Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: Бусад гишүүд мушгиж, гуйвуулах хэрэггүй

УИХ-ын 30 гаруй гишүүн алслагдсан бүсэд нэмэгдэл олгох зорилгоор хуулийн төсөл өргөн барилаа. Уг хуулийн төслийг урьд нь хэлэлцэж байсан боловч олонхын дэмжлэг авч чадаагүй билээ. Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц туу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй зэргээс шалтгаалан хун ат үүдэн Улаанбаатар хот орчмын бус нутгийн амьжиргааны даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал ихсэх зэрэг олон сөрөг ур дагавар үүсгэсэн гэдэг. Тиймээс эдгээр бус нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, өртгийг бууруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн төвлөрөл саарч, хот хөдөөгийн бэрхшээлтэй асуудлуудыг уялдуулан шийдэхэд эдийн засгийн хөшүүрэг шаардлагатай гэх юм. Хэрэв хууль хэрэгжвэл иргэдийн орлого нэмэгдэж, шилжилт хөдөлгөөнийг бууруулах сайн талтай ч, ялгаварлан гадуурхах шинж агуулж байгаагаас гадна цаашид нэмэгдэл амлаж сонгуульд өрсөлддөг болох сөрөг тал ажиглагдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Уг хуулиар юуг шийдэж өгөх юм бэ?

-1970-аад оны үед сайд нарын зөвлөл гэж байхад өндөр уулын, говийн бүсийн нэмэгдэл болон эдийн засгийн сул хөгжилтэй нутаг тухайлбал, Халх голын сангийн аж ахуйд ажиллах иргэдийг урамшуулж нэмэгдэл олгодог гэх мэт нэмэгдлийг өгч байсан. Тэр үед гарцаагүй шийдэх асуудал гээд үүнийг олгодог байсан тогтолцоо бий. 1990 оноос хойш Үндсэн хууль болон бүх хууль шинэчлэгдсэнтэй холбогдоод энэ асуудал орхигдсон юм. Үүнээс хойш үе үеийн парламент, Засгийн газар шийдэхээр оролдож судалгаа,тооцоо хийж байсан ба УИХ ын түвшинд хүртэл асуудал болгож, тавьж байсан. Гэвч шийдэгдэлгүй явсаар өнөөдрийг хүргэлээ. 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Баталж нэмэгдлийн талаар тусгасан. Мөн 2005 онд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан хөгжлийн цогц бодлогоо баталсан. Эдгээрт нэмэгдлийн талаар тод сууж өгсөн байдаг.Түүнчлэн 2008 онд улс төрийн намууд сонгуульд оролцохдоо алслагдсан болон говийн бүс нутгийн иргэдэд бүсийн нэмэгдэл олгодог тогтолцоог оновчтой болгоно гэж өрсөлдсөн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүртэл энэ нэмэгдлийг олгоно гэж тусгасан.Үүнийг хэрэгжүүлэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлаад хуулийн төсөл өргөн барьсан ч харамсалтай нь дэмжлэг авч чадаагүй тул энэ жил нэлээд боловсронгуй болгоод өргөн барьсан. 1998 онд нийслэлийн хүн ам 650 мянга байсан бол өдгөө сая нэг зуун мянга болчихжээ. Үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд гарч агаарын бохирдол туйлдаа хүрч, хөрсний бохирдол, авто замын түгжрэлээ шийдэж чадахаа болилоо. Мөн эмнэлгүүдэд ор олдохоо больж сайд, дарга нар руу хандаж байж хэвтдэг болох нь. Коридорт хэвтэж эмчлүүлж, сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, нэг ангид 60-аад хүүхэд чихэлдэж байна. Хөдөө нэг ээлжээр байхад хотод гурван ээлжээр хичээл орж байна гэдэг юу гэсэн үг вэ. Амьдралын эрхээр орон нутгийнхан шилжиж ирж байна. Шийдэхгүй бол Монголын уудам газар нутаг эзгүйрэх нь.Тэгэхгүй бол Улаанбаатар хот хөгжих тусам шилжилт нэмэгдэж хөдөө эзэнгүй зэлүүд тал болно.Үүнийг шийдэх олон хувилбарын зөвхөн нэг нь л бүсийн нэмэгдэл олгох явдал. Орлого бага зардал өндөр байхад яаж амьдрах юм бэ.

-Нэмэгдэл олгох болон бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх тухайд?

-21 аймгийн 330 сумын төрийн албан хаагчдад цалингийн 20 хувийн нэмэгдэл олгох, таван жил ажиллавал таван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэмэгдэл олгодог болох асуудлыг шийднэ. Мөн боомтоор орж ирдэг гурил, цагаан, шар будаа, шахмал ногоон цай, элсэн чихрийг гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаагаар чөлөөлөх юм. Бензин, дизел түлшийг онцгой болон НӨАТ, гаалийн албан татвараас бас чөлөөлөх гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өндөр үнийг зохицуулахын тулд татваруудыг бууруулж өгөх юм. Ингэж хямд хэрэглээтэй болбол гаргах зардал нь багасна. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх, бий болгох, хөрөнгө оруулалтын зээл авах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, аж ахуйн нэгж, хүн амын орлогын албан татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй.

-Хамрах хүрээ ямар байх вэ. Нийслэлээс мянган километрээс дээш алслагдсан гэж урьд нь өргөн барьсан хуулийн төсөлд тусгасан байсан?

-Ингэх нь учир дутагдалтай байсан л даа. 900 дахь километрт амьдарч байгаа иргэдийн зардал, орчин үндсэндээ адилхан өндөр байхад зайны хязгаарлалтаас хамаараад тэгш бус байдал үүсэх гээд байсан. Тиймээс .330 суманд амьжиргааны судалгаа хийтэл алслалтаас хамааралтай гэдэг нь тодорхой болсон. Нийтдээ 12 аймгийн 92, говийн бүсийн 82 суманд бүсийн нэмэгдэл олгох нь зөв гэж үзсэн. Бид энэ хуулийг багц хуулийн төсөл хэлбэрээр хийх нь зөв гэж үзээд Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэнд, Гааль, Хилийн хяналт шалгалтын тухай хууль гээд олон хуульд нэмэлт оруулах байх.

-Хэдийгээр ач холбогдол бүхий чухал хуулийн төсөл ч гэлээ дараа, дараагийн сонгуулиар нэмэгдэл амладаг жишиг тогтоох вий гэж байсан...

-Залхуурч, ажилгүй сууж байгаа иргэдийг дэмжиж байгаа юм биш. Яах аргагүй амьжиргааны өртөг, амьдралын чанарын хувьд ялгаа байгаа нь том том асуудал үүсгэж байна. Алслагдсан нутагт амьдрах хүн олдохоо болих нь. Дундговь аймаг 10 жилийн өмнө 52 мянган хүн амтай байсан бол 38 болчхож. Увс аймгаас 2000 оноос хойш 80 мянган хүн шилжсэн. Энэ нь алслагдсан болон хүнд нөхцөлтэй газарт амьдрах иргэд цөөрч, хил хязгаар дахь бүс нутаг эзгүйрэх, улмаар тусгаар тогтнолд аюул занал учрах, нөгөө талаас үлдсэн цөөхөн нь цус ойртох буюу монгол хүний ген муудах мэтчилэн аюул учрах нөхцөлд хүрч байна. Энэ бүхэн зохицуулах хэрэгтэй асуудал мөн биз дээ. Энд ямар нэгэн байдлаар халамж гэдэг юм уу, сонгуулиар өрсөлдөх гэж өөрсдийнхөө рейтингийг өсгөх гэж байна гэж ойлгох шаардлага байхгүй. Үеийн үед яригддаг асуудал. Хамтарсан Засгийн газар ч гэсэн үүнийг шийднэ гэж амлаж, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт оруулсан тул шийдвэл томоохон ажлын нэг болно.Тиймээс өөр байдлаар улс төржүүлж ойлгох хэрэггүй.

-Уг хуулийн төсөлд тусгаснаар олон хуульд нэмэлт, өөрчлөлт орох юм шиг байна. Үүнээс гадна Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх асуудлыг хөндөнө гэж байсан?

-Тийм асуудал ярих шаардлагагүй. Монгол Улсын Үндсэн хуульд төр нь хүнээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй гэж бий. Мөн оршин суугаа газраа өөрөө сонгох эрхтэй. Энэ эрхийг төр хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнийг төр бий болгох үүрэгтэй ба бий болгох гэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тухай ярих ёс зүй байхгүй байгаа биз. Хийх ёстой зүйлээ хийж чадахгүй байгаа учраас иргэд нүүдэллэж, Улаанбаатар хотыг хүндрүүлж байна.Тиймээс Үндсэн хуулийн заалтыг ягштал хэрэгжүүлэхийн тулд хуулийн төсөл өргөн барьсан гэж болно.

-Гадны орнуудад ийм нэмэгдэл байдаг юм болов уу. Техник эдийн засгийн нөхцөл боломж муугаас манайд л ийм асуудал яригдаад байна уу?

-ОХУ гэхэд Сибирь, Якут, ( Камчаткад 200 хувь нэмэгдэл олгодог. Гэтэл бид 20 хувь гэж байна. Канад, АНУ, Англи улсад хүртэл бий. Лондонд амьдардаг иргэн амьдрал нь ядуураад ирэхээр хөдөө рүү нүүдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ. зардал адил боловч орлого өндөр, татвар бага байдагтай холбоотой юм билээ. Ийм эдийн засгийн хөшүүргийг бүх улс хэрэглэж байхад манайд бүр их шаардлагатай асуудал гэдэг нь ойлгомжтой.

-Энэ бас нэг хэрэгждэггүй популист хууль гарах нь гэж зарим нэгэн үзэж байсан.Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Ялангуяа төвийн бүс нутаг гэдэг ч юм уу сонгогдсон тухайн газар нутаг нь хөндөгдөхгүй байгаа гишүүд өөр байр суурь илэрхийлж,хачин үг цухалзуулж байдаг л юм. Гэнэтхэн бид гаргаж ирээд ярьж байгаа юм биш. Хуучин социализмын үед ч хэрэгжиж үр дүнг нь үзэж байсан асуудал.30 гишүүн унтаж байгаад гэнэтхэн зүүдэлж популист зүйл ярьж байгаа юм биш. Мушгиж, харлуулж, гуйвуулж ярих шаардлагагүй тул хуулиа уншиж, судал. Ховд, Баян-Өлгийд очоод амьдарч үзчихээд тэгж хэлэх эсэхээ шийд. Нөхцөл байдал ямар байдгийг ах дүүсээ явуулж харуул. Өөрсдийнх нь тойрог тэнд байдаггүй болохоор очиж үзээгүй хүмүүс юу мэдэх юм бэ. Тийм болохоор амьдралаас тасархай юм ярьж популист гэж шүүмжлэх нь утгагүй гэж бодож байна. Очоод биеэрээ мэдрээд үзэх хэрэгтэй шүү дээ.

Л.Сугар

2011 оны 4-р сарын 19, Мягмар гариг, Өдрийн шуудан

No comments:

Post a Comment