Засгийн газрын хуралдаанаар Япон улсын иргэдийг Монголд 30
хоногийн хугацаатай зорчиход визээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сарын нэгээс эхлэн Япон улсын иргэд манай улсад
30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчихоор боллоо. Энэ талаар Гадаад
харилцааны сайд Г.Занданшатараас тодрууллаа
-Япончуудыг визгүй зорчуулахын ач холбогдлыг юу гэж үзсэн бэ?
-Гол зорилго нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
Монголд жил 12-14 мянган иргэн зорчдог. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны
800 жилийн ойгоор Японы иргэдийг визээс чөлөөлсөн. Ингэхдээ ах-мад настай,
визийн өргөдлийг бөглөхөд хүндрэлтэй, Токиогоос виз авахад хүндрэлтэй хүмүүсийг
хамруулж байсан. Үүний үр дүнд жуулчдын тоо нэмэгдэж 20 гаруй мянган хүн
Монголд айлчилсан. Нэг жуулчин 350 орчим ам.долларыг Монголд зарцуулдаг гэсэн
судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам гаргасан.
Ингэхээр 13-14 сая ам.долларын орлого оруулах бололцоотой. Нөгөөтэйгүүр, Япон
улс Монгол Улсын гол хандивлагч орон. Визгүй болгосноор иргэд хоорондын
харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой төдийгүй бизнесийн харилцааг
хөгжүүлэхэд ч үр дүнгээ өгнө гэж бодож байна.
-Тэгтэл манай улсын иргэдийг Японд визгүй зорчих талаар яригдаж байгаа юу?
-Монгол Улсаас Япон улсад олон удаа зорчдог соёл урлаг,
спортын салбарын бизнесийн салбарынхны визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож
байх, албаны визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тухай асуудлыг манай талаас
тавьсан. Ер нь Ази тивд хойд Солонгос, Бирм, Монгол Улс гурав л Японы иргэдэд
визтэй зорчуулдаг юм байна. Япончуудыг визгүй зорчуулахаар болсон нь монгол
иргэдийн Японд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар үе шаттай хэлэлцэх боломж
олгох, Монгол Улсад үзүүлэх жижиг дунд үйлдвэрлэлийн зээл тусламжийн асуудал
шийдэгдэх талд хоёр улсын хооронд ярилцаж байгаа.
Д.Навчаа
2010 оны 3-р сарын 25, Пүрэв гариг
Өдрийн сонин
No comments:
Post a Comment