Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Бэлэн байдлыг хангахын тулд зарим анги,нэгтгэлүүдэд үүрэг өгсөн


Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр
УИХ дахь, Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг "Хууль бус томилгоо хийсэн, зарим хүний үндэслэлгүйгээр ажлаас нь хатан, жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулсан" хэмээн буруутгаж байгаа. Ингээд дээрх асуудлыг судлах ажлын хэсгийг Э.Бат-Үүл, З.Энхболд, Н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.
-Ардчилсан намын бүлэг танаас зарим асуудалд хариулт өгөхийг хүссэн байна. Буруутгаж байгаа зүйлсийн талаар тайлбар өгөхгүй юү?
-Ардчилсан намын бүлгийнхэн надаас мэдээлэл авахыг хүссэн. Би өгнө. Тодруулга авах гэсэн шалтгаан нь манай яаманд болж буй томилгоотой холбоотой гэсэн. Хариуцлагатай хэлэхэд миний бие өнөөдрийг хүртэл аль нэгэн хүнийг улс төрийн шалтгаанаар халах тушаал гаргаагүй. Халах тушаал гаргасан зүйл бий.
Түүнийг Зэвсэгт хүчний жанжин штаб биелүүлэх үүрэгтэй.
Юу гэвэл зэвсэгт хүчний анги нэгтгэлээс зохион байгуулалттайгаар цэргийн хүнс шамшигдуулсан асуудал хоёр анги дээр гарсан. Тиймээс тухайн хүмүүст хариуцлага тооцон, холбогдох газарт нь шилжүүл гэсэн тушаал байгаа юм. Мөн нэг цэргийн албан хаагчийг хүнд бэртээсэн офицерын асуудал бий. Хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцсан учраас ноцтой бэртэл учруулсан.Тиймээс тэр офицерыг ажлаас нь хал гэсэн бас нэг тушаал байна.
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатарыг албан тушаалаас нь халсан гэсэн мэдээлэл байна?
-Тэр хүн яаманд хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Батлан  хамгаалах яам, зэвсэгт хүчин гэдэг боловсон хүчнээ сургах, бэлтгэх, томилох, өөр анги нэгтгэлд   шилжүүлэх, удирдах командын бүрэлдэхүүнд тавих гэх мэтэд өөрийн гэсэн тогтсон дүрэмтэй салбар юм. Үүнийг энгийн бусад яамтай хольж ойлгоод байна. Яагаад гэвэл Батлан хамгаалах яаманд байгаа албан тушаалтан бүрийн үүрэгт тавигдах шаардлага их өндөр. Ялангуяа мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Тэр асуудлынхаа хүрээнд зарим хүмүүс сэлгэн ажиллах шаардлага гардаг. Ялангуяа нэр нь дурьдагдаад байгаа Ш.Сүхбаатар даргын хувьд өөрөө хуулийн өндөр мэдлэгтэй. Тиймээс манай хуулийн хэлтсийг аваад явах нь тэр хүний мэргэжил, мэргэшсэн байдал гээд бүх зүйлд таарч байгаа юм. Тиймээс ямар нэгэн хүнийг ажлаас нь халсан юм биш. Сүхбаатар дарга ч гэсэн "Би энэ хэлтэст ажиллая, миний чадах ажил тэнд байна" гэж тохиролцсоны үр дүнд шилжүүлсэн. Харин хэвлэлээр гараад байгаа асуудлыг би ойлгохгүй байна. Ямар ч байсан Сүхбаатар гэдэг хүний зүгээс биш байх. Бид өдөр бүхэн холбогдож, харилцаатай ажилладаг. Харин өөр шугамаар ингэж улс төр хийгээд байгаа нь ойлгомжгүй.
-Таныг сонгуулийн үеэр ажиллах тусгай салаа байгуулах үүргийг өгсөн гэж байна. Энэ үнэн үү?
-Би Батлан хамгаалах яаманд ганцаараа очсон гэдгээ хэлмээр байна. Миний жолоочоос эхлээд ахлах зөвлөх бүгд цэргийн мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Харин миний бие л тэнд очсон цор ганц энгийн хүн байна. Цаашид ч ийм байх учиртай. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь туйлын чухал асуудал. Энэ салбар хангалттай улстөржсөн. Улстөржүүлнэ гэдэг зэвсэгт хүчний салбарын бэлэн байдлыг унагадаг. Зэвсэгт хүчинд ухамсарт амьдралаа зориулсан цэргийн албан хаагчдын ирээдүйд итгэх итгэл, карьер хөөх сэжим унтардаг. Ялангуяа цол олгож байгаа асуудлыг хэлэх гэж байна. Шат алгасан өндөр тушаал олгодог байдал бий. Тиймээс улс төрөөс ангид байлгах, дээрээс нь цэргийн шаардлагад нийцсэн томилгоо байх хэрэгтэй юм.
-Мэргэн буудагчтай, тусгай салааны талаар сонирхоод байна л даа?
-Батлан хамгаалах салбарын гол үүрэг нь байлдааны бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалахад бэлэн байхыг анги, нэгтгэлүүдэд өгдөг. Тэр хүрээнд зарим анги нэгтгэлтэй танилцан, шаардлагатай тоног төхөөрөмж, галт зэвсгээр хангах асуудал ярьсан. Тэр маань л дээрх мэдээллийг гаргасан болов уу. 2008 оны долдугаар сарын 1-н бидэнд том сургамж өгсөн. Нөхцөл байдал хүндрэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарладаг. Энэ нөхцөлд мөн, муугаар бодоход Улаанбаатар хотын 20, 30 хувь нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн тохиолдолд энэ олон хүнийг нүүлгэн шилжүүлэх гүйцэтгэх чадавх зэвсэгт хүчинд байх ёстой юм. Энэ нь өнөөх бэлэн байдал. Тиймээс л зарим анги нэгтгэлүүдэд үүрэг өгсөн. Үүнийг ташаа мэдээлээд байна. Монгол Улсын зэвсэгт хүчин хүчирхэг чадалтай байхын эсрэг дуугарч байгаа хэвлэл мэдээллийг ойлгохгүй байна.
-Бүлгээс таныг юу гэж байна?
-Би зарим зүйлийг ойлгохгүй байна. Ш.Сүхбаатар гэдэг хүнийг ажлаас нь халсан тул... гэсэн үндэслэлтэй бичиг Ардчилсан намаас ирсэн байна. Гэтэл Ш.Сүхбаатар хурандаа цолтой цэргийн хүн. Цэргийн хүн үүрэг гүйцэтгэж, тушаал биелүүлдэг. Хаана томилолт өгсөн, тэнд л ажилладаг. Тэр журмаар байх асуудалд улс төрийн намын бүлэг орж байгаа нь зохимжгүй. Эндээс харахад Ш.Сүхбаатар цэргийн биш, намын хүн шиг харагдаж байна.
Нийтлэлч
Э.Долгион
Эх сурвалж
Өдрийн шуудан
2012 оны 2-р сарын 16, Пүрэв гариг

No comments:

Post a Comment