Tuesday 17 April 2012

С.Бямбацогт: Оюутолгойн гэрээг сайжруулахгүй бол Засгийн газар огцрох ёстой




Ц.Ургамал

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний Техник эдийн засгийн үндэслэлд өгсөн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж Засгийн газарт үүрэг өгөх боллоо. Үүнтэй зэрэгцэн гэрээний биелэлтийг ч хэлэлцэж Засгийн газрын бүрэлдэхүүнд тавьсан УИХ-ын гишүүдийн асуулгын хариултыг сонсох гэж байна. Гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд сэтгэл дундуур яваа. Энэ тухай УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анхнаас нь эх оронч бус болсон гэж шүүмжилж байсан. Үүнээс хойш гэрээний гүйцэтгэлээр Засгийн газарт хэдэнтээ асуулга тавилаа. Хангалттай мэдээлэл авч чадав уу?

-УИХ-аас хоёр ч ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ш.Сайхансамбуу гишүүнээр ахлуулсан “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал дүгнэлт бэлтгэх”, Төсвийн байнгын хорооноос Ц.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ц.Батбаяр гишүүн “Оюутолгойгоос хүссэн мэдээллийг нь гаргаж өгөөгүйгээс ажлаа хийх боломж нь бүрдэхгүй байна. Бүтэн найман сарын турш мэдээлэл шаардаад авч чадсангүй. Монголын төр нэг хувийн компанийг дийлэхгүй байна. Тэгэхээр УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг ажлын хэсэг биелүүлж чадахгүй нь. Тиймээс би ажлын хэсгийг ахлагчаас татгалзъя. Ажлын хэсгээ татан буулгаач. Монголын төр энэ компанийн өмнө толгой гудайлаа гэдгээ зарлая. Энэ компанийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байна уу гэдгийг төр хянаж чадахгүй. Төрд захирагдахгүй компани юм байна” гэж байсан. Мөн “ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огц­руу­лах нэг шалгаан минь энэ байсан” гэдгээ ч хэл­сэн. Д.Зоригт Оюутолгойн гэ­рээ байгуулахад анхнаас нь гар бие оролцсон. Эх­нээсээ энэ компанид үйл­чилсэн. УИХ-аас энэ ком­панийг хянах гэхээр Зо­ригт сайд, Оюутолгой ком­пани нь ч хөдлөхгүй байна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хурал­дааны үеэр мэдэгдсэн. Гэсэн ч УИХ-ын зарим гишүүдийн ит­гэл алдраа­гүй байна. УИХ-ын 57 ду­гаар тогтоолын гурав дахь заалтыг хэрэг­жүүлэх та­лаар Засгийн газарт ху­гацаатай үүрэг өгье. Ашигт малтмалын хуульд нэ­мэлт, өөрчлөлт оруулсан­тай холбогдуулан өсөн нэмэгдэх нөөцийн татвар Оюутолгой ком­панид үйлч­лүүлэх болом­жийг бүрдүүл гэдэг чиг­лэлээр хугацаа­тай үүрэг Засгийн газарт өгөх ёстой. Энэ үүргийг биелүү­лэхгүй бол Засгийн газрын асуудлыг яръя гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ярилц­сан.

-УИХ-ын 57 дугаар тог­тоолын гурав дугаар заал­тыг та санаачилж бай­сан. Гэвч энэ заалт хэрэг­жихгүй байгаа. Монголын талын эзэмших хувь хэм­жээг хөрөнгө оруулалтаа нөх­сөн буюу 30 жилийн да­раа гэж гэрээнд оруулсан. Энэ хугацааг нааш­луулах боломж байна уу?

-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд энгийн хувь­цаа­ны 34 хувийг Монголын тал эзэмшинэ гэсэн. 30 жилийн дараа 16 хувиар нэмэгдэж 50 хувьд хүрнэ гэж бий. Яагаад 57 дугаар тогтоолын гурав дахь заал­тыг санаачилсан гэхээр хөрөнгө оруулалтын зард­лаа нөхсөнөөс хойш Мон­го­лын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэх. 50-иас доош­гүй гэдэг нь 50+1 байна гэ­сэн үг. Өөрөөр хэлбэл хя­налтын багцаа авах юм. Хөрөнгө оруулалтаа нө­хөөд, ашгаа олсны да­раа гэдгийг зориуд оруул­сан. Гэвч хүлээж аваагүй. 30 жилийн дараа 50 хүр­тэлх хувь эзэмшихээр оруулж ирсэн. УИХ-ын гишүү­дийн хэлж байгаа, тооцоо судалгаанаас харахад ба­га­даа 2-4 жилийн дараа хө­рөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Тэгэхээр 2-4 жилийн дараа Монголын тал 50-иас доошгүй хувийг эзэмших боломжийг бүр­дүүл гээд байхад 30 жи­лээр гэрээ хийчихээд сууж байна. Хувь нийлүүлэгч­дийн гэрээ дандаа нууц байсан болохоор бид энэ асуудлыг хан­гуулж чадаагүй. Компа­нийн тухай хуульд энгийн, давуу эрхийн, алтан хувь­цаа гэсэн ойлголт байдаг. Энгийн хувьцаа нь сана­лын эрхтэй ногдол ашиг авна. Давуу эрхийн хувь­цаа нь ногдол ашиг ава­хаас саналын эрхгүй. Тэ­гэ­хээр нөхдүүд манай хувь­цааг 34 биш 6 хувьд хүр­гэх гэж байсан. Тод­руул­бал, нэг бүр нь нэг сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий давуу эрхийн хувь­цаа гаргалаа. Монголын ямар ч компани, иргэн эзэмших боломжгүй хувь­цаа гаргаад ирэхэд Мон­голын эзэмших хувь хэм­жээ 6 хувь болох аюул бай­сан. Үүнийг УИХ-ын ги­шүүд олж хараад ил гаргаж ярьсны хүчинд өөрчлөлт оруулж чадсан. Хэрэв мэдээгүй, сон­соо­гүй, яриагүй байсан бол Мон­голын эзэмших хувь 6 болох байлаа.

-57 дугаар тогтоолын гурав дахь заалтыг өөрч­лөхгүй бол яах вэ. Засгийн газарт ямар чиглэл, үүр­гийг хэзээ өгөх вэ?

-Эдийн засгийн байн­гын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх гэж байна. Энэ хугацаанд Зас­гийн газар Оюу­толгойтой хэлэлцээр хийж энэ заал­тыг өөрчилж ча­дах­гүй бол хууль зөрчсөн гэж үзээд Засгийн газарт хариуцлага тооцно. Пар­ламент УИХ-ын 40, 57 дугаар тогтоо­лын төслийг сайжруулах талаарх хийж болох бүх зүйлээ хийж, үүргээ гүй­цэтгэсэн. Одоо Зас­гийн газрын ажил үлд­лээ. Одоо харин Засгийн газар Оюу­толгойн гэрээг сайжруулж чадахгүй бол огцрох ёстой.

-Оюутолгой компанийн хувь эзэмшигчид, дүрмийн сан нь өнөөдрийг хүртэл бүрхэг, мэдээлэл алга. Сүүлдээ “Айвенхоу майнз” компанийн хувьцааны аш­гаас монголчууд хүртэх эрхгүй гэж байгаа. Мөн Оюутолгойн хөрөнгө оруу­лалт өдөр ирэх тусам нэ­мэгдэж байна. Энэ та­лаар­хи мэдээллийг авч чадсан уу. Хэдийгээр нээлттэй бо­лох вэ?

-Оюутолгой компа­нийг үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн санд хэдэн төгрөг бүрдүүлсэн, хэн хэн гэгч хүмүүс хэчнээн хэм­жээний хувь эзэмшдэг, дүрмийн санг бүрдүүлэгч хөрөнгө оруулагч компани нь үнэхээр хуулийн эрх зүйн чадамжтай этгээд мөн үү. Канад улсад бүрт­гэлтэй “Айвенхоу майнз” компани Оюутолгойн то­дор­хой хувийг эзэмшиж байна уу, эсвэл хаа нэг арал дээр татвар нуугддаг бүст бүртгэлтэй компани эзэмшиж байна уу гэдэг талаар Сангийн сайдад асуулга тавьж мэдээлэл авлаа. Мөн хөрөнгө оруу­лал­тын зардал анх 1,7 тэр­бум гэж байснаа 2,4 бол­сон. Дараа нь 4,1 болсон бол одоо зургаан тэрбум ам.доллар боллоо. Яагаад хөрөнгө оруулалтын зар­дал өсөөд байна. Хэр үн­дэслэлтэй байна. Гаднаас оруулж ирсэн тоног төхөө­рөмжөө нэг сая ам.дол­ла­раар авчихаад 10 саяар бүртгүүлдэг, монголчуудад 500 ам.долларын цалин өгчихөөд 5000 ам.доллар гэж бүртгүүлэх байдлаар зориудаар зардлаа өсгөөд байгаа юм биш биз гэдгийг тодруулахаар асуулга тавь­сан. Асуулгын хариу ирс­нийг удахгүй Эдийн зас­гийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

-НХХ-ийн сайдад Мон­голын талын ажиллах хүч­ний талаар асуулга тавь­сан. Хүссэн хэмжээндээ хариулт авч чадсан уу. Нөгөө л гэрээтэй, ханган ний­лүүлэгчдээ ажиллах хүчид оруулсаар байгаа?

-Оюутолгой компанид бус туслан гүйцэтгэгч хийж буй гар утас, цахилгаан хангамж, зам тээврийн аж ахуй нэгжүүдийн ажилч­дыг ажиллах хүчний кво­тод оруулж байна. Өнөө­дөр Оюутолгой компанид ажиллаж байгаа монгол ажилтан ямар цалин авч байна. Гадаадын ажилтан ямар цалин авч байна. Адилхан үүрэг гүйцэтгэж байгаа энэ хоёр хүний цалингийн ялгааг гаргаж ирэхийг шаардсан. Гадны ажилтан гэхээр хэдэн зуу, арван мянган ам.долла­раар цалинждаг. Монгол ажилтан болохоор ганц хоёр зуу, үсрээд л гурваас дөрвөн мянган ам.доллар авч байгаа нь цалингийн зөрүү нь арваас зууд хүргэж байна. Ижил нөхцөлд үү­рэг гүйцэтгэж хөдөл­мө­рийн бүтээн бүтээмж нь адилхан байтал шүү. Мөн мон­голчуудыг ажлын байраар хангана гэж байснаа өнөө­дөр нийслэлд хог цэвэр­лүү­лээд хэдэн төгрөг өгч гэрээгээ зөрчиж байна.

-Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгч­дийн гэрээн дээр сууж, асуулга тавьж мэдээлэл цуглуулж байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээнд ямар ямар өөрчлөлт оруулж болох саналууд гаргаж ирэх нь ээ?

-Хэдийгээр бид алдсан ч гэсэн Оюутолгойн гэрээг байгуулсан. Хөрөнгө оруу­лалтын гэрээг батлахдаа хувь нийлүүлэгчдийн гэ­рээг мэдээгүй. Энэ гэрээг олж авахаар өнгөрсөн онд дөрвөн сарын турш нэхэл дагал болж байж авсан. Одоо Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгч­дийн гэрээн дээр сууж байна. Зөвхөн Оюутолгойн гэрээний алдааг олж хара­хаас гадна аль аль заалт нь “Айвенхоу майнз” ком­панид ашигтай, Монго­лын талд хохиролтой бол­сон. Аль нь хоёр талын эрх ашгийг тэнцүү хангаж байгаа гэдэгт зүйл заалт бүрээр нь дүг­нэлт гаргуулж байна. Ин­гэхийн тулд гадаад дотоо­дын зөвлөхүүд, хууль зүйн төвтэй хамтарч ажиллаж байна. Ингээд зайлшгүй өөрчлөх шаардлагатай зүйл заалтыг нь гаргаж тавина. Түүнээс гадна Тавантол­гой, Овоот толгой зэрэг дараа дараагийн томоохон стратегийн ордуудад хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэ­рээ байгуулвал ийм байх ёстой гэдгийг тодорхой жишиг болгож тавина. Энэ ажлын хүрээнд Эрдэс баялгийн үндэсний ний­гэм­лэгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тодорхой ийм заалтуудыг зөрчсөн байна гэсэн санал ирүүлсэн. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос УИХ-ыг тар гэсэн үндэс­лэлийн нэг нь Оюутолгойн гэрээг Монгол Улсын эрх ашигт илтэд хохирол­той­гоор байгуулсан зүйл заал­таа засахыг шаардсан. УИХ энэ алдаагаа засна гэж санамж бичиг бай­гуул­сан. Тиймээс энэ бүх санал үндэслэлийг тусгаж, тодорхой зүйл заалт нь Монгол Улсын эрх ашигт илтэд хохиролтой болжээ. Үүний оронд ийм заалт байсан бол харилцан ашиг­тай, Монгол Улсад илүү ашигтай байна гэсэн саналыг гаргаж өгөх зорилготой ажиллаж бай­на. Иргэний нийгэм, мэр­гэжлийн байгууллага, УИХ ажиллаад ирэхээр Засгийн газар ч хөдөлж хүлээж авах байх гэж най­даж байна.

-Оюутолгойн гэрээг сайжруулж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэж та хэлж байсан. Энэ байр суурь хэвээр гэж ойлгож болох уу?

-2010 оны дөрөвдүгээр сард би “Оюутолгойн гэ­рээг сайжруулж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэж хэлж байсан”. Тэр байр суурь дээрээ хэвээр байсан. Дээр хэлсэнчилэн УИХ үүргээ гүйцэтгэсэн. Гадны хөрөнгө оруулагч нарт ашиг­тай Монгол Улсад хо­хиролтой гэрээ бай­гуул­сан байгаа. Үүнийг Мон­гол Улсад ашигтай, хө­рөнгө оруулагч нарт алдаг­далтай гэрээ болгох гээ­гүй. Харилцан ашигтай гэ­рээ болгохын төлөө ажил­лаж байна. Зүгээр нэг хэ­лэх бус хэлсэн зүйлээ хэ­рэг­жүүлэхийн төлөө ажил­лаж байна. Цаашдаа ч ажиллана.

2011 оны 1-р сарын 20, Пүрэв гариг, Зууны мэдээ сонин

С.Бямбацогт: Орон сууцны зээлийн хүү бууруулах асуудлыг Засгийн газар оруулж ирнэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр батлагдаад хэрэгжүүлэх эхлэлийн шатандаа явж байна. Та энэ хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагчийн хувьд хэр үр дүнтэй болно гэж бодож байна вэ?

унд болон урт хугацааны төслөөс бүрдсэн энэ хөтөлбөр 7-8 жилийн хугацаанд хэрэгжиж дуусах ёстой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой төлөвлөгөөнүүд гаргасан. Үүнийг дагалдуулж Засгийн газраас 10 орчим хуулийн төсөл барих ёстой. Өнгөрсөн намрын чуулганаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг баталсан. Үүнээс гадна намрын чуулганаар Хөгжлийн банк байгуулах тухай хуулийн төслийг баталсан. Энэ төсөлд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж заасан байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл, орчин бүрдэж эхэлж байгаа гэхэд болно.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?

-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр анх “Утаагүй Улаанбаатар” нэртэй байлаа. Миний бие энэ ажлын хэсгийн ахалж ажиллах явцдаа “Шинэ бүтээн байгуулалт” гэж нэрлэе. Яагаад гэвэл Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх тусам хөдөө орон нутгаас хот руу нүүдэл, шилжилт хөдөлгөөн улам бүр ихэснэ. Тийм учраас Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барья гэж ярьсан байгаа. Сүүлийн жилүүдэд зөвхөн орон сууц барьдаг, үүнийг дагаад хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээ орхигддог. Үүнийг шинэ бүтээн байгуулалт руу татаад иж бүрнээр нь шийдэх асуудлыг тусгаж өгсөн. Улаанбаатар хотод 500 км замыг шинээр барих буюу шинэчлэх сайжруулах ажлыг хийж хэрэгжүүлэхээр тусгалаа. Агаарын бохирдол, утааны асуудлаас гадна автомашины утаа, тоос­жилт гэх асуудлыг арил­га­хаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн 2010 онд Улаан­баатар хотын төсвийн хөрөнгө оруулалтад 30 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 70 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байна. Үүний зэрэгцээ зээл тусламж, олон улсын хөрөнгө оруулалтаар томоохон ажлууд хийгдэнэ. Хөгжлийн банкаар дамжуулж Засгийн газраас баталгаа гаргах болон санхүүжилтолгох журмаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэх орчин бүрдэж байгаа.

-Эхний үр дүн нь хэзээнээс харагдах бол?

-2012 он гэхэд эхний үр дүн харагдаад эхэлнэ. Гэр хорооллыг барилгажуулахаас гадна суурьшлын дэд бүтцүүдийг Тахилтын ам, Яармаг, Баянзүрхийн товчооноос цааш байгуулах юм. Үндсэндээ 2012 оноос ажлын үр дүн харагдана. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нүүрсийг боловсруулж хэрэглэх, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг бууруулах, цахилгаан халаагуур тавих байдлаар олон ажлыг хэрэгжүүлж, үр дүн нь гарах байх.

-Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдлаа. Хэдий хугацаанд хэдэн хувиар буурах бэ?

-Өмнө нь УИХ-аас хууль батлаад хэрэгжилтэд нь хяналт тавилт сул байсан. Харин энэ хөтөлбөрт тодорхой заасан байгаа. Агаарын бохирдлыг эхний ээлжинд 30 хувиар, 2012 он гэхэд 10 мянган айлын орон сууц барина зэргээр тусгаж өгсөн Дагалдуулаад өөрчлөх ёстой жагсаалтыг оруулсан. Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулинд 2010 он гэхэд 10 хувиар, 2013 онд 20 хувиар бууруулна гэж зорилтоо тодорхойлсон. Үүнийг хариуцан ажиллаж байгаа албан тушаалтны хариуцлагын асуудлыг ч тусгаж өгсөн. Хэрвээ хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцно. Ингэснээр хөтөлбөр хэрэгжих эрх зүйн орчныг сайжруулсан гэж үзэж байгаа.

-Гэр хорооллынхон орон сууцны зээлд хамрагдахад банкнаас шаардаж байгаа баталгаа, хүү өндөр байдаг. Цаашид үүнийг хөнгөвчлөх болов уу?

-Газар бол өөрөө өмч.Монгол Улсын иргэн бүр газар өмчлөн авах эрхтэй. Газраа эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар орон сууцны төлбөрт шингээж болно. Мөн Орон сууцны корпорациар дамжуулж эхний ээлжинд төрийн албан хаагчдад хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Үүнийг зөвхөн төрийн албан хаагчдад бус нийт ард иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг бид ярьж байна. Үүнтэй холбогдоод зээлийн хүү тодорхой хэмжээгээр өндөр байгаа. Өнөөдөр 40 сая төгрөгийн зээл авч байгаа иргэн 20 жилийн хугацаанд хүүндээ 36 сая төгрөг төлж байгаа. Өөрөөр хэлбэл 40 сая төгрөгийн үнэтэй байрыг 20 жилийн хугацаатай зээлээр авахад 76 сая төгрөг төлөхөөр болж байна. Тиймээс аль болох зээлийн хүү бууруулах, тодорхой хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг Засгийн газраас удахгүй оруулж ирж шийдэх байх.

-Та нийслэлийн асуудлыг шийдэх тусам шилжин ирэгсэд нэмэгднэ гэж байсан. Тэгвэл орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар ямар ажил хэрэгжүүлэх вэ?

-Тийм ээ. Улаанбаатар хотын асуудлыг шийдвэрлэх бүр ар араасаа асуудал урган гарна. Яагаад гэ­вэл хөдөө орон нутгийн асууд­лыг орхигдуулсан учир. Тиймээс бүхэлд нь авч хэлэлцэх хэрэгтэй. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай замаар холбох хэрэгтэй. Дээр нь хөдөө орон нутагт орон сууц,сургууль цэцэрлэг барих шаардлагатай.

96 сум сууринг байгуулах зэргээр Монгол Улсыг бүхэлд нь жигд хөгжүүлэх бодлогыг барьж байж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулна. Ингэхгүй бол Улаанбаатар хотод л орон сууц барьдаг. Улаанбаатарт ирсэн хүн ажилтай болдог, эрчим хүч хямд үнэтэй байдаг болоод байна. Үүнээс болоод авто­замын түгжрэл нэмэгдэж байна.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний бололцоо хэр байгаа бол?

-Энэ хөтөлбөр дотор тодорхой тусгасан. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлнэ. Үндэсний цемент, барилгын төмөр, армотарийг дотооддоо үйлдвэрлэнэ. Барилга барина, зам тавина, эрчим хүч татна. Үүнийг дагаад ажлын байр бий болгоно. Тиймээс мэргэжил сургалтын үйлдвэрлэлийг дэмжиж, мэргэжилтэй ажилтнууд бэлтгэхээр тусгасан. Бид хүнээ сургаж, хөдөлмөрлүүлж, цогцолбор ажил хийнэ гэдгийг тодорхой тусгасан.

-Намрын чуулганаар батлагдаагүй хуулийн нэг нь Сонгуулийн тухай хуулийн төсөл. Та энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн хуулийн төсөл дээр аль нэг талыг бариагүй. Нэг л зарчмыг хэлж байна. Монгол Улсын иргэн бүр сонгох, сонгогдох эрхээ чөлөөтэй эдэлдэг байгаасай. Сонгуулийн үр дүн нь шударга, ил тод, хариуцлагатай байгаасай гэж бодож байна.

-Сонгуулийг аль системээр явуулбал манай нөхцөлд зохицох бол?

-Сонгууль шударга явагддаг, ил тод байдаг, сонгогчид эрхээ эдэлдэг байхад болно. Тиймээс аль нэг сонгуулийн системийн хувилбарыг чухалчлаагүй.

Н. Энхлэн

Эх сурвалж: “Нийгмийн толь”

2011 оны 3-р сарын 04, Баасан гариг

С.Бямбацогт: 150 сумын иргэд бүсийн нэмэгдэлд хамрагдах боломжтой

УИХ -ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Та нэр бүхий 20 гаруй гишүүний хамт Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. 2012 оны сонгууль ойртож буйтай холбоотойгоор гишүүд замаа засаж эхэллээ гэсэн яриа дуулдах болсон. Уг нь энэ асуудал шинэ зүйл биш биз дээ?

-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсантай холбогдоод янз бүрийн зүйл ярьж байх шиг. Гэхдээ бүсийн нэмэгдлийг сонгуулийн шоу хийх гэж санаачлаагүй юм. Манай улсад 1970, 1980 оны үед өндөр уулын, говийн бүсийн нэмэгдэл олгодог байсан. Уг нь шинэ зүйл биш.Өнөөдөр хилийн байцаагч, сумын эмнэлгийн ажилтнууд зохих хэмжээнд нэмэгдэл, урамшуулал авдаг.Үүнийг тухайн алслагдсан бүс нутгийн энгийн иргэд ч адил хэмжээнд хүртэх хэрэгтэй гэдэг утгаар төслийг санаачилсан юм. Төр засгаас хязгаар нутгийнхаа иргэдийг анхаарч,дэмжихгүй бол болохгүй нь. Үндсэн хуульд заасан эрхээ эдэлнэ гээд төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн тасрахгүй байна.Улаанбаатар,Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг ачаалал нэмэгдсэн. Орон нутагт бүх сум гэрэл цахилгаантай байхад хотын захын гэр хорооллынхон харанхуй байна. Бүсийн нэмэгдэл өгөх асуудлыг oлoн жил ярьсан. Монгол Ардын Нам, Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүсийн нэмэгдэл олгохоор тусгасан. Бид Засгийн газар болон улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон амлалтыг хэрэгжүүлэхээр хуулийн төсөл санаачилсан. Өнгөрсөн жил өргөн барьсан ч дэмжлэг аваагүй.

-Сүүлд өргөн барьсан төсөлд бүсийн нэмэгдэл олгох нутаг орны зааг ялгаа, хэдэн төрлийн урамшууллыг ямар байдлаар олгох зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна. Бүсийн нэмэгдэлд хичнээн Иргэн хамрагдах боломжтой вэ?

-Манай улсын 336 суманд амьдралын төвшин,бараа бүтээгдэхүүний үнэ, дэд бүтцийн хөгжил ямар байгаад нарийвчилсан судалгаа хийсэн. Алслагдсан бүсийн 82, говийн бүсийн 70, нийт 150 орчим сумын иргэдэд нэмэгдэл олгох нь зүйтэй гэж үзлээ. Тухайн бүс нутагт ажиллаж амьдардаг төрийн албан хаагчдын цалинг 20 хувь, таван жил ажилласан тохиолдолд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал өгөх, алслагдсан хилийн боомтуудаар орж ирдэг өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлж хөнгөлөх заалт тусгасан. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэж найдаж байна.

-Засгийн газраас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарласан.Та Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байгуулагдсан УИХ-ын ажлыг хэсгийг ахалж байгаа.Хууль баталснаар хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн орчинд тодорхой ямар өөрчлөлт орох вэ?

-Монголын ард түмний өмнө тулгамдсан, Засгийн газар шийдвэрлэхээр хүлээж буй асуудал нь иргэдийг ажилтай болгох.Өнөөдөр ажилгүй иргэд ядууралд өртөж үүнээс үүдээд нийгэмд бухимдал үүсдэг. Иргэдийг ажилтай болговол ядуурлаас ангижрах боломж нээгдэнэ. Хэрхэн олон иргэнийг ажилтай болгох, мэргэжилтэй хүмүүст ажил олгох, ажил хийх сонирхолгүй хүнийг яаж ажилд дуртай болгох вэ гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар зохицуулахыг оролдож байна. Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Ажлын хэсгийнхэн нухацтай хандан зарчмын зөрүүтэй 70 орчим саналыг нэгтгэн хаврын чуулганы үеэр хэлэлцүүлэхээр бэлтгэж эхэлсэн. 2011 он Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил. Энэ утгаараа хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим зардлын талаар нааштай шийдвэр гарахад нөлөөлөх болов уу.

-Засгийн газар 60 мянган ажлын байр бий болгохоор хөтөлбөртөө тусгасан, Хөдөлмөр эрхлэлтийг Дэмжих хуулийг баталснаар нааштай ямар үр дүн гарах бол?

-Халамжийн бодлого,хөдөлмөрийн бодлого хөөр нэгдээд Монголыг халамжийн улс болгож харагдуулаад байна. Халамж, хөдөлмөр хоёрыг салгаж чаддаггүй юм бол ядаж хөдөлмөрлөлтийг эхэнд нь гаргая. Хөдөлмөрийн биржийг дүүрэг, аймаг, хороо, суманд бий болгох шаардлагатай. Ажил олгогч, ажилчин хоёрыг уулзуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал олгох байдлаар төрийн бус байгууллагын оролцоогоор хангах шаардлагатай. Ингэхгүйгээр төрийн албан хаагч халамжийн асуудалд хэтэрхий анхаараад хөдөлмөр эрхлэлтийг орхигдуулж байгаа. Ажилгүй иргэдийг бүртгэж, мэдээлдэг хүн болж л хувирсан. Тэднийг хэрхэн мэргэжил, ажилтай болгох вэ гэдэгт анхаарал хандуулах боломжгүй болчхож. Хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд зуучилдгийг эдийн засгийн хөшүүргээр нь дэмжин хувийн хэвшлийнхнээр хийлгэх боломжтой.

-Эдийн засгийн хөшүүргээр хувийн хэвшлийнхнийг дэмжинэ гэж байна. Ямар хэмжээний урамшуулал олгохоор төлөвлөж байгаа вэ.Өнөөдөр цайны газар, хамгаалалтын албанд ч юмуу нэг хүнийг ажилд авахын тулд 14хоног туршилтаар явуулаад тэнцэхгүй гэдэг шалтгаанаар цалин урамшуулал өгдөггүй үзэгдэл газар авсан. Иймэрхүү үзэгдлийг хуульд хэрхэн зохицуулах бол?

-Зургаан cap, жил ажил хайгаад олж чадаагүй,хорих ангиас суллагдсан,бүтэн өнчин зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг хувийн хэвшлийнхэн ажилд авбал.тодорхой хэмжээгээр урамшуулал олгохоор тусгалаа. Ажлын байрыг тогтмол хадгалж, нэмэгдүүлбэл урамшууллыг нэмнэ. Ажил олгогчид иргэдийг ажилтай байлгаж ядуурлыг бууруулахад их нэмэр оруулна.Мэргэжлийн боловсрол олгох, хөдөлмөрт бэлтгэх асуудал ч яригдана. 6-12 cap хүртэл хугацаагаар иргэнийг ажлын байртай байлгасан хувийн хэвшлийн байгууллагад түүнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.Зорилтот бүлгийнхэн ажлын байранд 12 сараас дээш хугацаагаар ажилласан тохиолдолд тухайн хүнд мөн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох заалт төсөлд орсон. Ажил олгогчдын дунд иргэдийг түр ажлын байраар хангана гээд цалин хөлсийг нь өгөхгүй хохироох үзэгдэл бий. Нөгөө талаас хүмүүс ажилд ороод шантарч ажлаа хаяж явах, худлаа ярьдаг тохиолдол бишгүй. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд л хугацаа заагаад урамшуулал олгох заалт тусгасан. Ингэснээр ажлын байр тогтворжиход нөлөөлнө.

-Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих Хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдана. Хэрхэн шийдвэрлэх вэ?

-2011 оны төсөвт Хөрөнгө эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө суусан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль батлагдсаны дараа зохих хэмжээнд нэмэлт хөрөнгө шаардагдах байх.Түүнийг төсвийн тодотгол хэлэлцэх үеэр шийдвэрлэх боломжтой.

Д.Дамдин

2011 оны 3-р сарын 07, Даваа гариг, Монголын үнэн

С.Бямбацогт: Н.Багабанди, Н.Энхбаяр гэж хоёр хүний 20 жилийн түүхтэй өрсөлдөөн МАН-ыг ийм байдалд хүргэлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ?

-УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлаад УИХ-ын даргад өргөн барих гэж байна. УИХ-ын нэг гол чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм, Үүнийгээ УИХ хангалтгүй биелүүлдэг. Одоогийн байдлаар батлагдаж гарсан 400 гаруй төсөл хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд гэхэд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг баталсан. Дагалдуулж 17 хууль шинээр санаачилж, 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл орж ирснийг эс тооцвол Засгийн газар нэг ч хууль өргөн барьсангүй. Урт нэртэй хууль байна. Аль хэдийнэ батлагдсан. Засгийн газар, яам, агентлагууд хариуцлагагүй ажиллаж энэ хуулийг хэрэгжүүлээгүй. УИХ-ын баталсан хууль хэрэгжүүлэгч байгууллагад таалагдахгүй бол хэрэгжүүлэхгүй байж байгаад хүчингүй болгуулъя гэсэн зарчмаар Засгийн газрын үйл ажиллагаа явж байна. Ийм байж таарахгүй шүү дээ. Тийм учраас УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн найруулах ажлын хэсэгт байгаа. Бүсийн нэмэгдлийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай гэх мэтийн хуулийн төсөл дээр ажиллаж байна даа.

-Засгийн газрын талаар ажил хэрэгч шүүмжлэл хэлж байна. Сүүлийн үед Ерөнхий сайдын хувийн асуудалтай холбоотой мэдээллүүд их гарах болсон. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь хүн бизнес хийж, орлого олж болно. Амьдрахын тулд хуулиар хориглоогүй бүхнийг чөлөөтэй хийх эрхтэй. Ийм маягаар орлого олсон бол татвараа төлсөн байх ёстой, ард иргэдийн сайн сайхны төлөө юм хийсэн байх учиртай. Бусад орлогоороо лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тэр хүний хэрэг. Хөрөнгөө хуулийн хүрээнд олж авсан бол гайхаад байх зүйлгүй.

-Гэхдээ албан тушаалаа ашигласан юм биш үү?

-Тэгвэл асуудал яригдах байх. Гэхдээ өөрөө сонин, телевизээр энэ талаар тайлбар хийгээд байсан шүү дээ.

-Танай нам хоёр хуваагдчихлаа. Нэрийн асуудлаас болж нэлээд маргаан дэгдэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд ямар бодолтой яваа вэ?

-Эцсийн эцэст хувь хүмүүсийн хоорондын өс хонзон МАН-ыг ийм байдалд хүргэж байна. Н.Багабанди, Н.Энхбаяр гэдэг хоёр хүний арав, 20 жилийн түүхтэй өрсөлдөөн, тэмцэл МАН-ыг ийм байдалтай болголоо. Тэд болиосой гэж бодож байна. Энэ бол миний хувийн байр суурь.

-Гэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд дайралт нь Н.Багабанди гэхээсээ илүү Ерөнхий сайд асан С.Баяр руу чиглээд байгаа юм биш үү?

-1990-ээд оны МАХН-ын дотоод амьдралд байсан тэмцэл, зөрчлийг хөөгөөд үзвэл Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын зөрчил байж таардаг. 1997 оны намын ээлжит бус их хурал, түүний өмнөх хурал, 1992-1996 оны процесс гээд үзвэл энэ бүхэн тодорхой харагдаж байгаа. Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын аль, аль нь өөрсдийн бүлэгтэй байсан байх. Тэдний өрсөлдөөн явсаар эцэстээ намыг ийм байдалд оруулж байна. Тэгэхээр үүнийг эхлүүлсэн хүмүүс нь үүнийгээ зогсоогоосой. Намаа хагалахгүй, эв нэгдэлтэй байлгахын тулд хувийн эрх ашгийг гуравдугаарт тавиач. Сонгууль ч дөхөж байна. Жижиг амбицаа байдаг газарт нь тавиасай гэж хүсэж байна.

-Намын хагарал хуваагдал энэ хоёр хүнээс эхлэлтэй юм бол Ерөнхий сайд асан С.Баяр яасан юм бэ?

-Яах вэ дээ. С.Баяр бол Н.Багабанди даргын үргэлжлэл байхгүй юу.

-Одоо үүсээд байгаа маргааныг зогсоох арга байгаа гэж бодож байна уу?

-Тэгэхгүй бол энэ тэмцэлдээнээс хэн хожих юм. МАН-ын хэдэн зуун мянган гишүүн хохироод явах юм уу. Бүгдээрээ л хохироод үлдэнэ.Энэ хоёр хүн хоёулаа Монгол Улсад байж болох бүх л том албан тушаалыг хашиж явсан. Тиймээс тэдэнд асуудлыг зөвөөр зохицуулах ухааны цар, эр зориг байгаа байлгүй дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрд буцаж ирэх гээд МАН-ынхныг зовоогоод байгаа юм уу. Танай генсекийн амнаас ийм үг гарч байна лээ?

-Би тэгж бодохгүй байна. Түрүүн хэлсэн дээ. Хувь хүмүүсийн өс хонзонгоос үүдэлтэй маргаан өрнөөд байгаа байх. Өөр юм хэлмээргүй байна.

-Уг нь таныг намынхаа болохгүй бүтэхгүйг зоригтой шүүмжилж чаддагаараа намын залуу гишүүдээсээ ялгардаг гэж боддог. Гэхдээ Удирдах зөвлөлд орсноосоо хойш амаа үдүүлчхэв үү гэж харагдаад байна?

-Би хэзээд өөрийнхөөрөө явж ирсэн. Аливаа юмнаас хараат байж үзээгүй. Төрөөс юм уу, хэн нэгнээс хөрөнгө мөнгө, албан тушаал гуйгаагүй. Өөрийнхөө хүчээр амьдраад байж чадна гэж боддог. Тийм болохоор албан тушаалаар амаа үдүүлэх хүн биш.

-МАХН гэдэг нэрийг тэртэй тэргүй өөрчилчихсөн юм чинь авъя гэж байгаа хүн нь авч л байг. Юу нь болохгүй байгаа юм?

-Намуудын тухай хуульд тодорхой заалт байгаа. Энэ хүрээндээ л явж байгаа байх. Манай нам дүрэмдээ МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл мөн гээд заачихсан. Заавал улс төр хийх гээд зүтгээд байгаа бол МАХН нэрийг булаацалдалгүйгээр улс төр хийж болно шүү дээ.

-МАН сонгуулиар МАХН-д хамаг суудлаа алдахаас айгаад байгаа юм биш үү?

-Намуудын нэг зорилго бол сонгуульд ялалт байгуулах. Ингээд зүтгэж байхад хажуугаас саад хийгээд байвал яах уу. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг биз дээ. Түүнтэй адил шүү дээ.

-Тийм учраас танай намынхан Н.Энхбаяр гэж хүний эсрэг янз бүрийн аргаар тэмцээд байна уу. Залуучуудын холбоогоо ч өөдөөс нь босголоо?

-Ходоод хагаравч тогоон дотроо гэдэг дээ. Асуудлаа дотроо ярьцгаах байсан юм. ЭнЭ асуудалд миний хувьд эмзэглэсэн. Намынхаа дарга, Монгол төрийн тэргүүн байсан хүн рүү дайрч давшилсан нь тийм ч таатай санагдаагүй. Буруу л юм хийчихлээ дээ гэж бодож байсан. Аливаа асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэхийг хүсдэггүй. Би МАСЗХ-ны сонгуульд ажлуудыг хийж явсан. Одоо ч залуучуудынхаа холбоотой ойрхон ажилладаг.

-Долдугаар сарын 1-тэй холбоотой Ерөнхийлөгч байсан хүн ноцтой мэдээлэл хийсэн. Үүгээр бол тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр Онц байдал зарлуулсан гэж байгаа?

-Мэдээж долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаа, жирийн ард иргэд, намын гишүүд дэмжигчид эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ үймээнийг зохин байгуулагч, өдөөгч нь хэн байв гэдгийг олж тогтоох ёстой. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шүү дээ. Долдугаар сарын нэгний жагсаал юунаас болж гарсан гэдгийг нь тогтоож хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хэн нэгнийг ялан дийлэхийн тулд хариуцлагын тухай ярих нь зөв ч юм уу, буруу ч юм уу.

-МАХН байраа шатаалгасан учраас хохирсон байх. Гэхдээ таван хүн амиа алдсан нь юу ч биш юм гэж үү. Тэдний ар гэрийнхэн болоод тэр үед гэмтэж бэртсэн хүмүүсийн шарх одоо болтол аниагүй яваа. Танай нам ч яах вэ богино хугацаанд сайхан шинэ байр бариад авлаа?

-МАН шинэ байртай боллоо Нэг талдаа сайн хэрэг. Гэвч нөгөө талаараа МАХН-ын 90 жилийн түүхийг өгүүлэх архив тэр байшинтай хамт шатсан. Энэ бол Монголын түүх байсан. Хэзээ ч нөхөж барахгүй хохирол. Жирийн иргэд, цагдаа нар хохирсон нь том асуудал. Монголын төрийн төлөө тангараг өргөж ажиллачхаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэтэл үүний төлөө Монголын төр яаж ажиллаж байгаа юм. Бодох л ёстой. Хамгийн сүүлд гэхэд сая Ч. Сангарагчааг төрд зүтгэсэний төлөө яллалаа. Тэр бол УИХ-аас томилогдсон хүн шүү дээ. УИХ-аар бүрэн эрхийнх нь асуудлыг ярьдаг байхад ял оноож байдаг. Үүнийг УИХ-ын бүрэн эрхэд халдсан явдал боллоо гэж үзэж байна. Монгол Улс төрдөө ажилласан хүндээ ийм халгаатай байвал төрд хэн ажиллах юм. Монгол төрийн дархлаа, тусгаар тогтнол яах юм.

-Хууль зөрчсөн нь тогтоогдсон Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийн асуудлыг УИХ-д хэд хэдэн удаа оруулсан ч танай намынхан хаацайлаад байсан тал бий байх?

-Манай намынхан хамсаатсандаа биш л дээ. Төрийн төлөө хэн нэгний дарамт шахалт доор биш, аялдан дагалдахгүйгээр тангарагтаа үнэнч ажиллаасай гэдэг зарчмаар хамгаалж байсаН. Мэдээж хэн ч алдаа гаргана. Сэтгүүлчдийг хоёр гурван үсэг алдсаных нь төлөө яллана гэвэл яах юм. Хүнийг базах юм бол баас гарна гэдэг шүү дээ. Тэгээд "чи баастай байна" гээд яллах юм уу.

-Түүний алдаа үсгийн алдаатай зүйрлэх хэрэг биш байх аа?

-Алдаа гаргахгүйн тулд ажил хийхгүй сууж байх ёстой юм уу. Хүмүүсийг тийм байдал руу түлхэж байгаа юм шиг санагдаж байна.

-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа. Гэхдээ МАН-ынхан холимогоо болиод мажоритар тогтолцоон дээр тогтож байгаа гэсэн үү?

-Мэдэхгүй. Би тэгж бодохгүй байгаа. Тэр энэ тогтолцоо гэхээсээ илүү сонгуулиа шударга явуулчихдаг болбол болоо. Монголын ард түмэн ямар ч тогтолцоо байлаа гэсэн хэнийг сонгохоо мэддэг болоод хэрсүүжчихсэн шүү дээ.

Я.Мөнгөнцэцэг

2011 оны 3-р сарын 25, Баасан гариг, Өдрийн сонин

С.Бямбацогт: Арван аймгийн 173 сумыг алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэлд хамруулахаар тусгажээ

УИХ-ын нэр бүхий 30 гишүүн санаачлан,боловсруулсан Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогтоос хуулийн төслийн талаар тодруулсан юм.

-Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөлд тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн ахуй амьдралд нэмэр болохуйц ямар саналыг тусгасан бэ?

-Хуулийн төсөлд алслагдсан боло н говийн бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчийн цалинг 20 хувь нэмэгдүүлэх талаар тусгасан байгаа. Энэ нь дээрх бүсийнхэн бусад нутгийнхны цалингаас 20 хувь илүү байна гэсэн үг. Мөн ажилласан таван жил тутамд зургаан сарын цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал нэмж олгох заалт орсон байгаа. Харин ажилгүй болон малчид, хувийн хэвшлийнхэн зэрэг бүс ийн нэмэгдлийг шууд авч чадахааргүй хэсэг байна.Тиймээс гаалийн боомтоор орж ирж байгаа гурил, шар, цагаан будаа, элсэн чихэр, ногоон цай зэрэг бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөх, дизель түлшийг дээрх хоёр татвараас гадна онцгой албан татвараас чөлөөлөх заалтыг тусгаж өгсөн. Дээрх иргэдийн орлогыг нь нэмэгдүүлж чадахгүй юм бол, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах замаар зарлагыг нь бууруулах арга хэмжээ юм л даа. Мөн аж ахуйн нэгжүүд ажлын байр нэмэгдүүлсэн байвал хөрөнгө санхүү, зээл, татварын бодлогоор дэмжиж, хүн ам, аж ахуйн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх байдлаар асуудлыг шийдэж болохоор байгаа. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох зэрэг эдийн засгийн бодлогоор дэмжих боломжтой. Гэхдээ энэ нь дараагийн ээлжид ярих асуудал.

-Алслагдсан бүс гэдгийг яаж тодорхойлох вэ. Говийн бүсийг яагаад нэмэгдэлд хамруулах болсон бэ?

-Улаанбаатараас хэр хол байна тэр хэрээр бараа бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Тэр хэмжээгээр ард иргэдийнх нь орлого буурч, амьжиргааны зөрүү гарч байгаа нь ойлгомжтой. Энгийн жишээ хэлэхэд, Улаанбаатарт нэг уут "Алтан тариа" гурил 16 мянган төгрөг байхад Ховдод 24 мянга байдаг. Ховдод нэг кг ноолуур 45 мянган төгрөгийн ханштай байхад нийслэлд 70 мянга байна шүү дээ. Энэ нь алслагдсан бүсийнхэн орлого багатай мөртлөө зарлага өндөртэй байгааг харуулж байгаа юм. Харин говийн бүсийнхэн бол цаг агаарын маш хүнд нөх-цөлд амьдарч байна. Байгаль цаг уурын хувьд үнэхээр эрс тэс уур амьсгалтай, температурын хувьд гэхэд 60 градусын зөрүү гардаг. Зундаа 30-40 градус хүрч халж, өвөлдөө 20-30 градусаас ч илүү ч хүйтэрдэг. Тиймээс бүсийн нэмэгдэлд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Алслагдсан бүс гэдгийг анх 1000 км-ээс алс гэж тодорхойлж байсан. Гэвч 900,, 700 дахь км-т байгаа аймаг, суманд ч гарцаагүй дээрх бэрхшээл тохиолддог. Тиймээс 1000 км гэж хатуу тогтоох нь буруу юм гэж үзэж, сум бүрт судалгаа хийж, амьжиргааны ялгаа байгааг тогтоосон. Алслагдсан бүсэд 91, говийн 82 сум бүсийн нэмэгдэлд хамрагдаж байгаа. Нийтдээ Монгол Улсын арав гаруй аймаг үүнд хамаарна.

М. Алтанцэцэг

2011 оны 4-р сарын 13, Лхагва гариг, Үндэсний шуудан

No comments:

Post a Comment