Tuesday, 24 April 2012

Д.Очирбат:2012 оны сонгуулиас хойш халамжийг хавтгайруулж болохгүй



УИХ-аар хэлэлцэж буй Нийгмийн халамжийн тухай хуулийн ,төслийн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбатаас тодрууллаа.
-Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцээд эхэллээ. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулах юм бэ. Хавтгайруулсан халамжийн бодлогоо хумьж чадах уу?
-Аливаа улс оронд халамжийн тогтолцоо заавал байдаг л даа. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхэд, ажилгүй байгаа гээд нийгмийн эмзэг бүлгийн иргэдээ халамжилдаг хуультай байдаг. Гэтэл манай улс нийгмийн халамжийг сонгуулийн амлалттайгаа хольж хутгачихсан. Уг нь халамжийн бодлого гэдэг улс орны хамгийн тэргүүн ээлжид авч үздэг, төсөв санхүүг нь нэмдэг бодлого юм. Ядууралд орчихсон, халамж шаардлагатай өндөр настныгаа анхаарч үздэг. Гэтэл бид улс төрийн буюу мөнгөний том амлалтуудаа халамжийн бодлоготойгоо хольж хутгаад халамж хавтгайрлаа гээд байгаа юм. Улс төрийн мөнгөний амлалтыг хасаж хаяад үлдсэн нийгмийн эмзэг хэсгээ яах ёстой вэ. Үүнийг ялгаж салгаж ойлгомоор байна. Өөрөөр хэлбэл, амлалттайгаа хутгаад халамж гэж ярих юм бол энэ нь өөрөө утгаа алддаг.
Манай улс 2009 онд Хүний. хөгжил сангийн хуулийг баталж гаргасан юм.
Энэ хуулиар халамжийн бүх мөнгөө 1.5 сая төгрөгийн сонгуулийн амлалт руугаа оруулчихсан. Одоо бол сар бүр 21 мянган төгрөг өгөөд байгаа болохоор болж л байна. Харин 21 мянган төгрөг олголт 2012 оны зургадугаар сарын 15-нд дуусна. Тэр үед төрөөс зайлшгүй халамжлах ёстой хүмүүсийн мөнгө байхгүй болчихно. Тиймээс цаашид яах вэ гэсэн зохицуулалтыг л энэ хуулиар хийж өгөх юм.
-Энэ хуулиар нийгмийн эмзэг бүлэгт ямар халамж олгогдох вэ?
-Маш олон төрлийн тэтгэвэр, тэтгэмж олгоно. Хүүхдээ харсны мөнгө, ахмад насны тэтгэвэр, хүнсний талон гээд нэрлэж болно. Үүнд зориулсан хөрөнгө нь ч төсөвт суучихсан. Яагаад гэвэл, зайлшгүй байх ёстой юм. Гэхдээ үүнийг халамж хавтгайрууллаа гэж ойлгож болохгүй шүү. Улс орон халамжлах ёстой хэсгээ халамжилж байж л урагшаа алхдаг. АНУ-д ч, Японд ч халамжийн хууль байж л байгаа. Тиймээс бид хавтгайрсан гэдэг агуулгаар ойлгоогүй.
-Ер нь халамжлах шаардлагатай хүн Монголд хэд байна вэ. Сарын мөнгөн дүн нь 21 мянгаас давна биз дээ?
-Халамж авах ёстой хүндээ хүрдэг байх зарчмыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр бол энэ хүн халамж хүртэх ёстой, энэ нь хүртэх ёсгүй гээд гаргачихсан тооцоо судалгаа алга. Халамжийн санд бол мөнгө бий. Гол нь энэ хуулиар бидний хийж өгөх гээд байгаа тогтолцоо бол эхлээд судалгаатай болъё. Өнөөдөр бол өгч байгаа халамжийн мөнгийг хорооны Засаг дарга л зарцуулж байна. Ахмадуудаас хэдэн хүнийг төлөөлүүлээд, тэгээд хорооны ажилд идэвхтэй оролцдог ч юм уу, өөрт нь ойр байдаг хүмүүст аливаа хөнгөлөлт, чөлөөлөлт эзлүүлдэг, халамж өгчхөөд байна. Тиймээс олон улсын жишигт нийцсэн Орлого орлуулан тооцох аргачлалыг Монгол Улсад хэрэглэе гэж байгаа. Тэгээд ядуу, халамж хүртэх ёстой хүмүүсийнхээ судалгааг эхлээд гаргаад авъя гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, эхлээд хэн халамж хүртэх эрхтэй вэ гэдгийг тогтооё.
Гэхдээ зөвхөн тухайн хүнээ биш, өрх гэр бүлээр нь дэмжих агуулгаар ярьж байгаа. Хуучин бол Дорж гуай ядуу л гэдэг байсан. Тиймээс Дорж гуайд л халам-жийн мөнгө өгч, өдрийн хоолны талон олгодог байлаа. Ингэж нэг хүнийг халамжилж ирсэн. Одоо бол өрх гэр бүлээр нь дэмжиж байж ядуурлаас гаргана гэж үзэж байгаа. Доржийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл, эхнэрт нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зээл олгоё, сургалтад хамруулъя ч гэдэг юм уу асуудлыг цогцоор авч үзэх санаа төсөлд туссан. Ингэж гэр бүлээр нь ядуурлаас бууруулах арга хэмжээг авбал үр дүнд хүрнэ.
-Тэгээд нийт дүнгээрээ сар бүр 21 мянган төгрөгөөс илүү мөнгө авч чадах уу?
-Хүний хөгжил сангийн мөнгө зогсонгуут оруулаад өгөх мөнгө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд бий. 60 тэрбум төгрөгтэй Халамжийн сан гэж бий. Мөнгийг нь УИХ батлаад өгчихсөн. Энэ мөнгийг зарцуулахдаа хуулиа сайн гаргах ёстой. Жишээ нь, байнгын асаргаа шаардлагатай насанд хүрээгүй хүнд сард нэг удаа, ийм том хунд улиралд нэг удаа халамж олгоно гээд нарийвчилж зохицуулж байна. Ингээд маш олон тоонууд тодорхой болох байх, Бид ядуус, эмзэг бүлэггүй тийм нийгмийн байгуулахын төлөө л хуулиа батлах гэж байна.
-2012 оны сонгуулиас хойш халамжийг зөвхөн зорилтот хэсэг нь олгоно гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ зөвхөн тухайн хүнд нь бус гэр бүлээр нь дэмжье. Тэгэхгүй бол өрх гэр бүлээрээ ядуурлаас гарч чадахгүй байна. Нөгөө талаас хавтгайруулсан халамж гэдэг юм сонгуулиас хойш байхгүй болно.
Нийтлэлч
Ч.Гангэрэл
Эх сурвалж
Үндэсний шуудан  2011 оны 12-р сарын 21, Лхагва гариг

No comments:

Post a Comment