Monday 16 April 2012

Х.Баттулга: Далан хувийн болгоомжлол маань 100 хувийн аюул болох байх


УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГАТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тантай ярилцсангүй нэлээд уджээ. Хамтарсан Засгийн газар том бодлогуудаа гаргаад байна. Энэ талаар ярилцах гэсэн юм?

-Харин тийм ээ, сэтгүүлчдэд дэлгэрэнгүй ярилцлага өгсөнгүй нэлээд удлаа. Ажил ихтэй байлаа гэхээр ерөнхий л хариулт болох байх даа. Гол нь өөрийн чинь хэлснээр хамтарсан Засгийн газрын том бодлогуудыг манайхан ярилцаж, проектуудаа цаасан дээр босгож ирэх гэж нэлээд ажил хийлээ.

-Эдгээр төслийг дэлгэрүүлж, албаны хэлээр нь биш, энгийн үгээр иргэдэд ойлгомжтой хүргэх гэж таныг зорьж ирлээ?

-За тэгье, хоёулаа уншигчдад их энгийнээр ойлгуулъя. Үндэстнийг хөл дээр нь босгосон, хөгжилд хүргэсэн томоохон проектууд улс болгонд л байсан юм билээ. Малайз, Сингапур, Солонгос гэхэд тусгаар тогтносон улс шиг улс болохын тулд үндэстэн нь ажил хийж хөгжлөө өөрөө бүтээх үндэсний хэмжээний проектуудаа төлөвлөөд тэр нь богино хугацаанд хөгжилд хүргэсэн жишээ их олон юм билээ. Герман улс гэхэд л хоёр дайнд дараалж ялагдсан. Дайнд ялагдана гэдэг улс орных нь хувьд, тэр тусмаа дайнд ялагдсан цэрэг эрчүүдийнх нь хувьд тэр чигээрээ гутрал. Гутарсан ард түмнийг эрмэлзлэлтэй болгохын тулд тэр үед гарч ирсэн Канцлер Конрад Адэнауэр гэж нөхөр Америкаас мөнгө зээлж Германыг хөгжүүлэх том проектууд эхлүүлсэн. Манай улсын хувьд түүхээ харахад монголчуудын проектийг 1921 оноос өмнө 200 гаруй жил манжууд хийсэн. Энэ үед монгол үндэстэнд хэрэгтэй, биднийг хөгжүүлсэн юм байгаагүй. Монгол үндэстнийг үндсэнд нь XIX зуунаас, дэлхийн хөгжлөөс хоцроосон, шашны талын сөрөг проектууд л нэлээд явсан гэж түүхчид бичдэг. Харин 1921-1990 он хүртэлх проектыг оросууд хийсэн. Төрийн системийг нь бүрдүүлж бас нийслэлтэй, хоттой болгосон. Энэ тухай Цэнддоогийн “Соёлын довтолгоо” гэж номонд их тодорхой бичсэн байдаг. Нэгэнт л улс юм чинь төрийн тэргүүн нь хөрш рүүгээ айлчлахад ямар мориор явалтай биш гээд төмөр замыг нь шийдэж өгсөн ч гэдэг юм уу. Бараа товар зөөх гэх мэт гурван улсын хоорондын геополитикийн бусад зорилго мэдээж байсан л даа. Автозамууд барьж, орон сууцжуулж, бүр сансарт нисгэх зэргээр иргэншил рүү нь нэлээд ойртуулсан проектууд хэрэгжүүлжээ. Хэдийгээр кабинд нь сууж яваад ирсэн гэдэг ч сансарт ниссэн проектод багтсан л байгаа юм даа. Харин 1990 оноос хойш бид юу хийв ээ гээд харахаар юу ч байхгүй. Юм хийгээгүй. Би проект талаас нь яриад байна л даа. Хувь хүний эрх чөлөө, Азидаа хамгийн ардчилалтай орон ч гэдэг юм уу энэ талаар бол мэдээж их юм бий.

-Мянганы зам чинь том проектдоо ордоггүй юм уу?

-Хөгжлийн, юм бүтээе гэсэн том проектод арай дөхөж очсон нь энэ. Өөр юу ч байхгүй. Гэхдээ мянганы замын санаа нь сайхан ч эдийн засгийн хувьд үр ашиг багатай, барьсан замтай нь харьцуулахад хамаагүй их мөнгийг сул зарсан төсөл л байсан. Гэхдээ эхлэл юм даа.

-Тэгэхээр одоо УИХ-аар хэлэлцэж байгаа “Утаагүй Улаанбаатар”, төмөр замын бодлого нь монголчуудын хувьд бие дааж боловсруулсан, бас бүтээх гэж байгаа анхны том төслүүд үү?

-Бараг тэгж ойлгож болно. Ерөнхийдөө бид 1911, 1921 онуудад тусгаар тогтнолоо олсон гэж ярьдаг ч, тамгаа цэвэр өөрсдөө барьдаг тусгаар тогтнолоо 1990 онд л олж авсан шүү дээ. Түүнээс хойшхи 20 жилд хийгээгүйгээ, эхлүүлж чадаагүйгээ эхлүүлэх алтан боломж энэ удаагийн хамтарсан Засгийн газрын үед бүрдэж байх шиг байна. Тодруулж хэлбэл, Сү.Батболдын толгойлсон Засгийн газарт энэ үүрэг ирж байх шиг байна. Сү.Батболд Ерөнхий сайд болонгуутаа “Бид хамтдаа чадна” гэдэг уриа дэвшүүлсэн. Бид гэдэг үгийг нь бүх монголчуудыг гэж ойлгож байгаа. Хүмүүс ч тэгж хүлээж авч байх шиг байна. Иргэддээ амласан 1.5 саяыг л өгөхийн тулд хамтарсан гэдэг шалтгааныг би хувьдаа оносон тайлбар гэж үздэггүй. Амласан юм чинь янз бүрийн хэлбэрээр өгөх нь, өгөхийн төлөө ажиллах нь тодорхой. Харин өнгөрсөн 20 жил хийгээгүйгээ хийх, хөгжлийн том проектууд эхлүүлэх нь хамтарсан Засгийн газар байгуулсны хамгийн том зорилт болов уу. 20 жилийн өндөрлөг дээрээс хөгжлийн бодлогоо эргээд харсан чинь дөрвөн жилийн циклээр явдаг, иргэд маань сонгуулиас сонгуульд намуудын амлалтаар амьдардаг хэв маягтаа бараг дасан зохицжээ. Дөрвөн жилээр амьсгалдаг, амьдардаг байдлыг өөрчилж шийдэх цаг болсон болов уу. 20 жил гэдэг туршилт хийхэд ч, туршлага хуримтлуулахад ч хангалттай хугацаа. Одоо бид дор хаяж арав хорь, чадвал гуч, тавин жилээр хөгжлийн бодлогоо боловсруулж, түүнийхээ төлөө зовох юмтай, зорьсон ажилтай болмоор байна. Нийгэм рүүгээ хандсан, гурван сая хүрэхгүй иргэдээ сайн сайхан амьдруулахад чиглэсэн том, үндэсний проектуудыг, зорилтуудыг хэрэгжүүлж эхлэх ёстой.

-Жишээ нь “Утаагүй Улаанбаатар”-аар хөгжлийн ямар асуудлыг шийдэх вэ?

-Энэ бол зөвхөн Улаанбаатарыг утаагүй болгох проект биш. Улаанбаатарын утааг арилгах нь асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Цогцоор нь, улс орны хэмжээнд харах ёстой. Утаа сумаас эхтэй. Тэнд иргэдийн амьдрал үнэхээр хүнд байгаа. Сумын 80 жил гээд л найр наадам хийдэг. Гэтэл зааланд нь хүн суух ч аятайхан сандал байхгүй, маш олон юм байхгүй. Өнөөгийн хүмүүс мэдээллийн хангалттай орчинд амьдарч байна. Хөгжилтэй оронд, хотод, аймгийн төвд хүн яаж амьдарч байгааг сумын иргэд ч хангалттай мэдээлэл авч байгаа. Тийм учраас арай гайгүй нь аймаг руу, аймгийнх нь хот руу, хотынхон нь Солонгос руу явдаг том нүүдэл тасралтгүй үргэлжилж байна. Сайхан, илүү аятайхан амьдрах нөхцөл хайсан тэднийг буруутгах аргагүй. Хотын иргэн, сумын иргэн хоёр адилхан л хүн шүү дээ. Адилхан л сайхан, таатай орчинд амьдрах эрхтэй. Гол нь энэ нөхцөл, боломжийг төрд байгаа бид бүрдүүлж өгөх үүрэгтэй. Төр, засгийн үүргийн нэг нь энэ. Тийм учраас л бид хамгийн түрүүнд сумын орчныг сайжруулахаас эхлэх гээд байгаа юм.

-Бид гэж хэн бэ, Засгийн газар уу?

-Мэдээж Засгийн газар, УИХ шийдвэр гаргана. Бас “та нарын амьдралыг үлгэрийн болгож өгнө өө, чадахгүй бол буцаж ирээд та нар шиг мал маллаж гэрт амьдарна” гэж амлаад орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд бид зөв бодлого гаргаж өгөх ёстой. Энэ нь мөнгө тараах нэг удаагийн арга хэмжээ гэсэн үг биш. Ажил¬лаж амьдрах байнгын таатай орчны төлөөх тасралтгүй үргэлжлэх, хөгжлийн бодлого байх хэрэгтэй. “Утаагүй Улаанбаатар” бол ерөнхийдөө нүүдлийг тодорхой хэмжээнд барьж байж, улсаараа хөгжиж байж утааг багасгах проект юм. Зөвхөн Улаанбаатарт хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд босгоод ирэхээр манайхан Солонгос руу нүүдэг шиг орон нутгийнхан нийслэл рүү нүүгээд ирнэ. Ирээд энд утаа үйлдвэрлээд, тэнд орон нутаг эзгүйрнэ. Тийм учраас бид сумын орчныг сайжруулна. Эхний ээлжид 330 сумынхаа гурван сум тутамд төвлөрөл бий болгоно. Сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ясли, соёлын төв, спорт заал, номын сан, Тамгын газар, цагдаагийн тасагт хүн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм. Өмнө нь хөдөөд байшин барина гэхээр үндсэн капитал багатай, аймагт байгаа барилгын нэг компани хамгийн хямд зардлаар гээд тендер аваад халтуурдаад хаячихдаг. Хэн хохирох вэ гэхээр тэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, эмнэлэгт хэвтэж буй өвчтөн л хохирно. Тэгвэл одоо шинэ технологи гарчихсан, бусад хөгжилтэй оронд угсарч барьдаг технологи байна. Энэ технологийг оруулж ирнэ. Энэ технологиудаас Канадын модон байшингийн технологи таараад байгаа юм. Канад бол асар их модтой, тэр байтугай Модны яам гэж тусгай бодлого боловсруулдаг төрийн яамтай. Дээр нь манай улстай ижилхэн дөрвөн улиралтай учраас технологи нь манай цаг уурын орчинд дасан зохицох чадвартай юм байна. Иймэрхүү чиглэлээр ажилладаг монгол залуус олон болж, загвар байшингуудаа хүртэл бариад эхэлсэн байгаа. Мөн манай яамнаас мэргэжилтнүүдээ сургаад эхэлсэн. Тэднийхээ чадварт түшиглэж канад технологийг Монголд суурьшуулна. Энэ технологид барилгын компани шиг хулхидна гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл тухайн компанийн бизнесийн нэр хүнд унана. Тэгэхээр технологийнхоо чанарыг харуулахын тулд барилгаа өөрсдөө угсарна, 10-15 жилийн баталгаа өгнө. Энэ хугацаанд дээвэр нурах, цонх хагарах зэрэг бүх эвдрэл гэмтлийг технологи оруулж ирсэн, угсарсан компани 100 хувь хариуцна. Тийм учраас УИХ-ын гишүүд байшингийн дээвэр засч, цонх шиллээд явдаг ажлаас чөлөөлөгдөж, энэ зориулалтаар төсвөөс мөнгө хуваарилдаг байдлыг хална. Тэнд сумын төвийн нэг сургуулийн дээвэр нурахад л энд Засгийн газар хуралддаг, улсын төсвийг тодотгодог өнөөдрийн энэ гаж тогтолцоог ч давхар хална.

-Тодорхой хариулахгүй юу яг хаана, хэдэн байшин барих вэ. Ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ?

- Ойролцоогоор 100 мянган айлыг орон сууцтай болгоно. Үүний 75 мянгыг нь Улаанбаатар хотод, 25 мянгыг нь аймгуудын төвд барина. 2-5 жил маш идэвхтэй ажиллахад 100 мянган айлыг орон сууцжуулах боломжтой гэж төлөвлөсөн. Хот аймгуудад энэ том төслийг амжилттай хэрэгжүүлбэл манайд барилгын үндэсний том компаниуд гараад ирнэ. -Ийм тооны байшин барихад өртөг зардал нь хэд болох вэ, улсын төсөвт ийм чадал бий юү? -Зуун мянган айлын байшин барихад гурав орчим тэрбум ам.доллар, дэд бүтэц буюу инженерийнх нь шугам сүлжээнд хоёр тэрбум гаруй доллар шаардлагатай. Энэ мөнгийг төсвөөс зохицуулна гэвэл мэдээж, мөддөө бүтэхгүй. 20 жил төсөв харлаа. Төсөв өсөөд л байдаг, гэтэл ядуурал нэмэгдээд л байдаг. Энд нэг гажиг байна аа даа. Хамтарсан Засгийн газар байгуулсны хүчинд олон жил гацаасан Оюутолгойн ордоо хөдөлгөж чадлаа. Одоо удахгүй бас Тавантолгойгоо шийдэх байх. Газрын доорхи баялаг ард түмнийх гэдэг тиймээс, орон сууцанд ард түмэн орохдоо газрын баялгаас ирээдүйд хүртэх хувийнхаа нэг хэсгийг зээлж байна гэх үү дээ.

-Ер нь бол цаашид нүүдлийг барих, хүмүүс эргээд сумандаа очиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хотын утааг багасгах юм байна гэж ойлголоо. Тэгвэл одоо бодитой нэгэнт бий болчихсон утааг яаж багасгах вэ, одоо хотод ороод ирчихсэн ажилгүй иргэдийг яах вэ?

- Улаанбаатарт 160 гаруй мянган айл өрх гэр хороололд бий. Жилд 10 гаруй мянга гэр шинээр нүүж ирдэг. Гэр гэдэг маань яндан. Яндангаас утаа гарна. Нүүж ирж байгаа хүмүү-сийн олонхи нь ажилгүй, мэргэжилгүй. Ийм хүнд хотод ажил олдохгүй. Ажилгүй болохоор орлогогүй. Энэ хүмүүс даарахгүйн тулд гал түлнэ, өлсөхгүйн тулд гал дээрээ хоол хийнэ. Юу түлж байна гэхээр, түлж болох хамгийн хямдыг нь. Жишээ нь дугуйны пакришка. УИХ-ын гишүүд ярьдаг л юм. Гадаадаас оруулж ирж байгаа хуучин дугуйнуудын импортыг хуу-лиар зогсооё гэж. Энэ бол шийдэл биш. Улаанбаатарт явж байгаа машинуудын дугуй ч хуучирч хаягдаж л байгаа. Түүнийг худалдаж аваад нэг хэсгийг түлнэ, нөгөө хэсгийг нь бас түлээгүй хэн нэгэнд зарж орлого олно. Тэгэхээр одоо утааг багасгах гэж зуухтай ноцолдохоо болъё. Ажилгүйдэл, ядуурал угаартай нь тэмцэж эхэлье. Үүний тулд суманд байгаа иргэдийг сумандаа, аймгийнхыг нь аймагтаа сайхан амьдрах, ажиллах бололцоог хангаж өгөх ёстой. Орон нутгаас ирсэн залуус сургуулиа төгсөөд аймагтаа сумандаа очиж тав тухтай ажиллах орчин нөхцөлийг төр бүрдүүлж өгөх ёстой. Төр энэ үүргээ 20 жил биелүүлсэнгүй. Одоо биелүүлье л гэх гээд байгаа юм. -Хотын гэр хорооллынхон байшингийнхаа мөнгийг яаж олох вэ. Байшингийн мөнгө олох нь битгий хэл, орлого нь өдрийнхөө хэрэглээд хүрдэггүй өрхүүд олон байгаа ш дээ? -Хотын гэр хороололд байгаа 160-аад мянган айлын өрх болгонд 1-2 хүн эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Тэднийг мэргэжлийн сургалтын төвд сургаж, мэргэжилтэй болгоод, бүтээн байгуулалтад оролцуулна. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд суух байшингаа өөрсдөө барилцана, энэ бүтээн байгуулалтад оролцож хийсэн ажлынхаа цалингаар зээлээ төлнө. Ажилтай, цалинтай болгосноор 15-20 жилийн хугацаатай орон сууцны зээлд хамруулах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын иргэд өөрсдөө орон сууцны мөнгөө олох, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөлийг нь “Утаагүй Улаанбаатар” проектын хүрээнд бүрдүүлж өгөх юм.

-Уг нь хэрэгжүүлж чадвал сайхан л сонсогдож байна, яг мөрөөдлийн жагсаалт шиг?

-Чадвал биш ээ. Чадах л ёстой. Чадахын тулд энэ проектыг жил гаруй хугацаанд олон хүмүүс олон цаг зарж цаасан дээр нухаж гаргаж ирлээ. Хэ¬рэгжүүлэх бүрэн боломжтой.Энэ бол шинэ юм биш, бусад оронд хийгээд болоод бүтээчихсэн, хөгжсөн орны жишээг би дээр хэлсэн. Боломжтой юмыг мөрөөдөлтэй зүйрлэж болохгүй. Ха¬рин хөгжлийн бодлогоо дөрөв дөрвөн жилээр тодорхойлоод, гаднаас хэн нэгэн ирээд, эсвэл байгалийн баялгаа түүхийгээр нь зараад, иргэн бүр 1.5 сая төгрөг аваад л улс орон хөгжчихнө гэдэг бол харин жинхэнэ мөрөөдөл.

-Иргэд яах вэ, хамгийн гол нь энэ бодлогыг баталж өгөх ёстой УИХ-ын гишүүдийн зарим нь мөрөөдөлтэй зүйрлээд байгаа юм биш үү?

-Төслүүдийг сайн уншиж танилцаагүйтэй л холбоотой байх. Ер нь манай УИХ-ын гишүүд үнэхээр уншихгүй юм. Ярихдаа хүртэл хөгжлийн асуудлыг ганц нэгээр нь салгаж биш, улс орны хэмжээнд цогцоор нь харж ярьдаг, шийдэх гэж зүтгэдэг баймаар байна. Тойрог, сум орон нутаг чухал л даа. Тэрийг ойлгож байна. Гэхдээ том эрх ашгийн далбаан дор жижгүүд нь шийдэгдээд л явна. Монгол Улс бүхлээрээ хөгжихөд 330 сумын, нэг дүүргийн проблем бүгд л шийдэгдээд явна шүү дээ. Түүнээс бус, энд нэг гишүүн нь сайн улс төр хийж илүү мөнгө хуваарилуулснаар тэнд нэг сум, аймаг улсаасаа тасарч түрүүлж хөгжинө гэж байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, хөгжлийн асуудлыг цогцоор нь том харж, улсаараа хөгжье гэж байгаа юм. Газрын баялгийг зөв хэлбэрээр ашиглая гэдэг санаа маань ч энэ. Жишээ нь Өмнөговьд жижиг Тавантолгойн жишээн дээр харахад “нутгийн хишиг” гэж 50 мянга, 100 мянган төгрөг иргэн бүрт өгдөг л гэж сонссон. Энэ нь улсаа байг гэхэд аймгийн сумын хөгжилд огт нэмэр болохгүй. Баялгаа ухаад гаргаад ирлээ, нэг компани ашиг оллоо, иргэддээ бэлэн мөнгө тарааж, иргэд нь төгрөгөө шууд юань болгож хил давж бараа аваад Эрээн хотын эдийн засгийг дэмжээд явж байна шүү дээ. Манай улсын эдийн засгийн бүтэц бол хэрэглээн дээр түшиглэсэн иймэрхүү маягтай яваад байна. Эрээнээс авчирсан барааг “Нарантуул” зах дээр зарна. “Нарантуул”-аас аймгуудын наймаачид зөөнө, аймгаас сумын наймаачид зөөнө. Нэмүү өртөг, үйлдвэрлэл бүгд хилийн цаана. Ийм л их энгийн эдийн засгийн бүтэцтэй улс орон болж дээ.

-Тухайлбал, Бат-Үүл гишүүн юуг нь эсэргүүцэж таныг дутуу бодлоо гэж захиа бичээд байгаа юм бэ?

-Зуун мянган айлын хоёр хувь буюу 2000 айлын орон сууц тодорхой хугацаанд түрээсээр эзэмшүүлье гэснийг эсэргүүцээд байгаа юм. Баатар маань харин өөрөө дутуу ойлгоод байгаа юм. Ачтайгаа амьдардаг ганц бие хөгшин, эсвэл дөнгөж гэр бүл болсон хоёр оюутан байж болно. Байнгын тодорхой орлогогүй, яалт ч үгүй хүндэтгэж үзэх шалтгаантай ийм иргэдийг заавал зээлд хамрагд гэж шахаж болохгүй. Ороод ч зээлээ төлж чадахгүй. Нийгмийн ийм хэсгийг тодорхой хугацаанд түрээсийн байранд байлгая гэснийг л бараг газрыг нь дээрэмдэх гээд байгаа юм шиг ойлгоод байгаа юм. Энэ захианых нь хариу танай сонинд гарсан учраас дэлгэрэнгүй ярих шаадлаагагүй байх.

-Одоо төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын тухай зарим зүйл асууя. Гишүүдийн дэмжлэгийг авах гэж тэгсэн юм уу бараг бүх аймаг руу төмөр зам татаж хилийн боомт болгоноороо цаашаа төмөр замаар гарах төсөл боловсруулсан байна лээ?

-Уул уурхайгаа ашиглахын тулд дэд бүтэц хэрэгтэй. Дэд бүтэц гэж гол нь төмөр зам. Бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж л далайн боомт руу гарна. Далайн боомтоор дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хүргэнэ. Ингэж байж баялгаа зах зээлийн үнээр дэлхийд борлуулж орлогожино. Арай ч бүх аймаг биш ээ. Ерөнхийдөө говийн бүст байгаа Тавантолгой, Оюутолгойн ордыг дайруулж, одоогийн төв магистралиа огтлоод Чойбалсангаар Транссибирийн төмөр замтай холбогдох марш¬рут л даа. Ингэснээр Владивостокоор дамжаад Солонгосын хойгт гарах боломжтой болно. Энэ маань уул уурхайн бүтээгдэхүүнээ, төмөр замын маршрутаа зөвхөн нэг улсаас хараат байлгахгүй л гэсэн санаа, бодлого. Гадаад худалдааны бодлого, гадаадтай харилцах эдийн засаг зуун хувь нэг улсаас хамааралтай байж болохгүй. Манайх шиг хоёрхон хөрштэй орон ядаж хоёуланд нь нэвтрэх коридортой болъё л гэсэн санаа. Энэ проектын хүрээнд баруун аймгуудаа төмөр замаар холбож дундаж Ази руу гаръя гэсэн давхар санаа ч бас байгаа юм. Зарим хүн гайхаад байгаа юм. Бүтэхгүй гэдэг, бүтээх, хийх л хэрэгтэй л дээ. Эхний ээлжид 1000-хан км төмөр зам шүү дээ. -Гэхдээ эдийн засгийн хувьд шууд урагшаа гарсан нь ашигтай биз дээ?-Шууд урагшаа гарч далайн боомт хүрэх 2-3 гарц байгаа. Тэр байж л байгаа. Зогсоосон юм ерөөсөө байхгүй. Хувийн компаниуд эдийн засгийн ашгаа нэгдүгээрт бодохыг буруутгахгүй. Харин төр засаг тэгж болохгүй. Улс орны тусгаар тогтнол, геополитикийн ирээдүйн тоглолт, эдийн засгийн аюулгүй байдлаа харах ёстой. 10 жилийн дараа гэхэд нүүрсний хэрэглээг дэлхий даяар хааж магадгүй байна. Өнөөдөр гэхэд Хятад улс Монгол, Казахстан, Орос гурваас вагоноор задгай нүүрс авахаа больж байгаа. Яагаад гэвэл Хятад улс Киотогийн протоколд нэгдэж ерөнхийдөө нэг сая тонноос доош кокс боловсруулдаг үйлдвэрүүдээ хааж эхэлсэн юм билээ. Экологи талдаа хохиролтой, технологи муутай 600-гаад үйлдвэрээ одоогоор хаажээ. Тэгэхээр бид эдийн засгийн ашиг хөөж зөвхөн Хятад руу гарцтай явтал энэ урсгал хаагдвал яах вэ гэдгээ давхар бодох ёстой. Хаангуут нь дахиад Орос руу гарц нээх үү. Тийм учраас л түрүүн ярьсан шиг сонгуулийн дөрвөн жилээр бодлогоо боловсруулдаг биш, арав хорин жилийн ирээдүйгээ харж бодлогоо ярьдаг, боловсруулдаг байх хэрэгтэй юм болов уу л гэж тооцоолсон юм

-Ер нь бол төмөр замын бодлого дээр эдийн засгийн хувьд ашиггүй маршрут сонгосныг та мэ¬дэж байгаа, геополитикийн ирээ¬дүйн тоглолтыг харж л хоёр гарцыг зэрэг нээх гэж байгаа юм байна, тийм үү?

-Эдийн засгийн хувьд ашигтай, ашиггүй байлгахыг бид нар өөрсдөө л зохицуулах хэрэгтэй. Улс болгон өөрийн бодлогоор зохицуулдаг. Бодлого нь юу юм гэхээр дор хаяж хилээр гарч орж байгаа гаалийн татвараар зохицуулж болно. Жишээ нь, хятадууд сая коксжсон нүүрснийхээ экспортын татварыг 40 хувь нэмсэн. Ийм нөхцөлд Европоос, Германаас манайхаас коксжсон нүүрс авах санал ирж байх жишээтэй. Бодлогыг ингэж л тодорхойлдог. Үүний тулд л төрийн зохицуулалт байдаг. Түүнээс биш, хувийн компаниудад эдийн засгийн ашигтай гэдгийг гол болгоод байвал үүн шиг амар юм алга. Би ч гэсэн хувийн компанитай. Хувийн компанийнхаа төмөр замыг тавиад Баянхонгороос цаашаа нарийн төмөр зам тавиад төмөр гаргаад байвал надад эдийн засгийн хувьд ашигтай л байна. Гэтэл надад, та бидэнд бүгдэд нь ганцхан байдаг, ямар ч эдийн засгийн ашигтай зүйрлэж болохгүй улс эх орон, түүний цаашдын эрх ашиг гэж юм байна шүү дээ. Улстөр судлаачид гэх юм уу даа, геополитикоор судалгаа хийдэг дэлхийн аналитикууд янз бүрийн юм бичиж байна. Саяхан нэг тоймчийн бичсэн Орос улсад хүн амын бодлого зүй нэлээд алдагдсан. Сибирь нь эзэнгүй болж байгаа. Энэ бүс нутгийг нь хятадууд дүүргэж байна” гэсэн анализийг манайхан уншсан байх. Хэрвээ Сибирь хятадуудад алдагдаж байгаа, цаашдаа бүр алдагдах юм бол манай улс замд нь арчигдаад явчихна биз дээ. Нарийн царигийн төмөр зам тавьбал энэ арчигдлыг л хурдасгаж өгнө гэсэн үг. Үүнийг би хэлж байгаа юм биш, дэлхийд нэртэй геополитикийн аналитикууд ингэж бичээд л байна. Энийг хүртэл тооцох л хэрэгтэй. Ер нь эдийн засгийнхаа хэрэглээг аль болох бусад олон оронтой зэрэгцүүлэн хөгжүүлж, тэнцвэрийг нь хадгалж явах нь манай улсын эрх ашигт нийцэх болов уу. Өмнө нь хоёулаа бас энэ тухай ярьж байсан даа.

-Төмөр замын бодлогын төсөл дээр царигийн хэмжээг 1520 мм гэж өргөн байхаар заасан нь эсэргүүцэлтэй тулгарч байх шиг байна. Цариг бол төрийн бодлого гэхээсээ технологи юм биш үү?

-Цариг гэснээс дэлхий дээр маш олон төрлийн царигийг улс орнууд хэрэглэдэг. Манайхан Орос, Хятад гэсэн хоёрхон цариг байдаг гэж ойл¬гоод байх шиг байна. Улс орон болгон царигийн асуудлаа тодорхойлсон байдаг. Манайх шиг далайд гарцгүй улсад төмөр зам бол стратеги. Тэгээд ийм дэлхийд хүчирхэг хоёр хөрштэй Монгол Улсын хувьд стратегийн төмөр замын царигийн хэмжээ бол тө¬рийн бодлого байх ёстой. Хэрвээ бид өнөөдөр Хятадад хэрэглэдэг нарийн цариг бүхий төмөр замтай болчихвол байгалийн баялгаа түүхийгээр нь урагшаа худалддаг тийм схем рүү л орно. Монголд нэмүү өртөг үлдэхгүй. Гэтэл монголчууд бид баялгаа түүхийгээр нь гаргаж биш, ажил хийж байж л айл өрхүүд ядуурлаас гарна, нэмүү өртөг үлдээж байж улс орон хөгжинө. Ажил хийнэ гэж юу юм гэхээр тодорхой юм бүтээх, нэмүү өртөг шингээх. Энийг манайхан сайн ойлгодоггүй. Энэ нь хэрэглээний буюу худалдаа давамгайлсан эдийн засгийн бодлогыг илүүд үзээд байгаатай холбоотой юм болов уу. Худалдаачны сэтгэхүйтэй гэсэн үг. Худалдааны эдийн засаг бол нэг барааг авчраад тээврийн зардлаа, ашгаа нэмээд зардаг учраас улс оронд нэмүү өртөг бүтээдэггүй.

-Урагшаа хойшоо гарсан төмөр замын хоёр гарц хоёулаа байгаа гэлээ. Гэтэл нүүрсний компаниуд эдийн засгийн ашгаа бодоод бүгд л шууд урагшаа гаргахыг бодно. Үүнийг яаж зохицуулах вэ. Жишээ нь, нэг жилд гаргах нүүрснийх нь лимитэд төд нь урагшаа, төдийг нь хойшоо гаргана гэж тогтооосон квот байх уу?

-Байхгүй. Одоо манай яаманд арваад компани урагшаа, Хятад руу хил сэтлээд нарийн царигтай төмөр зам тавих хүсэлтээ ирүүлсэн байгаа. Эдийн засгийн ашигтай гээд бүгдэд нь зөвшөөрөл өгөх үү, арай болохгүй л болов уу. Эсвэл нэг, хоёрт нь өгөөд бус¬дад нь өгөхгүй гэх үү

- Харин энэ чинь л зах зээл хаана байна зам тийшээ гэдэг зарчмыг хэлээд байгаа юм биш үү?

-Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл гэдэг нь нэг уурхайн амнаас нөгөө уурхайн ам биш болов уу. Зах зээл гэдэг юм чинь өөрчлөгдөж байна. Сая Давосын уулзалт дээр Жорж Сорос гэж дэлхийн толгой эдийн засагч “зах зээл бол далд гараар өөрөө зохицуулагддаг гэдэг бас биш юм аа. Тэнд төрийн зохицуулалт заавал байх ёстой юм байна” гэж хэллээ. Энэ нь зах зээлийг дураар нь хаяж болдоггүй юм байна гэдгийг хэлж байна. Нийгэмд мэдээлэлд их ойрхон байдаг хэсэг бүлэг бий. Тэд боломжийг ашиглаад маш богино хугацаанд хөрөнгөждөг. Харин үлдсэн хэсгийг тодорхой хэмжээгээр төрийн бодлогоор анхаарч байхгүй бол нийгмийн давхаргын зөрчил, зөрүү ихэсч, нийгэмд маш их хэмжээний бухимдал үүсдэг. Үүнийг л төр зохицуулах ёстой.

-Жишээ нь, өргөн царигтай төмөр замаар ямар зохицуулалт хийнэ гэж…?

-Аль ч улсад гадаад худалдааны тэнцвэр гэж байдаг. Хэрвээ гадаад худалдааны эргэлтийн нэг улсаас хамаарах хамаарал нь 65 хувиас дээш болбол тухайн улсын эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол алдагдсан гэж үздэг. Гэтэл бид олон улсад хүлээн зөвшөөрдөг энэ хэм хэмжээнээс давчихсан яваа. Манай улсын гадаад худалдааны 70 хувь нь нэг улсаас, тодруулбал Хятадаас хамааралтай. Энэ нь голдуу хүн амын өдөр тутмын хүнсний буюу өргөн хэрэглээний бараа. Энэ бол бидний хувьд байнга анхаарч явах, цаашид энэ хамаарлыг багасгах талаар бодлого боловсруулж ажиллах ёстой болгоомжлол. Хэрвээ урд хөрш маань нэг өдөр хилээ хаавал энэ 70 хувийн хэрэглээ юу болох вэ. Зах зээл дээр барааны хомсдол үүснэ, үнэ огцом өснө. Үнийн өсөлт барааны хомсдлыг дагаад нийгэмд бухимдал үүснэ. Хөрөнгөлөг хүмүүсээ үзэн ядна. Магадгүй эндээс баян хоосны дундахь тэмцэл гарна. Үүнийг нь хөндлөнгөөс гаднаас өдөөнө, турхирна. Энэ бол дэлхийн олон оронд хэрэгжиж, улс үндэстнийг нь хуваасан бэлэн жишээ шүү дээ. Монголчууд бидний өмнө ийм бодитой болгоомжлол бий болчихоод байхад дээрээс нь нэмээд уул уурхайн ордоо Хятадын стандартын нарийн царигийн төмөр замаар холбочихвол эдийн засгийн 70 хувийн хамаарал маань шууд 100 хувь болно. Тэгвэл бид газар нутгаараа биш ч, эдийн засгийн хувьд 100 хувь нэг улсаас бүрэн хараат болно. 70 хувьтай байсан болгоомжлол маань зуун хувь аюул болно гэдгийг л хүмүүс ойлгомоор байна л даа. Саяхан Хятад улсад баахан хүүхэд өөрсдийнх нь үйлдвэрийн сүүнд хордлоо. Өөрсдийнх нь л хүүхэд шүү дээ. Өөрийн улсын хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж дийлэхгүй, чадахгүй байгаа улс хөндлөнгийн улсын хүнсний аюулгүй байдлын баталгааг хангаж чадах уу.

-Хүмүүс яах вэ, хамгийн гол нь бодлого батлах улстөрчид сайн ойлгохгүй байгаа юм биш үү?

-Бас тэгж болохгүй. Эх орноо гэсэн монгол цустай, эдийн засгийн хувьд тусгаар тогтносон байхыг хүсдэг, эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийг хүсдэг хүн бүр ойлгох ёстой. Хэрвээ хүн бүр зөв ойлголттой бол улстөрчид ард түмнийхээ санаа бодлын эсрэг шийдвэр гаргахгүй. Ард түмнийхээ санаа бодлын эсрэг яваа улстөрч бол эх орноосоо урвасантай адил.

-Таны болгоомжлуулаад байгаа энэ аюулыг нийгэмд нөлөөтэй хүмүүс, улстөрчид арай өөрөө тайлбарлаад байгаа нь олон түмнийг бас эргэлзээнд оруулж байна л даа?

-Олон ургальч бодол, янз бүрийн байр суурь байх ёстой. Харин Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, гадаад бодлогод олон ургальч үзэл гэж байж болохгүй л болов уу гэж боддог юм. Харин бүр хуучин тогтолцооны төгсгөл, ардчиллын эхний жилүүдэд ард түмнийхээ итгэлээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан П.Очирбат гуай, Ц.Гомбосүрэн гуай, Д.Содном гуай эд нар нарийн царигийг дэмжиж ярилцлага өгөөд байгаад би үнэхээр гайхаад байна. Энэ хүмүүс бол төрийн өндөр алба хашиж эрх мэдэлтэй, мэдээлэлтэй байснаа ашиглаж, уул уурхайн хэдхэн компаниудад баахан мэдээлэл аваачиж өгөөд, өөрсдөө зөвлөхүүдээр оччихсон. Тэдний мэдээллийг авсан компаниуд нь баахан лиценз аваад дарчихсан. За яах вэ, амьдралын эрхээр албан тушаал, эрх мэдлээ ашигласан юм байж гэж бодъё. Гэтэл улсын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны сайд байсан эдгээр хүн бол гадаад худалдааны эргэлт гэж юу байдаг, тэнцвэрийг яаж хадгалах ёстой, энэ тэнцвэр алдагдвал юу болдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Дээр нь бидэнд зааж зөвлөөд анхааруулаад явж байх ёстой төрийн жинхэнэ хат суусан хар хүмүүс гэж би боддог байсан. Гэтэл улсынхаа эдийн засгийн аюулгүй байдлын зуун хувь хараат болгох юм яриад, нарийн царигийг дэмжээд, хувийн компанийн лоббиг хийгээд явж байгааг хэнд хэний талд үйлчлээд байгааг нь ч ойлгохгүй юм. Эсвэл би буруу бодоод байгаа юм болов уу. Эдийн засгийн хэрэглээгээрээ 100 хувь нэг улсаас хараат байх нь зөв юм болов уу. Уг нь 1990 онд бид бас л хойд хөршийнхөө түүхий эдийн бааз боллоо, эдийн засаг нь нэг улсаас хэт хараат байна гээд л бухимдацгаагаад байсан. Одоо энэ байдал маань эргээд урд хөршөөсөө хараат болж давтагдах нь ээ гэдэг юм харагдаад байгаа юм. Отгонбаяр аа, чи юу гэж бодож байна.\

-Нэг улсаас эдийн засгаараа 100 хувь хараат болчихвол түүнийг тусгаар тогтносон улс гэхэд хэцүү л байх ?

-Харин тийм. Үүнийг л би Монгол Улсын эрх ашиг, геополитикийн ирээдүйн тоглолт гэж яриад байгаа юм. Түүнээс бус, би хятадуудад дургүйдээ ч юм уу, аль нэгэн компани эдийн засгийн асар их ашиг олох гэхэд нь хорсч яриад байгаа юм биш. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд учирч болзошгүй аюул, 100 хувийн хараат байдлаас хамгаалах нэг арга нь өргөн царигийн төмөр зам тавих явдал гэж үзээд байгаа юм гэдгийг л хүмүүс ойлгоосой.

-Өргөн царигтай болохоор шилжүүлэн ачилтыг хятадууд хийх болно. Тэгэхээр харин ч хятадуудыг ажлын байртай, мөнгөтэй болгох бодлогыг Монголын төр хийгээд байгаа юм биш үү?

-Шилжүүлэн ачилт дээр бид өөр бодлого барина. Хилийнхээ наана нүүрсний том зах нээнэ. Олон улсад ийм туршлага байдаг юм байна. Хятадууд манайхтай ирж худалдаагаа, гэрээгээ хийнэ. Наймаа хийж байгаа талууд шилжүүлэн ачилтын зардлаа гэрээгээр зохицуулна. Түүнээс биш, шууд гаргаад хаячихаж болохгүй. Одоо бид ноолуур дээр яадаг гэхээр том том машинаар ноолуураа зөөгөөд хилийн цаана гарчихдаг. Гэтэл хятадууд мөнгөн дээрээ унжихаар ноолуур ачсан машин хилийн цаана хэд хонох болдог. Буцаад гарах гэхээр төлөөд гарсан гаалийн татвар хайран байдаг. Ядаж энэ алдааг давтахгүй байх бодлого барьж байгаа. Ямар ч гэсэн эхний ээлжинд хилийнхээ наана уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг зах маягийн юм байгуулна. Харин далайн боомт хүргэх бүтээгдэхүүнээ Сайншандад боловсруулж Эрээнээр, Тяньжин, Рашаантаар Жинжоу, Чойбалсангаар Транссибирийн төмөр замаар Владивосток хүргэнэ. Ингэснээр гуравдагч зах зээл болох Япон Солонгост хоёрдахь боомтоор гаргах боломжтой болно.

-Шууд урагшаа юм уу, Замын-Үүдээр гарсан ч далайн боомтод хүргэх боломжтой шүү дээ?

-Боломжтой л доо. Би энэ тухай түрүүн хариулсан ш дээ. Гэхдээ хятадууд далайн боомт хүргэхгүйгээр дотоодын хэрэглээ нь их учраас манай нүүрсийг дотоодын хэрэглээндээ авах магадлалтай. Энэ нь цаашид улам ч ихсэх болов уу. Яагаад гэвэл Хятад бол өөрөө нүүрсний маш том олборлогч, бас хэрэглэгч. 2010 оны Өвөрмонголын нүүрсний олборлолтыг 700 сая тоннд хүргэнэ гэж төлөвлөжээ. Үүнийгээ л борлуулахыг хичээнэ. Гэтэл бид үүний таван хувийг л гаргах гээд байгаа биз дээ. Гаргах гэж цаасан дээр л ярьж байгаа биз дээ. Хятад бол баялгийг түүхийгээр нь зардаггүй, боловсруулсныхаа дараа дотоодынхоо хэрэглээнд худалддаг, мөн экспортолдог.

-Орос ч гэсэн нүүрс экспортолдог бидний өрсөлдөгч?

-Тийм, гэхдээ оросууд бол баялаг худалдан авагч ч биш, нүүрсний том хэрэглэгч ч биш. Бид далайд гарахын тулд дэд бүтэц, төмөр замыг нь хямд тарифаар ашиглах ёстой.

-”Утаагүй Улаанбаатар”-ын ч, төмөр зам барих мөнгө ч, сонгуулийн амлалтыг ч Тавантолгойгоос олно гэж байна. Одоо эхлээгүй төслийн үр дүн нь хэзээ гарах вэ?

-Бид нар яаж ажиллахаас л хамаарна. Хамтарсан Засгийн газар түүнийг байгуулсан УИХ-ын хурдаас л шалтгаална. Хамтарсан Засгийн газрын хувьд баялгаа барьцаалж мөнгө тараах биш, бүтээн байгуулалт руу оръё, ард түмнээ ажил хийлгэдэг болгоё гэдэг хөгжлийн гол проектуудаа бэлэн болгоод УИХ-д өргөн барьсан. Хэрвээ хурдтай ажиллабал бидний тооцоолсноор 3-5 жилд их юм хийнэ дээ. Сэтгүүлч та нар битгий хэл, УИХ-ын гишүүд хүртэл хугацаа их асууж байгаа. Энэ биднээс л шалтгаална. УИХ хэр хурдан шийдвэр гаргахаас шалтгаална. Худалдаачны сэтгэхүйтэйгээсээ л салмаар байна. Худалдаачны сэтгэхүйгээр хандаад байвал хэзээ ч улсаа хөгжүүлж чадахгүй. Ийм түүх, ингэж хөгжсөн улс дэлхийд байхгүй. Жишээ нь, төмөр зам барих нь авто зам тавихаас ч хурдан. Далан дээр л жаахан удах байх. Хоёулаа яг жилийн дараа энэ сэдвээр ярилцъя. Тэгэхэд нэлээд үр дүн гарч бүтээн байгуулалт эхэлсэн байна. Сая бид бүтээн байгуулалтуудынхаа төслийг цаасан дээр босгож ирэх гэж их ажиллалаа. Их ч судаллаа. Энэ бол хийгдэх л ёстой ажлууд. Хүн хуурч, Засгийн газрын ээлж өнгөрөөх гэж байгаа юм шиг ард түмнээ хуурч болохгүй ш дээ. Одоо УИХ баталбал проектууд маань эхэлсэн өдрөөсөө бодитой бүтээн байгуулалт болж, хүний амьдралд үр дүнгээ өгөөд явна. Олон ч хүн ажилтай болно доо.

-Улстөрийн дотоодын нөхцөл байдал эдгээр том төслүүдийг унагаачих аюул бий юү?

-Байгаа байгаа. Би энд орсонгүй, миний эрх ашиг энд алга тийм учраас энийг нураая, зогсооё гэсэн атгаг санаан, бүлэглүүдийн тоглолтууд цухалзахыг үгүйсгэхгүй. Зарим нь ч ойлгоогүйдээ энэ ч бүтэхгүй дээ гэсэн байдлаар хандах болов уу. Гэхдээ ойлгож байгаа нь олонхи болох байх.

-Улстөрийн нөхцөл байдлаас гадна энэ УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхлөө. Дундаа орлоо. 2012 онд шинээр гарч ирсэн хүмүүс үргэлжлүүлэх болов уу?

- Бусдын гар хөл болсон хүмүүс л гарчихгүй бол цаашаа үргэлжлэх байх. Гол нь ард түмнээрээ дөрвөн жилээр хөгжлийн бодлогоо хардаг, зөвхөн “Эрдэнэт”-ийн зэсээр амьдардаг, зэсийн үнэ унахаар улсынх нь төсөв унадаг энэ байдлаасаа л гарах хэрэгтэй. Ер нь цаашдаа сонгуульд ялсан намын томчууд нь “Эрдэнэт”-ийн зэсийн квот мөн импорт дээр очиж морддог. Уг нь, бол хоёр, гурав, дөрөв таван Эрдэнэтийг бүтээн босгох хэрэгтэй байгаа юм. Ийм бүтээн байгуулалтуудыг хийхгүй бол массаараа ядуурдаг энэ байдал маань Киргиз шиг болгохыг ч үгүйсгэхгүй. Үүнийг их хол байна гэлтгүйгээр гарч болох эрсдэлийг урьдчилан харж байх л хэрэгтэй. Долдугаар сарын нэгэн гэдэг хар өдөр холдоогүй байна. Харж таамаглаад зогсохгүй, Киргиз шиг болохгүйн тулд л өөрсдөө хөгжлөө бүтээдэг, хөгжлөөрөө улс орнынхоо тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалдаг тогтолцоо руу ормоор байна.

-Заавал Киргизээр жишээ татдаг нь ямар учиртай юм?

-Нэгдүгээрт саяхан болсон үйл явдал. Хоёрдугаарт, киргизүүд юм бүтээдэггүй байсан. Ажил хийхгүй, хөгжлийн проектгүй явсаар байгаад энэ улс одоо хөвөн, хар тамхины мафи хоёрын бүлэглэлүүдийн тэмцэл болчихлоо. Энэ улс будаа боллоо. Киргиз сэрэхээргүй унтлаа, том гүрнүүдийн тоглолт боллоо гэх зэргээр дэлхий аналитикууд бичээд л байгаа шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд манай хоёр хөрш хоёулаа өөрсдийгөө яая гэж байж биднийг хөгжөөсэй, үйлдвэрлэлтэй болоосой гэж мэдээж бодохгүй. Түүхий эдийн бааз, хараат улс байлгах сонирхол нь ч заримдаа цухалздаг ш дээ. Монголчууд бид л улсаа хөгжүүлнэ.

-Сонирхол гэснээс таны хариуцсан салбарт гаднаас ямар нэгэн дарамт ирж байна уу. Жишээ нь “Оросын төмөр зам” нийгэмлэг Тавантолгойд орох саналаа тавьчихсан байгаа?

-”Оросын төмөр зам” нийгэмлэгийнхэн Тавантолгойд чинь оръё, гэхдээ 1.5 тэрбум ам.доллар гаргаж дэд бүтцийг чинь барьж өгье гэж байгаа. Энэ бол улс орны харилцаанд ч, бизнесийн түншлэлд байдаг л санал ш дээ.

-Энэ бол ил санал л даа. Дарамт далдуур байна уу л гэж асуусан юм. Яагаад гэвэл төмөр замын бодлого дээр сонгосон маршрут, царигийн хэмжээ нь ийм хардлагыг төрүүлж байна л даа?

-Далдуур дарамталдаг юм одоо байхгүй болсон байлгүй дээ. Хэрвээ бид юм хийхгүй л бол хардлагууд үргэлжлэх байх. Гол нь тодорхой ажил хийх хэрэгтэй. Ямар ч улс орон өөрөө өөрийгөө л хөгжүүлдэг. Үүний тулд ажил хийдэг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгоод хөгжиж байвал энэ том проектын дунд хувь хүн тойрч гарч байгаа хардлагууд бол хэтэрхий жижиг асуудал л даа. Би ийм л зарчмаар ажиллаж байгаа. Түүнээс биш, хөндлөнгийн дарамтад орж, дотоодын хардлагаас айж төрийн өндөр албан тушаалыг хашна гэж юу байх вэ.

Үндэсний шуудан 2010/04/26

No comments:

Post a Comment