Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Намд нэр, үзэл баримтлал гэхээсээ илүү үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Саяхан МАСЗХ их хурлаа хийж намын шинэчлэлийг эхлүүллээ гэж байна. Үнэхээр шинэчлэл болж чадсан уу. Таныг тус холбооны ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлэх гэсэн ч намын удирдлагын бодлого, үйл ажиллагааг шүүмжилдэг, өөрийнхөөрөө асуудалд ханддаг гэсэн шалтгаанаар дэвшүүлээгүй гэсэн яриа байна ?

-МАСЗХ 4-р Их хурлаа хийж, шинэ ерөнхиийлөгчөө сонгосон. 2008 оноос хойш намын удирдлагуудын зүгээс миний нэрийг санал болгож байсан ч холбооны дүрмээр 35 хүртэлх насны залуучуудын гишүүнчлэлтэй байгууллага учраас миний хувьд 36 нас хүрч насны хязгаараас давсан шалтгаанаар нэр дэвшүүлээгүй байх. Түүнээс биш хүний “далайсан газар далд ордоггүй, далласан газар нь ил гардаггүй том толгойтой нөхөр” гэдэг байдлаар хандсан гэж бодохгүй байна. Мэдээж би өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн итгэл үнэмшилтэй хүн. Хэн нэгний гар хөл болж ажиллахыг хүсдэггүй. Харин намынхаа бодлого, зорилго шийдвэрийг дэмжин ажиллаж, алдаатай буруу зүйлс байвал хэлж ярьж, түүнийг нь засч залруулахын төлөө ажиллаж ирсэн. Ингэхдээ нэгдүгээрт Монгол Улсын эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашиг гэсэн зарчмыг баримталж байна.

-Нийгмийн ардчилсан МЗХ гэдэг нэртэй болсон нь зарим хүнд сайн ойлгодохгүй байх шиг байна. Улс төр судлаачдын үзэж байгаагаар тийм ч оновчтой нэр биш гэх юм?

-Ардчилсан социалист гэдэг нэр хүмүүст тэр бүр ойлгомжтой буудаггүй. МАХН-ын үзэл баримтлал болох” ардчилсан социалист” гэдгийг монгол утгаар ойлговол “нийгмийн ардчилал” гэж бууж байгаа. МАСЗХ-ны удирдах зөвлөлөөс нэрээ солих талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж, Эх оронч залуучуудын холбоо, Монголын үндэсний ардчилсан залчуудын холбоо, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо зэрэг олон нэрнүүдээс НАМЗХ гэдэг нэрийг 4-р Их хурлаараа сонгосон. Шинэ нэр нь ч намын үзэл баримтлалтай нийцэж байгаа.

-МАХН нэр, үзэл баримтлалаа өөрчилж шинэчлэгдэх гэж байна. Харин ахмад гишүүд үзэл бодолдоо үнэнч хэвээр байгаа. Нам энэ чигээрээ байвал дээр гэж байна. Таны бодлоор...?

-МАХН ахмад, дунд, залуу үе гэсэн 3 цагийн хэлхээн дээр явж ирсэн цаашдаа ч ингэж явна. Тийм болохоор аль нэг үеийнхний хүсэлтээр асуудал шийдэгдэхгүй, харин хамтын зорилго тэмүүлэл, улс эх орноо хөгжүүлэхийн төлөөх алсын хараагаар шинэчлэл хийгдэх ёстой.
Олон жил МАХН-ын гишүүн гэж хэлэгдэж, намтайгаа ижил дасал болж нэрийнх нь өмнө овогтой нь байнга хамт явдаг намын нэрээ өөрчлөх асуудал ахмад гишүүдэд таалагдахгүй байгаа тал бий. Тэдэнд бид хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Гишүүд санал нийлж, зөрчилдөж болно, өөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс хүн үзэл бодлоо илэрхийлсний төлөө намын бодлогын эсрэг байна, эсэргүү нөхөр, буруу ярьж байна гэж хавчих, хяхах, гадуурхах, нэр хүндэд нь халдах байдлаар хандаж болохгүй. Намын нэр, үзэл баримтлалын хувьд гишүүдийнхээ үгийг анхааралтай сонсч, зөв бурууг нээлттэй ярилцахаас биш нэг талын үзэл бодлыг тулгах нь буруу. Миний хувьд МАХН хуучин нэрээ сэргээх гэж байгаа нь зөв, хувьсгалт гэдэг үг намын нэрэнд байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хамгийн наад зах нь гадаад улс оронд очоод намаа танилцуулахад хувьсгалт гэдэг үг орчуулагдахаараа их сонин сонсогддог. Энэ бол нэг л шалтгаан. Гэхдээ мэдээж нэрээ солилоо гээд бүх асуудал шийдэгдэнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Өмнө нь МАН гэдэг нэртэй байгаад 1924 онд МАХН болсон. Намын нэрийг солих тухай асуудал 2000 оноос хойш яригдаж байгаа. Ер ньтүүхэн хугацаанд болж байсан процесс болохоор шинэ асуудал биш л дээ.

-Үзэл баримтлалд ч өөрчлөлт орох гээд байгаа шүү дээ?

- Намын тунхаг бичигт МАХН нь үндэсний ардчилсан үзэл баримтлалтай гэсэн зүйл бичигдсэнээс болж барууны үзэл барууны үзэлтэй болох гэж байна гэсэн ойлголт нийгэмд, гишүүдийн дунд бий болж эсэргүүцэж байна. Онолынх нь хувьд аваад үзэхээр үндэсний ардчилсан үзэл баримтлал нь яах ч аргагүй барууны үзэл баримтлал. Тэгэхээр МАХН-ын үзэл баримтлалыг тунхаг бичигтээ ингэж бичих шаардлагатай байсан уу, үгүй юу гэсэн хэлэлцүүлэг өрнөөд байна. Уг нь Монгол үндэстний язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн чиг баримжаатай, зүүн төвийн нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай нам гэдгээ тодотгон үндэсний ардчилсан гэсэн үгийг оруулж өгсөн болохоос, үзэл баримтлалаасаа ухраагүй.
Өнөөдөр зүүн төвийн үзэл баримтлалтай намыг ард түмэн, нийгэм дэмжиж байна. АН барууны үзэл баримтлалтай атлаа явуулж байгаа үйл ажиллагаа нь зүүний үзэл баримтлалтай намынх шиг явж байна. Яагаад ингэж байна гэхээр ард түмэн зүүн төвийн үзэл баримтлалтай намыг дэмжиж, тэдний хийж байгаа ажил нь ард түмэнд хүрч байна.

-Намдаа өөрчлөлт өрнүүлэх гээд байгаа нь бүх гишүүд, дэмжигчдийн хүссэн ажил биш. Өнөөгийн удирдлагад байгаа хэсэг хүний хийж байгаа үйлдэл гэж зарим нэг хүмүүс шүүмжлээд байгаа. Тэгэж хардах үндэслэл байна уу?

-Тэгж хардах шаардлагагүй. Нэр өөрчлөх шаардлага байгаа гэхдээ нэр, үзэл баримтлал өөрчлөх асуудлаар удирдлагууд дангаараа шийдвэр гаргахгүй. Намын Их хурлаараа эцсийн шийдвэрийг гаргана.

-МАХН их хурлынхаа өмнө байнга л намын дотоод ардчилал, үйл ажиллагааны шинэчлэл гэж ярьдаг ч хэрэгждэггүй. Хурал дээрээ ярсхийтэл гар өргөөд урьдчилан төлөвлөсөн удирдамжаар явчихдаг гэж шүүмжилдэг. Энэ удаа ч ийм байдал дахин давтагдана гэж үзэж байгаа гишүүд байна?

-Ийм хариуцлагагүй зүйл байх ёсгүй. Намын үйл ажиллагааны шинэчлэл хийгдэх ёстой ингэхдээ ард түмэн, жирийн гишүүд дэмжигчдийнхээ үгийг сонсч, саналыг хүндлэх хэрэгтэй. Зөвхөн нэр, үзэл баримтлал, бичиг цаасаа өөрчлөхийг шинэчлэл гэхгүй. Хамгийн наад зах нь намын гишүүд, намын анхан шатны байгууллагуудын эрх мэдэл, оролцоог нэмэгдүүлэхээс шинэчлэл эхэлнэ. Өнөөдөр АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд бүгд намынхаа анхан шатны байгууллагуудаас нэр дэвшин сонгогдож орж ирдэг. Намын анхан шатны байгууллагын гишүүд удирдах зөвлөл, бага хурлын гишүүд хэн байхыг шийдэж байна гэсэн үг. Ингэж анхан шатнаасаа сонгогдсон хүмүүс сонгогчидтойгоо илүү ойр байж, тэдний үзэл бодол, эрх ашгийг төлөөлж чаддаг. Манай намын хувьд намын дарга нь бага хурлаа бүрдүүлдэг, бага хурал нь Удирдах зөвлөлөө бүрдүүлдэг. Тиймээс намын даргад бага хурал, Удирдах зөвлөлийнхөн таалагдах ёстой болдог. Ингээд дарга тойрсон хэсэг нөхөд ард түмэн, жирийн гишүүдээсээ хол хөндий үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ засах ёстой. Үйл ажиллагааны шинэчлэл гэж энийг хэлж байна.

-Энэ удаагийн их хурлаар энэ шинэчлэлийг хийж чадах болов уу?

-Шинэчлэл хийхдээ намын эв нэгдэл сахихгүй бол хариуцлага тооцно гэж намын дотоод ардчилалыг боомилж, амьсгалыг нь тасалж болохгүй. Дотоод ардчилалгүй эв нэгдэл гэдэг амьгүй хоосон зүйл. Асуудал шийдэхээсээ өмнө дотроо зөвлөдөг, хэлэлцдэг, хамтдаа шийдвэр гаргадаг, шийдвэрээ гаргасны дараа олонхынхоо байр суурийг хүндэлдэг, дагадаг байх ёстой. Тэгэхгүйгээр цөөхөн хэдэн хүний үзэл бодлыг тулгадаг, түүнийг дагахгүй бол эв нэгдэл хангасангүй гэж хариуцлага тооцно гэдэг буруу. Тиймээс намын дотоод ардчилал, эв нэгдлийг харилцан уялдаатай, зоосны хоёр тал шиг яаж авч явах вэ гэдгээ сайтар бодож намынхаа дүрэмд тусгаж өгөх ёстой. Намын үйл ажиллагааны шинэчлэлийг яагаад шаардлагатайг энгийн жишээн дээр тайлбарлъя л даа. МАХН –ыг далайд аялж буй хөлөг онгоцтой зүйрлэвэл ахмад нь буруу чиглүүлээд хадан хясаа руу яваад байж. Усан онгоцны зарим гишүүд нь бид хадан хясаатай мөргөлдөж сүйрэх гэж байна гэж үнэнийг хэлсэн ч “бид зөв явж байгаа, чи юу яриад байгаа юм бэ” гээд далайруу түлхэнэ. Үүнийг нь харсан бусад хүмүүс айгаад юу ч дугарахгүй суусаар яваад хамтдаа хадан хясаа мөргөж сүйрэхтэй л адилхан. Тийм болохоор намтай хувь заяагаа холбосон хүн бүр энэ намын үйл ажиллагаа, хувь заяа миний амьдралтай салшгүй холбоотой гэдгээ гүнээ ухамсарлаж, гаргаж байгаа шийдвэртээ хариуцлагатай хандах ёстой. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ тууштай байж, далай руу аваад шидчихвий гэж айх хэрэггүйгээр өөрийнхөө төлөө болоод нэг завин дээр яваа нөхдийнхөө амийг аврахын төлөө хичээх хэрэгтэй.

-26 дугаар их хурал өмнөх шигээ ярс хийтэл гар өргөөд удирдлагуудын өгсөн заавраар явдаг алдаагаа засч чадах болов уу?

-Нам эрүүл байхын тулд удирдлагууд, гишүүдийн хэн хэн нь хариуцлагатай байх ёстой. Их хурал болоод дууссаны дараа л үр дүнг үнэлэхээс биш наана нь таамаглаж хэлэх боломжгүй. Гэхдээ автоматаар гар өргөж асуудлаа шийдэхгүй, хариуцлагатай хурал болно гэж бодож байна. Их хурлаар өмнөх 25 дугаар их хурлаар гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт, өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч цаашидын Монгол Улсынхаа хөгжлийн талаар хэлэлцэнэ. Монгол улс хөгжихийн тулд Монгол хүн чадвартай, мэдлэгтэй, боловсролтой байх ёстой гэдэг үүднээс 25 дугаар их хурлаар хүний хөгжлийн үзэл баримтлал гэдэг бичиг баримт гаргасан. Энэ маань хэрхэн хэрэгжив, мөн төрийн албаны шинэчлэл, авилга, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулдаг байдал зэргийг шийдвэрлэхэд ямар үр дүн гаргасан, цаашид юу хийхээ тодорхойлох юм.

-УИХ дахь МАХН-ын бүлэг Удирдах зөвлөлийн хооронд үл ойлголцох байдал өнгөрсөн хугацаанд байнга гарч байсан. Бүлэгтэйгээ ойлголцож харилцаж ажиллаж чадахгүй байгаа Удирдах зөвлөл бусад жирийн гишүүдтэйгээ тулж ажиллаж чадах уу?

- Засгийн газар, УИХ-ын намын бүлэг, Удирдах зөвлөл гэдэг байгууллагуудын хоорондын бодлогын уялдаа холбоо муу байгаа нь үнэн. Намынхаа удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар ямар ч мэдээлэлгүй, Засгийн газрын явуулж байгаа бодлого үйл ажиллагааны талаар ч мэдээлэлгүй, санал бодлоо илэрхийлэх ч боломжгүй байгаад УИХ-ын гишүүд сэтгэл дундуур байдаг.Үүнээс болж Загсийн газраас оруулж ирсэн тодорхой асуудал УИХ дээр дэмжлэг авахад хүндрэлтэй байдаг. Харин намын Удирдах зөвлөл нь бүлгийнхээ гишүүдэд хайхрамжгүй хандаж, сайн дурын хэдэн нөхөд цугларчихсан юм шиг хандаж байгаа нь буруу. Уг нь бид ажлаа уялдуулж, асуудлаа хамтарч хэлэлцдэг, зөвшилцдөг байх ёстой. МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан гишүүд УИХ дахь олонхийн бүлгийг байгуулж, Монгол улсын эрх ашиг, намынхаа бодлогыг тэргүүн ээлжинд тавьж ажилладаг ч уялдаа холбоо муу байгаагаас асуудал үүсдэг.

2010 оны 11-р сарын 21, Ням гариг, Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment