Эрүүл мэндийн салбар, түүний даатгалын тогтолцоог өөрчлөн шинэчилж, зах зээлийн зарчимд нь нийцүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүн Д.Очирбат үздэг.Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар саяхан сонгогдсон юм. Салбарын асуудал хариуцсан Байнгын хорооны дарга болсноор дэвшүүлсэн санаачилга нь хэр үр дүнтэй байх бол. Энэ талаар нь Д.Очирбаттай ярилцлаа.
-Эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын Ажлын хэсгийг Та ахалж байгаа. анхны хэлэлцүүлгийг хийтээд эхэлсэн. Байнгын хорооны дарга болсноор төслийг батлуулах явцад ахиц гарах байх гэж бодож байна?
-Эрүүл мэндийн тухай хууль салбарынхаа бүхий л харилцааг зохицуулах "эцэг" нь юм. Салбарын өнөөгийн тогтолцоо олон жилийн өмнөх, хуучин байдлаараа байна.Улсын хэмжээний 300 гаруй эмнэлгийн санхүүжилтийг нь хийгээд өгчихдөг. Боловсон хүчний тогтолцоо, бүтэц, цалин, урамшуулал нь яг хэвээрээ. Мэдлэг чадвараа ашиглан ажиллах боломж нь хаалттай. Цаашдаа энэ хэвээрээ яваад байх уу гэх асуудал тулгамдсан асуудал болж хувирлаа. Иргэн бүр эмнэлгийн анхан шатны тусламжийг үнэ төлбөргүй авдаг байх ёстой. Шаардлагатай бол тухайн үйлчилгээний төлбөрийн багахан хувийг төлдөг байж болно. Эрүүл мэндийн салбарын бодлогыг төр зангидаж явах хэрэгтэй. Тийм учраас Эрүүл мэндийн тухай хуулийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулах шаардлагатай болсон.Хуулийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Тэндээс гарсан саналуудыг нэгтгээд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүдийн саналыг авах ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн даатгалын хуулийн Ажлын хэсгийг Д.Одбаяр ахалдаг. Энэ хоёр төслийг цогцоор нь батлахын төлөө ажиллаж байгаа.-Эрүүл мэндийн салбар хэрхэн санхүүжих нь их бүрхэг байгаа. Төлбөр, хураамжийг ихээр нэмэхгүй ч гэсэн зах зээлийн зарчимд нь илүү ойр ажиллуулах нөхцөл боломж хязгаарлагдмал байх шиг...
-Батлагдсан төсвийн хүрээнд л эрүүл мэндийн байгууллага ажилладаг. Илүү үйлчилгээ үзүүлье, шинэ ажил сэдээд санаачилгатай ажиллая гэхээр санхүүжилтдээ баригддаг. Ашгийн төлөө ажиллаж болдоггүйгээс мөнгө олох, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас идэвхгүй үйл ажиллагаанаас хэтэрдэггүй. Тийм байлаа гээд дампуурчихсан, үйл ажиллагаа нь айхавтар доголдсон эрүүл мэндийн байгууллага алга. Олон улсын түвшний хэмжээнд ажиллаж байгаа юм ч алга. Шинэчлэн найруулсан хуулиар эрүүл мэндийн салбар илүү санаачилгатай, өрсөлдөөн дунд ажиллах бололцоотой болно. Ингэснээр мэдлэг, чадварынхаа хэрээр илүү, өрсөлдөөнт цалин, урамшуулал авах нөхцөлөөр хангагдаж, мэргэжил боловсролоо дээшлүүлэх бодит боломж нээгдэх юм. Зах зээлийнхээ зарчимд илүү ойр ажиллана гэсэн үг.Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг бие даалгахын төлөө байгаа. Ингэхгүй бол эрүүл мэнд, нийгмийн даатгалын хөрөнгө хүнийхээ эрүүл мэндийн төлөө бус барилга, байшин, засвар, үйлчилгээг санхүүжүүлдэг болж хувирсан. Хуульд өөрчлөлт оруулснаар даатгалын хөрөнгө зөвхөн хүнийхээ эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулагдах болж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, үйлчилгээ авч байгаа иргэн сайн гэсэн эмч, эмнэлгээр үйлчлүүлнэ. Ингэснээр чанартай үйлчилгээний төлөөх өрсөлдөөн бий болно гэсэн үг. Цахилгаан, дулаан засвар, үйлчилгээний хөрөнгийг тусгай хөрөнгө оруулалтаар шийддэг байх ёстой.
-Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хийхгүйгээр их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг юу гэх вэ. Бүх иргэнээ эрүүл мэндийн үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангах бололцоог сая нээж өгсөн нь сайн хэрэг л дээ ?
-2.7 сая иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулахын тулд төсвөөс 8.9 тэрбум төгрөгийг 2011 онд зарцуулахаар боллоо. Ингэснээр монгол иргэн бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авна.-Өнөөгийн даатгалын тогтолцоог шударга бус гэж боддог. Олон жил ЭМД-д багагүй татвар хураамж төлсөн хэрнээ эмнэлгийн үйлчилгээ аваагүй хүн олон бий. Хааяа нэг эмнэлэгт яваад очихоор төлбөр шаарддаг. Уг нь миний төлсөн даатгалын хөрөнгөөс тухайн төлбөр хураамжийг суутгаж авах ёстой баймаар юм. Хэн нэгний даатгалд төлсөн хөрөнгө тухайн хүний эмчилгээний зардалд хүрэлцээгүй тохиолдолд ойр дотны нэгнийх нь даатгалд оруулсан хөрөнгөөс төлбөр шилжүүлж авдаг байж ч болмоор санагддаг. Гэтэл даатгалд төлсөн мөнгөөр даатгал төлдөггүй хэн нэг нь үйлчилгээ аваад яваад байдаг. Үүнд олон хүн дургүйцдэг юм.
-Тийм учраас л Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг өөрчилье, уян хатан болгоё. Зах зээлийнх нь жишиг рүү ойртуулъя, мэдлэг чадвараараа өрсөлдөх боломж олгоё гээд байгаа юм. Эрүүл мэндийн даатгалыг олон жил төлсөн, түүнийхээ үр шимийг хүртдэггүй хүн олон байдаг нь үнэн. Эмнэлэгт яваад очтол төлбөр хураамж нэхдэг. Хэд хоног хэвтүүлээд, 'Та одоо гар. Гадуур эмчилгээ хийлгэ. Эсвэл нэмэлт төлбөр хий" гэх зэргээр асуудал үүсгэдэг. Энэ тогтолцоог өөрчлөх ёстой. 2.7 сая хүнийхээ эрүүл мэндийн нийгмийн даатгалыг төр хариуцахаар боллоо, 2011 онд. Энэ даатгалд хамрагдах хүмүүс бүгд нэгэн зэрэг өвдөхгүй нь тодорхой. 20-30 хувь нь эмнэлгийн үйлчилгээ авах байх. Энэ сан бол тусдаа юм.Та эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ эмнэлгийн үйлчилгээ авч, эмнэлгийн байгууллагад хүндрэл учруулаагүй бол даатгалын санд оруулсан хөрөнгийнхөө тодорхой хувийг урамшуулал болгож авдаг байх хэрэгтэй. Түүнийгээ урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ сахин хамгаалахад зарцуулдаг байх агуулгаар хуульд зарим өөрчлөлт оруулж байгаа.
-Төрөх эмнэлгүүдэд хүйн халдвар гарсантай холбоотойгоор амаржих газар шинээр барих асуудал мандсан. Таны оролцсон Ажлын хэсгийнхэн ч нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байсныг санаж байна. Шинэ эмнэлгийн асуудал юу болж байгаа вэ?
-Бид үйл ажиллагаатай нь танилцсаны дараа төрөх эмнэлгүүдэд зориулж 16 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулж, зарцуулсан. Нэг-дүгээр төрөх эмнэлгийг иж бүрэн засварт оруулж, зарим эмнэлэгт тодорхой хөрөнгө оруулалт хийсэн. 300 ортой төрөх эмнэлгийн хөрөнгийн асуудлыг шийдлээ.-Эмнэлгийн түргэн тусламжийн нисдэг тэрэгтэй болох таны санал дэмжигдээгүй. Нисдэг тэрэг заавал байх хэрэгтэй юү?
-2011 онд эрүүл мэндийн салбарт 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр манай Байнгын хорооноос санал гаргасан ч Төсвийн байнгын хорооны олонх гишүүн дэмжээгүй. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд зориулж нисдэг тэрэг авах хөрөнгийн асуудлыг ч шийдэж өгсөнгүй. Зөвхөн Улаанбаатараар жишээ авъя. Хотын баруун захаас зүүн хэсэг хүртэл түргэний дуудлага аваад машинаар явахад багаар бодоход 30-40 минут болно. Гэтэл хүний амь нас 2-3 минутаар шийдэгддэг. Монгол орон уужим дэлгэр нутагтай. Машин явахад төвөгтэй шавар шавхай, цас зудтай газраас яаралтай дуудлага ирвэл яах вэ гэх зэргээр бодоод үзэхээр нисдэг тэрэг зайлшгүй хэрэгтэй болдог. Харамсалтай нь, эмнэлгийн түргэн тусламжийг нисдэг тэрэгтэй болох миний санал дэмжигдсэнгүй. Түргэн тусламжийн үндэсний нэгдсэн сүлжээ байгуулах шаардлагатай. Цаашдаа энэ саналаа тавьсаар байх болно.-Та шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж үздэг цөөн эрчүүдийн нэг. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг хэзээ батлуулах боломжтой вэ?
-Жендерийн асуудалд анхаарах ёстой. Эр, эм хоёрыг гэр бүлийн алтан, мөнгөн багана гэж монголчууд үздэг шүү дээ. Түүнтэй адил шийдвэр гаргах түвшинд тэднийхээ оролцоог нэмэгдүүлэх ёстой. 76 гишүүний гуравхан нь эмэгтэй гэхээр дэндүү цөөн байгаа биз дээ. Улс төрийн намуудын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл батлагдсаны дараа Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх байх. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангуулах талаар илүү идэвхтэй ажиллах болно.
Го.Энхтөр
ӨНӨӨДӨР
2010 оны 12-р сарын 29, Лхагва гариг
No comments:
Post a Comment