Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн талаар зарим хүн элдвийн л зүйл ярьдаг. Сонсогч фэнүүд хийгээд түүний тухай мэдээллийг сонирхож явдаг хүмүүсийн хувьд, тэрбээр олон талын “өнгөтэй” хүн. Тиймээс дуучин залуутай уулзаж, амьдрал уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.
-Таныг ээж аав, элбэрэл хайрын тухай дуулаасай гэж хүсдэг хүн олон бий. Гэтэл сүлийн үед эх орон, нутаг усаа харамлан хайрлаж буй сэдэвтэй дуунууд хийх болсноос үүдэн уран бүтээлийг тань хэтэрхий улстөржөөд байна уу даа гэх харыг ч дагуулсан?
-Уран бүтээлийн сэдэв хүрээгээ тэлж, даац нь нэмэгдэхийн хэрээр хэсэг хүмүүс айж, ингэж мушгиж байж болох л юм. Эх орон, энэ амьдрал, өвөг дээдсээ дуулна гэдэг чинь ээж аавыгаа дуулж байгаагаас огт ялгаагүй. Элэнц хуланц минь хүртэл энэ газар дэлхийтэй холбоотой шүү дээ. Удам угсаагаа судалж үзсэн ч тэр, огт ялгаагүй.
-Мэдээж хэрэг, та энэ үндсэрхэг үзлээрээ олон нийтэд чамгүй зүйл хүргэхийг хүсдэг байх. Харин ийм үзэл бодолтой хүн хэр олон байгаа бол?
-Бусдыг тэгээсэй, ингээсэй гэж хүсэхээс илүү би өөрийнхөөрөө байх дуртай. Энэ миний заяа тавилан ч юм шиг. “Дэлхий даяаршиж байгаа, хөгжил нь хурдацтай байна” гээд л ярих л юм, зарим хүн. Яг энэ даяаршил, хөгжил гэдэг чинь юу юм бэ. Колоничлолын форм буюу харийн хувцас өмссөнөө даяаршил гээд байгаа юм уу. Баахан өндөр байшин барьж, брэнд бүтээгдэхүүнээр өөрийгөө
хучаад, паартай балгасанд шигдэж нуугдсанаа хөгжил гэж нэрлэх үү. Уучлаарай, энэ чинь хөгжил биш. Бидний өвөг дээдэс энэ хөдөлгөөнтэй байгаа дэлхий дээр хөдөлгөөнгүй байгаа суурин иргэншлийг үзэн ядаж, эх нутгаа хамгаалахын төлөө явдаг байснаас, ийм “соёл” гээчийг шүтэж биширсэн үр садтай болохыг хүсээгүй. Өвөг дээдсийнхээ түгээн дэлгэрүүлж явсан зүйлийг бид дэлхийд таниулж чадвал тэр жинхэнэ хөгжил.
-УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж байсан болоод ч тэр үү. Үзэл бодол, үйл хөдлөл бүрийг тань улс төртэй холбох болсон нь нууц биш. Магадгүй, танд 2012 оны УИХ-ын сонгуульд хүчээ сорих бодол байгаа биз?
-Улстөрч гэдэг чухам юуг хэлээд байгаа юм бэ. Түмэн олныхоо төлөө морь, нохой мэт зүтгэж, хийсэн ажил нь миний дуу шиг хүрч чаддаг байвал түүнийг л жинхэнэ улстөрч гэх байх. Энэ бол хуульч, эдийн засагч гэх мэт хэдхэн хүн бус монгол түмний өмч байх ёстой. Ард түмэн “Улс төр бол хуульч, эдийн засагч нэртэй, газар шороогоо зарж иддэг бусармаг хүмүүсийн асуудал юм байна” гэж андуурснаас болж 20 жил зовлоо шүү дээ. Дуучин, цэвэрлэгч, сэтгүүлч, ээждээ мах гурил залгуулахын тулд зах дээр тэрэг түрж байгаа бяцхан хүү, хөдөөний малчин зэрэг бүх хүн л улстөрч байх ёстой. Яг өнөөдөр өөрийгөө улстөрч гэж нэрлээд байгаа тэр хүмүүсээс би маш их ялгаатай. Би эх орныхоо газрыг
зарсангүй, өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан,иргэнийхээ үүргийг гүйцэтгээд явж байгаа жирийн залуу. Түмэн олныхоо сэтгэл зүрхийг зөөллөн, зовлон жаргалаа хуваалцаж явъя гэсэн хүсэл эрмэлзэл минь энэ. Хэрвээ дургүй хүргэвэл 2012 оны сонгуульд ганцаараа бус, асар олон хүнтэй хамт нэрээ дэвшүүлнэ. Яагаад гэвэл, энэ олон намыг алга болгох ёстой. Монголд хөдөлгөөнгүй хорт хавдрыг
үүсгэсэн тэр нийгмийн байгуулал бол нам. Ард олныхоо төлөө өдөр шөнөгүй ажиллаж, гэр орноор нь орж мэнд усыг нь мэдээд, хамт өсч, бас хамтдаа зовж чаддаг тийм хүмүүсийг гарч иртэл нь би хөдөлмөрлөх ёстой гэж бодож байна.
“УИХ-ын дугуй танхимыг Монгол бөхийн өргөний дугуй танхимтай андуураад байна. Дуугаа дуулаад явж байвал барав” гэсэн шүүмжлэл нэлээд сонсч байлаа. УИХ-ын Н.Бат-Эрдэнэ аваргыг ч анх улс төрд хөл тавихад нь иймэрхүү шүүмж дагасан шүү дээ?
-Би өөрийгөө тийм айхтар мундаг хүн гэж цоллож байгаа юм биш. Өнөөдрийн улс төр ямар сулбагар байгааг миний байр сууринаас хараад үз л дээ. Дуу дуулж, урлагийн
ертөнцөд танигдах маш хэцүү. Рок поп ч тэр, нийтийн дуу ч тэр. Гэтэл улс төр рүү зүгээр л нэг хэдэн дуу дуулсан Жавхлан гэдэг залуу яваад ороход яасан айхтар цочирдог
юм бэ. Тэгэхээр дэндүү сулбагар, дэндүү хар байгаа биз. Уг нь төрийн нэг салбар нь урлаг баймаар. Гэтэл урлагийн нэг салбар нь бараг төр болчих гээд байгаа юм биш үү. Яг үнэндээ улстөрч гэдэг мэргэжил энэ дэлхий дээр ч байхгүй. Янз бүрийн мэргэжлээр цоллож, хэсэг бүлгээрээ нэгдэн байж амин хувиа хичээх цаг дууссан. Манай их хаад хууль, эдийн засгийн сургуульд сурсан билүү. Харьд доншуучлан, хамгийн заваан зүйлийг эх орондоо авчран ард олноо зовоож байгаа тэр хүмүүстэй харьцуулбал ямар вэ. Бидний өвөг дээдэс бүгд малчин байсан. Дэлхийг засах ухаан энэ нүүдэлчний соёл, малчин ухаан дотор байдаг болохоос биш, бусдыг сармагчин шиг дуурайх үзэгдэлд нэгээхэн ч байхгүй. Миний дуучин байх хамаагүй. Би дуугаа чин сэтгэлээрээ дуулдаг. Харин та нар тийм л их сүрхий хуульч, эдийн засагч юм бол, наад ажлаа чин сэтгэлээсээ хий л дээ гэж хэлмээр байна. Зөв зүйл хийж, түмэн олноосоо битгий салаач ээ гэдгийг л ухааруулмаар санагддаг. Самандын Жавхлан олбог сандалд дурласандаа тийшээ зүглэх гээгүй. Тэртээ тэргүй, надад олбог сандал, нэр алдар бий. Амин хувиа хичээвэл болохгүй зүйл алга. Намайг ад үзээд байгаагийн цаана ямар санаархал байдаг юм бол, хөөрхийс. Би тэр хүмүүст “Ингэсээр байгаад хавдар тусав аа. Хавдар гэдэг чинь өөрийгөө хав дарахыг хэлдэг юм. Надаас илүү өөрийгөө эхлээд судлаарай” гэж хэлье. Их л айж дээ, чааваас.
-Гэр бүлийн амьдрал зохиосны дараа хөдөө амьдрахаар шийдсэн гэж сонслоо. Багагүй хугацаанд хотод амьдарсан болохоор хөдөөгийн ахуйгааснэлээд төсөрсөн байх
гэж бодож байна?
-Надаас нэг залуу “Та хотынх уу, хөдөөнийх үү. Би өөрөө хотын залуу, брэнд хэрэглэх дуртай” гэж асуухад нь “Хотынх ч биш, хөдөөнийх ч биш. Би Монгол хүн” гэж хэлсэн. Монгол хүн хаана ч байсан хамаагүй, монгол ахуй амьдралаараа явах ёстой. Гэхдээ монголчууд дэлхий ээжийн хилэгнэлийг анхаарч, болгоомжлох хэрэгтэй. Дэлхий шилгээж, газар хөдлөх үед энэ сайхан тал хээр хэзээ ч дээрээс нөмөрч ирээд дарахгүй нь ойлгомжтой. Биднийг зөвхөн монгол гэр л аварна. Тиймээс би тун удахгүй хөдөө нутгаа зорьж, эцэг өвгөдийнхөө зааж сургаж захисан ёсоор гал голомтоо жинхэнэ утгаар нь асаана. Ийм л зүйл надад мэдрэгдэж байна.
-Машинаа хүртэл мориор солих нь дээ?
-Цөвүүн цаг ирэхэд дэлхий дээр шатахууны хомсдол гарна. Бидний хэрэглэж байгаа машин, онгоц зүгээр л нэг амьгүй төмөр. Эд юмаар засаглуулж, мөнгөнд дарлуулан, мөнгөөр нэгнийгээ боолчилдог цаг өнгөрсөн. Сэтгэлийн гал, оюун ухааныг шүтэж, шунал тачаалыг үгүйсгэдэг тэр цаг үе ирсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ бүхнийг түмэн
олондоо дуулгаж, уриалах хувь тавилан надад олдсон.
-Гэзэг тавьж, дээл өмсөд үндэснийхээ соёлыг сурталчилж явна. Дуучин Д.Болд хүртэл хөгжмийн төрөлд Монгол поп урсгалыг оруулж ирсэн. Бүрүндэснийхээ хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулаад өдөр тутам хэрэглэж байна?
-Баахан брэнд ярьдаг болчихсон энэ залуусыг монгол ёс заншил руу нь уриалан дуудах тэнгэрийн тавилан төөрөг Болдыг хүлээж байж магадгүй. Тодорхой хэмжээгээр олонд танигдсан, их хөдөлмөрч дуучин. Хэзээ нэгэн өдөр эх орноо гоё болгочихоод бид хоёр тэврэлдээд уулзах байх. Хүнээс юм гуйж, дээрэлхүүлдэггүй, илүү хардаггүй, харин ч бүр бусдад зааж сурган байлдан дагуулж чаддаг болсон цаг үед нэг их сайхан уужим амьсгаа авах боломж байгаа байлгүй дээ. Болдод баяр хүргэмээр байна, бас хайрламаар байна. Эр хүний ёсоор дэмжмээр байна.
-Тэгэхээр таны хувцасны хэв маяг энэ хэвээрээ л байх нь дээ?
-Монголоороо л байна. Би дуулж олсон эзэн Чингисийн зурагтай мөнгөө монгол хүний хийж бүтээсэн зүйлд л зориулна. Тэд намайг яаж хувцаслахаа мэдэж байгаа байх. Энэ л миний хэв маяг байх болов уу.
-“Жавхланд хэдэн сая төгрөг амлаад ч дуулуулж чадахааргүй болж. Хөрөнгө мөнгө хангалтай хураасан юм байх даа” гэсэн яриа томчуудын амнаас унах нь бий. Үнэхээр та их мөнгөнөөс татгалзах хүртлээ баяжсан хэрэг үү?
-Дэлхий уйлаад эхэлчихлээ. Тэр чинь хүнтэй л адилхан бүтэцтэй. Дэлхийд таван тив байхад хүнд таван цул бий. Дэлхийн гадаргын 70 хувь нь ус байхад хүн ч бас түүнтэй
адилхан. Дэлхийн өр зүрх буюу толгой нь Монгол газар нутаг. Бусад орон бол эд эрхтэн нь гээд бодчих. Хүний бие өвчиндөө баригдаад эс нь хавдар болоод үхдэг шиг, дэлхий хүртэл амь тэмцээд эхэллээ. Үүнийг ойлгож ядсаар байтал асар их хэцүү байдал үүсэх нь. Эх дэлхий минь уйлаад түмэн олон маань зовж байхад би дуулаад явж чадахгүй нь. Тиймээс би дуугаа хязгаарласан. Эд мөнгөнд дарагддаг хүмүүсийн сэтгэлзүйгээр л намайг мөнгөнд дургүй болчихож гэж хараад байх шиг байна. Мөнгөнд дарлуулаад бодол нь хүртэл ахархан болж. Жавхлан мөнгөнд дургүй, хахаж цацталаа баяжсан учраас ингээд байгаа юм биш. Надад ямар ч мөнгөнөөс илүү сэтгэлийн гал хэрэгтэй.
-“Шуранхай” хамтлагийн дуучин Б.Эрдэнэчимэгтэй гэр бүл болсныг хүмүүс мэднэ. Эхнэр тань уран бүтээлээ үргэлжлүлэх болов уу, үүнээс болоод таныхөдөө амьдрах хүсэл хэрхэх бол?
-Мэдээж, гэргий маань миний амьдралыг хүлээн зөвшөөрсөн учраас л тийм шийд гаргасан. “Дугуй дугуйгаа олно” гэж ярьдаг даа,хүмүүс. Нэг дугуй нь хөдөө, нөгөө дугуй нь хотод өнхрөөд байвал тэрэг салж унана. Хоёулаа цаашдын амьдрал, уран бүтээлээ ярилцаж тохирсон.
-Эхнэрээ араг түшүүлж төрүлсэн. Гэтэл бас охиндоо вакцин хүртэл хийлгэдэггүй чинь ямар учиртай юм бэ?
-Сүүлийн үед хамар нармай, тагнай нь цоорхой хүүхэд их төрж байна. Одоо бүр уушгины хавдартай хүүхдүүд ч олширлоо шүү дээ. Энэ суурин иргэншлийн буруу амьдралаас чинь вакцин гэдэг муухай зүйл гарсан. Өвөг дээдсийн үед эхчүүд араг түшиж төрдөг байсан. Дэлхийд гайхуулаад байсан тэр ухаан дотор чинь хамгийн эрүүл саруул ухаан байгааг л би олж мэдсэн юм. Хүүхдийнхээ эхсийг хүртэл төрсөн нутгийнхаа газар шороонд аваачиж булдаг болж, энэ хүмүүс. “Унасан газар, угаасанус чинь юм шүү” гэж үр хүүхдэдээ хэлэх тэр сайхан түүхийг залуусойлгож эхэлсэн. “Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэсэн үг бий. Өвөг дээдсийнхээ уламжлалыг би бүх л зүйлээрээ үлгэрлэхийг хүсч
байгаа. Худлаа хуурамч дүр эсгэж, хоосон яриа гаргаад байвал миний хүүхэд хүндрэлтэй төрж мэднэ. Хүүхдүүд минь цаашид өндөр өвөг дээдсийнхээ өтөг бууцан дээр төрөх
байх гэж боддог. Ингэж байж л бид буруу амьдралаас сална. Хөрс нь нурчихсан, хоёр талдаа шарилын газраар хашигдсан энэ нийслэлээ бид хотын соёл, амьдралын хөгжил
гэх үү. Ирээдүй минь ийм эрэмдэг зэрэмдэг биш байгаасай гэсэн үүднээс би ярьж байна.
-Гачууртад асар том өргө бариулаад хаад ноёд шиг амьдарч байгаа гэждуулсан. Үнэхээр тийм гэж үү?
-Жавхланд нэг их илүү юм хэрэггүй дээ. “Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэдэгчлэн, өөрийнхөө хүчинд таарсан зүйл байх ёстой. Гэрийн эзэн гэдэг чинь ханхар том гэр барьчихаад л өөрөө гэдсээ илж хэвтэн, гэрээ баахан хүнээр ачуулж явахыг хэлдэггүй юм. Жавхлангийн гэр нэг их том биш ч, амьдрахад хангалттай. Үнэтэй хөөрөг, манжийн хантаазанд дарагдаад бараг гацуур мод шиг болчихсон энэ хэдэн уяачид л тийм гэр барьдаг юм шиг байна лээ. Булга, чонын дах нөмөрч хурдан морио үргээгээд явж байдаг тэр хүмүүс эд мөнгөндөө дарагдаж дуусах нь, хөөрхий.
-Та өөрөө эмнэлэгт хэр зэрэг үзүүлдэг вэ. Вакцин бол хийлгэхгүй биз?
-Би өөрийнхөө бодож санаснаар явж чаддаг, тэгээд ч залуу байна. Ямар нэгэн өвчин хууч байхгүй. Таван жилийн өмнө автын осолд орсны дараа л эмнэлэгт хэвтэж байсан. Түүнээс хойш өвдөж зовсонгүй. Ер нь би хар багаасаа эм тариа, энэ тэр гэсэн элдэв дээдийн юм хэрэглэж яваагүй. Эд зүйл, элдэв шунал тачаалыг хурааж, хав дарах тусам өвчин хууч орооно шүү дээ.
-Та “Донж” төвийн тэргүн Б.Төгөлдөртэй хамтарч ажиллаж байгаа хэвээрээ юу?
-Би Төгөлдөр байтугай монголын бүх хүнтэй хамтарч ажиллана. Бүгдэд нь нээлттэй. Бусдыг сэтгэл дотроо хав дарж, дугаарладаг хүн би биш.
-Эхний охиноо Юм-Агь гэж нэрлэсэн. Дараагийн охиноо Үжин-Гүнж гэсэн болохоор бусдад нь хүртэл хаад ноёдын нэр хайрлах уу?
-Миний сэтгэл зүрхэнд орсон нэр ус тэр. Бас дээд тэнгэрийн хайрласан нэр байх. Монголчууд үр хүүхдээ яриандаа хавчуулах дургүй. Заяа тавилан нь ямар ч байх юм билээ. Хүмүүс намайг сонирхоод, муулаад явж байгаа. Миний үр сад Монголын л хойч үе шүү дээ. Ханиад томуу, цагаан хэл амнаас өгсүүлээд янз бүрийн гай бий. Тэдэнд маань ямар ч буруу байхгүй шүү дээ.
-Монгол ахуй, ёс заншлыг эрхэмлэж яваа хүний хувьд, гэргий тань унд хоол, оёдол үйлэнд сайн болов уу?
-“Адгийн тэнэг авгайгаа магтдаг” гэсэн үг бий. Яг үнэндээ эхнэр минь ямар ч үед өрх гэрийнхээ төлөө явах байх. Жавхлан нөгөө л нэг улиг болсон амьдралаа ярих гээгүй. Ямар ч байсан, миний сүүлийн үед өмсч байгаа монгол цамцыг эхнэр маань оёж өгсөн шүү.
-Фэн клубтэй билү, та. Энэ хүмүүсийн тоог яаж гаргасан хэрэг вэ?
-Ер нь бол, намайг дэмждэг хүмүүсийн фэн клуб бий. Жавхлангийн дуу гэдэг муухан намын хэмжээнд очсон шүү дээ, зайлуул. Би уран бүтээлээрээ тэр олон хүний сэтгэлийг татаж чадсандаа баярладаг. Тэдний зөвлөмж, мэдрэмжийг цуглуулж чадсан учраас сүүлийн үеийн уран бүтээл, үйл ажил минь их чамбай болж байгаа.
No comments:
Post a Comment