Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: ЗГ хууль хэрэгжүүлэх үндсэн үүргээ умартсан


УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ардын нам болон Ардчилсан намаас гарсан зөвшилцөх ажлын хэсгийнхэн УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш ажлаа хийсэнгүй. Үүнээс болж “Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар баталж амжихгүй” гэсэн яриа гарсан. Энэ яриа үнэхээр ортой юу?

-Ардын нам болон Ардчилсан намаас гарсан ажлын хэсгийнхэн чуулган завсарлаж байх хооронд зөвшилцөх ажлаа хийгээгүй байж болох ч Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэж, батлах бололцоотой. УИХ-ын хав­рын чуулганы төгсгөлд намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг гар­гахдаа Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­лийг хамгийн түрүүнд хэлэл­цэхээр тохирсон. Үүнээс гадна Сонгуулийн ту­хай хуулийг өөрчлөхөд тогтолцоон дээр л асуудал үүсээд байгаа боло­хоос бусад асуудлыг ерөнхийд нь хэлэлцэж, тохироод цэгцэлчихсэн гэж бодож байна.
Тиймээс тогтолцоон дээрээ л тохирчихвол Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхэд үндсэндээ асуудалгүй тул амжиж баталж чадна гэж бодож байна.

-УИХ-ын хаврын чуулган завсарлахад таныг тойрог руугаа явсан гэж сонссон. Сонгогчид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудалд хэрхэн хандаж байх юм?

-Тойрогтоо очиж, сонгог­чидтойгоо уулзаад ирлээ. Сонгогчид “Хүнээ сонгодог тогтолцоогоор сонгуулиа явуулах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Манай улс шиг засаг захиргааных нь нэгж тархай бутархай тохиолдолд буцах эзэн буух хаягтай байх сонгуулийн тогтолцоо хэрэгтэйг сонгогчид сануулж байсан. Тэд улстөрчдийг хэн нь хэн бэ гэдгийг мэдэх болсон учир ажил хийж чадна гэсэн хүнээ сонгож, хариуцлага тооцох чадвартай болсон мэт санагдаж байсан.

-“Ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хийх ёстой” гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байна. Гэтэл “Төсвийн тодотгол хийхээс Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь илүү чухал байна” гэсэн байр суурийг илэрхийлэгсэд ч байна. Та дээрх хоёр асуудлын аль нь чухал гэж тооцож байна?

-“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үг байдаг даа. Үүний жишээгээр улс орон төдийгүй айл өрх орлого, зарлагаа тооцоолсны үндсэн дээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх зорилгоор жил бүр л төсвөө баталдаг. Харин баталсан төсөв маань тухайн үеийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөх тохиолдол их гардаг. Тухайлбал, эдийн засгийн хямралтай үед төсвийн орлогоосоо зарлага нь давах нь түгээмэл. Харин эдийн засгийн таатай нөхцөл байдал бүрдсэн үед төсвийн орлого зарлагаасаа давах үе ч бий шүү дээ. Энэ бүхнийг зохицуулахын тулд тухайн үеийн нөхцал байдалд тааруулан төсвийг хумих, тэлэх зэрэг тодотголыг зайлшгүй хийдэг.

Энэ жилийн хувьд Монгол Улсын төсвийн орлого нэлээд нэмэгдлээ. Үүнтэй уялдуулж төсвийн тодотголыг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.

Учир нь 2011 оны төсвийг баталж байх үедээ төсвийн орлого сайн бүрдэхгүй байх магадлалтай гэж үзэн энэ онд шинээр барих барилга, байгууламж, төслүүдийн хөрөнгө оруулалтын зардлын нийт санхүүжилтийн 10-30 хувийг л хуваарилсан байх жишээтэй. Гэтэл одоогийн байдлаар улсын төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр илүү гарсан. Тиймээс илүү гарсан энэ орлогыг санхүүжилтийг нь дутуу хуваарилсанаас болоод зогсонги байдалд орсон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөлгөх зорилгоор хурдан тодотгож, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг нь шийдэх ёстой. Харин төсөвт тодотгол хийхдээ халамж байдлаар төсвийн урсгал зардлыг нэмэх биш хөрөнгө оруулалтыг нэмэх чиглэлд түлхүү анхаарах ёстой гэж Засгийн газраас шийдсэн байсан. Тэгэхээр УИХ-д төсвийн тодотголын асуудлыг удахгүй өргөн барих байх. Тиймээс бид төсвийн тодотголыг намрын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлуудын нэг болгож, хурдан батлах ёстой. Харин ээлжит бус чуулган зарлахын тухайд тэртэй тэргүй намрын чуулган эхлэхэд 20 гаруй хоногийн хугацаа үлдэж байна. Энэ хооронд төсвийн тодотголын асуудлаас болж ээлжит бус чуулган зарлах хэрэггүй. Намрын чуулганаар л дээрх хоёр асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх нь хамгийн оновчтой алхам юм.

-Ноос, ноолуур үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор гаргаж буй 300 тэрбум төгрөгийн бондыг давуулан биелсэн гэгдэж байгаа төсвийн орлогоос зарлага хэлбэрээр тооцож хасна гэж Сангийн сайд С.Баярцогт хэлсэн. Гэтэл та үүнийг үгүйсгэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ?


-Энэ жилийн хувьд бидний төлөвлөсөнөөс төсвийн орлого нэмэгдсэн. Харин бусдаар төсвийн зарлага, орлого алдагдалтай хэвээр байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зарим хүн төсөв ашигтай гарсан гэж буруу ойлгоод байгаа юм. Нөгөөтэйгүүр ноос, ноолуур үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас гаргасан 300 тэрбум төгрөгийн бондыг төсвийн зарлагад тооцно гэдэг ташаа мэдээлэл. Сангийн яамныхан ч энэ талаар олон нийтэд буруу ойлголт өгсөн байна билээ. Засгийн газраас гаргасан 300 тэрбум төгрөгийн бондын хүүгийн зөрүү болон малчдын урамшуулалд олгох 25 тэрбум төгрөгийн бондыг л төсвийн зарлага хэлбэрээр тооцно. Харин үлдсэн 275 тэрбум төгрөгийн бонд нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл учир төсвийн зарлагад тооцохгүй.

-Ноос,ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулагчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан нь нэлээд шүүжлэл дагуулсан. Үүнийг хайхралгүй бонд гаргасаныг та юу гэж үздэг вэ?

-Жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуурын салбарт хамгийн их ажлын байр бий болж байдаг. Тиймээс Монгол Улсын өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал болох ажилгүйдлийг бууруулах нэг гарц нь энэ бонд байсан гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр олон үйлдвэр бий болсноор манай улс хөдөө, аж ахуйн гаралтай болон бусад төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээгээр нэмүү өртөг бий болж, Монгол Улсын төсвийн орлого татвараар дамжиж тэлэх юм. Мөн дэлхийн зах зээлд хямд үнэтэй байгаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний үнийг тогтвортой болгож, импортын бүтээгдэхүүнийг орлон өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд бий болгож, гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг тогтоох боломжийг ч олгоно.

Энэ шийдвэрийг ард иргэд болон хувийн хэвшлийнхэн маш ихээр сайшааж, 300 тэрбум төгрөгийн бондыг “Эх оронч бонд” гэж нэрийдсэн байсан.

Урд нь бид “Мөнгө байхгүй” гэж хэлээд л үйлдвэрүүдээ, малчдаа дэмжиж чаддаггүй, ажлын байр нэмэгдүүлж чадахгүй байсан шүү дээ. Харин одоо бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлд сул чөлөөтэй эргэлдэж байгаа мөнгийг татаж улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдэж чадаж байна. Тиймээс үүнийг түүхэн шийдвэрүүдийн нэг байсан гэж хэлж чадах байна.

-Гэтэл аж үйлдвэрийн салбарынхан төрөөс иймэрхүү дэмжлэг хүлээгээд ажлаа ч эхлүүлж чадахгүй байгаа. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр барих гэхээр төрөөс хөрөнгийн баталгаа гаргаж өгөхгүй байгаа нь ноос, ноолуурын салбарынханд хэт их анхаарал хандуулж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байгаа шүү дээ?

-Шатахууны асуудал манай орны өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал мөн үү гэвэл мөн. Тиймээс энэ тал дээр Засгийн газар хийх ёстой ажлаа хийх ёстой. Бид хөршүүдээсээ шатахуун импортолж, импортын шатахуунаас хараат орон болчихсон. Ийнхүү ядаж байхад нь шатахуун импортлогч компаниуд маань үгсэн хуйвалдах замаар шатахууны үнээ өсгөдөг. Энэ дарамтыг төр засгаас нь эхлээд хувийн хэвшил, ард иргэд бүгд нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Үүнийг зохицуулж чадахгүй байгаа нь өөрөө эмгэнэл юм. Тиймээс энэ асуудлыг зохицуулах ганц арга нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын шатахууны хэрэглээгээ хангах гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч олон жил ярьж байгаа. Харамсалтай нь өнөөдөр ажил хэрэг болгож чадахгүй байна. Манай улс дотоодын хэрэгцээнийхээ 30 хувийг хангахуйц хэмжээний түүхий нефтийг маш хямдаар экспортолдог атлаа өндөр үнэтэй шатахуун импортолдог бодлогын алдаагаа засах хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр гаргаж байгаа санал, санаачилгуудыг Засгийн газраас дэмжиж, шийдвэрлэх ёстой. Хэрэв өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол УИХ-аар шийдүүлж болно. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газраас шийдчихэж болох байтал шийдэхгүй байгаа нь хариуцлагагүй ажиллаж байгаагийнх нь илрэл гэж бодож байна.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн хангалтын явцын талаар өчигдөр асуулга тавьсан. Гэхдээ эцсийн зорилго нь юу юм бэ?

-Би Ерөнхий сайдад асуулга хүргүүлэхэд гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх, хэрэгжүүлэх нь Засгийн газрын хамгийн гол үүрэг гэж Үндсэн хуулинд заасан байдаг. УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэр, хуулиуд хэрэгжихгүй байгаа учир үүнийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай ажиллаач гэдэг үүднээс Оюутолгойн гэрээг сайжруулах талаар Ерөнхий сайдад асуулга тавьж байгаа юм.

-Сүүлийн үед “Монголд цөмийн хаягдал булах асуудлыг өндөр албан тушуултнууд хөндсөн” гэх мэдээлэл тарж, Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж, иргэд нь айдаст автах боллоо. Төрийн түшээгийн хувьд энэ асуудал дээр санаа зовинож л суугаа байх?

-Цацраг идэвхт бодисын тухай хуулийг 2009 онд УИХ-аас баталсан. Уг хуулинд тодорхой асуудлыг тусгасан байгаа. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх тал дээр Засгийн газар анхаарч ажиллахгүй байгаагийн нэг илрэл нь энэ асуудал байж болох юм. Монголд цөмийн хаягдал булах тухай асуудал өнгөрсөн хавраас эхлэн яригдсан. Гэтэл энэ тал дээр Засгийн газраас шийдтэй тайлбар өгч чадахгүй л байна шүү дээ. Зүй нь бол “Монгол Улс цөмийн хаягдлыг эх орондоо булуулахыг зөвшөөрнө эсвэл зөвшөөрөхгүй” гэсэн хариултыг зоригтой өгөх хэрэгтэй. Гэтэл ингэж чадаагүйгээс нь болж бараг бүтэн жил дамнан үнэн, худал нь мэдэгдэхгүй энэ асуудлаар шоу хийж байгаа байхгүй юу. Тиймээс энэ асуудал дээр Засгийн газар шийдвэртэй хариу өгөх цаг нь одоо болсон. Гадны сайтуудын мэдээлж байгаа шиг Засгийн газрын гишүүдийн түвшинд биш тодорхой албан тушаалтнууд дунд нь ийм яриа үүсгэсэн юм бол тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцох ёстой. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг шиг мэдээж тодорхой хэмжээний яриа байсан болоод л ийм эх загүй яриа үүссэн байж таараа. Тиймээс энэ эх захгүй ярианы эхлэлийг тавьсан хүмүүст хариуцлага тооцож олон нийтэд ил болгож, энэ асуудлыг нэг тийш нь цэгцэлж, цэг тавих цаг хэдийнэ болсон.

-Та Засгийн газрыг нэлээд шүүмжилж байна. Тэгвэл саяхан журамласан “Хүний хөгжил сан”-ийн мөнгө зарцуулах шинэ боломжийг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр намаас ард түмэндээ өгнө гэж амласан мөнгийг “Хүний хөгжил сан”-аар дамжуулж олгохоор УИХ-аас “Хүний хөгжил сан”-ийн тухай хууль баталсан. Харамсалтай нь бид хуулийг батлахдаа амлалтын мөнгийг зөвхөн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалийн шимтгэл, сургалтын төлбөр, бэлэн гэсэн дөрвөн хэлбэрээр олгохоор болсон байсан. Гэтэл малчдын, цалингийн, тэтгэврийн зээлтэй иргэд байгаа. Үүнийг нь яагаад төлж болохгүй гэж. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж худалдаж авахад нь зориулж өгч яагаад болдоггүй юм гэсэн асуудлыг миний бие болон Г.Батхүү зэрэг хэсэг гишүүний хамт 2009 оноос хойш хөндөж, хууль санаачилж, Засгийн газарт хүртэл оруулсан. Харамсалтай нь энэ бүхнийг Засгийн газар дэмждэггүй байсан. Харин сүүлийн үед албан шахалтаар ганц нэгээр нь увуулан цувуулан биелүүлж байна л гэж хэлэх байна. Уг нь аль эрт шийдчих байсан асуудлыг удааж, бугшуулж, олон түмнийг бухимдуулан байж шийдэх хэрэг байсан юм болов уу даа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтлэлч
Р.Сарангоо
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин

No comments:

Post a Comment