Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Баялаг цөөнхөд төвлөрөх ёсгүй


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа
-Та саяхны нэгэн хуралдаанд Монгол Улс татваргүй болох ёстой гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
-Өнөөдөр мөнгөтэй хүн улам баяжих тийм л эрх зүйн орчин үйлчилж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн цөөнхөд баялгийн дийлэнх хувь хуримтлагдаж байгаа. Ялангуяа уул уурхайн хэт хяналтгүй орлого нийгмийн бусад баялгийг залгиж эхэллээ.Тэгэхээр нийгмийн баялгийг хэрхэн хуваарилах тухай асуудал энэ нийгмийн хамгийн том асуудал болж байна. Энд улстөрийн шийдэл хэрэгтэй. Юуны өмнө, татварын эрх зүйн орчныг "эрүүлжүүлэх" хэрэгтэй.Тансаг хэрэглээний барааг татварын өндөр зэрэглэлд "оруулах хадгаламжийн' хүү, ногдол ашгаас татвар авах цаг болсон.Хоёрдугаарт, архи, тамхи, нефть, уул уурхай, харилцаа холбоо зэрэг салбарын монополь компаниудыг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох ажлыг эхлүүлэх хэрэгтэй.Тиймээс л нийт татварын 90 хувь нь цөөн хэдэн том компаниас хамаарч байгаа энэ үед Монгол орон татваргүй болох ёстой гэж үзсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эрх чөлөө олгох хэрэгтэй. Ингэж татварын суурь асуудлыг шийдсэнээр төрийн албаны шинэчлэл ч эхэлнэ. Зарчмын эдгээр өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл боловсруулж байгаа.
-Одоо хувьцааны асуудал ид яригдаж байгаа шүү дээ.
-70 жилийн турш бий болсон улсын өмчийг уг нь 1990-ээд оны эхээр хувьцаагаар дамжуулан олон нийтэд эзэмшүүлсэн. Гэтэл түүнийг нь цөөнх худалдаж аваад төвлөрүүлчихсэн. Одоо хоёр дахиа оролдлого хийх гэж байна.Таван толгой бол дэлхийд гайхагдсан, үндэстэн дамнасан корпорациудын хэмжээнд үнэлэгдэх хөрөнгө бүхий том бизнесийн төсөл.Энэ бизнесийн үр ашгийг монгол хүн бүр эзэмших болсон нь дэлхийн түүхэнд бичигдэх хэрэг. Учир нь бүх иргэндээ хувьцаа эзэмшүүлсэн улс орон ховор болов уу. Дэлхийн эдийн засаг эрчим хүчний" эх үүсвэр," эрдэс баялгийн нөөц дээр л тогтож байна шүү дээ.Тэгэхээр бид эдийн засагтаа хамгийн суурь сайтай том барилга барьж байна гэсэн үг.Үүнийг бүх иргэндээ эзэмшүүлж байгаа нь түүхэн явдал. Гол нь энэ үйл ажиллагааг зөв удирдах олон улсын жишигт нийцсэн менежмент хэрэгтэй. Энэ нь цэнхэр, ягаан тасалбар шиг буцаад цөөнхөд төвлөрвөл үр дүн муутай болно.
-Тэгэхээр яах ёстой вэ. Үйл ажиллагааг зөв удирдана гэж чухам юуг хэлэх вэ?
-Менежментийг Засгийн газар хариуцна. Ялангуяа, Ерөнхий сайд С.Батболд шийдвэрлэх үүрэг хүлээнэ. Энэ хүнд улстөрийн бөгөөд эрх мэдлийн бүхий л боломж байна. Таван толгойг зөв удирдах нь Засгийн газрын тэргүүнтэй шууд холбоотой. Цэнхэр, ягаан тасалбар тараасантай зарчмын хувьд адилхан арга хэмжээ одоо явагдаж байна. Гэхдээ тухайн үед нийгэм сэтгэлгээний хувьд бэлэн бус байсан.
-Харин одоо бэлэн байгаа юу?
-Байдал харьцангуй өөр болсон. 20 жилийн өмнөхтэй одоогийн иргэдийг зүйрлэх аргагүй. Зах зээлийн нийтлэг зарчим алс хязгаар орон нутгийн сум, багт хүртэл нэвтэрсэн.Хүн болгон өмчтэй, өмчтэйгөө харилцаад сурчихсан.
-Тэгвэл мэдэхгүй хэсэгт нь хувьцааны талаарх мэдээллийг яаж хүргэх вэ?
-Үнэт цаас, хувьцаа, ногдол ашиг гэж юу юм гээд л томоохон сургалт явуулах ёстой. Үнэт цаасны арилжаанд орох дэд бүтцүүдийг бий болгох ёстой. Үүний тулд Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээ байгуулсан нь ч их том давуу тал. Дэлхий ертөнц Монголыг үнэлж байна.Тэгээд ч манайхан авьяастай. Дор нь сурчихна. Системтэй сургалтыг гурван сар зохион байгуулахад л хангалттай.Нөгөө талаар хүн болгонд хүрэх өргөн суваг бий болчихсон.Үүнийг л ашиглах хэрэгтэй.
Б.Номин
2011 оны 4-р сарын 21, Пүрэв гариг
Ардчилал

No comments:

Post a Comment