Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр: Оюутолгой байж л байна,харин улстөрчид яваад өгнө шүү


Засгийн газрын хуралдаанаар саяхан Хөгжлийн банкны дүрмийг баталж, санхүүжүүлэгч компани БНСУ-ын Хөгжлийн банк шалгарсан. Орон сууц, автозам болон төмөр замд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Бид Хөгжлийн банкаа байгуулчихлаа. Санхүүжүүлэгчээр нь БНСУ-ын Хөгжлийн банк шалгарсан. Гэтэл дэлхийд төр нь банктай байсан түүх ховорхон. Манайд ч төрийн банк байсан, бүгд дампуурсан. Заавал банк биш арай өөр хэлбэрээр энэ үйл ажиллагааг явуулах боломж байсан гэж бодох хүн байна. Энэ талаарх таны байр суурь?
-Манай улсын эдийн засгийн гол бүтэц, араг яс нь арилжааНы банк, Энэ боЛ ашгийн төлөө байгууллага гэсэн үг. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад бизнес томорч чадахгүй байгаа нь арилжааны банктай холбоотой. Богино хугацаанд өндөр хүүтэй, мөнгө хүүлэх үйл ажиллагаа л сүүлийн 20 жилд хөгжлөө. Хөрөнгө оруулах ямар ч боломжгүй, аваад буцааж зардаг маш богино хугацааны арилжааг л аж ахуйн нэгжүүд явуулж ирлээ. Хөгжлийн банк гэдэг өөрөө нэгдүгээрт ашиг олох зөвхөн төсөв, татвар, Засгийн газрын үнэт цаас гэсэн хэдхэн санхүүгийн эх үүсвэртэй. Хөгжлийн банкийг манай орны томоохон боломж гэж эерэг талаас нь харж байгаа. Энэ бол арилжааны банкнууд нь дийлэхгүй, төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй, урт хугацааны, багаар бодоход дөрвөөс таван жилийн дунд хугацаатай, асар их хөрөнгө оруулалт шаардагдах, үр ашиг нь хэдэн арван жилийн дараа гарах, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх Томоохон асуудал.Дэд бүтэц, эрчим хүч гээд гол салбаруудыг хөгжүүлэхэд зайлшгүй хэрэгтэй энэ зүйлийг бий болгох ёстой. Үүнийг бий болгоход санхүүгийн шинэ механизм бодож олох хэрэгтэй байсан. Түүний нэг хувилбар нь Хөгжлийн банк. Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд нэг үеэ бодвол эдийн засгийн утгаараа олон улсын тавцанд дээгүүрт орж эхэлж байна. Үүн дээр тулгуурлаж, Хөгжлийн банкийг байгуулах боломж бүрдсэн. Тиймээс уг банкийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх гадны байгууллага мундахгүй олон болж байна гэсэн үг. Хамгийн гол нь энэ хөрөнгийг бид зөв зарцуулах ёстой. Хэн нэгэн хувийн аж ахуй нэгжид өгөх биш улс орны томоохон дэд бүтэц авто болон төмөр зам, аж үйлдвэрийн цогцолборуудад өгч чадвал манай оронд туйлын ач холбогдолтой.
-Мэдээж Засгийн газар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ биз...
-Улсын төсөв гэдэг бол УИХ-аас хараат буюу тогтвортой бодлого явуулах боломж нь хязгаарлагдмал гэдгийг бид мэдэрлээ шүү дээ. Хөгжлийн банкийг Засгийн газар өөрөө 100 хувь бие даагаад хийчих зүйл бас биш юм. Яг юу хийхийг нь УИХ баталж өгнө. А цэгээс Б цэг хүртэл төмөр зам тавина. Эрчим хүчний сүлжээ оруулна, аж үйлдвэрийн парк заргийг энэ газар барина гэдгийг УИХ мэдэж, батална. Түүн дээр үндэслэж Хөгжлийн банк тэр ажлыг санхүүжүүлнэ гэсэн үг. Жаахан эерэг, сайн сайхан талаас нь харах хэрэгтэй. Бид сүүлийн 20 жилд сайн муу олон зүйл үзлээ.
-Санхүүжүүлэгчээр шалгарсан Солонгосын Хөгжлийн банкийг та юу гэж үнэлж байна. Анх удаа . манайд байгуулагдаж байгаа Хөгжлийн банктай хамтарч үйл ажиллагаа явуулахад үр өгөөжөө өгч чадах болов уу. Удирдлагынх нь тал хувийг Монголоос бүрдүүлж, монгол хүн авч ажиллуулна гэсэн. Баахан Солонгос дарга ирээд суучих юм биш байгаа?
-XX зууны сүүлийн хагаст Азийн хэмжээнд гарсан эдийн засгийн үсрэнгүй хөгжил яг хаана байсан гэвэл Зүүн Өмнөд Ази шүү дээ. Тодруулбал, Солонгос, Сингапур Тайвань, сүүлийн үед Малайз, Филипин, Тайланд гээд орж байна. Эдний хэрэгжүүлсэн томоохон загвар нь Хөгжлийн банк байсан юм. Хөрөнгө оруулалтын төрийн мэдлийн сан бий болсон. Үүний амжилттай, үр дүнд хүрсэн жишээ бол өнөөгийн Солонгос. 1960, 1970-аад онтой харьцуулбал тэр үед Солонгосын байдал манайхаас дор байсан. Харин өнөөдөр манайхаас хэд дахин илүүдээд түвшинд гарсан байгаа нь Хөгжлийн банкаар дамжуулан зөв бодлого, зөв хөрөнгө оруулалт хийж чадсаны үр дүн. Бид энэ тал дээр Болгоомжлохоосоо илүү ажлыг нь Дэмжээд урагшлуулаад, хянаад явбал үр дүнд хүрэх л болно.
-Хяналтыг яаж тавих вэ. Ах дүү, хамаатан садандаа зээл өгөөд, үр хүүхдүүдээ ажилд аваад эхэлнэ дээ гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна?
-УИХ Хөгжлийн банкны үйл ажиллагааг хянана. Юу хийх вэ гэдгийг эрэмбэ, дэс дараатай нь баталж өгнө. Тэр ах дүү хамаатнаа ажилд авдаг энэ тэр бол жижигхэн асуудал л даа. Ямар ч хамаагүй нэг компани төмөр зам тавина гээд зээл авах бололцоо байхгүй. Төр өөрөө санхүүжилтээ хийж, түүнийг нь аж ахуйн нэгжүүд гүйцэтгэнэ. Аж ахуйн нэгж, арилжааны банкнуудын хүч хүрэхгүй том хөрөнгө оруулалтыг л Хөгжлийн банк хариуцна гэсэн үг.
-Хөгжлийн банканд оруулж байгаа хөрөнгийг манай уул уурхайн салбараас орж ирж байгаа мөнгө гэж ойлгож болох уу?
-Үүнийг ерөөсөө л Монгол Улсын нэр хүнд гэж ойлгох хэрэгтэй. Манай орны газар дээр эсвэл доор байгаа эрдэс баялаг, эрчим хүчний үнэ цэнэ, Монгол Улсын өөрийнх нь нэр хүнд өөрөө Хөгжлийн банк байгуулах баталгаа суурь болж байгаа юм.
-Хамгийн түрүүнд орон сууц, бүгээн байгуулалтад хөрөнгө оруулна гэсэн. Ер нь эхлээд аль салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй юм бэ?
-Хамгийн түрүүнд дэд бүтэц буюу төмөр замын шинэ шугам, 21 аймгийн авто замыг хилийн бүх боомттой нь хатуу хучилттай, өндөр даацын замаар солих асуудал. Дээрээс нь орон сууцанд хөрөнгө оруулалт хийдэг нь туйлын зүйтэй. Ялангуяа манайх шиг өргөн дэлгэр нутагтай, газрын үнэ хямд оронд үнэтэй орон сууц байх нь буруу. Бидний бодлогын том алдаа гэсэн үг. Бид хамгийн чанартай, хямд орон сууц, эзэмшлийн эдлэн газартайгаар бий болгох бүрэн бололцоотой. Хэтэрхий шавж, өндөр байшинд суугаад байх нь нэг их зохимжтой биш. Өөрийн эдлэн газар, цэцэрлэгтэй, хувийн хоёр давхар орон сууцтай байх буюу моргейжийг дахин санхүүжүүлэх чиглэл рүү явбал маш сайн амжилтад хүрнэ. Үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан үнэт цаасны хуулийг би санаачилж, УИХ-аар батлуулсан. Бидэнд эх үүсвэр дутуу байсан. Одоо Хөгжлийн банк маань моргейжийг улс орон даяар эхлүүлж чадвал өрх гэр бүрт хүрсэн томоохон боломж бий болно. Амьдралын чанарт том өөрчлөлт гарна. Ер нь бонд ч бай, вексель ч бай энгийн болон давуу эрхийн хувьцаа гэдэг утгаараа санхүүгийн л арга хэлбэр. Төлөх хугацаа, хүү, хөрөнгийн баталгаагаараа ялгаатай мөнгө олох эх үүсвэрийн л хэлбэр.
-Хөгжлийн банк биш хөрөнгө оруулалтын корпораци байгуулсан бол дээр байсан гэж УИХ-ын зарим гишүүн дуугарсан. Гэтэл Сангийн сайд С.Баярцогт энэ бол банк нэртэй л болохоос хөрөнгө оруулалтын корпораци гэж байсан. Энэ хоёрын ялгаа нь юу вэ. Хөгжлийн банкны үр дүнг хэзээнээс бодитой мэдрэх вэ?
-Бид ямар ч байсан Хөгжлийн банкаа байгуулчихлаа. Дүрмийг нь баталчихлаа. Одоо үйл ажиллагаа нь эхэлж байна. Үр дүнг нь бид шууд мэдрэх учиртай. Яагаад гэвэл уг банк санхүүжилт хийж байгаа салбар бүхэлдээ хөдөлнө. Моргейжийн зах зээл рүү уг Хөгжлийн банкны үйл ажиллагаа чиглэсэн тохиолдолд орон сууцны барилгажилт эрс нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурна. Тэгээд иргэдийн амьдрал дээшилж, амьдрах орчноо чанаржуулах нөхцөл бий болно. Барилгын салбарын олон жил хүлээсэн хүлээлт энэ шүү дээ. Барилгын үнийг хямдруулах хамгийн сайн арга бол моргейжийн зээл. Хямдхан, жилийн зургаан хувийн хүүтэй, дээрээс нь 20- 30 жилд төлж дуусна. Үүний санхүүжилтийг шийдэж байгаагаараа энэ салбарыг цоо шинэ хөгжлийн шатанд гаргана. Өнөөдөр арилжааны банкнууд хамгийн багадаа 12-15 хувийн хүүтэй байгаа. Түүнээс бараг хоёр дахин бага хүүтэй байна гэдэг бол тухайн салбарыг хөдөлгөөнд оруулна. Гол нь бид бусад нөхдөдөө их зөв гаргах хэрэгтэй. Тухайлбал боомтын нэвтрэх чадварыг сайжруулмаар байна. Тэр олон нефть, төмөр, барилгын материалыг импортоор авч байна. Үүнд маш их ачаалал өгч, инфляци үүсдэг, түүнээс сэргийлэх хэрэгтэй. Мөн үүнийг дагаад нийт зах зээлийн багтаамждаа тулгуурлаад манайд хэчнээн тоосго, блок, төмөрлөгийн үйлдвэр хэрэгтэй байна гэх мэт барилгын бусад чиглэлийн тооцоог гаргаад үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Ингэхгүйгээр цэвэр хэрэглээг дэмжих юм бол нөгөө мөнгө нь гадагшаа импортод гараад явчихна гэсэн үг. Ингээд эхэлбэл эдийн засагт өгөх өгөөж нь багасна гэсэн үг. Мөнгөө дотроо эргүүлэх, хөрөнгө оруулалт төслөө ард түмэнд хэрэгтэйгээр ашиглах хэрэгтэй.
-Хуулийг нь батлаад өгчихлөө. Одоо Засгийн газрын хийх ажил. Яаж хийхийг нь харж байя гэсэн хандлага ажиглагдаад байна. Ямар нэгэн болгоомжлол танд ер нь төрж байсан уу?
-Хамгийн гол нь хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг УИХ-аар батлаад хянаад явсан нөхцөлд гайгүй болов уу гэж харж байгаа. Гол алдаа нь энэ тал дээр л гарах байх. Засгийн газрыг ч юу хийхийг нь УИХ хянана. Улсын төсөв баталдагтай яг ижилхэн Засгийн газрын хийх ажлыг баталж өгнө. Төсөвт нэг ширхэг хадаас авахыг УИХ баталдаг шиг эх үүсвэрийн хөрөнгө оруулалт хийхийг бодлогын талаас нь, Засгийн газрын баталгаа гаргахыг нь ч УИХ гаргаж өгнө. Хөгжлийн банк Монголд хөгжлийг дагуулна. Үүнийг нэг их сөрөг талаас нь харах хэрэггүй. Жил бүр санхүүгийн эх үүсвэрийн дутагдалтай, дотоодын аж ахуйн нэгжийн хүчин чадал бий болж чадаагүй, бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийгээд л явж байсан. Өнөөдөр тэр олон жилийнхээс илүү том бодит эх үүсвэртэй болох бололцоотой болж байна. Бид цаг хожих хэрэгтэй байна. Бидэнд хурд дутаж байна. Хөгжлийн банк манай хөгжлийн хурд, манай орон эрчимтэй хөгжих суурь хөшүүрэг болно.
-Манай том уурхайнууд, "Оюутолгой", "Таван толгой" Хөгжлийн банканд ямар үүрэг гүйцэтгэх бол?
-Оюутолгойн төсөл эхэллээ гэдэг нь өөрөө Хөгжлийн банк байгуулахад манай орны нэрийг гадаад тавцанд өргөөд өгч байгаа юм. Монгол Улсын эргэн төлөх чадавхыг шууд баталж байна гэсэн үг. Энэ орон чадвартай, найдвартай болж байна гэдгийг тод томруун харуулж байгаа юм. Оюутолгойн гэрээний зүйл заалт бүрээр нь бид хуульчидтай хамтарч ажилласан. Буруу, зөв зүйл энэ гэрээнд бий. Давуу эрхийн хувьцаатай холбоотой, санхүүжилтийн хүүнд хамаарах хэд хэдэн засварыг сая хийлээ. Чухал нь энэ хөрөнгө оруулалтыг бид бүрэн авах хэрэгтэй байна. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхлэх ёстой. Алдаа гарсан бол бид явцын дунд нь залруулах бүрэн бололцоотой. Оюутолгойг аваад явчихгүй. Манай орны газар нутагт байж л байна. Харин улстөрчид яваад өгч болно. Тиймээс үүнийг засаж залруулах бололцоо хэзээд байна.
Т.Цэвээнгэрэл
2011 оны 3-р сарын 22, Мягмар гариг
Өдрийн шуудан

No comments:

Post a Comment