцгий аллага сүүлийн үед их сонсогдож байна. Цэцэг цэврүү шиг охидоо хайрлаж, хамгаалахгүй бол мунхаг нөхдийн хараанд өртөж, бузар үйлдлийнх нь золиос болж байна. Төр засгаас үүн дээр хатуу зохицуулалт хийж өгөх ёстой. Би сониноос харлаа л даа, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, уруу татсан хүмүүсийг Солонгост бөгжилдөг гэсэн. Тэгж л жигшээдэг болох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр тийм зүйл байхгүй болохоор балчирхан охиныг сургууль дотор нь хүчирхийлсэн гээд аймшигт хэрэг гарч байна. Энэ талаар боловсролын байгууллага нь, салбарын сайд нь ямар анхаарал тавьж байгаа нь мэдрэгдэх юм алга. Цагдаа, хууль хяналтын байгууллагын анхаарал тавьсан байдал нь ч харагдахгүй л байна. Миний мэдэхийн тийм хэргээс урьдчилсан сэргийлсэн гэсэн мэдээг сонсоогүй юм байна.-Гэр бүлийн хүчирхийлэл манайд бодитой оршиж байгаа нь бас л нууц биш. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ батлан гаргасан. Өнөөдөр эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилт нь хаана байна вэ
-Харин тийм. Хаана байна вэ.Энэ хуулиудын хэрэгжилтийг хэн хангах ёстой юм бэ гэдгийг бодох ёстой. УИХ хууль баталдаг. Гишүүд маш их ачаалалтай ажиллаж байна. Долоо хоногт л 5-6 хууль баталж байна. Гэтэл яг хэрэгжилт дээр нь анхаарал тавьж чадахгүй явж байжээ. Хэн хэрэгжилтийг нь хянах юм гэсэн иргэдийн шүүмжлэл бол оргүй зүйл биш. Энд нэг зүйл хэлэхэд, УИХ-ын Байнгын хороо хууль батлуулахаас гадна хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй. Миний даргалж байгаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны жилийн ерөнхий төлөвлөгөө одоо гарч байна. Уг төлөвлөгөөний дөрөвний нэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай байгаа. Ер нь чамбай, хяналттай байя.-Тэгвэл таны бодлоор гэр бүлийн хүчирхийллийг давах бодитой арга нь юу вэ?
-Гэр бүлийн нандин чанар, харилцааг иргэддээ сургалтаар ойлгуулах ёстой. Өнөөдөр нэг гэр бүл дотор эцэг нь охиноо шунал тачаалын нүдээр хараад байна гэдгийг төр, засгаас гэрт нь очоод хянаж чадахгүй нь ойлгомжтой. Харин энэ охин чинь ийм хүн болж өсөх ёстой, түүнийгээ хайрлаж явах хэрэгтэй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эцэг нь охиноо шуналын нүдээр харах нь битгий хэл, өөр бусдаас хамгаалж явах ёстой гэдгийг залуу гэр бүлд ойлгуулсан албан болон албан бус сургалтыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Магадгүй дэлхий даяаршиж, хэтэрхий чөлөөтэй, задгай болсноос энэ бүхэн үүдэлтэй байх. Азарга хүртэл өөрийнхөө унаган дээр харайдаггүй л байхгүй юу. Мал хүртэл тэгж байхад хэд дахин илүү ухаантай, соёл иргэншлийн дээд оргил нь болсон хүн яахаараа өөрийнхөө охиныг бузарладаг юм. Энэ бол сэтгэлийн гажиг. Хэтэрхий ил задгай болчихсон садар самуун кинонууд, эмх замбараагүй хүчирхийллийг уриалсан сэтгүүлүүд гээд. Энэ бүгдийг бодитой цэгцлэх хэрэгтэй байна.-Эцэст нь асуухад, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл нийгэмд шийдлээ хүлээж байгаа асуудлууд цэгцэрч чадах уу?
-Монгол Улсын хөгжил өрх гэрээс үүдэлтэй. Өрх гэр гишүүн бүрээс хамааралтай байдаг. Дэлхийн хандлага ч ялгаа байхгүй. Гэр бүлд аав, ээж, хүү, охин байвал аз жаргалтай байдаг. Монгол Улс бас адилхан том гэр бүл. Тэгэхээр тодорхой хэмжээнд эр, эм хүйсийн тэнцвэрт байдал байж, шийдвэр гаргахад адилхан нөлөөлж байж аз жаргалтай гэр бүл болно. Эмэгтэй хүний уян сэтгэл, эр хүний байлдан дагуулах зан гээд бүгд цогцолж байж зөв шийдвэр гардаг гэж би ойлгодог.Ч.ГАНГЭРЭЛ
Үндэсний шуудан
2011 оны 1-р сарын 21, Баасан гариг
No comments:
Post a Comment