Thursday 26 April 2012

Ц.Дашдорж: Орон сууцны үнэ буурна


Өчигдөр ЗТБХЯ болон ОССК-иас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗТБХ-ийн сайд Ц.Дашдорж дараах асуултуудад хариулт өглөө.
-Иргэдийн сонгох орон сууц нь ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

-Орон сууцны барилгын явц нь 50 хувиас дээш гүйцэтгэлтэй байх, сонгосон байр нь 55 м/кв байх ёстой. Энэ нь сүүлийн 1,6 жилийн дотор ашиглалтанд орох орон сууцны хувьд яригдаж буй асуудал. Бүрэн гүйцэтгэл нь хийгдчихсэн орон сууцны нэг м/кв-ийн үнэ өсчихдөг учраас 50 хувийн гүйцэтгэлтэй гэдэг шаардлага тавьсан юм. Энэ жил ашиглалтанд орох 28 мянган айлын орон сууц бий. Үүний 9000 нь бидний тавьж буй шаардлагад нийцэж байгаа. Ченжүүд энэ байрыг хамаад авчих юм биш биз гэсэн болгоомжлол бас байгаа. Үүнээс зайлсхийхийн тулд иргэн, орон сууцны компани хоёрын хийсэн гэрээн дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулна. Тэр барилга ямар нэг хүний эзэмшилд шилжээгүй байх ёстой. Хүн худалдаад авчихсан тохоилдолд зээл олгохгүй.
-Дөрвөн хүүхэдтэй байх гэдэг заалт оруулсан байна лээ. Тэгэхээр хүүхэдгүй хүмүүс зээлэнд хамрагдаж чадахгүй гэсэн үг үү?
-Дөрвөн хүүхэдтэй гэдэг нь журманд оруулсан нэг л нөхцөл. Түүнээс хэн ч энэ зээлэнд хамрагдаж болно.
-Иргэдийн хувьд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Байр хүссэн иргэн 10 хувийнхаа урьдчилгаа төлбөрийг төлөх чадвартай, сонгосон байр нь 55 м/кв-аас доош байх, орон сууцны барилгын гүйцэтгэл нь 50 хувьтай байх ёстой гэх мэт нөхцлүүдээ хангах ёстой. Орон сууцны санхүүжилтийн корпорацийн зүгээс энэ зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэн нь анх удаа орон сууц худалдан авах гэж байгаа иргэн мөн гэсэн төр захиргааны байгууллагын тодорхойлолтуудыг нь нэгтгэж өгөөд банк руу явуулах юм. Иргэн хүн банкинд очоод “би ийм байр авмаар байна” гэдгээ хэлнэ. Бид жишээ болгож л 40, 50 сая гэж хэлсэн. Орон сууцны нэг м/кв-ын үнэ зах зээлийнхээ үнээр зохицуулагдах ёстой. Бид компаниудтайгаа гэрээ байгуулж аль болох бага байлгах бололцоог хайж байгаа. Хэдэн төгрөгийн байр авсан ч түүнийхээ 10 хувийг л төлөх ёстой.
-Хэдэн төгрөгний зээл өгөх вэ гэдгийг банк шийдэх үү ОССК шийдэх үү?

-Банк шийднэ. Банкинд ОССК-ийн “зээл авч болно” гэсэн хүмүүс очно. Банк орлогын эх үүсвэр, төлбөрийн чадварыг нь харгалзан үзээд асуудлыг шийднэ. Банк иргэдээс барьцаа нэхэхгүй. Тухайн орон сууц нь өөрөө барьцаа болж байгаа хэрэг. Зээл авах боломж бүрдсэн иргэдийг чирэгдүүлэхгүй байх хугацааг банкуудад тодорхойлж өгч байгаа.
-Бүх арилжааны банк энд хамаарах уу?-Үгүй. Бид банкуудад тодорхой шаардлагуудыг тавина.-Хугацааны хувьд?

-Гуравдугаар сарын 10-н гэхэд бэлтгэл ажлууд зохион байгуулагдаад дуусгана. Гурван бүртгэгч буюу материал хүлээн авагч ажиллана. Нэг цонхны үйлчилгээгээр ОССК, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар явах гэх мэт иргэдийг чирэгдүүлэх ажлыг багасгахыг хичээнэ. Цаад хугацаа гуравдугаар сарын 15-н гэхэд эхний хүмүүсээ банк руу явуулж эхэлнэ. Байнгын 1907 гэсэн утас ажиллуулж байгаа. Энэ утаснаас лавлах зүйл байвал асууж болно.
-Та бүхний хийж байгаа ажил орон сууцны үнэнд хэр нөлөөлөх бол. Ер нь цаашид орон сууцны үнэ яах бол?

-Орон сууцны үнэ яагаад өсч байна гэдгийг зөв олж харах ёстой. Өнөөдөр эрэлт нийлүүлэлт хоёр л алдагдчихаад байгаагаас үнэ хөөсөрч байна. Тиймээс бодлогоор зохицуулагдсан үнийн асуудлыг гаргах ёстой. Нийлүүлэлт эрэлт хоёрыг зөв удирдаж, 6 хувийн хүүтэй орон сууцаар нь барьцаа хийж, иргэдийн нэрээр баталгаажуулж, барилгын компаниудын нийлүүлэлт талыг нэмэгдүүлэхийг бид зорьж байна. Нийлүүлэлт нэмэгдээд эхэлвэл барилгын үнэ бууна.
-Зургаан хувийн хүүг иргэдэд тохож байгаа. Тэгвэл энэ ашиг хэнд очих юм бэ?
-Урд нь хэдэн хувийн хүүтэй зээл иргэд авч байсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Би 2004-2008 онд энд дэд сайдын албыг хашиж байхад хамгийн багадаа сарын нэг хувийн хүүтэй зээл олгож байсан. Гэтэл одоо олгох гэж байгаа зургаан хувь бол жилийн хүү. Сарын 0,5 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай гэсэн үг. Бид тэгэхээр зээлийг 50 хувиар буулгалаа. Банк тодорхой түвшинд үйлчилгээ үзүүлж, эрсдэлийг хариуцаж байгаа учир банкуудад энэ мөнгө очно.
-Эрэлтийг барилгын компаниуд хангаж чадах уу?

-Энэ бол зөвхөн эхлэж байгаа, цаашид үргэлжлэх төсөл шүү дээ. Улаанбаатар хотод гүйцэтгэл нь 30-90 хувьтай байгаа барилгын компаниудыг бүртгэсэн. Ингэхэд зуу гаруй мянган айлыг орон сууцаар хангах бодит боломж Улаанбаатар хотод байна. 2016 он хүртэл хэрэгжих “Зуун мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн 75 мянга нь Улаанбаатар хотод баригдах учиртай. Бид компаниуддаа хоёр талын бодит дэмжлэг үзүүлж байна. Нэгт, газрын, хоёрт төр дэд бүтцийн асуудлыг болон моргэйжийн эх үүсвэрээр буюу иргэдээр дамжуулсан зээлийг олгож байна. Үүн дээр тулгуурлаж үнээ “ийм байлгаач” гэсэн гэрээг эхнээс нь байгуулж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдаж чадаагүй тодорхой түвшинд үйл ажиллагаа нь явж байгаа компаниудын бүртгэлийг ч дахин хийж байгаа.

Эх сурвалж
gogo.mn
2012 оны 3-р сарын 01, Пүрэв гариг

No comments:

Post a Comment