Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Үндэсний аюулгүй байдалд холбоотой салбарт төр хяналтаа тогтооно

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралд Зүүн Европын улсууд сүрхий өртсөн гэнэ. Зах зээлийн харилцаанд шилжсэний дараахан барууны томоохон банкууд хуучнаар социалист орнуудын банк, санхүүгийн салбарт оруулсан хөрөнгөө хямрал болохтой зэрэгцээд татсанаар тухайн орнуудын хамгаалалтгүй эдийн засагт тооцоолсноос илүү хохирол учирчээ. Үүнтэй адилхан зүйл манай улсад ч болсон юм. Хямралын үеэр Мобиком корпораци банкуудад байршуулсан олон сая доллараа Япон руу шилжүүлсэн тухай шуугиж байсан. Үндэсний цорын ганц оператор болох "Жи мобайл" хэрэглэгчиддээ тэг төгрөгөөр яриулах үйлчилгээ үзүүлсэний төлөө гадаадын хөрөнгө оруулалттай бусад операторууд шахалт үзүүлж байв. Энэ мэтчилэн үндэсний аюулгүй байдалд хамааралтай салбаруудад гадаадынхан ноёрхлоо тогтоож эхэлжээ. Гэтэл манай улсад аюулгүй байдлаа хамгаалсан хуулийн зохицуулалт байдаггүй юм байна. Хожуу ч гэсэн энэ байдлыг анзаарсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын тухай хууль санаачилжээ. С.Бямбацогттой ярилцлаа.

-Хуулийн үндсэн агуулга, зорилго юу байх вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн зохицуулалтаараа манай улс харьцангуй таатай орчин бүрдүүлсэн орнуудын нэгд тооцогддог. Тэр хэрээр хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд өслөө. Оюутолгойн гэрээ батлагдсанаар гадаадынхны сонирхол ч эрс нэмэгдэж байна. Гэтэл тэдэнд тавих хяналт орхигджээ. Гадаадынхан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллахгүй нь тодорхой. Зөвхөн манай орноос ашиг олохын төлөө л бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Ийм үед монголчууд хяналтаа сайн тавих хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид Монголоос олсон ашгийнхаа 90 хувийг гадаад руу шилжүүлдэг гэсэн судалгаа бий. Санхүү, эдийн засгийн хямралын үеэр Монголын байдал эвгүйтэх нь гээд хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж байсныг бид бүгд мэдэж байгаа. Мобиком корпораци 200 сая доллараа буцааж татсан шүү дээ. Монголчууд үндэсний эрх ашгаа хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн.

Банкууд нэгдэж эхэлснийг гадаадын хөрөнгөтэй хүмүүстэй холбож үзэх явдал байна. Мэдээлэл батлагдаад, банк, санхүүгийн салбараа гадаадынхны хяналтад алдвал яах вэ? Зарим банкны эзэд нь хэн бэ, хэн тэнд хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг тухай ямар ч мэдээлэл байдаггүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх салбарт 25-аас дээш хувийн хувьцаа эзэмших гэж байгаа бол Засгийн газарт бүртгүүлж, зөвшөөрөл авдаг байхаар төсөлд тусгасан. Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй ч төмөр замын тээвэр Хятадын хараат учраас зөвхөн тэдний хэлсэн үнээр борлуулж байна. Асар их баялгаа дэлхийн үнээр борлуулъя гэвэл төмөр замд хувь эзэмших асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Тавантолгойн ордыг удахгүй ашиглаж эхлэх байх. Түүнээс өмнө стратегийн гол салбар болох төмөр замынхаа асуудлыг шийдэж авах хэрэгтэй.

-Хууль эргэж үйлчлэх үү. Стратегийн ач холбогдолтой олон салбар гадаадынхны мэдэлд орчихоод байгаа шүү дээ?

-Энэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдахгүй. Тодорхой зохицуулалт хийх л зорилготой. Хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тухайн аж ахуйн нэгжид эзэмшиж байгаа хувьцааныхаа талаар нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх юм. Түүнээс бус хөрөнгө оруулагчдад шахалт үзүүлэх тухай асуудал хөндөгдөхгүй. Болгоомжлох зүйл ер байхгүй.

-Хэвлэл мэдээллийн байгууллагыг стратегийн ач холбогдолтой салбарт оруулж байгаа юү?

-Оруулна. Гадаадын хөрөнгө оруулалттай олон телевиз, сонинд хяналт тавих боломжгүй байна. Хэвлэл, мэдээллийн салбарт гадаадынхан хөрөнгө оруулж, ихэнх хувийг нь эзэмшчихээд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ухуулга сурталчилгаа явуулбал яах вэ гэдгийг сайтар бодолцох ёстой. Түүнд хяналт тавих харилцааг энэ хуулиар зохицуулна.

-Дэлхийн олон оронд ийм хууль үйлчилдэг юм билээ. Та нарын өргөн барьсан хууль тэдгээрээс хэр "чанга" болсон бэ. Ийм хуультай болох санаа хэзээ төрөв.

-Ийм хууль хэрэгтэй юм байна гэсэн санаа Оюутолгойн гэрээ байгуулах тухай ярилцаж байх үед төрсөн. Бид Америк, Орос, Хятад, Австрали зэрэг орны хуулийг судалсан. Өргөн барьсан төслөө тэдгээртэй харьцуулж үзсэн. Харьцангуй уян хатан хууль болохоор байгаа. Манайхан гадаадынхан гэхээр л хөлөө хугалчих гээд гүйдэг. Бид үндэсний эрх ашгаа хамгаалж, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай зарчмаар ажилладаг байх л ёстой.

-Улсынхаа үндэсний аюулгүй байдалд хамааралтай асуудлаар хохиролтой шийдвэр гаргасан албан тушаалтныг 1-2 сая төгрөгөөр торгохоор төсөлд байгаа нь шударга явдал мөн үү. Хүлээх хариуцлага дэндүү сул байгаа биш үү?

-Хууль зөрчсөн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгасан. Тусгай зөвшөөрөл цуцалснаар Монгол Улсаас ашиг олох гэсэн зорилго нь хаагдана. Энэ бол маш том хариуцлага хүлээлгэж буй хэрэг.

Го.ЭНХТӨР

2009 оны 10-р сарын 26, Даваа гариг, Өнөөдөр

No comments:

Post a Comment