Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: “Айвенхоу майнз Монголиа ИНК” шиг офф-шор компани аюултай

-Оюутолгойн төсөл дээр лоббидсон гадаад, дотоодын нэр хүндтэй хүмүүс, байгууллага бий-

Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу майнз Монголиа ИНК” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон хэлэлцэж, өнгөрсөн баасан гарагт дүгнэлтээ гаргажээ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Ажлын хэсгийнхэн хэд хоногийн туршид хаалттай хуралдсан. Ямар асуудал дээр гацаа үүссэн бэ?

-Оюутолгойн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сар гаруй боллоо. Өмнө нь нэг удаа өргөн барьсан ч буцаасан шүү дээ. Энэ удаад УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хамтран хуралдаж, асуудлыг судаллаа. Хоёр намын бүлгийн дүгнэлт гарч, ажлын хэсэгт хүргүүлсэн. Уг дүгнэлтийг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, ард иргэдийн саналыг авч, Эдийн засгийн байнгын хороо дүгнэлтээ гаргалаа.

-Дүгнэлт гаргахдаа юуг голлон анхаарав?

-УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны 11 дүгээр сард 40 дүгээр тогтоолыг баталсан.
Тогтоолын хүрээнд чиглүүлж өгсөн удирдамж, мөн Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний 29 дүгээр зүйл, заалтад хэр тусгалаа олж вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллалаа. Тэгээд дөрвөн зүйлтэй, дотроо олон чухал асуудлыг хөндсөн дүгнэлт гаргасан.

-Хоёр намын ажлын хэсгийн санал, дүгнэлт дээр үндэслэсэн гэлээ. Ардчилсан нам хөрөнгө оруулалтын ашиглалтын хугацааг 30 биш, 15 жил болгох санал оруулсан. Үүнийг тэр чигээр нь оруулах уу, эсвэл…?

-Хоёр намын бүлгийн дүгнэлтээс чухал гэсэн бүхнийг Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд оруулсан. Ашиглалтын 30 жилийг наашлуулах саналыг зөвхөн Ардчилсан намын бүлгээс гаргаагүй. МАХН-ын бүлэг ч ийм санал гаргасан. Ер нь 30 жилийн хугацааг наашлуулах нь зөв. Тэгэхдээ Ашигт малтмалын тухай хуульд “Нийт 100 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээг хийх юм бол УИХ батална. Хугацаа нь 30 жил байна” гэж заасан байдаг. Үүнийг бид өөрсдөө санал оруулж, хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх замаар шийдэхгүй. Хуульдаа өөрчлөлт оруулж байж шийднэ. Мөн гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой асуудал бий. Тэгж байж л 30 жилийн хугацааг наашлуулах тухай ярихаас биш, хэн нэгний хүсэлтээр шийдэх боломжгүй юм.

-Гэрээг байгуулах гурван өөр хувилбар бий гэсэн. Манай талд аль нь ашигтай бол. Монголын төр хувь эзэмшихгүй, зөвхөн татвараа авах хувилбарыг ажлын хэсгийнхэн хэр дэмжиж байна вэ?

-Гурав ч биш шүү. Маш олон хувилбарыг дэвшүүлж байна. Алтан хувьцаа гаргах, өөр орны Засгийн газартай хамтран ажиллах, концепцийн гэрээгээр эзэмшүүлэх, бүтээгдэхүүнээ урьдчилан худалдах замаар гэрээ байгуулж болно. Хэрэв энэ гэрээ батлагдахгүй тохиолдолд бусад хувилбарыг судалж үзэх боломж бий. Гэрээн дээр яг таг тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч компанитай хамтран ажиллах уу, үгүй юү гэдэг зүйл ч хөндөгдөнө. УИХ, Засгийн газар, ард түмэн “Оюутолгойн гэрээг хурдан батлагдаасай. Үр өгөөжөө хурдан өгөөсэй” гэдэг дээр санал нэг байгаа. Гагцхүү батлагдах гэрээ маань хуулиас давсан байж болохгүй. УИХ дуртай үедээ хуульд өөрчлөлт оруулах эрхтэй. Гэхдээ энэ гэрээ хууль шиг хүчин төгөлдөр ч хуулиас илүү үйлчилгээтэй юм. Гэрээ нэгэнт батлагдаж, хөрөнгө оруулагчид хүсээгүй тохиолдолд бид үүнийг дахин хэзээ ч өөрчилж чадахгүй.

-Тэгэхээр та бүхэнд алдах эрх байхгүй байх нь ээ?

-Тийм ээ, маш нухацтай хандах ёстой. Монгол Улс, ард түмний эрх ашигт нийцсэн л гэрээ байгуулахгүй бол хожим харамсаад ч барахгүй явдал болно.

-”Айвенхоу майнз” Оюутолгойн ордын ихэнх хувьцааг “Рио Тинто”- д худалдсан гэдэг мэдээллийг та бүхэн дуулсан байх. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол хөрөнгө оруулалтын гэрээг аль компанитай нь хийх вэ. Энэ асуудлыг ажлын хэсгийн хуралдаан дээр ярьсан уу?

-Үүн дээр асуудал бий, ярих ёстой. “Айвенхоу майнз Монголиа ИНК” бол офф-шор компани. Тус компанийн хөрөнгө оруулагч нь “Айвенхоу майнз”, “Рио Тинто”. Гэвч яваандаа гол хөрөнгө оруулагч нь “Рио Тинто” болох нөхцөлтэйгөөр дээрх хоёр компани гэрээ хийсэн юм билээ. Офф-шор компани бол аюултай. Татвараас зугтаж байгуулагдсан, эрх нь хэнд ч шилжих боломжтой байдаг. Тиймээс бид үүнийг эргэн харах ёстой.

-Оюутолгойн ордын хувьцааг Хятадад худалдсан. Тиймээс уг орд газрыг эзэмшигчдийн ард хятадууд байдаг гэж ярих боллоо?

-”Рио Тинто”-ийн 20 хүртэлх хувийг арван хэдэн тэрбум ам.доллараар Хятадын компанид худалдан авах гэрээ хийсэн. Австралийн Засгийн газар хоёр хоногийн өмнө “Рио Тинто”-ийн 20 хүртэлх хувийг Хятадын компани худалдаж авна гэж байна. Үүнийг зөвшөөрөх үү, үгүй юү хэмээн ард түмнийхээ дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон 12 хүн тутмын зургаа нь “Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалтын саналыг Австралийн Засгийн газар хүлээн авах шаардлагагүй” гэж үзжээ. “Рио Тинто” компани санхүүгийн хүнд байдалд орсон. Тийм учраас Хятадын компаниас 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, есөн хувиа 18 болтол өсгөх гэрээ хийсэн байсан. Үүнийг Засгийн газар, ард түмэн нь зөвшөөрөхгүй байгаа учраас хятадууд “Рио Тинто”-д хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байна. Тэгэхээр Хятадын компани манай Оюутолгойд хөрөнгө оруулах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

-Оюутолгойн орд Монголын ард түмний өмч. Гэтэл “Рио Тинто” манай талаас зөвшөөрөл авалгүйгээр Оюутолгойн ордын хувьцааг Хятадын компанид худалдах эрхтэй юу. Үүнд Монголын талаас ямар нэгэн хяналт тавих боломжгүй юм уу?

-”Хэрэв хөрөнгө оруулагч тал хувьцаагаа зарах юм бол гэрээг автоматаар цуцална” хэмээх заалтыг гэрээнд оруулж байгаа. Цаад талын хөрөнгө оруулагч өөрчлөгдвөл гэрээгээ яах вэ гэдэг асуудлыг ч тодорхой тусгаж өгнө. Гэрээг УИХ-ын 40 дүгээр тогтоолоор баталсан удирдамж, Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний 29 дүгээр зүйлийн хүрээнд байгуулахаар заасан байтал хуулинд байхгүй, гэрээнд тусгах шаардлагагүй өргөн хүрээтэй олон заалтыг оруулж ирсэн. Үүнийг бид цэвэрлэж, зайлшгүй шаардлагатай чухал асуудлыг гэрээнд нэмж оруулах ёстой.

-”Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр улстөрчдийн ашиг, сонирхлын зөрчил огтлолцдог” гэж зарим хүн харддаг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Үгүй, би тэгж ойлгохгүй байна. Ялангуяа Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Монгол Улсын, хүн ардын цэвэр эрх ашгийн үүднээс л асуудалд нухацтай хандаж байгаа. Өөр эрх ашиг байхгүй. Тогтвортой байдлын гэрээ нэгэнт батлагдвал Монголын Засгийн газар, бид нэг, магадгүй 30 жилийн дараа уг гэрээнд өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй. Африкийн Конго, Латин Америкийн зарим орон тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа алдаа хийж, 2005 оноос өнөөг хүртэл гэрээндээ өөрчлөлт оруулах гэж хөөцөлдөөд чадахгүй байна шүү дээ. Тиймээс бид “Долоо хэмжиж, нэг огтол” гэгчээр гэрээ байгуулахдаа нухацтай хандахгүй бол амаа бариад барахгүй юм болно. Гэрээг 30+20+20 жил, нийт 70 жилийн хугацаатай байгуулах гээд байгаа юм. Бид 70 жил гар хүрч болохгүй гэрээ байгуулчхаад юу бодож суух билээ. “Бороо гоулд”-ын гашуун туршлага бий шүү дээ. Тэр хүмүүс тогтвортой байдлын гэрээг 15 жилийн хугацаатай байгуулчхаад тавхан жилийн дотор хамаг алтыг нь ухаж аваад гарцгаасан. Түүн шиг 30 жилээр нэг, 40 жилээр дахин нэг сунгах гэрээ байгуулчхаад 30 жилийн дотор хамаг “юм”-ыг нь ухаж аваад гарвал яана. Бид гэрээндээ өөрчлөлт оруулж чадахгүй. Тийм болохоор төр засгийн гишүүд бид өнөөдөр алдаж болно. Тэгэхдээ алдаагаа засах боломжийг ардаа үлдээх ёстой.

-Оюутолгойн ордыг ашиглах тухайд, эрт, оройн талаар ярьж байна. Оройтсон болов уу?

-Оюутолгойг хурдхан ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг ард түмэн, төр засаг ч хүсэж байгаа. Ганцхан алдчих вий гэдэг дээр л айж байна. Тиймээс бид алдахгүйн тулд долоон жил хүлээлээ шүү дээ. Тэгэхдээ энэ урт хугацаа биш. Бид оройтоогүй.

-Хөндлөнгийн ажиглагчид “Гэрээ байгуулахгүй сунжирч байгаад хөрөнгө оруулагчдыг үргээчих вий” гэж болгоомжилдог. Бас “Ашиг олох боломжоо алдаж байна. Мөнгө гадагшаа урсаж байна” гэх юм?

-”Бушуу туулай борвиндоо баастай” гэж ярьдаг. Үнэнийг хэлэхэд, Оюутолгойн төсөл дээр лоббидсон гадаад, дотоодын нэр хүндтэй хүмүүс, байгууллага байна. “Оюутолгойн гэрээг хурдхан байгуулбал танай улсад ашигтай. Сайн гэрээ болжээ. Өөрчлөхгүй баталчих” гэж хэлэх хүн цөөнгүй байдаг. Гэхдээ гэрээг нэг бүрчлэн судлах юм бол тийм ч сайн болоогүй. Тиймээс бид Монголын ард түмний эрх ашгийн үүднээс ул суурьтай хандаж, зарим зүйл, заалтыг нэмж оруулахгүй бол хожим хохирно.

-Гэрээний төслийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэг Олон улсын зөвлөх компани авсан. Тус компанийнхан хөрөнгө оруулагчдын лоббид автсан уу?

-Тийм байж болзошгүй гэдэг таамаг бий. Яагаад гэвэл, Засгийн газрын ажлын хэсэгт зөвлөж байсан компани нь “Айвенхоу майнз”-ын хувьцааг эзэмшдэг.

-Энэ удаад хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахгүй, хойшлуулбал хөрөнгө оруулагч компани яах бол. Оюутолгойг “моод”-ноос гарна гээд байгаа?

-Оюутолгой “моод”-ноос хэзээ ч гарахгүй. Эдийн засгийн хувьд, үр ашигтай, сайн төсөл гэдгийг дэлхийн уул уурxайн томоохон компаниуд бүгд мэдэж байгаа. Хэрэв “Айвенхоу майнз” Оюутолгойг хаяад явбал дараагийн компани байхгүй. Удаагаад байвал улс оронд хохиролтой” гэж бодож болохгүй. Үүний цаана улс төр “яваад” байгаа юм.

-Оюутолгойн нөөцийг бүрэн тогтоогоогүй гэдэг. Гэрээ байгуулахад нөөцийг бүрэн тогтоох шаардлагатай биз дээ?

-Нөөц нь харьцангуй тогтоогдсон шүү дээ. Гэрээ байгуулахад нөөцийг нь Эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоолгох, техник, эдийн засгийн үндэслэлийг нь батлуулах ёстой. Тэр ажлуудыг хийгээгүй л байна.

-Зэс л гээд байгаагаас биш, дагалдах бусад металлын талаар ярихгүй байгаа. Гэрээнд тэдгээрийг тус бүрээр нь оруулна биз дээ?

-Тийм, алт л гэхэд 1000 тонн байна. Бид “Бороо гоулд”-д 40 тонн алт алдчихаад дуу алдаад байгаа биз дээ. Гэтэл Оюутолгойд түүнээс ч их алт бий.

-Манай Засгийн газар “Айвенхоу майнз”-аас урьдчилгаа 125 сая ам.доллар авна гээд байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-Урьдчилгаа биш, маш өндөр хүүтэй зээл авах гэж байгаа байхгүй юу. Өнөөдөр Оюутолгойн гэрээг батлах бас нэгэн зорилго бол иргэн бүрт “Эх орны хишиг” өгөх, мөн санхүү, эдийн засгийн хүндрэлийг дарахад хувь нэмэр оруулах явдал юм. Гэтэл бид урьдчилгаа нэртэй өндөр хүүтэй зээл аваад яах юм бэ. Үүнийг бодох л асуудал.

-Тэднээс 125 сая ам.долларын урьдчилгаа аваад сонгуулийн амлалт гэх 1.5 сая төгрөгийг өгөх гэж байгаа биз дээ?

-Яг ч тэгж ойлгож болохгүй. Сонгуулийн амлалт болсон мөнгийг өгөх гэж байгаа бол өөр олон орд бий. Оюутолгой бол дөнгөж нэг хэсэг нь. Цаана нь тавантолгой, Асгат, Төмөртэй гээд олон том орд байна. Оюутолгойн гэрээг байгуулсан, байгуулаагүй “Эх орны хишиг”-ийг өгөх бүрэн боломжтой. Үүнд эргэлзэх хэрэггүй.

-Баярлалаа. Танд амжилт хүсье!

2009 оны 5-р сарын 11, Даваа гариг, Монголын мэдээ

No comments:

Post a Comment