Tuesday, 24 April 2012

Д.Очирбат:СЕХ-ныхон амжуулна гээд байгаа, харж л байя


УИХ-ын гишүүн Д. Очирбаттай ярилцлаа.
-СЕХ-ныхон санал тоолох автомат машиныг танилцуулсан. Танилцуулсан машиныг шаардлага хангахгүй хэмээн гишүүдийн олонх нь үзлээ. Таны хувьд ч мөн адил байр суурийг илэрхийлж байсан. Яагаад?
-Бид УИХ-аар сонгуулийн автоматжуулсан тооллогын машиныг авахыг маш их дэмжсэн. Ямар машин авахыгаа сонгоогүй байхад нь хүртэл УИХ Улсын төсөвт 24 тэрбум төгрөгийн худалдан авалтынх нь эрхийг нээж өгсөн байгаа. Гэтэл сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар СЕХ-ноос сонгосон машиныхаа талаар танилцуулж байна.
Үнэнийг хэлэхэд танилцуулж байгаа машиных нь үйл ажиллагаа, тоолох механизм нь таалагдсангүй.
Арай өөр сонголтыг хүлээж байсан юм. Төрийнхөө эрхийг барих хүмүүсийг сонгох тооллогыг хийх гэж байгаа машин бол маш их нууцлал, битүүмжлэлтэй сайтай байхаас гадна итгэл үнэмшилтэй байх ёстой. Гэтэл өнөөдрийн танилцуулж байгаа машиныг нь харахад бусад эл задгай байгаа юм. Саналын хуудсанд гар хүрдэггүй, вакумжсан байх зэрэг олон шалгуур байх хэрэгтэй.
-Гэнэтхэн яагаад өмнө нь танилцуулсан машинаасаа өөрийг оруулж ирсэн талаар гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байсан. Таны хувьд юу гэж дүгнэж байна?
-Одоо танилцуулж байгаа машиныг оруулж ирсэн учир шалтгааныг сайн мэдэхгүй байна. Ер нь АНУ-аас оруулж ирэх байсан машинаа яагаад оройтуулсан нь цаанаа нэг нууцлалтай байгаа юм шиг. Болно, бүтнэ гэж яриад байсан хэр нь нэг хэсэг хүмүүс нь тендер, зуучилж байгаа компаниас нь ямар учраас буцсан гээд олон асуудал гарч ирэх байх. Тиймээс ямар боломж байдаг юм, түүнийгээ он гармагц СЕХ харуулах байх. СЁХ-ны дарга "Бид амжуулна" гэж Хэлээд байгаа. Харж л байя. Уг нь СЕХ энэ асуудлыг гишүүдэд танилцуулж, өөрсдөө зохион байгуулж хийх байгууллага. Бидний зүгээс тийм машин ав гаж хэлж болохгүй. Тэр тусмаа УИХ-ын гишүүд өөрсдөө нэр дэвшдэг учраас сонирхлын зөрчил гэдэг зүйл нь илэрнэ шүү дээ.
-Оны дараа СЕХ-ноос өөр машин танилцуулах боломж нь хэр байгаа бол. Цаг хугацаа давчуу байгаа юм биш үү?
-Оруулж ирэх боломж байгаа гэж надад хэлсэн. Чухам ямар машин байгаа талаар хэлж мэдэхгүй юм.„
-Оны дараа өөр машин танилцуулах боломж байгаа гэж хэлсэн байна. Гэтэл сайжруулах боломж байсаар байтал Солонгосын скайнер машин танилцуулж байгааг юу гэж ойлгох уу?
-Боломж байсаар байтал гэж ойлгож болохгүй юм шиг байгаа юм. СЕХ-ны гишүүд нь санал болгосон УИХ-ын гишүүд байна гаж хэлээд байгаа юм. АНУ-ын стандарт сайтай машиныг ч мөн гишүүд санал болгосон гэсэн. Яг хэн нь гэдгийг мэдэхгүй. Тэр хүмүүс нь манай монголын тендерийн хуультай тэрсэлдэхүйц санал өгсөн учраас авч чадахгүй байна гэсэн тайлбарыг өгсөн. Тэгэхээр энэ ажилд гишүүд оролцоод байна уу. Үнэхээр СЕХ худалдан авах сонголтыг хийж чадахгүй байна уу гэдэг нь цаашид яригдах ёстой.
-УИХ-ын гишүүдийн оролцоо байна уу гэдгийг шалгуулах ёстой байх. Хэрэв гишүүдийн оролцоотой гэдэг нь илэрвэл ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй биз дээ?
-Ямар гишүүд сонирхлын зөрчилтэйгөөр оролцсон байна гэдэг талаас нь харна. Би хувь-даа тэгж бодож байна.
-Бараг машинаа авчихсан байгаа. Харин мөнгө нь дутах байх гэж СЕХ-ны дарга Лувсанжав хэлж байсан. Худлаа ярьсан болж таарч байна уу?
-Санал тоолох машин чинь ачуулахад бэлэн болчихсон. Мөнгө нь хүрэхгүй байж магадгүй гэсэн зүйлийг СЕХ-ныхон өмнө хэлж байсан. Гэтэл одоо АНУ-аас орж ирэх машинаа авч чадахгүй болчихлоо гээд байгаа. БНСУ-ын машин байна. Худалдан авах эхний гэрээг хийсэн ч тэр нь сэтгэлд хүрэхгүй байна. Саяхан ОХУ-ын сонгууль болоход саналыг хичнээн машинаар тоолсон ч будлиантай болсон. Тэгэхээр хувь хүн өөрөө тоолдгоос илүүтэйгээр хяналтыг маш сайн тавих гарц байна. Одоо болтол ямар машинаар тоолох сонголтоо хийж чадаагүй, анхны удаа автоматаар санал тоолох гэж байна. Зургаахан сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед хуудуутай, яарсан бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг яаруу, сандруугаар төрийнхөө сонголтыг хийх хэрэггүй. Ийм санал хэлэхээр "Чи сонгуулийг будлиантуулж гараар тоолох гэж байна уу" гэх жишээний.
-Одоо үйлчилж байгаа хуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт хийнэ. Зарим гишүүдээс тусад нь хийх тухай санал оруулна гэж байна. Тэдгээр гишүүдтэй санал нийлэх үү?
-Миний хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргаар арван жил ажилласан. Тус дүүргийн намын даргаар мөн арван жил ажиллаж, сонгууль удирдаж явсан. Орон нутгийн ИТХ-д дэвшиж байгаа төлөөлөгчийг УИХ-ын гишүүдийн сонгуультай хамтатгаж хийх нь жинхэнэ будлианы үр үндэс болно. УИХ-ын сонгуулийн үр дүнг ИТХ-ын сонгуульд гарсан асуудлаас болж гацаахад ч хүрч магадгүй. Анх удаагаа автомат машинаар саналаа тоолж үзэх гээд байна. Ямар нэгэн будлиан гарахад бие биенийгээ чирэх ёстой юу.
Тэр машинд нь бүрэн итгэх арга алга.
Дээрээс нь сонгуулийнх нь тогтолцоо өөрчлөгдөөд шилжих, гулсах зүйл яригдаад маргаан дагуулсаар байна. 48-д үзээд ялагдсан хүмүүс нь гомдол гаргаж магадгүй. Нэг тойрогт гомдол гаргахад бүх сонгууль нь гацаанд орох учраас хоёр сонгуулийг хамтад нь хийх боломжгүй. 2008 онд өмнөх парламент маань баталчхаад яарч сандарч хийсэн зүйл хэмээн мэдэн будилаад байдаг юм билээ. Орон нутгийн сонгууль гэдэг чинь тусдаа асуудал учраас бүгдийг нь нийлүүлж хольж хутгах шаардлагагүй гэсэн байр суурьтай байна.
-Үүнээс гадна мандатын тоо багасаж, тойрог жижгэрч байгаа явдалд ялангуяа хөдөө орон нутгийн гишүүд их бухимдалтай байгаа харагдана лээ?
-Хаа сайгүй л бухимдалтай байна. Гэхдээ бид өөрсдийнхөө батлан гаргасан хуулийг хэрэгжүүлэх л ёстой. Хичнээн тойрог, мандатын тоо багассан ч гэсэн үзээд л алдах ёстой. Бухимдана гээд яахав. Монгол Улсын эрх ашиг цаана нь байгаа гэдгийг санаж улс орныхоо хөгжлийнхөө эрх ашгийг нэгт тавих нь зөв.
-Нам дотор л нэлээд ширүүн өрсөлдөөн болох байх?
-Нам дотор өрсөлдөөн байж болох. Мандатын тоо багасахаар хоорондоо өрсөлдөнө. Нам дотроо эрүүлээр өрсөлдөх хэрэгтэй. Хуучин хуулиар нэг намын гурван нэр дэвшигч бие биенийхээ муу муухайг өөр намын хүмүүстэй нийлчихээд унагаад байдаг. Шинээр батлагдсан сонгуулийн хуулиар нам эв нэгдэлтэй байж л ялалтад хүрнэ. Хоорондоо хагаралдах юм бол тухайн нэр дэвшигчид намтайгаа хамт унах магадлал өндөр.
Нийтлэлч
Б.Даваа
Эх сурвалж
Монголын мэдээ  2011 оны 12-р сарын 28, Лхагва гариг

No comments:

Post a Comment