Monday, 23 April 2012

Д.Очирбат: Сонгуулийн хууль батлагдсаны дараа эмэгтэйчүүдийн квотын асуудлыг ярилцана


-Нэр дэвшигчдийн 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх болов уу-
Дөрвөн парламент дамжин хууль тогтоох дээд байгууллагын тогоонд чанагдсан Жендерийн тэгш байдлын тухай хуулийн төсөл сая нэг гүйцэд боловсорсон тул УИХ баталсан байна. Ерөнхийдөө 16 жил яригдаж, гацаанд орж түгжигдсэн шалтгаан нь ээлжит сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот байсан юм. Бүр тодорхой хувь заан оруулж ирвэл батлахгүй хэмээн эрэгтэй гишүүд дургүйцэж байсан гэдэг. Тиймээс хуулиа батлуулахын тулд төсөлд заасан квотын асуудлаа хасаж Сонгуулийн хуулиар зохицуулахаар тохиролцсоны үндсэн дээр хүйсийн тэгш байдлыг хангах хуульд ташуур өгч, хэлэлцэж эхэлсэн байна.
 Энэхүү хуулийн эцсийн хэлэлцүүлгийг cap шинийн өмнөх өдөр буюу битүүнд болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар хийжээ. Өчигдөр хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат болон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар хууль батлагдсантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Д.Очирбат гишүүн "Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл үндсэндээ 16 жил боловсруулагдаж, сая батлагдсан учраас нэлээд чамбай хууль болсон. Энэ хуулиар хүйсийн тэгш байдлыг зохицуулах юм. Мөн төр захиргааны болон улс төрийн албан тушаалд томилох квотын хэмжээг ч зааж өгсөн. Гэхдээ хэлэлцэх явцад зарим нэг заалт хасагдаж, хэрэгжих хугацаа нь ч өөр өөр байгаа.
Тодруулбал, улс төрийн болон төр захиргааны үйлчилгээ үзүүлэх гэх мэт албан тушаал 2013 оноос мөрдөгдөх, зарим нь 2016 оноос хэрэгжих юм. Хууль хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газарт үүрэг болгосон бол хяналт тавих ажил нь ХЭҮК-т ногдож байна" гэж хэллээ. Хуульд тусгаснаар улс төрийн нам нь төв байгууллага болон орон нутаг дахь намдаа аль нэг хүйсийн төлөөллийг 25 хувиас доошгүй байлгах, улс төрийн томилгооны хувьд Засгийн газар аймаг нийслэлд 15, дүүрэгт 20, суманд 25, хороо буюу анхан шатанд 30 хувьд хүргэх юм байна. Харин төрийн захиргааны удирдах албан тушаалтан, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын 15, бусад төв байгууллагын удирдлага 25, газар хэлтсийн дарга 30, аймаг нийслэл сум дүүргийн тамгын газарт 40 хувь нь эмэгтэй эсвэл эрэгтэйчүүд байх нь.

Ингэснээр тухайн байгууллагад ажиллагсдын хүйсийн тэгш байдал хангагдаж, давамгайлах хандлага арилах аж. Хэрэв давамгай байх юм бол 40 харьцах 60 гэсэн хэмжээг заавал баримт-лах ёстой гэнэ. Өөрөөр хэл-бэл, иргэдийг ажилд авахдаа бага хувь эзлэх хүйсийн хүнийг сонгож, тэнцвэрт байдлыг хангах ёстой гэж тайлбарлаж байлаа. Дээрх хуулийг боловсруулахын тулд дэлхийн 90 орчим орны туршлагаас судалж, тусгасан гэдгээ онцолж байв.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор "Монгол Улс хүйсийн тэгш байдлыг хангах тухай хуультай боллоо. Өмнө нь, Мянганы хөгжлийн зорилт болон бусад хууль тогтоомждоо энэ тухай зааж өгсөн ч амьдрал дээр хэрэгжих боломжгүй байсан юм. Зарим хүн ялгаварлан гадуурхахгүй байна гэдэг чинь квот  тогтоохгүй чөлөөтэй байхыг хэлнэ биз дээ гэж асуудаг. Тэгвэл энэ хуулиар хэн нэгний эрхэнд халдах бус, тэгш байдлыг хангах тухай л зааж, тодорхой хувь хэмжээ тогтоож өгсөн хэрэг. Өнөөдөр
ажилд авах зар дээр хүйс, нас, царай зүсээр ялгаварлан, заадаг. Үүнийг уг хуулиар хорьсон байна" гэсэн юм. Мөн хүйсийн тэгш байдал хэрхэн хангагдсан тухай мэдээлэл тайлангаа тухайн жил хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газарт болон хяналт тавих газарт ирүүлж байхаар тусгажээ.
Мэдээлэл хийсний дараа Д. Очирбат гишүүнээс зарим асуултад хариу авлаа.
-Сонгуульд нэр дэвших квотын тухайд зааж өгсөн болов уу?
-Уг хууль удахгүй парламентаар хэлэлцэгдэх болно. Сонгуулийн хуулиа баталсны дараа нэр дэвших хүйсийн харьцааны асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Ерөнхийдөө хууль хэрхэн батлагдахаас шалтгаалан квотоо ярилцах юм.
-Магадгүй та бүхний санал болгосон хэмжээнд хүрэхгүй байх. Тиймээс хэд байна гэж найдаж байна вэ?
-Бид дэлхийн 90 гаруй орны хуультай танилцсан. Судалгаанаас харахад 40 орчим улс нь Үндсэн хуулиараа, 50 гаруй нь Сонгуулийн хуулиараа хуульчилж өгсөн байдаг юм билээ. Социнтерны 62 орон сонгуулийн квоттой. Манай орны хувьд гэвэл улс төрийн нам болгон өөрийн дүрмээр зохицуулж яваа. МАН 25 хувийн суудлын квоттой, намын гишүүдийн 50 хувь нь эмэгтэй, Удирдах зөвлөлийн 21.7, Бага хурлын 13.3, хяналт болон ёс зүйн хороонд тус тус 28.3 гэх мэт байна. Харин АН 20, ИЗН 30 хувь байх жишээтэй. Ерөнхийдөө намын дүрэмд заасан хэмжээнээс буурахгүй болов уу. Энэ төвшинд л тавигдана гэж найдаж байгаа.
-Зарим салбарт эмэгтэйчүүд их байдаг. Үүнийг зохицуулахын тулд олон хүн халах солих шаардлага гарна байх?
-Хуульд заасан хэмжээг зайлшгүй баримтлах ёстой. Цаашдаа аль нэг хүйс нь давамгайлж байвал тэгш байдал бүрдүүлэх үүднээс 40:60 гэсэн харьцааг хангана. Гэхдээ юу юугүй халж солиод байхгүй. Хэрэгжүүлэх хугацаа урт болохоор тэр. Дээрх харьцаа нь 2016 он гэхэд хангагдана.
-Анх хуулийн төсөл орж ирэх үед төрийн захиргааны байгууллагын дарга нь эрэгтэй бол дэд дарга, орлогч нь эмэгтэй байхаар тусгасан талаар ярьж байсан?
-Төсөл оруулж ирэх үед ийм заалт байсан л даа. Гэвч ажлын хэсэг дээр ярилцаад байх шаардлагагүй гэж үзсэн учир хассан.
-Үр хөндөх асуудлыг ч оруулж ирсэн үү?
-Харин үр хөндөх тухайд бусад хуультай харшиж байна гэсэн шалтгаанаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хассан юм.
-Засгийн газрын гишүүдтэй холбоотой заалт хэдэн оноос мөрдөгдөх бол?
-Сонгуулийн дараа буюу 2013 оноос хэрэгжинэ. Хуульд заасны дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Энэ талаар Засгийн газар төлөвлөгөөгөө гаргах байх.
Э.Мөнгөн
Ардчилал сонин
2011 оны 2-р сарын 08, Мягмар гариг

No comments:

Post a Comment