Tuesday 17 April 2012

Х.Баттулга: Би мэдүүлгээ өгсөн. АТГ хэргийг шалгаж байгаа байх

УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХны хэсэг нөхдийн хамт Улсын Ерөнхий прокурорын газарт авлига авсан байж болзошгүй төрийн түшээдийн нэрс, шалгах хүсэлтээ өчигдөр өглөө. Ерөнхий прокурор Д.Дорлигжав ажлаар ОХУ руу явсан учир тус газрын Тамгын газрын дарга Б.Үнэнбат материалыг хүлээн авч, хариу мэдэгдэхээ хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Та авлига авсан байж болзошгүй гэх хүний тоонд Ерөнхий сайд С.Батболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг дурдсан байсан. УЕПГ-т өгч буй материалд нэмж хэнийг нэрлэсэн бэ?


-Төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүдтэй холбоотой хэрэг тэгсхийгээд замхардаг учир би АТГ-т өгсөн баримтаа прокурорын байгууллагад өгч байгаа юм. УИХ-ын тогтоолыг биелүүлээгүйгээс Таван толгойн бүтээн байгуулалтын ажил зогсчихсон. Хэрвээ бүтээн байгуу лалтын ажил эхэлсэн бол монголчууд хөгжлийнхөө эхний шатыг тавьчихсан, ажил урагштай байхсан. Прокурорын байгууллагыг онцгой анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

-Та зарим сайд авлигынхаа байранд амьдарч байна гэсэн. Гэтэл ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Яриад байгаа зүйл нотлогдвол албан тушаалаа өгөхөд ч бэлэн байна” гэж мэдэгдсэн. Таны танилцуулаад байгаа баримт хэр баталгаатай вэ?


-Би гүйцэтгэх албаны ажилтан биш. Харин магадлал бүхий баримтаа гарган өглөө. Үүний дагуу эрх бүхий газар нь шалгаад тогтоох байх.

-Та АТГ-т мэдүүлэг өгсөн үү. Таны өгсөн мэдээллийн мөрөөр шалгах ажил эхэлсэн болов уу?


-Тус газрынхан дуудсаны дагуу би очиж мэдүүлэг өгсөн. Мэдээллийн мөрөөр шалгах ажил эхэлсэн гэдэгт итгэж байна гэв. УИХ-ын гишүүн Л.Гүндалай Х.Баттулгатай хамт ирсэн юм. “УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдорж тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай 27 тоот тогтоолыг 2007 оны хоёрдугаар сарын 6-нд гаргасан. Гэтэл тогтоолоо хэрэгжүүлэхгүй байна. Стратегийн орд газрын ашгаас монголчууд хүртэхгүй зөвхөн олигархи 20 гэр бүлийн халаасанд орж байгаад бид бухимдаж байна” гэв.

Эх сурвалж
Өнөөдөр сонин

Хууль зүйн сайд “Төмөр зам барихыг чинь харна аа” гэсэн

2012-03-22 10:35:01

МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга оролцлоо. Таван толгой, дэд бүтэц гээд өргөн сэдвээр яриа өрнүүлснийг бид бүрэн эхээр нь нийтэллээ.

-Уг нь МоАХ-ны тэр­гүүнийг зочноор урьсныхаа хувьд МоАХ-ны IV Их хурал, араас нь үргэлжилсэн залуучууд, эмэгтэйчүүдийн чуулган гээд их ажлын тухай яриагаар нэвтрүүлгээ эхлүүлье гэж бодсон юм. Гэвч таван жилийн өмнө таны бичсэн “Таван толгойн бүрхэг ирээдүй” нийт­лэлийг уншлаа л даа. Та­ван жилийн өмнө ингэж бичиж байж. Гэтэл өнөөдөр ч бас тэр л хэвээрээ гэдгийг ан­заарлаа. Тиймээс энэ тухай яриагаар нэвтрүүлгээ эхэлье.

-2007 оны долоодугаар сард Таван толгойн ирээдүй бүр­хэг шүү, бү­тэх­­гүй асуу­дал, яагаад гэвэл... гээд бүх анализыг нь хийж нийтлүүлсэн. Ингэс­нээрээ тухайн үедээ нэлээд шүүмжлэлд өртөж байлаа. Гэтэл үүнээс хойш таван жилийн дараа Таван толгойгоос хувьцаа, хувь хишиг авна гээд ард түмний дунд их хүлээлт үүсчихэж. Энэ хүлээлтэд ямар нэгэн хариулт өгөх ёстой биз дээ. Харин би өнөөг хүртэл “Таван толгой худлаа шүү, улстөрчдийн заль мэх шүү” гэж ярьсаар л явна.

-Одоо ч бас уу?

-Таван толгойн хувьцаа хөрөнгийн биржид арил­жаалагдаад, эргээд 2.7 сая хүнд ашгаа өгнө гэдэг худ­лаа. Уг нь шалгадаг газар нь шалгаад, үр дүнг үнэнээр нь сөхдөг бол энэ маш том гэмт хэргийн шинжтэй юм. Өнөөдөр манайд хууль, шүүхийн байгууллага нь ямар байдалтай байгаа билээ. Улстөрчид нь ч бас өөрс­дийг нь шүүмжилж ярьсан нэгийгээ “Өөрөө нүүрс­ний ордгүй болохоороо хордоод ингэж яриад явна” гэж хүлээж авдаг. Аргаа бараад хэвлэлээр ярья гэхээр хэвлэл мэдээллийнхэн нь бас мөнгөтэй хүнд боогдоод амаа таглуулчихаж. Өнөөдөр ч бас намайг телевизээр гарахаар “Энэ нөгөөхөө л ярина биз” гэх байх.

Яах вэ, өнөөдөр баримт сэлтүүдээ дэлгээд яриад үзье гэж бодож, танай нэвт­рүүлэгт орж байна. Нэг жишээ татъя л даа. Сая Гер­маны Ерөнхийлөгч зүгээр л хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдсанаасаа болж огцорлоо. Үүнийг нь дөрөв дэх засаглал хэвлэлийнхэн нь дэлгэчихэж. Канцлер нь Ерөнхийлөгчөө хам­гаа­лах гэж нэг үзээд болох­гүй болохоор нь шууд огц­руулчихаж л байгаа байх­гүй юу. Харин бид 2.7 сая хүнээ хэдэн жилийн турш хуурчихсан хүмүүсийн за­рим баримтыг сөхнө гэдэг бас л нэг мэргэн арга юм уу даа.

-АН засгаас гарах үед таны ярьж байсныг санаж байна л даа. Та яагаад ийм гутранги болчихсон юм бэ. Өөрийгөө зурагтаар га­рахаар яагаад “Нөгөө л нөхөр ярилаа” гэж хү­лээж авна гэж. Би бүр гайхчихлаа.

-Энэ тухай ярьж буй хүнд бүх хэвлэл цензур тавьчихсан. Монголын бүх хэв­лэл “Засгийн газрыг муу­лах­гүй” гээд гэрээ бай­гуул­чихсан. “MCS” болоод тэд­ний бүх охин компанитай холбоотой сөрөг мэдээллийг гаргахгүй. Дээр нь муулж болохгүй хүмүүсийн нэрсийг жагсаагаад өгчихсөн шүү дээ. Хэрвээ муулбал өгсөн мөн­гөө торгуультай нь бу­цааж авна шүү гэсэн гэрээ­тэй ажиллаж байна. Саяхан болсон эдийн засгийн фо­рум дээр Монголбанкны Зол­жаргал маш тодорхой зүй­­лийг ярьсан. Гэтэл бүх хэвлэлийнхэн Золжаргалын яриаг хасаад хаячихсан шүү дээ.

-Үүнийг орхиё. Ард тү­мэн өнөөдөр Таван тол­гойг хүлээгээд л сууж байна. Бид Таван толгойд ажил хө­дөлмөр эрхэлж яваа хү­мүүсийн тухай мэдээ, мэдээллийг үзэж, сонсож л явна. Гэтэл та л ирээдүй бүрхэг гээд байх юм. Яагаад бүрхэг гэж?

-Таван толгойн орд аль хэдийнэ ашиглалтад ороод, эдийн засгийн хөдөлгөөнд орчихсон, дэд бүтэц нь ший­дэгдчихсэн, ашгаа өгчихсөн байх ёстой гэдгийг хэлээд байна. Гэтэл үүнийг хойш нь тавьчихаад хууль, дү­рэм, журмаа зөрчин байж Ухаа худагийг урдуур нь чих­­чихсэн. Хөрөнгийн бирж дээр эргэлтэд оруулчихсан шүү дээ.

-Бидний ойлгож буйгаар Ухаа худаг гэдэг бол Таван толгойн ордын нэг л хэсэг биз дээ. Ухаа худаг бол Та­ван толгойн дөрвөн хувь нь гэж ойлгодог?

-Том Таван толгойн 96 хувийг нь улсад өгөөд үлдсэн дөрвөн хувийг нь авчээ гэж ойлгоод хүмүүсийн толгой эргээд байгаа юм. Би баримт дэлгэе гээд байгаа чинь ийм учиртай. 2007 оны хоёрдугаар сарын зургааны өдрийн 27 дугаар тогтоол гэж гарсан. Үүн дээр “Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад дурдсан ордыг стратегийн ач холбогдол бү­хий ордод хамруулсугай” гэ­жээ. Нэгдүгээр хавсралтдаа Таван толгой гэж ордыг дурдсан. Тэгээд тайлбар гэ­дэг дээр нь “Энержи ресурс компанид Дайцүкигийн эзэм­­­шиж байгаа тусгай зөв­шөөрлийн хэмжээнд нөөц нь тогтоогдсон талбайг ха­мааруулна” гэж бичжээ. Энэ бүхнээс харахад Таван толгой стратегийн орд мөн биз. Гэтэл тус тусдаа зур­гаан лиценз байна. Үүнийг л 96 хувийг нь өглөө, дөр­вөн хувийг авлаа гээд ойл­гочихож байгаа юм. Уг нь бол тус тусдаа гээд нэр заагаад тавьчихаж. Хэрвээ стратегийн ордод хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулбал 50:50 хувиар эзэм­шинэ гэдэг тогтоолтой. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх л ёстой биз дээ. Стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордыг хамтарч ашиглах ту­хай гэрээг 2008 оны арван­хоёрдугаар сарын дөрвөнд УИХ-ын тогтоол гарган ба­талсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой хоёрыг зэрэг гэрээ хийгээд хамтарч ашиг­лана гэж тогтсон. Гэтэл Оюу толгой нь ашиглагдаад, Таван толгой нь одоо болтол ашиглалтад ороогүй. Энэ хоо­ронд хууль бус гэж яригдаад буй Ухаа худагт бүх хө­дөл­гөөн нь хийгдчихсэн. Ухаа худагийн цаана хэд­хэн хүн байгаа шүү дээ. Тү­рүүлж аваад, хөрөнгийн бирж дээр гаргаад ирэхээр бидний хүлээгээд байгаа том Таван толгойн үнэлгээ нь уначихсан.

-Та Ухаа худагийн цаа­на хэдхэн хүн байгаа гэ­лээ. Тэгвэл Таван тол­гойг хөдөлгөх ёстой нь Засгийн газар юм биш үү. Тэгвэл Засгийн газарт нь та ч бас байсан биз дээ?

-Би дэд бүтэц хариуцсан сайд байсан. Дэд бүтцийг хамгийн их ярьж, энэ асууд­лын төлөө явсан хүн нь би шүү. Бүх юм баримтаараа бий. Улс өөрөө төмөр за­маа тавих ёстой. Яагаад гэ­вэл улсын төмөр замаар ху­вийнхан ачаагаа зөөгөөд улс ашиг олно. Хувийнхан төмөр зам тавьчихвал улс түүнд мөнгө төлж ачаагаа зөөнө. Ингэхээр тарифын өрсөлдөөн өрнөнө биз. Улс өөрөө стратеги гэж ярьж л байгаа бол стратегийн төмөр замаа тавиад хувийн­хан түүгээр төлбөрөө тө­лөөд гарна. Яагаад гэвэл стратегийн гэж хэлээд 2.7 сая хүний амьдрал ахуйд зориулна гээд амлачихсан биз дээ.

Энэ төмөр замын ажлыг ахиулах гээд өөрөөсөө мөн­гө гаргаад, төмөр замын ком­паниудыг нь уриалаад л зөндөө явлаа. Хөөрхий тэд нэлээд ажил хийсэн боловч өнөөг хүртэл мөнгөө аваагүй л явна. Улстөрчид өөрсдөө ямар нэгэн байдлаар энэ ажлыг гацаадаг л байхгүй юу. Өөрөөр хэлбэл хүсэхгүй байна л гэсэн үг. Ихэнх сайд энэ компанид хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө, орлогын мэдүүлэг дээр байж л байгаа. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нь хүртэл хувьцаа эзэмшиж байна. Сайд нарын тал нь “MCS”-ийн байранд нүүгээд орчихсон. Өөрсдөө бол мөн­гөө төлсөн л гэдэг юм. Гэхдээ би түүнийг шалгадаг хүн нь биш. Ингэж ярьж буй нь миний иргэний үүрэг. Дээр нь МоАХ бол иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байгууллага. Яагаад ч юм түүнийх нь даргаар би зургаан жил ажил­­лачихаж. Үүнийг ярих ёстой хүн нь би. Ярихдаа харин баримтаа дэлгээд, ийм том гэмт хэрэг, ийм том зохион байгуулалттай болчихож гэд­гийг л хэлээд яваа юм.

-Өөрөөс чинь ярилцлага аваад, “MCS” компанийн Цогт­­цэций сум дахь Таван толгойн бүтээн байгуу­лалтыг сурвалжлаад бид хоёр талаас нь явж л бай­на. Харин та бүхэн яагаад уулзалдаад ярилцаж бол­доггүй юм бэ?

-Уулзалгүй яах юм бэ. Оджаргалтай нь, Ерөнхий сайд С.Батболдтой нь хамт уул­заад ярилцдаг л юм. Бүл­гийн хуралд хүртэл ярьсан. Гэвч сүүлдээ арга барагдаад л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байна. Энд дэлгэсэн материалуудыг өг­­дөг газар нь өгнө. УИХ-ын тогтоолоос эхлээд бүгд баримтаараа байна. Энэ бол эрх ашгийн зөрчил.

-Тэгвэл та төмөр замын ажлыг явуулах сайд нь байсан биз дээ?

-Хөрөнгө, мөнгөний эрх мэдэл нь надад байгаагүй. Монгол Улсад төмөр замын бодлого гэж огт байдаггүй байхад нь би 2010 оны зур­гаадугаар сарын 23-нд бод­логыг нь батлуулсан юм. Их юм болж байж бат­луул­сан даа. Одоо тэгээд хүмүүс март­чихдаг юм шиг байна.

2008 оны сонгуулиас өмнө нарийн царигаар тө­мөр зам тавих эрхийг “MCS” компанид өгчихсөн байхгүй юу. Бодлого байхгүй. Эх орноо гэж боддог хүн бол тө­мөр замын бодлого гэж юу билээ гэж харах л ёстой байсан. Хэдхэн хүний эрх ашигт 2.7 сая хүний эрх ашиг золигдож байна. Уг нь тэд чинь их л боловсролтой хүмүүс шүү дээ. Хаана л бол хаана сургууль төгссөн гэсэн биз дээ. Дээр үед бид өгүүлбэртэй бодлого гэж бод­дог байсан даа. Өнөөдрийн нөхцөл байдал бол яг л тэр байхгүй юу.

-Засгийн газар тийм байж. Гэтэл УИХ-д шийдвэр гаргах хүмүүсийн хэд нь АН-ынх билээ?

-АН-ынхан 28-уулаа л парламентад суудаг шүү дээ. 2008 оны сонгуулиар бид ялсан юм уг нь. Гэтэл буд­лиу­лаад л биднийг ялсан. Эд чинь ийм юмаа хийхийн тулд сонгуулийг дээд зэргээр будлиантуулдаг байхгүй юу. Сонгуульд АН ялчихвал олон хүн дээлээ нөмөрнө дөө. Бод л доо, бараг 10-аад Засаг дарга өнөөдөр АТГ-т байцаагдаад л сууж байна. Өнгөрсөн 20 жилийн турш дураараа дур­гиж, дунд чөм­гөөрөө жиргэсэн юм. МАН-ынхан сонгуулиар ямар нэгэн байдлаар ялахгүй л бол идсэн уусан хамаг булхай нь илэрчих гээд, хүмүүс дээлээ нөмөрчих гээд байдаг юм.

АН-ыг Засгийн газраас гарсан өдөр нь л ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээ хийгээд ороод ирж байгаа юм. Нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж бодсон байх. Намайг ҮЗХ-ны хурал дээр 70 жилийн гэрээг нь зар­лахад “Худлаа ярьж бай­на, 15 жил шүү дээ” гээд сууж байсан. Дээд бо­ловсролгүй ч гэсэн хоёр оронтой тооны учрыг олно л доо би. 30 жи­лээр гэрээ хийгээд 20 жилээр хоёр удаа сунгана.

Монгол Улсын Засгийн газар “Энержи ресурс” хоё­рын хооронд байгуулсан хө­рөнгө оруулалтын гэрээ гээд л “Бороо гоулд”-ыг яг ийм замаар авсан. Тогт­вортой байд­лын гэрээ гэж хий­гээд л, одоо Монгол оронд “Бороо гоулд” юу өгч байна вэ.

-Энэ бол нэг байрлал дахь ижил төрлийн бизнес эрхэлж буй хоёр компани. Нэг нь төр, нөгөө нь компани. Энэ нь яваандаа өрсөлдөөн болох нь. Өрсөлдөөний хэл­бэрээр шийдэж болохгүй юу?

-Стратегийн орд биш ямар нэгэн уул уурхайтай хол­боотой юм байсан бол асуудал өөр. Тэгвэл стра­тегийн бүтээгдэхүүнээ яаж, хэнд, хэзээ, ямар үнээр зарахаа төр өөрөө ярих ёстой гэж би хувьдаа боддог. Би дэд бүтцийн сайд байхдаа төмөр замын бодлогоо яг ингэж хийсэн байхгүй юу. Аль нэг орноос хараат биш, ганцхан боомтоор далайд гарцтай байхааргүй эдийн засгийн нэлээд том хоёр орон болох Япон, Солонгос руу гарах замыг бодсон гээд л яривал юм бий. Төмөр замын бодлогыг УИХ-аар батлуулчихсан юм чинь бага зэрэг итгэлтэй байна л даа. Ямар нэгэн байдлаар бид төмөр замын ажлыг эхлүүлэх ёстой байсан. Бид хэзээ нэгэн цагт Засгаас гарна, тэр цагт МАН ажлаа эхлүүлнэ гэж бодсон. Гэхдээ тэд энэ ажлыг явуулахгүй ээ. Хуульзүйн сайд нь Засгийн газрын хурал дээр “Төмөр зам барихыг чинь харна аа” гэж хэлж байгаа юм шүү дээ. Хувийн харилцаа муудалцсан зүйл байхгүй. Зүгээр л өөрөө дотроо тэгээд бодчихсон.

Тэр сайд нь Ухаа худагаас авсан байрандаа амьдарч байна. Энэ байр доод тал нь нэг сая ам.долларын үнэтэй байж таарна. Зарим нэг нь авсан байраа зарсан гэж байна билээ. 2.7 сая хүний хүлээлт үүсгэж байгаа том Таван толгойн ажлыг явуулахгүйгээр урдуур нь 20 гэр бүл орчихлоо. Энэ зөв буруу гэдгийг нь шалгаад өгөөч ээ л гэж байгаа юм. Яахав эдний зөв гэвэл хэрэг л дээ. Эдийн засаг 14 хувиар өссөн гэнэ. Ийм байхад ха­ламжаа яагаад нэмээд байдаг юм бэ. Иргэдэд бэлэн мөнгө тараагаад байхад ядуу­рал яагаад нэмэгдээд байдаг юм бэ. Халамжийн бодлого гэдэг чинь шал өөр зүйл рүү явах ёстой байхгүй юу. Ингээд ярьвал олон зүйл байна.

-Хоёр гүрний дунд байгаа манай улс геополитикийн асуудлаа зөв шийдэх ёстой. Ийм байхад...

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Сэтгүүлч.

-Сэтгүүлчид бүхнийг мэ­дэх ёстой л доо. Ерөнхий сайд, Засгийн газар геопо­литик ярих ёстой юу. Ёстой. Гэтэл яагаад урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих зөвшөөрөл өгдөг юм бэ. Энэ нөгөө геополитик нь уу. Ийм зөвшөөрөл өгчихсөн. Үүнийг нь цуцлах гээд ча­­дахгүй л байна. Тэгэхээр гео­политик мэдэхгүй хү­нийг Ерөнхий сайдаар тавь­чихаж уу. Тэд чинь хэл ус­тай, гадаадад боловсрол эзэмш­сэн шүү дээ. Сэтгүүлч хүн гео­политик ярьж байхад тэд яагаад ярихгүй байна вэ. Гео­политик, хоёр хөрштэй харилцах баланс бүгд ал­дагдчихсан.

-Сэтгүүлч хүн бүхнийг мэдэх албагүй. Харин сэтгүүлч ямар нэг зүйлийг мэдэж байгаа хүнийг яриу­лах ёстой шүү дээ?


-Би энэ утгаар нь хэ­лээ­гүй. Таныг геополитик ярьж байхад Засгийн газар яагаад ярихгүй байгаа юм гэсэн утгаар нь хэлсэн.

-“44 тонноос илүү ачаа тээвэрлэсэн машин явуу­лахгүй” гэсэн гэрээ кон­венцэд манай улс элссэн гэж сонссон юм байна. Гэ­тэл 100 тн ачаа ачсан ма­шин Өмнөговьд явж л байна шүү дээ. Үүний та мэдэж байсан уу?


-Мэдэлгүй яахав дээ. Ухаа худагийн нүүрс тээвэр­лэдэг замыг нэг хэсэг хаасан шүү дээ. Манай улсын ну­таг дэвсгэр дээр хууль үйл­чилдэггүй. Тэгээд дүрэм журмыг нь мөрдүүлээд за­мыг нь хааснаас 30 минутын дараа л Засгийн газраас “Юу болоод байгаа юм бэ замаа нээгээч” гэж утасдсан. Хууль зүйн сайд нь зам хаалаа улсын төсөв тасарлаа гээд л байсан.

Ийм байдлаараа манай улс цааш явбал нэг улс, нэг компанийн хараат улс болно. 2012 оны улсын төсөвт 31 сая тонн нүүрс экспортолно гээд мөнгийг нь суулгачихсан. Хятад нүүрс авахаа зогсоовол яах вэ. Төсөв нь яах вэ. Үүнд бодлого хэрэгтэй.

Тиймээс ажил хийдэг хүнийг тавих хэрэгтэй. Гэх­дээ ЭБЭХ-ний сайд, “Эрдэнэс Таван толгой”-н захи­рал биш шүү. Тэд чинь Ухаа худагаас хувьцаа эзэмшдэг. Үүнийг баримтаар хэлнэ. Ийм байдлаас гарах хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүнээс улсын төсөв бүрддэг. Нэг компани түүнийг нь захиран зарцуулдаг. Түүнийг нь нэг улс худалдан авдаг байвал манай улсад ирээдүй байхгүй л гэж хэлэх байна.

“MCS” хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй маш их мөнгөөр гэрээ байгуулчихаж. “Манай талын сөрөг мэдээллийг ца­цахгүй, “MSC”-ийн ерөнхий удирдлага Оджаргал, Од на­рын талаар сөрөг мэдээлэл гаргахгүй байна” гээд заачихсан байна.

-Та энэ гэрээг хаанаас авсан юм бэ?

-С1 телевизээс.

-Энэ телевиз чинь таных юм биш үү?

-Хөрөнгө оруулдаг л даа.

-Таван толгой хамгийн том орд гээд байгаа. Энэ их баялгаа хувь хувьсгал нь зохицоод ашиглаад явж болдоггүй юм уу?


-Яаж зохицох юм бэ. Дүрэм журмынхаа дагуу л явах ёстой. Австралийн та­лынхан хэлсэн байдаг “Танай улс Таван толгойн ордоо зөв ашиглавал манай улсын эдийн засаг хямарч мэднэ” гэж. Манай улс нөгөө л арчаагүй байдлаасаа болоод Оюу толгойн урьдчилгаа бол­гож 250 сая ам.доллар зээл­­чихсэн. Сонгуулиас өм­нө дахиад зээлж нөгөө 21 мянган төгрөгөө өгнө. Үүнээс болоод бүтээгдэхүүнээ үнэ­гүйдүүлээд байгаа юм.

-Орон сууцанд орох хүсэлтэй иргэн ямар олон байдаг юм бэ. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болох боломжийг Засгийн га­зар иргэдэд олгосон. Та дэд бүтцийн салбарын сайд байсны хувьд энэ асуудлын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Бас л бүтэхгүй, болохгүй гэж хэлэх юм биш биз дээ?

-Орон сууцны жилийн хүү 5-6 хувь байж хүн урт хугацааны зээлд хамрагдаж байртай болж чадна. Арил­жааны банкууд орон сууц­ны зээл олгоод байгаа. Үүнийг зогсоогоод л иргэдээ мор­гейжийн зээлд хамрагдах эх үүсвэрийг нь олоод зээл өгье гэж байгаа юм. Энэ нь намайг сайд байх үед батлагдсан. Гэхдээ Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Яагаад гэхээр үүнийг яаж хий­хээ мэдэхгүй байхгүй юу. Эх үүсвэрээ хаанаас олох нь тодорхойгүй байна. Үүнийг арилжааны банкууд яагаад ч хийхгүй. Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гаргаж зарсан гэсэн. Иргэдээ орон сууцтай болгох энэ хөтөлбөр 15-20 жилийн хугацаанд хэрэгжинэ. Гэтэл таван жилийн хугацаатай зээлээр энэ хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж байхгүй. Таван жилийн дараа байх Засгийн газар энэ мөнгийг төлнө. Яаж төлөх вэ. Миний сонссоноор 200 сая ам.долларыг нь төмөр замд, 200 сая ам.доллар нь авто замд, 100 сая ам.долларыг нь орон сууцанд зарцуулна гэж байгаа юм билээ. Сон­гуулийн дараа засаг төр, улс орон гэж байхгүй юм шиг аашилж байна. Сонгууль болох нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөө зарла гээд зарлуулчихсан. Засгийн газрын гишүүдийн тал нь “Энержи ресурс” компанид хувьцаа эзэмшдэг, ямар нэгэн байдлаар холбоотой. Ерөнхий сайд нь хувьцаа эзэмш­дэг гэдгээ УИХ-ын чуул­ган дээр ярьсан шүү дээ.

Оюу толгойн ордыг ашиг­лах тогтоол гаргахад том Таван толгойг ашиг­лах тогтоол давхар гар­сан. Тэгсэн байтал Ухаа худагийг түрүүлээд ашиг­лаад эхэлчихсэн. Үүний цаана юу байна вэ гэхээр го­вийн ус, эрчим хүч гээд бүх хангамжийг “MCS” Зас­гийн газартаа тогтвортой байд­лын гэрээ байгуулж авах гэж байгаа хэрэг. Үүнийг л хэлээд байгаа юм. Оюу толгойд эрчим хүчний асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Эрчим хүчний хомсдолтой байгаа Хятадаас эрчим хүч авч байгаа юм. Хүрзээр ухахад Оюу толгойгоос эрчим хүчний нүүрс гарна. Оюу толгойн зардлын 30 хувь нь эрчим хүчний зардалд явдаг.

-Ухаа худаг цахилгаан станц барьсан, боловсруулах үйлдвэрээ барьсан. Тэгэхээр татвар төлсөн компани үүнээс мөнгө хүртэхгүй байгаа хэрэг үү?

-2011 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолсон. 2012 онд 31 сая тонн нүүрс гадагш гаргана. Энэ дотор Монгол Улсын нүүрс байгаа юу, байхгүй. Экспортолсон нүүрсний мөнгө компани руу л орно.

-Татвараар л гэж асуу­гаад байна л даа?


-Татвараар жаахан л мөнгө орж ирнэ. Тэр юу бо­лох юм бэ, юу ч болохгүй. Өнөөдөр бид хойд хөршөөс жилд тэрбум орчим ам.дол­лараар шатахуун авч байна. Ийм байхад дотооддоо яагаад нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдоггүй юм бэ.

-Явахгүй л гээд яриад байх юм?

-Явахгүй л байгаа биз дээ. Төмөр зам хөдөлгөх гээд би чадлаараа ярьсан. Гэхдээ том хана мөргөөд уналаа шүү дээ. Намынхаа ҮЗХ-ны хурал дээр ярьсан. MCS Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байна гэдгийг хэлсэн. Одоо Ерөнхий сайдыг тойрон хүрээлэгчид гараад ирж. Н.Энхбаярын үед байсан шиг. 1990 оноос хойш мар­­тагдсан бүх хүүхдийг Ерөнхий сайд анхааралдаа авлаа гэнэ үү. Юу гэж байгаа юм бэ. Өнөөдөр утаанаас болж хичнээн хүүхэд хэв­лийдээ үхэж байна, гажигтай хүүхэд хэд төрж байна аа. Утаа гээд ярихаар баахан зуух шахдаг. Ийм байхад явж байна гэж ярих уу.

-Та цаашдаа яах вэ. Энэ ажлыг хариуцаж ажиллаж байсан сайд, УИХ-ын ги­шүүний хувиар?

-Энэ хүмүүст юу л байна мөнгө, эрх мэдэл байна. Тиймээс холбогдох хү­мүү­сийг АТГ-т өгнө. Араас нь шаардана. Ерөнхийлөгчид өгнө. Мөн шаардана. Намайг хүн гүтгэсэн гэвэл би ялаа эдлэхэд бэлэн байна.

-Тэр хүмүүс л гээд байх юм. Тэд ч гэсэн ард түмний нэг хэсэг шүү дээ.

-Хөөрхий минь шуналтай л монгол хүн дээ гэх үү. Яагаад тэднийг өрөвдөх ёстой гэж. Тэд сонгуулиар “Ард түмний амьдралыг сайхан болгоно” гэж гарч ирсэн. Яагаад зөвхөн өөрсдийнх нь амьдрал сайхан болоод байдаг юм бэ. Тиймээс авдаг ялаа аваад явах ёстой.

Өглөөний сонин В.Дондовдорж

No comments:

Post a Comment