Wednesday 18 April 2012

С.Бямбацогт: ОХУ алслагдсан бүс нутгийнхандаа 200 хувийн нэмэгдэл олгодог

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын дэд дарга Н.Энхболдод гишүүн С.Бямбацогт өчигдөр өргөн барилаа. Төслийг 30 гаруй гишүүн дэмжиж гарын үсгээ зуржэЭ.

Нийслэлээс алслагдсан аймгуудад амьжиргааны өртөг төвийн бүсийн аймгуудаас 1.5-2.5 дахин өндөр, дэд бүтэц муу хөгжсөн, иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй зэргээс шалтгаалан хүн ам хот, суурин газар руу шилжин нүүдэллэх болсноор сүүлийн үед хот.түүний орчмын нутагт хэт их төвлөрөл бий болсон. Энэ нь Улаанбаатар хот орчмын бүс нутгийн амьжиргааны даац хэтрэх, ажилгүйдэл, ядуурал зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Алслагдсан болон говийн бүс нутагт ажиллаж,амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны өртгийг бууруулах, орон нутагтаа ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулснаар төвлөрөл саарч, хот хөдөөгийн бэрхшээлтэй асуудлуудыг уялдуулан шийдэхэд эдийн засгийн хөшүүрэг шаардлагатай байгаа тухай С.Бямбацогт ярив.Төсөл санаачлагчаас зарим зүйл лавлав.

-Бүсийн нэмэгдэлд хэдэн аймаг, сум хамрагдах вэ?

-Нийслэлээс алслагдсан байдал, амьжиргааны өртөг, гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөг, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт болон байгаль цаг уурын онцлогийг харгалзан алслагдсан болон говийн бүс нутгийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт үзүүлэх бүс нутгийг УИХ тогтооно. Алслагдсан бүс нутагт Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн 92 сум, говийн бүс нутагт Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Өвөрхангай, Увс, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн 87 сумыг оруулахаар тооцсон.

-Өмнөх нийгмийн үед бүсийн нэмэгдэл гэж байсан нь хөдөө, орон нутгийг эзэнтэй байлгахад чухал хөшүүрэг болж байлаа. Ийм тогтолцоотой улс одоо байдаг уу?

-Бүсийн нэмэгдэл олгох, санхүүгийн дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт Дэлхийн зарим улс оронд байдаг. Тухайлбал, ОХУ төвөөсөө алслагдсан Якут, Чукотка, Камчатка зэрэг бүсийн иргэдэд 200 хувийн, умард хязгаар түүнтэй адилтгах нутагт ажиллагсдад цалингийн 20-60 хувийн нэмэгдэл олгож, богиносгосон цагаар ажиллуулах зэрэг зохицуулалтыг Холбооны болон Хөдөлмөрийн хуульдаа тусгасан байдаг. Канад улс Хүн амын орлогын татварын хуульдаа цаг агаарын хувьд хүнд, бараа үйлчилгээ хязгаарлагдмал бүсийн иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай заалт оруулсан байдаг.

Э.Төр

2011 оны 4-р сарын 13, Лхагва гариг, Монголын мэдээ

No comments:

Post a Comment