Tuesday, 24 April 2012

Д.Очирбат:Таны мэдээллийг хөршөөс чинь хүртэл асууна


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай халамж, үйлчилгээг тойрсон сэдвээр хөөрөлдсөн юм.
-Төсөв батлагдахтай зэрэгцэн халамжийн асуудал сөхөгдөх боллоо. Тус хуулийн шинэ төсөл багагүй хугацаанд гацаанд байсан ч холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Энэ талаар тодруулна уу?
-Манай байнгын хороонд нийгмийн салбарын нэлээд хуулиуд орж ирж байна. Үүний нэг нь Халамжийн тухай хууль юм. Тус хууль нь хоёр жилийн хугацаанд гацаанд байсан. Харин өнгөрөгч долоо хоногт манай байнгын хороогоор уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Тэгэхээр тухайн хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн гэдэг нь хоёр нам саналын зөрүүтэй асуудлаа тохиролцож, зөвшилцсөн гэсэн үг. Тиймээс ирэх долоо хоногт чуулган болоод хоёр, гурав дахь хэлэлцүүлгээр оруулж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, уг хууль батлагдах байх. Мөн холбогдох байнгын хорооноос ажлын хэсэг хүртэл гарч ажиллаж байгаа.
-Манай улсын тухайд, халамж үйлчилгээ хавтгайрсан уу гэхээс багадаагүй гэх шүүмжлэл олонтаа дуулддаг. Гэтэл дахиад л халамжийн шинэчлэлийн тухай ярих боллоо. Энэ удаад ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Халамж олголтын хамгийн гол асуудал нь зорилтот бүлэгтээ хүргэх тухай юм. Өнөөдөр бид халамжийн бодлого, улс төрийн амлалт гэдгээ ялгаж салган ойлгох хэрэгтэй. Түүнээс хамтарсан Засгийн газраас иргэн бүртээ олгож буй 1.5 сая төгрөг нь төрөөс олгож байгаа халамж биш. Гэтэл нийгмийн масс улс төрийн энэ амлалтыг халамжтай холбон ойлгож, иргэдэд бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх боллоо гэх мэт санал, шүүмжлэл гаргах болсон. Тийм учраас бодит байдлыг зорилтоор нь хувааж, асуудлыг өөр өнцгөөс харах хэрэгтэй.
Хамгийн гол нь төр засаг байгаа цагт ядуу дорой эмзэг бүлэг болон өтгөс нялхас, өнчин өрөөсөн, тахир дутуу иргэнээ хайрлан халамжлах нь зүйн хэрэг.
Тэгээд ч нийгэм оршин тогтнож байхад баян, ядуу гэсэн бүлэглэлүүд ямагт байсаар байх болно. Тэр ч утгаараа эдийн засаг, нийгэм өсөн дээшлэхийн хэрээр төрөөс халамжийн бодлогоо өөрчлөн шинэчилж байдаг жамтай. Манай улс өмнө нь энэ салбарт хоногийн хоол, түлээ нүүрс аргацаах төдий байдлаар ажиллаж ирсэн. Харин одоо бол зорилтот бүлэгтээ жинхэнэ утгаар нь хүрч, өрхийн гишүүн бүрт амьдралаа авч явахад нь бүх талаар нь тусалж дэмжихийг зорьж, энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ удаад оруулж байгаа хамгийн гол өөрчлөлт бол тухайн гэр бүлд сар болгон хэдэн төгрөг өгөөд байх биш. Харин цаашид хөрөнгийн эх үүсвэртэй болгох тухай юм. Тухайлбал, иргэн Доржийнх гурван ам бүлтэй. Амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой. Тиймээс энэ айлд ганц, хоёр шуудай нүүрс сар болгон өгөх биш. Харин өрхийн тэргүүнд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгож, эхнэрт нь тоног төхөөрөмжийг нь барьцаагүйгээр өгөөд, хүүг нь сургалтад хамруулах жишээтэй.
Ингэж байж л энэ өрхийн гишүүн нэг бүрийн амьдрал шийдэгдэх болно.
Тэгэхээр манай байнгын хорооны зүгээс өнгөрсөн сард энэ чиглэлийн олон улсын зөвлөхүүдтэй лекц, семинар зохион байгуулсан. Үүний үр дүнд одоогийн хэрэгжиж буй манай энэ чиглэлийн бодлого буруу явагдаж байна гэсэн дүгнэлт гаргасан. Нөгөөтэйгүүр, манай төр засгаас хэдийгээр халамж үйлчилгээг гар татахгүй явуулдаг ч, статистик тоон үзүүлэлт сүүлийн таван жилд эрчимтэй нэмэгджээ. Тиймээс л энэ салбарт зайлшгүй шинэчлэлт хийх хэрэгтэй байгаа юм.
-Төрөөс олгож буй халамж, үйлчилгээ нь зорилтот бүлэгтээ хүрч чаддаггүй гэсэн шүүмжлэл байнга байдаг. Энэ асуудлыг уг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан болов уу?
-Засгийн газар болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас зорилтот бүлгийнхээ хүн нэг бүрчлэнгийн тоог гаргаж чаддаггүй нь үнэн. Тиймээс орлогыг нь орлуулан тоолох аргачлалаар энэ асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Тухайлбал, иргэн Доржийн талаарх мэдээллийг дүүрэг, хорооны Засаг дарга болон хэсэг, гудамжны ахлагч, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, иргэний бүртгэлийн ажилтнаас авна. Тэр ч бүү хэл хөршөөс нь хүртэл асуух жишээтэй. Ингэж байж л, нарийн тооцоолол гарах болов уу.
-Олон улсын жишгээр өдрийн тэдэн ам.доллараас бага орлоготой хүнийг “Ядуу хүн” гэж хэлнэ хэмээн тодотгосон байдаг. Харин манай улсын төвшинд ядуу хүн гэж хэн бэ?
-Энэ талаар ямар нэгэн тодорхойлолт байдаггүй. Харин манай нам зүүний чиглэлийнх. Тэр утгаараа нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг нэг бүрчлэн анхаарч ажилладаг. Тийм ч учраас энэ хуулийг санаачлан, тус салбарт шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Ямартай ч уг хууль батлагдсанаар халамжийн мөнгө эзэндээ хүрч, ядуурлын тоо буурах болно. Тэгэхээр энэ хууль нь ирэх оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Учир нь одоо олгож буй сар бүрийн 21 мянган төгрөгийн квот ирэх онд дуусна. Тиймээс зорилтот хэсэг рүүгээ хандсан арга хэмжээ авч буй нь энэ юм.
-Таны санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл ч гэсэн халамж талдаа шүү дээ. Гэхдээ зорилго нь өөр юм. Энэ хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх бол?
-Уг хуулийн гол зорилго нь “Монголын үрс маш олон болтугай” гэдэгт л оршдог. Ер нь эхчүүдийг төрөөс нэгдсэн бодлогоор дэмжиж өгснөөр хүн ам зүйн бодлого дээшлэх юм. Өнөөдөр хүн амын харьцаа өөрчлөгдөж байна. Тухайлбал, хүн ам хэт залуужаад ч байгаа юм шиг. Нөгөө талаас хүмүүсээ урт наслуулах талаар ажиллаж байгаа хэрнээ залуучууд, эхчүүд рүүгээ хандсан нийгмийн бодлого нь дутагддаг. Тиймээс нэг эх хамгийн багаар бодоход, гурван хүүхэд төрүүлэх эх оронч сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэдтэй эх урамшуулалд хамрагдахын тулд гурав дахь хүүхдээ төрүүлэх эрмэлзлэлтэй болгох нь чухал юм.
-Ер нь ийм бодлого явуулснаар төрөлт ихсэх болов уу?
-Эх, хүүхдэд тэтгэмж олгох, мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг анх 2006 онд баталсан. Уг хуулийн дагуу хүүхэд бүрт сард 3000, улиралд 25 мянга, шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг олгож байсан. Энэ нь өрхийн амьжиргаанд төдийгүй эхэд ихээхэн нэмэр болсон юм. Хүний хөгжил сангийн тухай хуулиар 2009 онд дээрх тэтгэмжийг хүчингүй болгосон. Тэр үед 68 мянга гаруй эх төрсөн бол 2010 онд 62 мянга болж буурсан байгаа юм. Тиймээс л эхийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар анхаарах хэрэгтэй.
-Сонгууль дөхөж байгаа болохоор эхчүүдэд таалагдах гэсэн хууль, дахиад л хавтгайрсан халамж өгөх гэж байна гэх зэргээр энэ хуулийн төслийг ярьж байна. Таны хувьд үүнд ямар тайлбар хийх вэ?
-Хуулийн төслийг хэлэлцээд нэлээд хугацаа өнгөрлөө. Хуулийн төсөлтэй холбоотой олон асуудал үүсэж байгаа. Энэ бол хавтгайруулсан халамжтай огт холбоогүй. Жендерийн асуудал яриад байгаа хэрнээ эхийн хөдөлмөрийг үнэлэх тухай ярихгүй байна. Хүүхдээ төрүүлж, өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг эхийн гавьяа. Тийм учраас яах аргагүй эх оронч хуулийн төсөл юм.
-Энэ хуульд хэдэн хүүхэдтэй эх ямар урамшуулал авах талаар хэрхэн тусгасан бэ?
-Гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний 50 хувьтай тэнцэх буюу 70 мянга 200 төгрөг олгоно. Харин дөрөв дэх хүүхдээ төрүүлбэл, 105 мянга 400 төгрөг олгох бол тав дахь хүүхдээ төрүүлэхэд нь 140 мянга 400-г өгөх юм. Түүнчлэн зургаа дахь хүүхдээ төрүүлбэл, 175 мянга 500, долоо дахь хүүхдээ гаргахад нь 210 мянга 600төгрөг олгоно. Харин найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлбэл 280 мянга 800 төгрөгийн урамшуулал авах юм. Энэ тооцоог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж хийсэн. Магадгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 200 мянга боллоо гэхэд үүнийгээ дагаад урамшуулал нь ч өснө гэсэн үг.
-Ийм хэмжээний мөнгө гаргах нь төсөвт ямар нэгэн дарамт учруулах уу?
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн газрын 2010 оны тооллогоор 0-16 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 24.146 байна. Бидний хийсэн судалгаагаар дээрх мөнгөн урамшууллыг өгье гэвэл сардаа хоёр тэрбум 842 сая төгрөг болно. Жилд 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ мөнгө тийм их биш. Уул уурхай, эдийн засгийн өсөлттэй харьцуулахад жилдээ 30 тэрбум төгрөгийг эхэд зарцуулахад төсөвт хүндрэл учруулахгүй. Монгол мал хөтөлбөрт 50, 60 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлт, ноос, ноолуурын салбарыг дэмжихэд 300, 150 тэрбумыг зарцуулж байна. Тэгвэл яагаад эхийн хөдөлмөрийг үнэлэхэд 30 тэрбум төгрөг зарцуулж болохгүй гэж.
Нийтлэлч
О.Сэлэнгэ
Эх сурвалж
Нийгмийн толь
2011 оны 12-р сарын 19, Даваа гариг

No comments:

Post a Comment