Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Энэ системээр өрсөлдөөд гарахгүй хүмүүс өөрчлөх тал руу дуугараад байна


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа
-Сонгуулийн хууль дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сонгуулийн систем болгон хоёр талтай. Сая сонгуулийн эрх зүйн хариуцлагын талаар намууд дугуй ширээний уулзалт хийлээ. Энэ үеэр намууд хэрхэн луйвар хийсэн, хүн зөөсөн, мөнгө тараасан, санал давхар тоолсон гэдэг сонгуулийн процессийг ярьсангүй. Өнөөх пропоциональ, мажоритароо ярилаа. Уг нь 2008 оны сонгууль булхиа луйвартай явснаас ард түмний сонголт, төлөөлөл болж чадсангүй гэдгийг шүүмжилсэн. Дээр хэлсэн зөрчлүүдэд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ гэдэг нь тодорхойгүй байснаас үүдэлтэй байсан.Түүнээс пропорциональ болохоороо ингээд алдчихлаа, мажоритар болохоороо оночихлоо гэдэг зүйл дээр бид маргаагүй. Системээс үүдэлтэй зөрчил нь бага байсан гэдгийг би олж харсан. Өнгөрсөн сонгуулиар бид анх удаа бүтэн аймгийн хэмжээнд ажиллаж байж, олонхоос сонгогдсон. Энэ сонгууль улстөрчдөд их хэцүү шалгуур байсан. Сонгогчид нэр дэвшигчдээ таньж, судлах боломж их сайн нөхцөл байсан.
-Үүнийг улс төрчид биеэрээ мэдэрсэн юм бол яагаад бүр илүү том болгоод өөрчилье гээд байгаа юм бэ?
-Энэ сонгуулийн системээр өрсөлдөөд дахиж гарч чадахгүй буюу эргээд сонгогчидтойгоо уулзах нүүргүй болсон хүмүүс сонгуулийн системийг өөрчлөх тал руу дуугараад байна уу гэж би харж байгаа. Одоо УИХ-ын гишүүд ядаж жилдээ хоёр удаа тойрогтоо очиж чадаж байна. Энэ нь ямар ч Засгийн газраас илүү үр өгөөжөө өгч, ард түмнийхээ дуу хоолойг сонсож, тэдэндээ хүрч чадаж байгаа. Энэ бололцоо уг сонгуулийн тогтолцоонд байна. Гэтэл энэ нөхцөлийг хаагаад намын нэрээр сонгуульд ордог, намын нэрийн ард хэн ч байж болдог зүйл оруулж ирэх асуудал яриад байгаа. Би тийм цаг арай болоогүй гэж харж байна.
-2008 оны сонгуулийн тогтолцоо болохгүй болоод л ард түмэн тэгж босоогүй юм уу.Тийм дүгнэлтэд эрх баригчид хүрсэн биз дээ?
-Цөөн хүн амтай улс учраас иргэд маань өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрсдийнхөө төлөөллийг таньдаг болсон. Ер нь энэ иймэрхүү үл бүтэх нөхөр, энэ нь арай гайгүй юм хийдэг гэдгийг мэддэг. Тийм учраас дахиад энэ сайн, муугаа мэдэж байгаа нөхцөлд нь сонгууль хийвэл улс төр нэлээн цэвэрших болов уу гэж би бодож байна. Сонгууль өгдөг процессийг нь жаахан боловсронгуй болгоё. Сая хүн амын тооллого, бүртгэл хийсэн тэр хурууны хээгээрээ хүнээс үл хамааралтай тооллогыг яаж явуулах боломжтой байна гэдэг системийг нэлээн боловсронгуй болгоод мөнгө тараадаг, луйвар хийдэг нөхцөлүүдийг нь хуулиар сайн хааж өгөөд сонгуулиа хийе. Ингэж 2012 оны сонгуулиа явуулбал маш сайн болох ч юм бил үү. Процессийн алдаа гаргахгүй байх талаас нь л жаахан засаад өгчихвөл одоогийн том 26 сонгуулийн боломжийн хувилбар юм шиг санагдах юм.
-Одоо тогтолцооныхоо асуудлыг түр хойш нь тавиад процессынхоо асуудлуудыг ярилцъя гэж байгаа. Энд яригдаж байгаа процессын асуудлууд хэр оновчтой байдлаар хөндөгдөж байна гэж та бодож байгаа вэ?
-Энэ бол системдээ биш, процессдоо сонгуулийн зөрчил байгаа гэдгийг улс төрийн намууд хүлээн зөвшөөрч байгаагийн шинж. Яг үнэндээ сонгуулийн систем мажоритар байна уу, пропорциональ байна уу гэдэг олон түмэнд хамаагүй. Гол нь процессийн алдаагүй шударга, сонгууль явах ёстой. Дунд нь гараад байдаг санал давхар тоолдог, хүн зөөдөг, мөнгө тараадаг зүйлийг арилгах хэрэгтэй. Ингэвэл сонгууль шударга явагдана.
-2008 оны байдлаар сонгууль явсан тохиолдолд гурав дахь хүчний орон зай яах юм бэ.Тэдэнд хохиролтой юм биш үү?
-Гуравдагч нам олон намын тогтолцоо гээд л ярьдаг л юм. Гэвч энэ бол мөн чанартаа ардчилал өөрөө өөртөө гай болдгийн нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, хэтэрсэн ардчилал өөртөө гай болдог гэсэн үг. Үнэхээр улстөрч болох Гээд улс төрийн нам болох гээд байгаа юм бол ядахдаа баг, хороон дээр өөрийн төлөөлөлтэй болох хэрэгтэй биз дээ. Эхлээд тэр хорооны иргэдэд хүрч ажиллаач. Тэгэхгүйгээр л шууд дээд төвшинд асуудал яриад явах юм. Ийм хэмжээний зүйл хүсээд байгаа юм бол орон нутгийн сонгуульд ороод суманд бодлогоо явуулаад, боловсон хүчнээ байршуулаад, амьдралыг нь өөд нь тат л даа. Өнөөдөр гурав дахь хүчин хэмээн өөрсдийгөө нэрийдээд байгаа хүмүүс тэгж чадахгүй байна. Аливаа юмыг доороос нь эхлэх ёстой. Ингэж чадахгүй улстөрч, улс төрийн нам нэртэй хүмүүс улс орны том том бодлогыг ард түмний нэрийн өмнөөс гэж яриад байгааг би ойлгодоггүй. Ядахдаа нэг аймгийн төлөөлөлтэй бол л доо. Өнөөдөр хүссэн хүсээгүй МАН, АН гэсэн хоёр нам парламентад өөрийн төлөөлөлтэй, орон нутагт өөрийн боловсон хүчинтэй байгаа. Ийм л намууд гараад ирээсэй гэж бодож байна. Түүнээс энэ талбай дээр жаахан жагсаж, туг далбаа эргүүлж, хүн худалдаж цагаар жагсаачхаад нам болчихдог хэлбэр утгагүй байна. Тэгээд үүнийгээ улс төр хийсэн гэж үзэж, дарга сайд болно, өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлнэ гэж байгааг би сайн ойлгодоггүй юм.
-Хоёр танхимтай парламентын талаар яриад эхэлчихлээ.Та үүнийг юу гэж үзэж байгаа вэ?
-Сонгуулийг зөв зохион байгуулах гэсэн эрэлхийллийн нэг арга зам. Хоёр уу, 20 танхимтай парламент байна уу гэдэг чухал биш. Гол зарчим бол ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөллийг л алдагдуулж болохгүй. Энэ төрийн бодлогыг орон нутагт хүргэдэг, орон нутгийн амьдралыг эргүүлээд төрд энэ танхимд хүргэдэг байх хэрэгтэй. Өнөөдөр бүс нутгийн хөгжлийн төвшин, нийгмийн сэтгэл зүй өөр өөр байна. Тэр болгоны эрх ашгийг жигд хангасан шийдвэрийг л энд гаргуулахын тулд дуу хоолой нь байх ёстой.
-Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий байгууллага дотор нь сууж байгаа хүний хувьд ирэх 2012 оны сонгуулийг ямар байдлаар явна гэж харж байгаа вэ? Улс төрийн голлох хүчнүүд өөрсдийн улс төрийн байр сууриа илэрхийлчихсэн байгаа ч гэсэн энэ асуудал ойлгомжгүй байна?
-Мэдээж  энэ хоёр нам нийгмийн гол ачааллыг үүрнэ. Тэр үүднээс ард түмний   дийлэнх нь энэ хоёр намдаа 'итгэл үзүүлнэ байх гэж бодож байна. Гурав дахь хүчний орон зайн төлөө өнгөрсөн 20 жилийн хугацаанд хүмүүс тэмцэж байна » л даа. Эдгээр  хүмүүс  шууд дээшээ харж байхаар тэр доод хэсэг рүү нэг хараад үзээсэй гэж хэлмээр байна. Аймаг, дүүргийн сонгуульд ялалт байгуулчхаад ирвэл ард түмний өмнө хэлэх үгтэй болно. Түүнээс нэг хэсэг бүлэг хүмүүс нэгдээд ард түмний нэрийг бариад дайраад байх нь их утгагүй, хоосон сонсогдоод байна. Ийм цуурай шиг хэлбэртэй байгаа болохоор гурав дахь хүчин үүсэж чадахгүй байна.
-Хамтарсан Засгийн газар байгуулсны маргаашаас эхлээд л салж, нийлэх асуудал хөндөгдсөн.Одоо ч хөндөгдөж байна.Та үүнийг юу гэж харж байна?
Улс орны том эрх ашгийн төлөө хамтраад ажиллая гэсэн их сайхан саналыг манай нам АН-д тавьсан. Тэд тэгье гэсэн. Одоо хэрэггүй гээд хаяад явбал яваг. Нэгэнт манайх олонхоо бүрдүүлсэн, дангаараа засгаа бүрдүүлэх бүхий л чадавх, нөөц бололцоо нь байгаа болохоор асуудал алга. Энэ бол АН-ын асуудал. Улс орныхоо зовлонг хамтдаа үүрэх үү, үгүй юу гэдгээ өөрсдөө шийдвэрлэнэ биз. Ер нь АН-тай манай нам байсан ч, байгаагүй ч асуудлаа аваад явах бүрэн чадалтай нам.
-Сонгууль дөхөж байгаа болохоор сүүлийн үед намуудын санхүүжилтийн асуудал их хөндөгдөх боллоо.Та улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох гаа хад дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Сонгуулийн хуультай холбоотойгоор улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал хөндөгдөх нь зүй ёсны асуудал. Яаж тусгагдаж, өргөн барих нь тодорхойгүй байна. АН 2012 оны сонгуульд нэр дэвшигчдэд 50 сая төгрөгийн босго тавьсан. 2010 оны ХОМ-т орлого нь 50 сая хүрэхгүй байгаа хүмүүс одоогийн УИХ-д байгаа. Тэдгээр хүмүүс УИХ-д нэр дэвших гэж 50 сая төгрөг олохын тулд нэг бол зээл эсвэл авилга авна. Нөгөө бол ашиг сонирхлын зөрчилд орох буюу нэг компаниас мөнгө авч эрх ашигт нь үйлчилнэ гэсэн үг. Орлогогүй байж УИХ-д 50-100 сая төгрөг зээл тавин байж орж ирээд ашиг сонирхлын зөрчилд ордог энэ асуудлыг тодорхой болгоход л ХОМ-ийн давуу тал байгаа. Алхам алхмаар хулгай хийж, худал хэлэх боломжийг ХОМ-ээр хааж өгч байгаа юм. Та бүхэн мэргэжлийн хүний хувьд хэн хэн намдаа 50 сая төгрөг төлсөн байна. Үүнтэй нь ХОМ нь нийцэж байна уу гэдгийг нягтлаад үзэх хэрэгтэй. Хаанаас тэр их мөнгөний эх үүсвэрийг бий болгов. УИХ-д нэр дэвших хүн 50-100 сая төгрөг зээлээд орж ирэх боломж ямар байх билээ. Үүнийг харьцуулж олж харах боломж олон нийтэд хэдийнэ бий болсон.
-Та намуудын санхүүжилтийг ил тод болгох асуудлыг дэмждэг үү.Танай нам хэзээ энэ алхмыг хийх юм бэ?
-Зайлшгүй шаардлагатай. Сая Германы Ерөнхий сайд улс төрийн намын санхүүжилтийн асуудлаас болж огцорлоо. Ардчилал гэдэг энэ нийгэм маань биднээс энэ ил тод байдлыг цаашид бүр ч ихээр шаардах болно. Цаашид  аж ахуйн нэгж, хувь хүн тийм хэмжээний мөнгө хандивлана гэдгийг заагаад өгнө байх.Үүнийг дагаад сонгуулийг боловсронгуй болгох явцтай холбоотойгоор сонгуулийн зардал багасна. Ингээд ирэхээр удахгүй бүх зүйл тунгалаг болно.
-Шүүх эрх мэдлийн шинэтгэл гэж нэг хэсэг л ярилаа.Та эрх зүйч хүнийхээ хувьд үүнийг юу гэж харж байв?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар шүүх, прокурор, Засгийн газар цагдаа гээд л тус тусдаа ярихын оронд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын эрх зүйн байгууллагад шинэчлэлт явагдсан. Үүний үр дүн нь юу юм бэ гэдгийг салбар бүр тус бүрдээ харах цаг болсон. Цагдаа ямар үр дүнд хүрсэн юм бэ. Прокурорын байгууллагын өнөөгийн эрх зүйн зохицуулалтын эерэг ба сөрөг тал юу юм бэ. Хэрэг бүртгэл, шийдвэр гүйцэтгэл нь ямар байгаа юм бэ гэдгийг салбар тус бүр харах ёстой. Тэгээд үүнийгээ хоорондоо нэгтгэж, цогцоор нь шийдвэрлэхгүй бол дахиад л зөрчилдөөнтэй, салбар хоорондын хөгжил, арга барилаас хамаарч өөр өөр байгаад байна. Хүссэн хүсээгүй нэг цогц байхыг шаардаад байна. Шүүх нь тасарчхаар прокурор нь хоцорч болохгүй. Шүүхийн шинжилгээний тоног
төхөөрөмж нь муу байхад цагдаа хэчнээн сайн ажиллаад ямар ч нэмэргүй. Үүнтэй ялгаагүйгээр цагдаа, прокурор, шүүх нь их сайн ажиллаад хүнээ яллаад шийдвэр гүйцэтгэх газарт өгтөл тэнд хүний эрх зөрчигдвөл бүх ажил унана. Тиймээс цогцоор нь дүгнэх хэрэгтэй байна. Аль байгууллагаа өөд нь татах вэ, өнөөгийн боловсон хүчин одоогийн шинэтгэлийн шаардлагыг хангаж чадаж байна уу, ямар тоног төхөөрөмж дутаж байна, гэмт хэргийн гаралтыг Монгол Улсын төр хянаж чадаж байна уу, аль салбар нь доголдож байна гэдгийг багцаар нь харах хэрэгтэй байна гэж үзэж байна.
-Манай хууль зүйн салбарт сүүлийн үед нам, фракц, нутаг ус харгалзаж томилгоо хийгддэг болчихжээ. Энэ нь эргээд нийгмийн тэнцвэртэй байдлыг хангаж байдаг салбарт олон асуудал үүсгээд байгаа юм болов уу гэх зүйл ажиглагдаж байна. Мэргэжлийн хүний хувьд өөрийн салбарт үүсээд байгаа иймэрхүү нөхцөл байдлыг юу гэж хардаг вэ?
-Нутгийн чанартай томилгоо болж бүтэхгүй байгаа бүх зүйлийн үндэс, суурь болж байна гэж харж болохгүй байх. Ер нь тийм хандлага байгаа нь бол ажиглагддаг. Үндсэндээ хууль хяналтын нэг талд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сайд, нөгөө талд нь Д.Дорлигжав прокурор байна. Үүнийг дагаад нутгийн чанартай, үнэртэй томилгоо хийгдээд байна гэдгийг хэлж байна гэж ойлгож байна.
-Тийм ээ. Хууль зүйн салбарт эрх бүхий албан тушаал хашиж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр Увс, Ховдын фракц гэж ялгаж ярихаас өөр аргагүй байдалд хүрч байна л даа?
-Аль аль нь том улстөрчид учраас хэт нэг талыг барьсан нийтэд хор хохирол учруулсан тийм зүйл явуулахгүй байх гэж найдаж байна. Нэг нутаг усны хоёр хүн монголын хуулийн ноён оргилд сууна гэдэг чинь өөрөө эргээд хариуцлагын асуудал. Асуудлыг завхаруулбал эргээд маш том зүйл үүснэ. Тэднийг монголын ард түмэн харж байгаа.
С.Энхзаяа
2011 оны 5-р сарын 03, Мягмар гариг
Монцамэ мэдээ

No comments:

Post a Comment