Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр:Монголын нийгэм сэтгэлгээний хувьд асар их эвдэрсэн


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж ярилцлаа
-Сонгуулийн хууль эцсийн эцэст мажортари давамгайлсан холимог хувилбар дээр тогтлоо. Хамгийн зөв, оновчтой хувилбар байж чадсан уу?
-1992 оноос хойш Монгол Улс сонгуулийн бүхий л системийг туршиж үзлээ. Үлдсэн байсан нэг тогтолцоо болох холимог тогтолцоог энэ удаа хэрэглэхээр хуулийн төсөл үндсэндээ хэлэлцэгдээд эцсийн шатандаа орж байна даа. Хуулийн систем ямар байх нь нэг их чухал биш гэж би боддог. Гол нь сонгогчдын санал бүрэн тусгагдах ямар нэгэн луйвар, сонгуулийн дүнг будлиантуулах нөхцөл байдал үүсэхгүй байх нөхцөлийг хаах нь чухал. Энэ удаагийн хуулийн шинэчлэлийн өөрчлөлтөөр бид доторх процессын асуудлыг нэлээн сайн засаж хөндлөнгөөс үймүүлээд байх бололцоог багасгасан. Сонгогчид сонгууль өгсний дараах төр засагтаа итгэх итгэлийг бэхжүүлэхэд чиглэсэн зарчмын зүйлүүд нэлээд орж өгснөөрөө онцлог ч гэж болно. Гол онцлог нь доторх дэд суурь нэлээд сайн янзлагдсан явдал л гэж бодоод байгаа шүү.
-Түүнээс гадна 48:28 хувилбар болон саяхан болж өнгөрсөн танай намын Бага хуралтай холбогдуулаад асуухад Удирдах зөвлөлд багтан намын нарийн бичгийн дарга болсноор УИХ-д нэр дэвших эрх нээгдэнэ гэж яригдах болсон. Энэ талаар нам дээр яг ямар тохиролцоо, яриа өрнөсөн юм бэ?
-Сонгуулийн хугацаа дөхөж байгаатай холбоотойгоор намд өргөтгөсөн зохион байгуулалт хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд шинэ нарийн бичгийн дарга нарыг намын Бага хурлаараа дэвшүүлэн гаргаж, сонгож бас баталгаажуулсан. Энэ бол хувь хүмүүсийг гэхээсээ илүү намыг сонгуульд бэлтгэх, өргөтгөн зохион байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа жил болов уу гэж бодож байна. Онцлох зүйл гэвэл МАН эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг түлхүү барьж, эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж буйн илрэл нь хоёр эмэгтэй намын нарийн бичгийн даргатай болсон явдал. Нөгөөтэйгүүр намын бодлогыг залуучуудын түвшинд авч үзэхийн тулд залуусаа удирдаж буй залуучуудын байгууллагынхаа Ерөнхийлөгчийг намын нарийн бичгээр түвшинд гаргаж ирсэн нь нийгмийн хүсэлт, шаардлагад нийцсэн зүйл болсон болов уу.
-Сонгуулийн хууль гэснээс хууль хэлэлцэгдэх үед хэвлэл мэдээллийнхэнд хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн. Хэдийгээр хариуцлагатай байх ёстой ч хэтэрхий нэг талыг бариад байгаа юм шиг санагдсан л даа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр З.Алтай гишүүн их юм болж байж асуудлыг арай зөөлрүүлэх шиг боллоо. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ. Захиалагчийг бус хэвлэн нийтэлсэн байгууллага, сэтгүүлчийг шийтгэх нь шударга зарчим биш биз дээ?
-Бид ардчилсан гэх нийгмийн шинэ харилцаанд ороод 20 жил боллоо.   Өнгөрсөн  хугацаанд эрхийн асуудал их өндөр байсан ч үүрэг орхигдсон. Ардчилал гэдэг эв нэгдэл, хууль сахих   явдал. Хуулийн дор аж төрөх явдал гэсэн ухагдахуун гэж би ойлгодог. Одоо хаа хаанаа жоохон сахилга баттай хариуцлагатай байх цаг ирсэн. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр Монголын нийгэм сэтгэлгээний хувьд асар их эвдэрчихсэн байна. Аливаад хандах хандлага, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хүн ёс, уламжлал, ёс заншилдаа хандаж буй хандлага гээд нийтлэг том зургаараа монголчууд   бид сэтгэлгээндээ асар том хувьсал өөрчлөлт хийхгүй бол туйлын ноцтой хэмжээнд хүрчихлээ гэж би хувь хүний хувьд дотроо эмзэглэдэг. Энэ байдлыг засаж залруулахад хэвлэл мэдээллийн үүрэг ус агаар шиг амин чухал үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага маань хариуцлагатай байж ,ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлзүйг зөв хөгжүүлж чадвал Монгол Улс,нийгэм төлөвшихөд их дөхөм болох зөв алхам болох юм болов уу гэж боддог.Нөгөөтэйгүүр  сүүлийн үед бидний байгуулж буй ардчиллын маань үнэт зүйлийн үнэ цэнэ нийгэмд унаад байгаа нь туйлын ноцтой санагддаг. Эцсийн эцэст энэ нийгэм хэнд зориулагдаад байгаа юм бэ.
Нийгэм үнэт зүйлээ алдан хэт анархи, дур зоргоороо үзэл бодлоо илэрхийлэх түвшиндээ хүрээд ирэхээр нийгмийн оюун санаа айхтар эвдэрдэг юм байна.
Тэр ч утгаараа сэтгүүлзүй маань хариуцлагатай байж, нийгэмд зөв мессеж илгээдэг байгаасай гэж хүсдэг. Дөнгөж сэргэж буй үндэсний ухамсрын сэргэлт болон улс орны хөгжилд нийгмээ чиглүүлэх үүргээ гүйцэтгэвэл туйлын сайн. Гэвч буруу тал руу нь өдөөж, сэтгэлзүйг нь хэт эвдэх нь нийгэмд туйлын хортой нөхцөл байдлыг үүсгэж байна л гэж би ойлгодог. Тиймдээ ч хэвлэл мэдээллийг жаахан сахилгажуулж, хариуцлагажуулах гэдэг талаасаа нэр бүхий гишүүд санал гаргаад яваад байгаа юм болов уу даа гэж ойлгоод байгаа.
-Ирэх оны төсвийг сонгуулийн шоуны төсөл болчихлоо гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төсөв сонгуульд чиглэгддэг. Өнөөдөр бид дөрөв дөрвөн жилээр сонгуулиа явуулдаг. Энэ нөхцөл байдал биднийг сонгуулийн төсөв хийхэд хүргэж байна. Сонгуулиар амласан зүйлээ хэрэгжүүлэх сүүлийн боломж, энэ төсөв. Тиймдээ ч төсвийн бүх л хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, нийгэм хамгаалал, мөнгө санхүүгийн бодлого маань шууд сонгуулийн амлалтад чиглэгдэж байна. Нөгөөтэйгүүр энэ амлалтаас үүдэж сонголт хийсэн учраас амлалтаа хэрэгжүүлэх нь улстөрийн намуудын үүрэг.
-Сонгуулийн хуулийг та нар өөрсдөдөө зориулж бас тохируулж хийж байна. Уг нь бол дэлхийн ихэнх улс орны жишгээр 2016, 2020 оны сонгуулийг хуулийг боловсруулах ёстой юм биш үү?
-Зөв л дөө, наад асуудал чинь зарчмын асуудал нь их зөв. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн тухайд долоон сарын нэгэнтэй холбоотойгоор нийгэмд бүрдсэн нөхцөл байдал сонгуулийн хуулийг боловсронгуй болгоё гэсэн захиалгыг бий болгочихсон. Өнөөдрийн батлах гэж буй шинэ хуулийг 2016 оноос хэрэгжүүлнээ гэхээр нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй. Нэгэнт хүндрэлтэй нөхцөл байдал үүсчихсэн учраас яаралтай шийдэх ёстой. Харин хаа очиж төрийн эрх барьж байгаа улстөрийн намууд зөвшилцөж, хамтран ажиллаж, улстөрийн томоохон зөвшилцөлд хүрсний үр дүнд гарч байгаа болохоор харьцангуй тогтвортой, олон түмний хүслийг илэрхийлсэн, улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадахуйц хууль болж байгаа гэж бодож байна.
-МАН-ынхан Бага хурлаараа Ёс зүйн дүрмээ баталсан. Олон хүн энэ асуудлыг таатай хүлээж авсан. Батлагдсан дүрмийн хамгийн ололттой заалт гэвэл юу хэлэх вэ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Заалтаас илүү зарчим үзэл санаа нь их зөв.Төрийн эрх барьж байгаа улс төрийн гол хүчин болох МАН асуудлыг өөрөөсөө эхэлж, хариуцлагатай байя гээд байгаа юм. Тэр ч утгаараа намаас нэр дэвшин томилогддог төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрмийг эн тэргүүнд авч үзэж байгаа юм. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Эх үүсвэрээ өөрсдөөсөө эхэлж цэвэрлэе гэсэн үүднээс манай намын Хяналтын хороо хэнээс ч үл хамаарах маш өндөр бие даасан байдалтай, зөвхөн намынхаа эрх барих дээд байгууллага, намынхаа Их хуралд тайлагнах бүрэн эрхтэйгээр хяналтын асуудлыг тавьсан. Гол зорилго нь албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавина. Цаашдаа Монгол Улсад төрийн албаны эрс шинэчлэлийг эхлүүлэх ёстой. Төрийн албаны уялдаа холбоог сайжруулах, төрийн албанд мэргэжлийн өндөр чадавхтай хүн ажиллах орчинг бүрдүүлэх, зөвхөн салбарын өндөр мэргэшсэн мэргэжилтэн ажиллах орчинг бүрдүүлэхээс гадНа гадаадад сурч боловсорсон өндөр мэргэжилтэй залуучуудыг төрийн албанд орж ажиллах бололцоог бүрдүүлэх гэхчлэн төрийн албаны цогц шинэчлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр бэлтгэж байна гэж ойлгож болно.
-Нөхөн сонгуулиар дөнгөж гарч ирснийхээ дараа Су.Батболд АН-ынхан сайхан юм аа дураараа яриад л гэж байж билээ. Үнэндээ ч танай нам энэ талаар АН-ынхнаас арай өөр. Сая болж өнгөрсөн Бага хурал дээр ч гэсэн элдэв юм ярьж болохгүй гэсэн үүрэг заавар өгсөн гэсэн байх аа?
-Тэр үнэн. Энэ бол манай намын том үнэт зүйл. Энийг байх ёстой бас хадгалж явах ёстой үнэт зүйл гэж би боддог. Улстөр хийх гэж байгаа бол улс төрийн сайн муугаа нам дотроо  маш сайн ярих ёстой. Дотроо эрүүл шүүмжлэл өрнүүлж, сайн ярилцаж, асуудлыг ардчиллын зарчмаар олонхоороо шийдвэрлэж чаддаг, тэгээд олонхдоо захирагдаж цөөнх нь дуугүй байж, намынхаа бодлогыг дагадаг байх ёстой. Түүнээс биш өөрийнхөө үзэл санаа, буруу тооцоололт, итгэл үнэмшлийг хэт ялгаж нам, бодлогын эсрэг улстөр хийх нь улстөрчийн хувьд ч, намд ч, Монгол Улсад ч хэрэггүй ажил. Яах гэж нам байгаа юм бэ. Нам гэдэг зохион байгуулалтын их боловсронгуй хэлбэр. Зохион байгуулж, хамтран ажиллаж, тухайн асуудлаар санал бодлоо нэгтгэж уралдуулаад нэгдсэн хөтөлбөрөө гаргаад тэрийгээ улс орны сайн сайхны төлөө хэрэгжүүлэхээр цугласан, нийтлэг эрх ашиг бүхий үзэл бүхий хамт олон.
Олонхоороо шийдсэн асуудлын эсрэг дангаараа сөрөх, бодлогыг эсэргүүцэх, хувийн ашиг хонжоо олох гэж оролдох нь зохимжгүй явдал.
Ийм улстөр моодноос гарч байгаа гэж хэлэх байна. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн өсөлт, боломж байна. Өсөлтийг хөгжил болгож хувиргах, энэхүү таатай боломжийг алдах эрх бидэнд байхгүй. Дотооддоо бодитой хөгжлийн хөтөлбөр, улстөрийн бодлогуудаа гаргаад хэрэгжүүлэх арга замаа тодорхойлсон бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэр намын хамт олон баг, УИХ дахь бүлэг бүгд л зүтгэдэг байх ёстой. Ингэж чадвал улс оронд их хэрэгтэй. Хатуухан хэлэхэд хэтэрхий олон жил бид хэт улстөржилтөөс болж нөөцөө барлаа, хэт их цаг хугацааны алдагдалд орлоо. Хамгийн наад зах нь Оюутолгойн орд. 2008 онд эргэлтэд орох бололцоо байсан уу гэвэл байсан, Оюутолгой тэр үед эдийн засгийн эргэлтэд орчихсон бол нийгэм, эдийн засаг маш өөр түвшинд хүрэх бололцоо байсан. Бид тэр боломжийг алдагдсан. Маш олон зүйл хэт улстөржилтөөс болоод хойшилсон, бүр бүтэхгүй болсон нь амьдрал дээр харагдаж л байгаа шүү дээ.
-МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нэр бүхий гишүүд болон хэл ам татлаад байгаа Засаг дарга нарын асуудлыг хэлэлцэнэ гэж байснаа таг болчихсон. Ярьсан уу?
-Ахин хэлэхэд бид асуудлаа дотроо ярьж чадаж байгаа. Энэ бол манай намын том давуу тал ш дээ. Асуудлыг ярьсан бүх талаас нь ярилцсан. Дахин хэлэхэд МАН-д намын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудал байхгүй ээ. Энийг гаднаас зохион байгуулах гэж оролдсон, манай намыг хагарч бутраасай гэдэг хүсэлтэй улстөрийн хүчин, улстөрч байгаа. Энэ бол бодитой зүйл. Энэ оролдлогыг Ардын нам давж гарч чадсан. Давж гараад зогсохгүй маш сайн нягтарч чадсан. Нэг зорилгодоо нягтарч чадсан ийм л Бага хурал болсон гэж хэлэх байна.
-Ингэхэд хоёр сонгуулийг хамт явуулна гээд байгаа. Эдийн засгийн хувьд хэмнэлттэй ч эрсдэлтэй л санагдаад байгаа юм?
-Бүс нутгийн хөгжлийн түвшин өөр өөр байгаа. Орон нутаг Улаанбаатар бусад төв суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл, үнэ цэнэ өөр. Товчхондоо хот, хөдөөгийн ялгаа, амьдралын түвшин их өөр байна. Амьдралын түвшнээс гадна нийгэмд хандах хандлага өөрчлөгдөж, хоёр өөр туйл руу маш хүчтэй явж байна. Хоёр өөр иргэншил Монголд оршиж эхэлж байна. Тэгэхээр бүс нутаг бүхэн харилцан адилгүй байгаачлан зарим газар сонгуулийг хамт явуулах нь туйлын ашигтай. Ялангуяа орон нутагт.
-Яагаад?
-Хүн ам цөөн. Хүмүүс нь бие биенээ сайн мэддэг учраас харьцангуй бага улс төржилтэйгөөр асуудлыг шийдчих бололцоотой. Асуудлын хүндрэл хаана байна вэ гэвэл төв суурин газарт л байна. Суурин газар сонгуулийг хамт явуулах нь нөхцөл байдлыг хурцатгаж ч магадгүй гэж би бодоод байгаа. Гэхдээ эцсийн хувилбар гараагүй байна. Олон талаас нь ярьж байгаад шийдэх байх аа.
-Хотод бус хөдөөд л хэт туйлширсан улстөржилт өрнөдөг юм биш үү?
-Гайгүй ш дээ. Тухайн үедээ жаахан даргиад л намждаг. Хүссэн хүсээгүй амьдрал ахуй гэхчлэн их олон зүйлээр холбогддог учраас тэр. Ах дүү, худ ураг, садан төрлийн холбоо их гүнзгий шүү дээ. Монголын уламжлал хадгалагдсан байдал, Монгол хүний хэв шинж орон нутагт их хүчтэй мэдрэгддэг. Сүүлийн үед бүр ч хүчтэй болж байгаа. Хот суурин газар энэ хэлхээ холбоо байдаггүй. Хажуу хаалгандаа ямар хүн амьдарч байгааг ч мэдэхгүй л амьдардаг шүү дээ. Гэтэл сум орон нутагт хэн хэнийд ирсэн, бараг л авдранд нь юу байгааг мэддэг юм ард түмэн байдаг. Нийтлэг үнэт зүйл л дээ. Баяр жаргалаа хуваалцдаг их сайхан уламжлал хэв маяг орон нутагт хадгалагдаж байна.
-Сонгуулийн мандатын хуваарилалт жаахан тиймхэн санагдсан. Хотод Монголын хүн амын  багагүй хувь амьдардаг гэдэг утгаараа хийх ажил ихтэй байхад?
-Үндсэн хуулийн их том асуудал л даа, наадах чинь. Үндсэн хуульдаа бид нэгд хүн ам яриагүй... Монгол орон өргөн уудам газар нутаг дээр хоёр сая гаруйхан хүн амтай. Бид газар нутгаа бүрэн бүтэн авч явах ёстой. Нутаг орноо эзгүйрүүлж болохгүй. Дээр хэлсэн монгол хэв маяг, уламжлал заншлыг алдагдуулж болохгүй. Өнөөдөр хүн амын 40-50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатарт төвлөрч байгаа нь эргээд улс үндэстний хувьд, аюулгүй байдлын үүднээс туйлын ноцтой үзэгдэл гэж судлаачид үздэг. Цаашдаа энэ их төвлөрлийг сааруулах, нутагтаа иргэд нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүртээд сэтгэл амар тайван амьдрах, баталгаат орлогын эх үүсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийг нэн тэргүүнд анхаарах ёстой. Бүгдээрээ Улаанбаатарт цуглачихвал яах вэ. Хэрвээ өнөөдрийн энэ бодлого цааш явах юм бол сонгууль жижигрүүлсэн хэлбэрээрээ төвлөрлийг улам өдөөх юм бол эргээд үндэстэн оршин тогтноход хүндрэл үүсгэнэ.
-Яагаад?
-Монгол ахуй, Монгол үндэстнийг даяаршсан нийгэмд авч гарах хэв шинж биет болон биет бус өвийг нуруундаа тээж явах нь ард түмэн. Монголын нүүдэлчин ахуй, монгол гэр, хурдан морины уралдаан, байгальтай харьцаж байгаа ард түмнээс гарсан ирээдүйн хүүхэд багачууд ирээдүйд Монгол Улсыг авч явна. Бодит байдал дээр Улаанбаатарт ирж бүгд байшинд орж суучхаар монгол гэх хэв шинжээ маш хурдан алдаж байгаа биз дээ. Эргэн тойронд маань хоёр том хөрш байна, хүн ам нь хэдэн зуун саяар тоологддог. Тэдний эсрэг Монголынхоо хилийг монгол гэрээрээ тамгалаад, аж төрөн нутаг усаа эзэнтэй байлгах нь Монгол Улсын үе үеийн бодлого шүү дээ. Нөгөөтэйгүүр нийслэлд засаг төр, бүх байгууллага нь байна. Тэрийг дагаад бүх цогц үйлчилгээний гол цөм нь энд байдаг. Харин орон нутагт нийтлэг үйлчилгээнүүд харьцангуй муу. Гэтэл орон нутгийн мандатын тоог цөөлж байгаа нь таатай зүйл биш. Хувь хүний хувьд, ний нуугүй хэлэхэд сонгуулийн системийг өөрчилж байгаад таатай хандахгүй байгаа. Гэхдээ олонхоороо шийдвэрлэж байгаа зарчмыг дагаж биелүүлэх үүрэгтэйгээ ухамсарлаж байна даа.
-Эдийн засаг өсөлт нэмэгдэж байгаа гэж хэллээ. Гэвч уул уурхайгаас хэт хараат эдийн засаг гэдгийг мартаж болохгүй байх. Тийм үү?
-Эдийн засгийн өсөлт боломж болж харагдаж байна. Эдийн засгийн энэ өсөлт ойрын 10 жилдээ хадгалагдах болов уу гэсэн тооцоо бий. Тэгэхээр бидний санаа зовох зүйл бол эдийн засгийн өсөлтийг яаж Монгол Улсын хөгжил болгож хувиргах вэ гэдэг асуудал. Өсөлт хөгжил болохгүй байх тохиолдол олон. Эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь баялгийг зөв хуваарилах явдал. Хуваарилалт буруу болох юм бол эдийн засгийн өсөлт цөөнхөд хүртдэг. Нийгмийн тэгш бус байдлыг хэт гүнзгийрүүлбэл нийгэм тэсэрдэг. Нийгэмд хамт амьдарч ажиллах итгэлцэл сууриараа нурж унана гэсэн үг. Энэ бол Монголын болгоомжлох асуудал мөн үү гэвэл мөн. Бодлогоо зөв оновчтой болгох гэхчлэн олон шийдвэл зохих асуудал бидний өмнө байна. Ялангуяа залуусын өмнө. Өнөөдрийн нөхцөл байдлаа зөв дүгнэх юм бол нийгмийн халамжийн тогтолцоо оновчгүй байна. Нийгмийн баялгийн хуваарилалт зохисгүй байна. Нийгмийн баялгийн хуваарилалттай холбоотой бухимдал газар авч байна. Төрийн алба хоорондын уялдаа холбоо асар муу, эрүүл мэндийн систем маань иргэдийнхээ эрэлтийг хангаж чадахгүй, боловсрол маань ч дэлхийн түвшинд өрсөлдөж чадахгүй байна гээд олон асуудал байна. Хүн амын маш тодорхой хэсэг ядуу байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг маш зөв ухаалаг, зөв хүргэх ёстой. Тэгэхийн тулд эдийн засгийг зөв зохистой жолоодох хэрэгтэй. Энэ бол миний байр суурь. Эдийн засгийг хэт либераль, дур зоргоор нь тавих юм бол цөөхөн монголчуудад хортой тусна шүү.
-Манайхан буруу яваад байгаа юм биш үү?
-Буруу биш. Бидний сонгосон ардчилсан нийгэм ардчиллын үнэт зүйл маань ийм нөхцөл байдалд хүргээд байгаа юм. Намуудын байр суурь үзэл баримтлалын ялгаа гарч эхэлж байна. АН яг энэ эдийн засгийн чөлөөт либераль бодлогыг шууд дэмждэг. Улстөрийн гол амин сүнс нь энэ. Товчхондоо хөрөнгөлөг баячуудыг шууд дэмжсэн улстөрийн болон нийгэм, эдийн засгийн бодлого явуулдаг. Ардын нам нийгмийн баялгийг нийгмийн хэсэгт яаж хүргэж зохистой болгох вэ гэдэг. Бодлогын их том зөрүү гарч ирж байгаа биз.
-Таны үеийнхэн их ном уншдаг. Ингэхэд та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Хятад их гүрэн эргэн ирж байгаа тухай Заяцеевийн номыг уншиж. дууслаа. Мөн Мао Зэдунь гэдэг номыг уншиж дуусгалаа. Барууны судлаачдын бичсэн ном л доо.Дахиад  хэлэхэд бид боломжийг алдаж байна. Ялангуяа Хятад судлалын тал дээр Монгол Улс маш анхааралтай байх хэрэгтэй. Бүх салбарт дэлхий дахин Хятадын боломжийг ашиглахыг хичээж байна. Хятадын хүн амын болон эдийн засгийн өсөлтийг буюу тэр том зах зээлийн багтаамжийг ашиглахыг хүсэж мөрөөдөж идэвхтэй ажиллаж байна. Энэ том зах зээлийн дэргэд байгаа нь бидний давуу тал. Бид энэ боломжийг туйлын дутуу ашиглаж байгаа юм болов уу гэж боддог. Энд бас л хэт улстөржилт саад болж байна шүү дээ. Ер нь маш том боломж бололцоог муу ашиглаад байна, бид...
Нийтлэлч
З.Урсгал
Эх сурвалж
Улаанбаатар Таймс сонин
2011 оны 12-р сарын 05, Даваа гариг

No comments:

Post a Comment