Monday 16 April 2012

Х.Баттулга:Хойч үедээ хараалгахгүй гэж өргөн царигийг сонгосон

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд Зам тээвэр, барил-га хот байгуулалтын сайд Х.Баттулга төслийн танилцуулгыг хийж, төмөр замын чиглэл, царигийн сонголтоо тайлбарласан юм. Засгийн газар төмөр замыг үе шаттай тавихаар төлөвлөсөн бөгөөд 1520 мм-ийн өргөн царигийг сонгожээ. Эхний ээлжид Тавантолгой, Цагаан суварга, Зүүнбаян чиглэлийн 400, Сайншанд-Баруун-Уртын 350, Баруун-Урт-Хөөт чиглэлд 290 км, Хөөтөөс Чойбалсан хүр-тэл 150 буюу нийтдээ 1770 км өргөн царигтай төмөр зам тавихаар байгаа юм. УИХ-ын гишүүдийн хувьд төмөр замын маршрутаас илүү царигийн сонголтод шүүмжлэлтэй хандаж байлаа. Энэ талаархи гишүүдийн асуултад Х.Баттулга сайд болон салбарын мэргэжилтнүүд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

Н.ГАНБЯМБА:
-Засгийн газар зөвхөн өргөн царигтай холбоотой мэдээлэл өгөх юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтийг танилцуулах хэрэгтэй байна. ОХУ өөрсдөө өргөн царигтай за-маа нарийн болгох гэж бөөн юм болж байна. Хуучин ЗХУ-д багтаж байсан Казахстан л гэхэд царигаа нарийн болгож эхэллээ. Гэтэл манайх өргөн царигтай төмөр зам тавих гээд байна. Хойч үе маань юу гэх бол оо. Орос л гээд байх юм. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 1949 оны гэрээг хэзээ шинэчлэх юм бэ?

Х.БАТТУЛГА:
Бодлогын хувьд хойч үедээ хараалгахгүй гэж л өргөн царигийг сонгосон. Казахстан нарийн царигтай зам тавиад нэмүү өртөг нь үлдэхгүй байна. Хятад руу л түүхийгээр нь зөөгөөд байгаа. Одоо сөрөг хүчин нь буцаад өргөн царигтай зам тавих асуудлыг сөхөж тавьж эхэллээ. Манай мэргэжлийн байгууллагууд ч өргөн цариг илүү ашигтайг хэлж байгаа. 1949 оны гэрээг энэ ондоо багтаж өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Н.ЖИГЖИДНЯМ (УБТЗ нийгэмлэгийн Тээврийн хэлтсийн орлогч дарга:
-1520,1435 мм гэсэн хоёр янзын төмөр замыг яриад байгаа. Тавантолгой, Нарийн сухайтын уурхайгаас урагш тавих замыг нарийн царигтай байх ёстой гэж байгаа. Мэдээж шилжүүлэн ачилтын зардал гарна. Гэхдээ хоёр чиглэлийн зам нэг нь 50 гаруй, нөгөө нь 300 орчим км зам байна. Тэгэхээр бид өөрсдөө нарийн царигтай төмөр замын тээвэр хийхэд эдийн засгийн ач холбогдолгүй. БНХАУ-аас Швейцарь франк төлбөрт өгнө. Шилжүүлэн ачилтын зардлаас ялгаагүй гэсэн үг. Бид нарийн царигтай зүтгүүрт зориулж вагон депо байгуулахгүй шүү дээ. Стандартын хувьд Монголынхоос зөрүүтэй болно. Хятад зүтгүүр орж ирэхээр хятад машинч байх болно. Тэгэхээр зөрлөгүүд дээр хятад хэлтэй, эсвэл хятад хүмүүс л зохицуулалт хийх хэрэг гарна. Нийт төмөр замын сүлжээг барихдаа одоогийн 1800 орчим км зам дээрээ түшиглэх ёстой. Холимог царигтай улсууд бий л дээ. Гэхдээ тэр замууд нь үйлдвэрийн зориулалттай байдаг юм. Нийт сүлжээ нь нэг байна гэвэл 1520 мм царигтай замыг сонгох ёстой.

Ц.БАТБАЯР:
-Төмөр зам дээр Орос, Хятадын сонирхол гэдэг. гэхдээ хамгийн гол нь эдийн засгийн ач холбогдлоо тооцож үзэх ёс-той. Аль бага зардлаар ачаа тээврээ хийх замыг бид сонгох хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр хятадууд ороод ирнэ гэж айлгаж байна. Гэтэл үнэндээ манай ачаа эргэлтийн 80 хувь нь Хятад улсынх байдаг. Харин Оросоос ганцхан бензин л авдаг биз дээ. Бизнесийнхэн маань нарийн царигтай зам тавьж өгөөч гэж хүсч байна. Ганцхан царигтай стандартыг хуулиар тогтоож болохгүй. Хамгийн ойрхон далайн гарц бол Тяньжин. Би хувьдаа холимог царигтай байхыг дэмжинэ. Би судлаачдаас царигийи давуу болон сул талуудыг асуусан. 1520 мм-ийн давуу тал нь дөрөв байна лээ. Харин 1435 мм буюу нарийн царигтай зам найман давуу талтай байна лээ.

Х.БАТТУЛГА:-Эдийн засгийн 80 хувь нь Хятад талдаа байна гэдэг үнэн. Уг нь 65 хувиас дээш байвал тус улс эдийн засгийн хараат гэж үздэг юм билээ. Одоо 80 хувь дээрээ нэмээд уул уурхай 100 хувь хараат болж болохгүй. Оросоос нефть л орж ирж байгаа нь бас үнэн. Гэхдээ нефтийн үнээс хамаарч бүх зүйл хөдөлдөг. Оюутолгой, Тавантолгойг ашиглаад эхлэхэд нефтийн хэрэгцээ асар их нэмэгдэнэ. Ер нь Оросын талыг баримтлаад байгаа юм алга. Хятад улсад долоо, Орост дөрвөн боомт бий. Аль хямдаар нь тээвэрлэлтээ хийнэ шүү дээ.

Су. БАТБОЛД:-Нэг улсын хараат болчихно гээд байх юм. Гэтэл мэргэжлийн хүмүүс Оросын төмөр замыг дэлхийн жишгээс 40 жил хоцорсон гэж байна. В.Путин Японд айлчлах үеэрээ нарийн царигтай төмөр зам тавих асуудлаар дэмжлэг хүсч л байсан. Дээр нь Хятад, Оросын төмөр замын тээврийн тариф нь нэлээд олон долларын зөрүүтэй байсан. Би Засгийн газрын нэмүү өртөг Монголдоо үлдээх саналыг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ хэдэн сая долларын өртөгтэй зам тавихыг хүлээгээд нүүрсээ зарахгүй хүлээж сууна гэж байх уу. Тэгсээр байтал чинь нүүрсний хэрэглээг хорих гээд байна шүү дээ. Үндсэн сүлжээ нь өргөн, бусад нь нарийн царигтай байж болохгүй юу.

Х.БАТТУЛГА:-
Оросууд хурдан галт тэрэг, нийтийн тээврийн зам ярьж байсан. Үүнийг царигтай холбож ойлгох хэрэггүй. Хэдэн зуу биш 1000 км төмөр зам тавина л гэж байна. Хоёр жилийн дотор барьчихна. Түүхий нүүрсийг хориглоно гээгүй. Дэлхий дээр 2008 онд 5.8 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үүний 50 хувийг БНХАУ дангаараа олборложээ. Манай нүүрс энэ том юм руу ороод юу ч биш болно. Мэдээж түүхийгээр нь нүүрсээ зарвал хэдэн компанид л ашигтай.

Ж.БАТСУУРЬ:-Энэ бодлогыг түргэтгэх ёстой. Төмөр зам 100 хувь Монголын төрийнх байх уу?

Х.БАТТУЛГА:-Түргэтгэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Харамсалтай нь хувийн компаниудын лобби ороод хурдан шийдэгдэхгүй байна. Төмөр зам 100 хувь төрийнх байна.

Х.БАДЕЛХАН:-Бодлогыг дэмжиж байгаа ч өргөн, нарийн царигийн цаана Орос, Хятадын сонирхол яваад байна. Ер нь дэлхийн хандлага ямар байна вэ?

Х.БАТТУЛГА:-Төсөлд 1520 мм гээд хатуу заачихсан байгаа. Энэ нь хэн нэгний сонирхол орохоос сэргийлсэн үйлдэл. Тэгэхгүй бол Орос, Хятадын сонирхол явна. Дэлхийн хандлага гэвэл тодорхой биш. Ямар ч байсан АНУ Альяскт өргөн царигтай зам тавьж 2040 онд ашиглалтад оруулах гэж байгаа. Зүүн өмнөд Азийн улсууд бүр нарийн царигтай зам хэрэглэдэг. Бразилийнх бас өөр. Ер нь бол улс бүр өөр өөр замтай байна.Хятад улс дэлхийн нүүрсний хэрэглээний 50 хувийг ол-борлож байна гэж бид түрүүнд хэлсэн. Ийм байхад нарийн царигтай замаар нүүрс Хятад руу явахад Монголд нэмүү өртөг үлдэхгүй. Тиймээс Сайншандад боловсруулах үйлдвэр барина. Ингэхээр да-лайн боомт хүртэл тээвэрлэ-хэд овор багасна. Ганц Оросоор биш, Тяньжин боомтоор ч далайд гаргана шүү дээ.

Д.ТЭРБИШДАГВА:
-Дэлхийн улсууд өргөн царигтай 13, стандарт буюу нарийн царигтай нь 61 хувь байна. АНУ, Канад, Австрали, Европын улсууд нарийн царигтай стандарт замтай байхад яагаад Хятадын төмөр зам гэж яриад байгаа юм бэ. С.Баяр Ерөнхий сайд байхдаа БНХАУ-тай хамтарч нарийн царигтай зам тавина гэж гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Засгийн газрын залгамж халаа гэж байна уу. Нөгөөтэйгуүр, БНХАУ төмөр замаар нүүрс авахгүй гэсэн шийдвэр гаргасан гэж та бидэнд бичиг тараасан. Үнэхээр ийм юм байгаа юу. Би Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, БНХАУ-ын Элчин сайдаас энэ талаар албан ёсоор асуух болно.

Х.БАТТУЛГА:
-Засгийн газрын шийдвэр хэвээр байгаа. Оюутолгой, Тавантолгойг энэ УИХ гарч ирээд хөдөлгөөнд оруулсан. Үүнийгээ дагаад төмөр замын бодлого явж байна. Германд гарын үсэг зурсан гэж ярилаа. Тухайн үед ямар ч урьдчилсан тохиролцоогүй зүйлийг оруулчихсан байна лээ. Энэ нь нотлогдсон. Нөгөөтэйгүүр, ХБНГУ уул уурхайн түүхий эдийг 100 хувь импортоор авах болсноо зарласан. Харин Хятад улс нүүрсний экс-портын татвараа 40 хувь нэм-сэн байгаа гэдгийг хэлье. Бас Хятад улс 2009 оны долдугаар сараас нүүрс авахгүй гэсэн шийдвэр гарсан. Ийм бичгийг хуурамчаар үйлдэнэ гэж юу байх вэ. Бид баахан хөрөнгө гаргаад нарийн царигтай төмөр зам тавьчихсан чинь манайхаас нүүрс авахгүй гэвэл яах вэ. Тийм болгоомжолол ч бий гэв хөрөнгө гаргаад нарийн царигтай төмөр зам тавьчихсан чинь манайхаас нүүрс авахгүй гэвэл яах вэ. Тийм болгоомжлол ч бий гэв.

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэж амжилгүй завсарласан юм. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хятад улс нүүрс авахгүй гэж шийдвэрлэсэн нь түр зуурынх уу, бодлого уу гэдгийг тодруулах ёстой гэснээр энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Ч.САНСАР

2010/05/03

No comments:

Post a Comment