Tuesday, 24 April 2012

Б.Батзаяа: Залуу байхдаа сэтгэлээрээ, дунд эргэм насандаа хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр нисч явлаа


Хошин урлагийн мастеруудын нэг, “Азтай бадарчин” наадмыг үндэслэгч, Монгол улсын гавъяат жүжигчин Батзанын Батзаяатай амьдрал, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ. 

-Та  50 насныхаа босгон дээр үзэгч олондоо уран бүтээлээ тайлагнахдаа “амьдралын шинэ түүх эхэлж байна” гэж ярьж байсан. Шинэ түүхийн эхлэлээс яриагаа эхэлбэл ямар вэ?
- Хүний амьдралыг зуунаар хэмжвэл нэгдүгээр боть төгсөж, хоёрдугаар боть эхэллээ гэж. Ямар ч байсан нэгдүгээр ботио үзэгч түмэн, уран бүтээлч хамт олонтойгоо тайлагнаад хаасан. Харин хоёрдугаар боть эхлээд хэдхэн сар болж байна. Энэ хооронд залуучуудтай хамтарч хэд хэдэн уран бүтээл хийлээ. Мөн хөдөө орон нутгаар ч явлаа. Бас Монголын хошин урлагийн академийнхаа үйл ажиллагааг илүү өргөн дэлгэр болгож, өргөжүүлэн, бодлогын хувьд өөрчлөлт хийх бодолтой байна. Бид Монголын хошин урлаг шинэ шатанд хөгжсөний 20 жилийн ойг хойтон жил хийнэ. Энд одооноос бэлтгэж байна.

-Сүүлийн  20 жилийн хошин  урлагийн түүхийг нэг нэгэнгүй мэдэх хүн бол та шүү дээ. Энэ хөгжил таны санаснаар байна уу?
-Аливаа юм урагшаа алхах тутамдаа л хөгжлийг бий болгож байдаг хойно. Гэхдээ бидний ажлын үр дүнг үзэгчдийн үнэлэлт, дүгнэлт өгнө шүү дээ. Тиймдээ ч үзэгч гэдэг шүүгчид өнөөдөр яаж дүгнэж, цэгнэж байгааг судалгаагаар гаргахыг хүсч байна. Тэрнээс би өнөөдөр манай хошин урлаг ингэж байна, тэгж байна гэж дүгнэж ярих нь зохимжгүй юм. Гэхдээ л манай хошин урлаг хөгжиж байна. Бид төрөөс төсөв мөнгө гэж нэг зоос ч аваагүй. Бас хэн нэгнээс  алгаа тосоод зүгээр суусангүй. Манайхан урлагийн байгууллагууд дундаа зах зээлд хамгийн түрүүнд бүрэн шилжиж чадсан хамт олон шүү. Энэ маань бизнесийн хөгжилд  ч томоохон алхмыг хийж чадсан. Өнөөдрийн цаг үед аливаа зүйл нийгмийн шалгарлаараа л явж байгаа харагддаг. Нэг ёсондоо хүний болоод нийгмийн амьдралд юу тохиолддог вэ тэр жамаар л явна. Алдаа, оноо, даваа нугачаа бүхнийг л туулсаар  яваа.

-Өнгөрсөн түүхийг жаахан сөхвөл сонин байх болов уу. Анхны хошин урлагийн театраас…?
-1991 оны эхээр Хүүхэд залуучуудын театрт хамт ажиллаж байсан гавьяат И.Одончимэг, Б.Туяа, жүжигчин О.Энхтуул, Амгалан, гэрлийн техникч Хүрлээ, СТА Энхбаатар бид нар театраас  өрх тусгаарлан гарч Монголын хошин урлагийн театрыг байгуулж байлаа. Дараа нь бид хэд дээр МУГЖ Л.Чаминчулуун, Д.Жагдаг эгч нар маань нийлээд энэ айлын тулгын чулууг тавьсан юм даа. Тухайн үед Монголд хошин урлагийн театр үнэхээр дутагдаж байсан. Тэр орон зайг бид нөхөж гарч ирсэн. Тэр үед нийгэм маань ямар байлаа. Ардчиллын салхи үлээсэн тэр цагт хүмүүсийн тархи  толгойд зөв өгөөш өгч, тэдний сэтгэхүйг өөрчилөхөд манай театр маш их үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Би аль ч намын гишүүн биш л дээ. Гэхдээ ардчиллыг дэмжиж явдаг хүн. Тиймдээ ч анхны ардчиллын хуралд оролцож  “уран бүтээлчид бид жад, сэлэм юм“ хэмээн өөрийн үгээ хэлж л явлаа. Одоогоос хэдэн жилийн өмнө бас “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэж Ленин хэлсэн бол “Бүх урлагийн дотроос хамгийн ардчилсан нь хошин урлаг мөн” гэж хэлж явлаа. Энэ л ардчилсан хувьсгалтай хамт ардчилсан нийгмийн хувийн анхны сектор болж уран бүтээлээ эхэлсэн түүх  эндээс  үргэлжилнэ л дээ. Тэгэхэд одоогийнх шиг юм гэж байсангүй. Зарлал, билетээ өөрсдөө гараараа зурна. Цуу, ямбууг бэхэлж байгаад гараараа анонсоо хийдэг байлаа. Билетээ зөвхөн хар, цагаанаар хэвлэнэ. Ингээд л ярьвал түүх хүүрнэх зүйл олон бий л дээ. Ингэж л Монголын хошин урлаг гэдэг төрөл жанрыг хөгжүүлж, өнөөдрийг хүрэхийн тулд манай бүх продакшн, хамтлагуудын уран бүтээлчид бүгд чармайн зүтгэж ирсэн.

-Та “Би өнгөрсөнд хэн байснаа мартдаггүй, ирээдүйд хэн болохоо мөрөөдөж явдаг жирийн л нэгэн эр” гэж хэлж байсан. Та өнгөрсөнд хэн байсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд би  би л байсан. Одоо ч би, хойшид ч би байх болно. Би энэ хошин урлаг гэх жанр төрлөөр уран бүтээл хийх юмсан, Монголд хөгжүүлэхсэн гэж  Монголын хошин урлагийн театрын үйл ажиллагааг зохион байгуулдаг байлаа. Мөн би хошин урлагийн академийг байгуулж, үйл ажиллагааныхаа хүрээнд “Азтай байдарчин” хошин урлагийн наадмын зохион байгуулж байсан.

-Та сая залуус бидний алдаа онооноос суралцана биз дээ гэж ярьлаа. Ер нь сүүлийн үеийн уран бүтээлчдэд та ямар дүн өгөх вэ?
-Бидэнд магтах бас буруушаах юм олон бий л дээ. Харин одоо шүүхийн танхимд байцаалт явуулж байгаа юм шиг ярих нь дэмий байх. Алдааны тухай би ярих дургүй. Гэхдээ хүний. Харин өөрийнхөө алдааг ярихад нэг их тоохгүй л дээ. Яагаад гэвэл цаад хүлээж авч байгаа хүн нь би өөрөө болохоор тэр.  Мэдээж ололт амжилтыг ярих сайхан шүү дээ. Оносон ололтыг нь хэлж, хүнд урмын үг хайрлана гэдэг бол хүний хөгжих дэвсгэр болж өгдөг. Шүүмжлэл бас хүнд ташуур, ухаарлыг хайрлах нь бий л дээ. Гэхдээ үүнийг хүлээж авах хүмүүсийн оюун  санаа дутмаг байдаг юм. Тийм ч учраас өчнөөн зөрчил маргаан эндээс л эхэлдэг. Энэ нь ганцхан уран бүтээлч бидэнд ч биш улс төрчдөд  ч байгаа биз дээ.

-Шүүмжлэлд бухимддаггүй хэрэг үү?
-Намайг хүн шүүмжлэхэд би дуртай. Би олон жилийн турш өнөө “ялаа, сайд хоёрыг сонингоор алдаг” гэгчээр алуулж л ирлээ. Шүүмжлэлийг аль утгаар нь авах вэ гэдэг тал дээр би өөрийн гэсэн бодолтой хүн. Гэхдээ энэ бүхэнд миний мууг үзэх гэж шүүмжилж байна гэсэн атгаг санааг хэзээ ч өвөрлөж явсангүй. Харин энэ ч нээрээ багцаа нь байна шүү. Энэ ч ер нь намайг төчнөөн хувьтай шүүмжилж дээ гэж бодоод л өнгөрдөг. Ер нь тэгээд алдаа, оноогүй хэн байхав.

-Уучлаарай гэхдээ танд ойворгон, онгироо явсан үе бий биз дээ?
-Байлгүй яахав. Өнөө үхлээс л бусдыг үзлээ гэдэг шиг дээшээ ч тэнгэрт хүрэх шахаж явлаа. Доошоо газарт чангахан унаж ч явлаа. Би ийм тавилангаар яваадаа бахархалтай байдаг юм шүү. Надад бурхан хүний амьдралд байдаг зүйлийг л тэгш сайхан заяасан юм байна лээ. Дээшээ ч явлаа. Доошоо ч явлаа. Өвдөг сөхрөхдөө ч сөхөрч л үзлээ. Өндийж босохдоо ч ялгаагүй. Энэ бүхэн надад ухаарал хайрлаж энэ Батзаяа гэдэг хүн “Тийм хүн юмаа” гэсэн хувь хүний шинжийг бүрдүүлж өгсөн гэж боддог. Тэрнээс би бусдыг аялдан дагаж байсангүй. Миний өлгий, унах газар их зөөлөн байж, нисэх газар маань их өндөр, хол байсан бол би ер нь их тэнэг хүн болсон байж магадгүй шүү дээ. Эцгийн сургааль ташууртай хамт нийлэхээрээ үг нь үнэн болоод, сур нь хатуу байдаг. Бас гэхдээ хэрэгтэй үед эцэг чинь духан дээр үнсэж хайрладаг юм гэдгийг амьдрал надад харуулсан. Угаасаа хүний ёсноос гажууд юм болоод ирвэл хүн бүхэнд л таалагдахгүй шүү дээ. Харин би өөрөө бусдад таалагдах гэж аяглаж, баг өмсөж амьдрах юм бол тэр буруу. Би тэгж үнэхээр чаддаггүй юм. Байгаагаараа л байх дуртай. Уурласан ч өөрийнхөөрөө,  инээсэн ч ялгаагүй. Тэрнээс хүнийхээр инээж, уурлаж, сэтгэж, хүнийг аялдан дагаж амьдрах юм бол хувь хүн Батзаяа алга болчихно биз дээ.

-Гавъяатын нисч явсан үеийг цаг хугацаагаар ярьвал?
-Залуу байхад сэтгэлээрээ нислээ. Дунд эргэм насандаа ажил хөдөлмөр, хийсэн уран бүтээлээрээ нислээ. Хөрөнгө мөнгөөр нислээ. Өдий насанд тавь гараад ирэхээр дүгнэлтээрээ нисч явна даа.

-“Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн танайд зочлоход та яг өөрийнхөөрөө л байж чадсан нь олон хүмүүст хүрсэн шүү…
-Би байгаагаараа л байсан. Өнөө баг зүүгээгүй л байхгүй юу. Тэрнээс энэ нэвтрүүлгээр дулдуйдан ямар нэг тусламж эсвэл ямар нэг цаад санаа агуулаагүй л дээ. Үүнийг маань ч хүмүүс зөвөөр ойлгосон байна лээ.

-Гэхдээ нэвтрүүлгийн дараа тоглолтоо хийсэн таныг байртай болж чадсан болов уу гэж чих тавих хүн олон байсан?
-Би байртай болох гэж тоглолт хийгээгүй ээ. Тавин насны босгон дээр хийснээ л ард түмэндээ тайлагнасан. Энэ тоглолтын дараа “Батзаяа өчнөөн сая төгрөг өвөртлөж гэнэ. Байртай болж гэнэ” гэсэн явган яриан зөндөө л гарсан даа. Тэгэхээс ч аргагүй юм. Ямарваа  нэгэн юм хоёр талтай байдаг хойно. Би тэгж ярьлаа гээд урваганаад байх юу байхав. Тэртээ тэргүй миний амьдарлыг ард түмэн харж л байгаа. Зарим нь хэдэн өрөө байртай болов гэж асууж л байна лээ. Тэгэхээр би “ашдын билэг болох байхаа л” гээд өнгөрдөг юм. Мэдээж тоглолтын дараа тодорхой хэмжээний ашиг байсныг нуугаад яахав. Үүнийг би хамтарч ажилласан хүмүүсийн хөдөлмөрийн хөлс, байр савны түрээс, өөрийн сувилал эмчилгээндээ зарцуулсан. Бас хүүдээ зориулсан. Би чинь хоёр хүүтэй. Том хүү маань Бээжинд олон улсын эдийн засаг, банкны чиглэлээр сурдаг. Бага нь энд герман сургуульд сурдаг.

-Та ер нь хэр аав бэ?
-Олигтой аав гэж дүгнээд яахав. Гэхдээ бас олиггүй аав ч гэж өөрийгөө хэлмээргүй байна. Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл, санаа өвдөж зовдоггүй хэн байхав. Тэр утгаараа хоёр хүүхдэдээ дэм тус болчих юмсан. Эцгийн үүрэг ролийг биелүүлэхсэн  гэж боддог. Өмнө нь алдаа оноотой байгаад биелүүлж чадаагүй зүйл байвал танагтай байгаа дээрээ биелүүлчих юмсан л гэж зүтгэж байна.

-Таны хийж, олонд хүрсэн “Бэрсүүт жүрж”, “Ертөнцийн эзэнд тохиолдсон хөгтэй явдал” зэрэг кинонуудыг мэдэх юм байна. Та одоо кино зохиол бичиж байна уу. Бас өнөөгийн киноны тухайд таны бодол?
-Би уран бүтээлч хүний хувьд хийх юмсан гэсэн хүсэл их байна. Кино, бас телевизийн олон ангит кино хийх юмсан гэж бодоод тодорхой хэмжээний зохиол дээр ажиллаад нэлээн хэдэн ангийг нь бичээд л явж байна. Уран бүтээлч хүн юу эсийг санахав дээ. Гэхдээ борооны дараах мөөг шиг аливаа юм руу хошуурч болохгүй. Өөр өөрсдийнхөө ам толгойтой байх ёстой. Өнөөдөр кино хийгээд мөнгө олно гэж муйхарлан дайрах хэрэггүй. Урлагт хайхрамжгүй хандаж болохгүй. Урлагийг бид хайрлаж хүндэлж, дараа дараагийнхдаа үлдээх ёстой өв шүү дээ. Нөгөө талаас манайхан чинь ямар нэг юманд их хошуурамтгай. Барилга бариад эхэлсэн чинь бүгд л барилга бариад юу болчихов. Одоо тэгсэн бүгд л кино хийгээд л. Гэхдээ хүмүүсийн хийсэн уран бүтээлийг буруушааж байгаа юм биш шүү. Сүүлийн үед сүлжээ, барилга газар аваад, ямар ч цаг үе нь болоод байгаа юм бүү мэд. Бас сүүлийн үед харж байхад бөө болоогүй хүн ч байхаа байлаа. Жаахан бие нь өвдөхөөр нь “Миний үе ирж, ав” гэдэг юм уу хаашаа юм сүлжээ шиг л юм харагдаад байх юм.
  -Таны хүүхэд насандаа тоглосон “Хөдөөгийн баясгалан”-гийн Болд, “Мартагдашгүй намар”-ын Отгон хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн сайхан дүр болсон. Уран бүтээлчийн хувиар бол та их азтай хүн шүү?
-Д.Жигжид гэж агуу хүн намайг олж, тэр хүний нүд, сэтгэлд өртсөн нь миний уран бүтээлч болох замыг заасан. Би одоо ч “Хөдөөгийн баясгалан”-гийн Болд, “Мартагдашгүй намар”-ын Отгон нэрээрээ хүмүүст хайрлагдаж явна. Тийм л дүрээрээ хүмүүст хүрсэн байдаг болохоор заримдаа намайг уурлахаар хүмүүс гайхаад байдаг юм. Пөөх та чинь уурладаг юм уу гээд л нүд нь орой дээрээ гарах шахна.  Ажил төрөл хөөцөлдөж яваад жаахан бүтэхгүй болохоор тайзан дээр  байдаг шигээ чанга чанга яриад л, жоохон эмоци хөдлөөд л ирвэл таныг  уурладаг  гэж огт бодоогүй, та  чинь гээд л эхэлнэ дээ. Д.Жигжид гуай намайг жүжигчнээр биш яг л тэр хүүхдээр нь зураг авалтыг хийсэн нь тэр дүрийн мундаг том амжилт. Тэр ухаантай хүн яавал хүнд хүрэх вэ гэдгийг тэгж мэдэрсэн байна шүү дээ. Манайхан өнөөдөр хүүхдийг яагаа ч үгүй эрт хөгшин болгочих юм. Хүүхэд хүүхдээрээ байж, энэ наснаасаа хэр зэрэг хэр орой сална тэр чинээгээр сэтгэл санаа арвин, ариун байдаг юм. Яагаа ч үгүй хүүхдийг бага насанд нь "од" болгож давхиулаад л байгаа харагдах юм. "Од" гэдэг чинь харвах нигууртай шүү дээ.

-Та хэдэн онд МУ-ын гавъяат жүжигчин болж байсан билээ?
-Хэдэн онд гавъяат авснаа санадаггүй юм. Гавъяагаа бага санаж, алдаагаа ухаарч явъя гэж тэр л дээ.

-Ярилцсанд баярлалаа
24tsag.mn

No comments:

Post a Comment