Monday, 23 April 2012

Д.Очирбат: Эмч нарын аюулгүй байдлыг хангахыг С.Ламбаа сайд дэмжсэнгүй


УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д. Очирбаттай ярилцлаа.
-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцэж байна. Хуульд ямар үндсэн өөрчлөлт оруулж буй вэ?
- Эрүүл аж төрөх боловсрол, сургалтын үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд түлхүү үзүүлэх, томоохон эмнэлгүүдэд улсаас үзүүлдэг нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд шилжүүлэх тогтолцоо энэ хууль батлагдсанаар бий болно. Гурав дахь шатны эмнэлгүүд судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зөвлөгөө, доод шатлалынхаа эмнэлгүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр түлхүү ажиллахаар зохион байгуулагдана. Шаардлагатай тохиолдолд хүнд төрлийн эмнэлгийн үйлчилгээг гурав дахь шатлалын эмнэлгүүд үзүүлнэ. Аймаг, дүүргийн буюу хоёр дахь шатлалын эмнэлгүүд хүн амд долоогоос доошгүй төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болох юм. Иргэн шимтгэл төлж байгаа учраас эмнэлэг, эмчээ сонгодог байх тогтолцоо руу бид явах ёстой.
-Иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хамгийн түрүүнд өрхийн эмнэлгээс авдаг. Тэдгээрийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт оруулах гэж байна?
Өрхийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг хувийн хэвшлийн байгууллага байхаар хуулиар зохицуулна. 6000-аас доошгүй хүнд нэг архийн эмнэлэг ногдоно. Үйл ажиллагаа явуулах байр, тоног төхөөрөмж зэрэг төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмших эрх нээлттэй байхаар тусгаж байна. Тусламж, үйлчилгээ авдаг иргэн нэг бүрээр тооцож өрхийн эмнэлгүүдийг төрөөс санхүүжүүлдэг. Түүний хэмжээг нь нэмнэ. Сум, тосгоны эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн болон ардын уламжлалт гэсэн хосолсон хэлбэрээр үзүүлэхийг хуулиар зөвшөөрнө.
-Байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд хоёр нь салбарынхаа бодлогын талаар зөрүүтэй байр суурьтай байгаа нь хэлэлцүүлгийн үеэр анзаарагдлаа. Та хоёр юунаас болж санал зөрөлдөөд байна вэ?
-Эрүүл мэндийн салбарыг бие даан хөгжүүлэхийн тулд төрөөс аль болох хамаарал багатай байлгах хэрэгтэй. Бүх зүйлд яам нь хутгалдаад байвал бэрхшээлтэй. Санхүүгийн тогтолцооных нь талаар бид байр суурийн зөрүүтэй байгаа юм. Энэ сапбарын хөрөнгө зөвхөн салбартаа л зарцуулагдах ёстой. Эмнэлгийн найдвартай үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээнд хөрөнгийг зарцуулах ёстой гэсэн байр суурин дээр би хатуу зогсоно. Яам бодлогоо л зөв гаргах хэрэгтэй. Яамны хэт оролцоог бид шүүмжлээд байгаа. Төрийн бус байгууллага, эмнэлэг, ажил олгогчийн гэсэн хамтын удирдлагын тогтолцоогоор ажиллаад үзэх хэрэгтэй. Эмч,  эмнэлгийн  ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь санаатай, саад учруулсан, доромжилсон, заналхийлсэн, хүч хэрэглэсэн бол эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг миний саналаар оруулсан юм. Гэтэл СЛамбаа сайд эсэргүүцээд түүнийг Байнгын хороон дээр "унагачихсан". Чуулган дээр дэмжүүлэх гээд барсангүй. Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр дахин ярина даа. Дуудлагаар очсон эмч эмэгтэйг хүчирхийлсэн, өвчтөн нь эмчлэгч эмчээ 17 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргүүд гарч л байсан шүү дээ. Цагдаагийн биед халдвал хүндрүүлэх нөхцөлөөр хариуцлага хүлээдэг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Тэгвэл өөрсдийнх нь эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмчид халдвал бас ингэдэг гэсэн ойлголт бий болгоё л доо. Би ийм л зорилгоор тэр заалтыг дэмжүулэхийг хүсээд байгаа юм.
-Жилдээ даатгалын шимтгэлээр 80 тэрбум төгрөг цугладаг гэж байгаа. Энэ их хөрөнгийг эргүүлээд салбарт нь зарцуулахын оронд түүнийг эргэлдүүлж ашиг олдог хэсэг бүлэг, улс төрчдийн тухай яриа тасардаггүй...
-Даатгалын шимтгэлээр жилдээ 80 гаруй тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд орж ирдэг. Түүнийг зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, иргэнийхээ эрүүл мэндэд зориулан зарцуулдаг байх ёстой. Даатгалын   сангийн   сонгодог утга нь энэ юм. Гэтэл манайхан юунд ч хамаагүй зарцуулдаг учраас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог олон түмэн, эмч, эмнэлгийн ажилтнууд шүүмжлээд байгаа юм. Сангийн үлдэгдэл хөрөнгөөр үнэт цаас худалдаж авах зэргээр ашигтай, эрсдэлгүй хэлбэрээр үржуүлж байдаг тогтолцоог бий болгоно.
-Эрүүл мэндийн даатгалын шимэтгэлийг 20-иод жил төлсөн хүн түүнийгээ тооцвол овоо "юм" гарна байх. Тэгсэн хэрнээ түүндээ дүйхүйц эмнэлэгийн үйлчилгээ аваагүй гэж бодъё. Магадгүй нарийн мэргэжлийн, төлбөр өндөр үйлчилгээ авах боллоо гэхэд төлсөн шимэтгэлээсээ төлбөрөө гаргуулмаар санагддаг. Тэр нь хүрэлцээгүй тохиолдолд гэр бүлийнхээ хүмүүсийн зөвшөөрснөөр тэднийхээ төлсөн даатгалаас хөрөнгө гаргуулж болдоггүй юм уу. Ингэхийг олон хүн хүсдэг юм билээ...
-Насаараа даатгалын шимтгэл төлсөн хэрнээ нэг ч удаа эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй хүн олон байдаг юм билээ. Гэтэл тэр хүний төлсөн шимтгэл хэдэн төгрөг болсон нь ил тод биш байгаа. Түүндээ тохирсон эмчилгээ авсан эсэхээ даатгал төлсөн иргэн сонирхох ч эрхгүй. Хүн эрүүл байж, эмнэлэгт хүндрэл учруулаагүй бол төлсөн даатгалынх нь тодорхой хувиар урамшуулдаг байх хэрэгтэй. Тэр нь тухайн иргэнийхээ эрүүл мэндэд зарцуулагддаг байх тогтолцоо руу явах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд гэр бүлийнх хэн нэгний төлсөн шимтгэлээс нөгөө рүү шилжүүлдэг байх зэрэг уян хатан тогтолцоонд шилжих ёстой. Бид төслөө ийм үзэл баримтлалаар боловсруулсан.
Го.Энхтөр
Өнөөдөр
2011 оны 4-р сарын 11, Даваа гариг

No comments:

Post a Comment