Thursday 26 April 2012

Ц.Дашдорж:Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжих учраас сонгуультай ямар ч холбоогүй


ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж мэдээлэл хийлээ
Нийгэмд "100 мянган айл хөтөлбөр" хэзээнээс амьдралд бодит биеллээ олох вэ, би үүнд яаж хамрагдах вэ гэдэг асуулт хамгийн эрэлттэй болчихоод байна. ЗТБХБ-ын шинэ сайдын хувьд ч уг хөтөлбөрөө өдөр бүр тайлбарлах ажилтай болчихоод байна. Хүн бүрийн толгойн өвчин шахуу болоод байгаа утаанаас нийслэлээ аврах ганц арга бол мэдээж орон сууцжуулах гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэр хороололд амьдардаг 175 мянган өрх, эцэг эхийнхээ халаасны өрөөнд амьдарч байгаа үүнээс цөөнгүй залуу гэр бүлд "100 мянган айл хөтөлбөр" гэдэг яг үнэндээ өөрийн гэсэн байртай болох алтан боломж. "Хэдэн төгрөгөө өөрөөсөө харамлан байж хурааж чадвал насны эцэст орон сууц авдаг байсан бол залуу насандаа орон сууцаа авчихаад тэндээ тухтай амьдарч байхдаа мөнгөө төлөөд явах боломж л бүрдлээ" хэмээн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж үүнийг тайлбарлана билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам үндсэндээ батлагдсан учраас одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах ажил эхэллээ. Гэвч иргэдийн дунд хэрхэн үүнд хамрагдах вэ, ямар шалгуур тавих вэ, авах байр маань хаана байна, хямдхан авах боломж байна уу гээд л түмэн асуулт хариу нэхсээр...
Энэ бүх асуултын заримд ЗТБХВ-ын сайд Ц.Дашдорж хэрхэн хариулсныг танд хүргэе.
-Зээлийн нөхцөлд 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууц гэж заасан байсан. 100 хувь биш, 50 хувь гэдэг арай эрсдэлтэй юм биш үү?
-Яагаад зээлийн зориулалт гэдэгт 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууц гэж заагаад байна вэ гэхээр өнөөдрийн байдлаар 100 хувь гүйцэтгэл нь хийгдсэн орон сууцны үнэ харьцангуй өндөр байна. Харин 50 хувийн бол арай хямд. Дээрээс нь орон сууцны үнэ юунаас болоод өсөөд байна вэ гэдэгт зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэндээ орон сууцны зах зээлд эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдчихсан. Барилга барьж байгаа буюу нийлүүлэгч талын орон сууц, банкнаас зээл хүсэж байгаа иргэдийн тоо хоёр их зөрүүтэй учраас барилгын үнэ хөөсөрч өсчихөөд байгаа. Тэгэхээр зах зээлийн үндсэн зарчмаар явах ёстой. Бид бол бодлогоор зохицуулагдсан үнийн асуудлыг л гаргаж ирж ярина уу гэхээс ямар нэг байдлаар Засгийн газар юм уу, төрийн захиргааны төв байгууллага бололцоо байхгүй. Хийж байгаа, гүйцэтгэж байгаа ажлын үндсэн хөрөнгө оруулалт нь хувийн хэвшлийнх. Тэгэхээр нийлүүлэлт эрэлт хоёрыг зөв удирдах ёстой.
-Нийлүүлэлт нэмэгдсэн ч эрэлт өссөөр л байна. Тэгэхээр орон сууцны үнэ буурах бодит боломж харагдахгүй байх шиг?
-Зургаан хувийн хүүгээр зээл авч байгаа хүмүүсийн орон сууцыг барьцаалаад иргэдийн нэр дээр баталгаажуулж, барилгын компанийн нийлүүлэлт талыг нэмэгдүүлэхийг л зорьж байна. Нийлүүлэлт нэмэгдвэл барилгын үнэ буурах боломж бий. Хоёрдугаарт нь, 50 хувийн гүйцэтгэл гэдэг дээр үнийг бага байлгах боломжтой. Гуравдугаарт нь, барилгын үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг бид явуулна. Бид бол барилгын компаниуддаа хоёр талын бодит дэмжлэг үзүүлж байгаа. Нэгдүгээрт, газрын асуудлыг нь шийднэ. Хоёрдугаарт, төр дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгнө. Гуравдугаарт, моргейжийн эх үүсвэрээр иргэдэд орон сууц олгож. барилгынханд санхүүгийн эх үүсвэр бий болгож байгаа учраас үнийг тодорхой төвшинд барих гэрээг эхнээс нь байгуулж байна.
-50 сая хүртэлх төгрөгийн зээл авахаар өрхийн орлого дунджаар хэд байх хэрэгтэй юм бэ?
-Дунджаар 600-700 мянга орчим төгрөгийн орлоготой 50 сая хүртэлх төгрөгийн зээл авч байгаа бол сардаа 358 мянган төгрөгийн зээл төлөөд явах боломжтой. Үүн дээр бид хязгаарлалтыг нь тавьж өгөхдөө гурван сарынх нь цэвэр орлогын 45 хувь нь байрны зээлд төлөх төлбөр нь байхаар л зохицуулж байна.
-100 мянган орон сууцыг барих бодит боломж барилгын компаниудад бүрдчихсэн гэж үү?
-100 мянган айл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотод дулааныхаа нөхцөлийг авчихсан, барилгын зураг нь гарчихсан тодорхой'гүйцэтгэл нь 30-90 хувьтай барилгын компаниудыг бүртгэсэн. Энэ бүртгэлийн үр дүнд 100 гаруй мянган айлын орон сууц баригдах бодит бололцоо байна гэж үзсэн. Тэгвэл 2016 он хүртэл хэрэгжих "100 мянган айл хөтөлбөр" ёсоор Улаанбаатар хотод 75 мянган орон сууц нь баригдах юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн концепц нь төр засгийн газар, дэд бүтцийн асуудлыг шийдэх замаар хувийн хэвшлийн үйл ажиллагаан дээр тулгуурлах.
Яам бол зургаан хорооллын төвшинд асуудал ярьж байна.
Жишээ нь, ОССК-ын хэрэгжүүлэх Буянт-Ухаа хороололд төр 30 орчим тэрбум төгрөгөөр энэ жил үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ. Зарим нэг хүн дулааны эх үүсвэрийг хөндөж байна. Бидний сонгож авсан 77 мянган айлын орон сууцны , хувьд техникийн нөхцөлөө авчихсан. Бохирын шугаманд холбогдох, дулаанаа, цэвэр усаа авах нөхцөлөө хангачихсан гэсэн үг. 1.6 жилийн дотор ашиглалтанд орох 28 мянган айлын орон сууц бий. Түүнээс 9000 нь бидний өнөөдрийн шаардлагад нийцэж байгаа.
-Бэлэн мөнгөтэй байгаагаараа ченжүүд энэ хөтөлбөрт илүүтэй хамрагдаж, шинэ орон сууцнууд тэдний гарт орчих вий гэсэн болгоомжлол ч бий. Энэ талаар ?
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэн орон сууцны компани хоёрын хооронд хийсэн гэрээн дээр тулгуурлана. Тэгэхээр орон сууц ямар нэгэн хүний эзэмшилд шилжээгүй байх ёстой. Хэрвээ өөр нэг хүнээс шилжсэн байвал зээл олгохгүй.
-Зээл өгөх эсэхийг Орон сууц санхүүжилтийн корпораци шийдэх үү, банк шийдэх үү?
-Банк шийднэ. ОССК-аас шаардлага хангасан хүмүүсийнхээ материалыг банк руу шилжүүлнэ. Банк өөрсдийн тавьсан шаардлагаа харгалзаж үзээд зээлээ олголтоо шийднэ. Бид банкинд ялангуяа чирэгдэлгүй байх шалгуур тавьж, хэдэн өдөрт багтаан зээлийг шийдэх вэ гэдгийг тодорхой гэрээгээр баталгаажуулж өгнө. Гурван сарын 15 гэхэд бид эхний хүмүүсээ арилжааны банк руу явуулна
-Яг үнэндээ 100 мянган орон сууц хөтөлбөр гэнэт шийдэгдчихсэн нь сонгууль угтсан нэг шоу гэж байгаа хүн албаныхан дунд олон байна. Наад зах нь эдийн засагч н.Жаргалсайхан Засгийн газрын гаргаж байгаа 200 тэрбум төгрөгийн бонд нь 55 ам.метр талбайтай орон сууцаар тооцоход 4500 айлыг л байртай болгох мөнгө гэжээ. Сонгуулийн шоу биш гэдгийг яаж баталгаажуулах вэ?
-Сонгуулийн шоу ч гэж дээ.Бид дөрвөн жилээр амьдралаа хайрцаглаад хаячихаагүй. Монгол улсын иргэд орон сууцтай болох ёстой. Утаанаасаа нийслэл салах ёстой. 100 мянган орон сууц хөтөлбөр 2016 он хүртэл тасралтгүй хэрэгжих учраас энэ зургадугаар сард болох сонгуультай ямар ч холбоогүй. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Бид бол санхүүгийн схемийг нь зөв гаргаж ирсэндээ асуудлыг нь урагшлуулж байгаа.
-200 тэрбум төгрөгийн бондыг чухам юунд зарцуулах юм бэ. Зээлийн эх үүсвэрээр ашиглах юм уу, инженерийн байгууламж, газрын асуудлыг шийдэхэд зарцуулах уу?
-Бонд бол цэвэр зээлийн эх үүсвэрт зарцуулагдана. Гэхдээ 200 тэрбум гээд хязгаарлаад зогсоочих юм биш. УИХ-аас Монгол Улсын Хөгжлийн банкинд бонд гаргах эх үүсвэрийг нь батлаад өгсөн. Тухайн жилийн ДНБ-ий 18.2 хувийн хэмжээтэй бондыг гаргах эрхийг нь Хөгжлийн банкинд УИХ-аас олгосон. Үүнийг 2012 оны ДНБ-тэй харьцуулаад үзвэл гурван их наяд төгрөгийн бонд гаргах эх үүсвэр бий. Тэрнээс 200 тэрбумыг нь бид авч байна. Цаашдаа энэ бол шат дараалалтай үргэлжилнэ. Бид "4000 айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байсан хүндрэл бэрхшээлээ тооцож үзээд үндсэн журмаа гаргасан учраас иргэддээ ч тэр, арилжааны банкиндаа ч нэг их чирэгдэл гарахгүй.
Нийтлэлч
Н.Бат
Эх сурвалж
Ардчилал сонин
2012 оны 3-р сарын 01, Пүрэв гариг

No comments:

Post a Comment