Monday, 16 April 2012

С.Баяр: Үнэнийг тогтоох гэж байгаа бол шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй


УИХ-ын гишүүн С.Баяр

- Шүүх хурлын явц хэрхэн өрнөв. Та бүхэн мэдүүлгээ өгсөн үү?

-Биднийг энэ шүүх хуралд гэрчээр дуудсан. Үүний дагуу бид оролцох ёстой, үүрэгтэй. Ямартаа ч шүүх хурал хойшлогдсон гэдгийг бидэнд сая мэдэгдэж байна. Нэгэнт хуулийн дагуу шүүхэд гэрчээр оролцох ёстой улсууд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлгээ өгөх ёстой учраас хэвлэл мэдээллээр янз бурийн байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгийг хаана, хаанаа мэдэж байгаа байх. Бид гэрчийн мэдүүлгээ өгсний дараа дэлгэрэнгүй,тодорхой зүйлийг ярих эрх нээгдэх юм.

-Таныг энэ хэргийн гэрчээр дуудан, оролцуулж байгааг Та хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ?

-Энэ бол шүүхийн л эрх мэдлийн асуудал. Энэ хэргийг үнэн мөнийг тогтоохын тулд шүүх хуралд ийм ийм хүмүүсийг оролцуулах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний дагуу л бид гэрчээр ирж байна. Нэгэнт шүүх хуралд гэрчээр оролцох тухай албан ёсны хүсэлт ирсэн учраас иргэний үүргээрээ оролцох ёстой гэж үзэж байна.

-Долдугаар сарын 1-нд үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид өнөөдөр энэ хэргийн буруутан болоод шүүгдэх гэж байна. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Мэдээж хэрэг иргэний хувьд энэ шүүх хурлыг шударга! болоосой л гэж хүсч байна. Бидний I амьдрал олон зүйлээр гачигдаж байна. Үүний дундаас хамгийн ихээр дутагдаж байгаа нь шударга ёс. Долдугаар сарын 1-нд чухам ямар үйл явдал өрнөсөн бэ гэдгийг Монголын ард түмэн нээлттэй харсан. Тиймээс энэ шүүх хурлын ч мөн нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Цагдаа улстөрийн золиос болох учиргүй гэдэг үгтэй миний хувьд бүрэн дүүрэн нэгдэж байгаа.

Нэгэнт долдугаар сарын 1 -нд болсон үймээнийг зохицуулах гэж бүх хүчээ тавьсан хүмүүс бол яах аргагүй цагдаа нар. Энэ хүмүүс буруутан болоод дуусвал зөвхөн цагдаагийн ар гэрийнхэн биш, ард түмэн ч үүнийг зөвшөөрөхгүй байх. Тэгэхээр үнэн мөнийг тогтоохын тулд бид зөвхөн үнэнийг л ярих ёстой. Тиймээс ч энэ шүүх хуралд бэлэн ирсэн. Мөн энэ сарын 14-нд болсон шүүх хуралд ирэхэд ч бэлэн байсан. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой.

-Өнөөдрийн хувьд өмгөөлөгчид хүчин мөхөстөөд өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байна. Тэднийг цаг гаруй саатуулсан гэж байна. Энэ хэрэгт үнэхээр улстөрчдийн оролцоо байгаа юм биш үү?

-Үүнийг хөндлөнгөөс дүгнэж хэлэхэд бэрх байна. Өмгөөлөгч чухам ямар байр суурь барьж ийм шийдвэр гаргасныг мэдэхгүй байна.

-Шүүх хуралд хэвлэлийнхнийг ялгаж орууллаа. Үүнийг Та юу гэж ойлгож байна вэ?

-Шүүх хуралд Монголын олон түмэн анхаарлаа хандуулсан байна. Хаалттай хийе гэсэн шийдвэрийг шүүх гаргажээ. Хэн ч бай шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой. Өнөөдрийн шүүх хурал хаалттай эхэлсэн атлаа гурван телевиз орсон харагдсан. Хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрхийг гуравхан телевизэд өгсөн гэдгийг шүүгч хэлж байна. Энэ шийдвэрийг хэн гаргасныг асуухад "Шүүхийн тамгын газрын дарга гаргасан. Би мэдэхгүй" гэсэн хариулт өгч байна.Бид ямар ч үед хэвлэлийнхнийг ялгах учиргүй. Иймээс бид шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавилаа. Нэгэнт хаалттай хурлын нээлтийг сурвалжлах эрх олгож байгаа юм бол ямар зарчмаар аль хэвлэлийг оруулаад байгаа нь ойлгогдохгүй учир битүүлэг зүйл битгий хий, хэвлэл мэдээллийнхэнд тэгш эрх олго. Эс тэгвээс шүүхийн үйл ажиллагаа шударга явагдаж байгаа эсэхэд эргэлзээ төрнө шүү гэдгийг хэлсэн.

Эх сурвалж
Монголын үнэн

No comments:

Post a Comment