Wednesday 25 April 2012

Ж.Энхбаяр:Дотоод томилгоонд АН-ынхан анхаараад байгааг гайхаж байна


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах эсэх, УИХ-ын Тавантолгойн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах эсэх асуудлуудыг хэлэлцсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Үүнээс гадна, БХ-ын сайд Ж.Энхбаярын хууль бус халаа сэлгээ хийж байгаа гэсэн асуудлыг ч мөн хөндсөн бөгөөд энэ талаар гишүүнээс мэдээлэл авч, БХ-ын сайдын албан тушаалаас нь огцруулах талаар ярьсан гэдгийг баттай эх сурвалж мэдээлсэн юм. Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайдтай холбогдох дээрх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, Н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Ж.Энхбаяраас өөрөөс нь энэ асуудлыг тодруулахад ийн хариуллаа.
-АН-ын бүлгээс таныг ямар учраас дуудсан юм бэ. Хууль бус томилгоотой холбоотой гэж яригдаж байна?
АН мэдээлэл авахыг хүссэн. Одоогоор ороогүй байна. Орж мэдээлэл өгөх байх. Батлан хамгаалахын яаманд үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн томилгоотой холбоотой асуудал гэж ойлгосон. Хариуцлагатайгаар хэлэхэд миний бие өнөөдрийг хүртэл ямар нэгэн улс төрийн шалтгаанаар нэг ч хүн ажлаас халаагүй. Ажлаас халах шийдвэр, тушаал гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штаб хэрэгжүүлэх үүрэгтэй. Зохион байгуулалттайгаар цэргийн анги нэгтгэлээс цэргийн хүнс ялангуяа махны хүнсээс шамшигдуулсан, хулгай хийсэн асуудал гарсан. Хоёр цэргийн анги дээр. Үүнтэй холбоотой  арга хэмжээг ав, хүмүүст нь хариуцлага тооцож, цэргийн албанаас бүрэн чөлөөлж, холбогдох байгууллагад шилжүүл гэдэг шийд гарсан. Нэг цэргийн албан хаагчид бэртэл учруулсан офицер байгаа. Хугацаат цэргийн албан  хаагчид дүрмийн бус харьцаанаас үүдэн ноцтой гэмтэл учруулсан учраас албан тушаалаас нь чөлөөл гэсэн гурван шийдвэр гаргасан.
-Хоёр албан тушаалтныг нэрийг тодорхой хэлж болох уу?
-Аяндаа мэдэгдэх байх. Ямар ч байсан ийм арга хэмжээ авчхаад байна.
-БХЯ-ны зөвлөхөөр нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн томилогдсон гэсэн?
-Одоо тэнд манай газрын даргаар ажиллаж байсан хүн байна. Манай хуулийн хэлтсийн даргаар томилогдоод ажиллаж байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин өөрөө боловсон хүчнийг сургах, бэлтгэх түүний дараа албан тушаалд томилох, дахин бэлтгэх, анги салбарт томилж ажиллуулах өөрийн гэсэн дүрэмтэй онцлог салбар.
Үүнийг бусад яамдуудтай хольж ойлгоод байгаа.
Та бүхэн салгаж, ялгах хэрэгтэй. Яагаад гэвэл БХЯ-нд байгаа албан тушаалтан болгоны ажил үүргийн шаард-лага өндөр төвшинд байдаг. Ялангуяа команд штаб нь мэргэжлийн бэлтгэгдсэн хүмүүс байх ёстой. Тэр шаардлагын хүрээнд хүмүүс сэлгэн ажилладаг. Манай н.Сүхбаатар даргын хувьд хуулийн мэргэжилтэй, хуулийн хэлтэст тохирно. Ажлаас халсан асуудал байхгүй. н.Сүхбаатар дарга өөрөө зөвшөөрөөд хамтарч ажиллахаар тохиролцсоны үндсэнд явж байгаа. н.Сүхбаатар гэж хүний зүгээс лав биш.
-Таныг сонгуулийн үеэр ажиллах штаб байгууллаа. Долдугаар сарын 1-ний хэрэг давтагдвал ажиллах бүрэлдэхүүн байгууллаа гэж байна?
-Ж.Энхбаяр гэдэг хүн БХЯ-нд ганцаараа очсон. Энэ мэргэжлийн яам байх ёстой. Бүгд цэргийн мэргэжлийн хүмүүс. Би цор ганц энгийн хүн. Зэвсэгт хүчнийг улс төрөөс ангид байлгах нь туйлын чухал. Хангалттай улс төржсөн. Улс төржих нь зэвсэгт хүчний бэлэн байдлыг унагадаг. Бүхий л ухамсарт амьдарлаа зориулж байгаа тэр хүмүүсийн карьер хөөх зам нь эвдэрдэг. Ялангуяа шат алгасан өндөр тушаал олгож байгааг хэлж байна. Цэргийн мэргэжлийн шаардлагад нийцсэн томилгоо хийх ёстой гэж үзсэн. Туслах нь цэргийн хүн байх ёстой. Жинхэнэ цэргийн хүмүүс ажиллах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хүн ч гэсэн. Батлан хамгаалах салбарын гол үүрэг бол байлдааны бэлэн байдал. Шаардлагатай тохиолдолд эх орноо хамгаалах бэлэн байдлыг үе, үеийн сайдууд шахдаг.
Анги нэгтгэлүүд ийм үүрэг хүлээж ирсэн.
Тэр дагуу хэд хэдэн анги, нэгтгэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах талаар ярьсан. Долдугаар сарын 1 нийтээрээ сургамж авсан хэрэг шүү дээ. Нөхцөл байдал хүндрэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал зарлана. Мөн Улаан-баатар хотод газар хөдлөлтөд нэрвэгдсэн тохиолдолд олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах үүргийг гүйцэтгэж чадахуйц бэлэн байдалтай байлгах ёстой юм. Яах гэж Зэвсэгт хүчин байдаг вэ гэхээр бэлэн байдалд байх гэж л байдаг юм. Монгол Улсын зэвсэгт хүчин хүчирхэг чадалтай байхын эсрэг дуугараад байгаа тэр хүмүүс, хэвлэл мэдээллийг ойлгохгүй байна.
-Таныг бүлгээс гарч ирэхийг харсан. Яагаад мэдээлэл авахаа больчихсон юм бэ?
-Бүлэг мэдээлэл авна гэсэн. Мэдээлэл авах арай болоогүй байна гэсэн. Одоо дахиж орно. Ороод асууна. Би ойлгохоо больчихоод байна. Энд бичиг байна. н.Сүхбаатар гэж хүнийг улс төржиж халсан гэж байна. Энэ хүн өөрөө цэргийн хурандаа цолтой хүн байгаа. Би олон юм ярихгүй. Үүрэг гүйцэтгэж, тушаал биелүүлэх ёстой. Хаана томилолт өгсөн тэнд ажиллана. Гэтэл улс төрийн нам, бүлгүүд зэвсэгт хүчинтэй холбоотой дотоод томилгоо руу хэт оролцох нь зохимжгүй юм. Үүнийгээ ч тайлбарлана.  Энэ бичгээс харахад намын хүн шиг, АН улс төрийн албан тушаалтныг алба хаалгаад байгаа ч юм шиг харагдаж байна. Ойлгохгүй байна.
-Нутгийн ахаа зөвлөхөөрөө тавилаа гэх зэргээр буруутгах алдааг олж хараад байна?
-Буруу гэж байгаа хүн хэн байна. Аливаа ажиллагааг үр дүнгээр хэмжинэ. Өнөөдөр зэвсэгт хүчинд хуучин системийн үед гурав дөрвөн команд штабын академи төгсөж  бэлтгэгдсэн хүмүүс цөөхөн байдаг. Ялангуяа арми, дивиз командлах хэмжээний генерал цөөхөн. Тэр хүмүүсээс шүүлт хийгээд хоёр хүнийг нэгийг нь цэргийн бодлогын зөвлөх, нөгөөг нь УИХ-ын хууль тогтоомжийн хүрээнд ажиллах улс төрийн зөвлөхөөр цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч, генерал хүмүүсийг урьж ажиллуулж байгаа. Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Өмнө нь дандаа энгийн хүн очиж байсан.
Дэлхийн хэмжээний цэргийн ажиллагаанд оролцож байна.
Өндөр мэргэжлийн шаардлагатай, мэдлэгтэй хүмүүс ажиллах хэрэгтэй байна. хариуцлагатай хэлэхэд генерал, тагнуулч, эрдэмтэн гэсэн гурван хүн тэтгэвэрт гардаггүй. Тагнуулч, генерал хоёрыг улс асар өндөр үнээр бэлтгэдэг. Маш сайн оюун ухааныг нь ашиглах ёстой. Нэг генерал төрүүлэхийн тулд ямар их мөнгө зарлагаддаг гэдгийг та нар мэдэх үү. Зүгээр сургууль төгсөөд болдог юм биш. Тийм хүмүүсийг бүрэн ашиглах ёстой. Улс төржүүлэх хэрэггүй. Зөвлөхөөр тогтохгүй хажуудаа мэргэжлийн том зөвлөл байгуулж ажиллахаар олон генерал, хүмүүсийг урьж байгаа.
Нийтлэлч
Б.Өнөртогтох
Эх сурвалж
Монголын мэдээ
2012 оны 2-р сарын 16, Пүрэв гариг

No comments:

Post a Comment