Thursday 26 April 2012

“Чингис хаан”–аас хоёр дахин том нисэх онгоцны буудал 2016 онд ашиглалтад орно



Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржоос дараах тодруулгыг авлаа.
-Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудлын шавыг сая тавилаа. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
-Хөшигтийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг хоёр хэсэгт хурааж үзэж болох юм. Үүнд зээлийн хөрөнгөөр баригдах барилга байгууламжууд, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэгдэх ажлууд багтаж буй. Одоогоор шинэ нисэх буудлын үерийн хамгаалалт, даланг барих барилгын ажлыг эхлүүлсэн байгаа. Мөн цахилгаан дамжуулах 110 квт-н шугамыг барих болон мэдээлэл холбооны шилэн кабелийг татах ажлыг тус тус эхлүүлээд байна. Хөшигийн хөндийд баригдах Олон улсын шинэ нисэх буудлын зураг төслийн ажлыг Япон Улсын "Азуса Секкей", "Ориентал консалтантс" компаниудын түншлэл боловсруулж бэлэн болгоод байгаа. Аэро дром болон нисэх буудлын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Японы барилгын компаниудын дунд зарлан явуулж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх.
-Энэ ажлыг Япон улсын тусламжаар хийж байгаа Яг хэдэн төгрөгийн ямар зээл олгож байгаа вэ?
-Намайг дэд сайд байхад буюу 2008 оны тавдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 28.8 тэрбум иений төсөвт өртөгтэй Олон улсын нисэх онгоцны шинэ буудал байгуулах хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулсан байдаг юм. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь үнийн өсөлт. ханшийн зөрүү гэх мэт асуудлаас шалтгаалан тус байгууламжийг босгоход хүрэлцэхгүй болох нь тогтоогдсон. Үүнийг нарийвчилсан зураг төслийг хийх явцад олж мэдсэн юм. Тийм учраас зээлийн хэлэлцээрт тусгагдсаны дагуу дутагдаж буй хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар хариуцан гаргахаар болсон байгаа. Төслийн барилгын ажлын нийт төсөв төгрөг 29,9 тэр бум иенд хүрнэ. Үүнээс 25,5 тэрбум иенийг нь зээлийн хөрөнгөөс 4,4 тэрбум иенийг Монголын тал хариуцан гаргахаар шийдвэрлэн ажлыг эхлүүлээд байна.
-Шинэ нисэх буудлыг ямар Байхаар төлөвлөсөн юм бол. Мэдээж олон улсын шаардлагад нийцүүлж барих байх?
-Шинэ нисэх буудал маань нислэгийн хөдөлгөөний удирдлага, зорчигчдын үйлчилгээнд зориулагдсан орчин үеийн тусгай төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх болно. Мөн найдвартай үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт тодорхой ахиц гаргахаар иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагуудыг бүрэн хангахаар тооцож зураг төслийг гаргасан. Энэ зураг төслийн хүрээнд ажил явагдана. Уг цогцолбор бий болсноор нисэх'онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлүүдийг арилгах, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах өндөр ач холбогдолтой.
Мөн агаарын тээврийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих зэрэг чухал шийдлүүд тусгагдсан гэж болно.
Нэг ёсондоо Эдийн засагт талаасаа ч тэр, үйл ажиллагаа талаасаа ч тэр том дэвшил болох болно. Түүнчлэн агаарын хөлгийн нислэгийн хоёр талын буулт, хөөрөлтийг хийх боломжтой болж нисэх буудлын ашиглалтыг одоогийнхоос дээшлүүлнэ. Өнөөдөр "Чингэс хаан" нисэх онгоцны буудлын ашиглалт 73 хувьтай байдаг бол үүнийг 98 хувьд хүргэх төлөвлөгөөг гаргасан гэсэн үг". Цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатал одоогийн байдлаар2.3 хувь байгааг 0.5 хувь болгож бууруулах аргачлалыг нэвтрүүлж байна. Онгоц буух, хөөрөх зурвас нь гэхэд гурван мянга 600 метр. Зорчигч. үйлчилгээний барилга нь 33300 метр квадратад хүрэх юм. Үүнээс гадна зорчигч суулгах хүзүүвчийг зургаа байхаар төлөвлөсөн. Үндсэндээ, шинэ байгууламж маань "Чингэс хаан" нисэх онгоцны буудлаас хоёр дахин том байна гэсэн үг.
-Ажил хийгдэж эхэлж байгаа юм байна. Хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Яг энэ ажлыг эхлүүлэхийн тулд 2007 оноос Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЛСА"-д хандсан байдаг. Ингэхдээ төслийн ТЭЗҮ-ийг нь тодотгох, тус байгууллагаас олгогдох зээлийн үндэслэл хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор урьдчилсан судалгааг хийсэн. Судалгаан дээр тулгуурлан 2008 оны тавдугаар сард гэрээ хийж УИХ-аас баталсан. Ингэж л энэ ажлын эхлэл тавигдсан. Зээлийг эдийн засгийн хамтын "ажиллагаа нь тусгай нөхцөлийн дагуу 40 жилийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээлсэн. Үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөхөөр тусгаж, зээлийн хүүг жилийн 0:2 хувь болгосон. Нисэх буудлыг 2016 онд ашиглалтанд оруулна гэж төлөвлөсөн байгаа.
-Нисэх онгоцны буудал руу ямар замаар явж хүрэх вэ?
-Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэл буюу А0201 замын чиглэлд зам тавихаар болсон. Ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг базааж байгаа. Энэ хурдны зам байх бөгөөд Улаанбаатар хотын төвөөс нисэхийн товчоо хүртэл зургаан эгнээ байна. Замын хэсгийг барихаар 2012 оны нийслэлийн төсөв, төлөвлөгөөнд тусгасан ажлыг удахгүй эхлүүлнэ. Харин нисэхийн товчооноос шинэ нисэх буудал хүртэлх зам нь дөрвөн эгнээ хоёр урсгалтай байх юм. Одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийг зарлаад ажиллаж байна,
-Шинэ нисэх онгоцны буудлыг барих асуудал хоёр жилийн өмнөөс яригдсан. Ямар шалтгаанаар хойшлогдож, энэ жил эхлэх болсон юм бэ?

-2009 оны наймдугаар сараас эхлэн зөвлөх компанийг шалгаруулж зохих журмын дагуу холбогдох газруудад хянуулж ажлыг эхлүүлсэн юм билээ. Япончууд бол яарч сандралгүй ажилладаг хүмүүс шүү дээ. Одоогоор хүндрэл бэрхшээл гараагүй байна.
-Япон улсад цунами болсноос үүдэн тус улсаас туслах боломжгүй болсон гэх мэдээлэл байгаа?

-Тийм асуудал огт байхгүй. Өнгөрсөн онд Японд байгалийн гамшигт үзэгдэл болж ихээхэн гарз хохирол тохиолдсон. Гэхдээ Японы тал ам өчгөөсөө ухраагүй. Нисэх онгоцны буудлыг шимээр барихаар шамдан ажиллаж байгаа.
Нийтлэлч
Л.Мөнхтөр
Эх сурвалж
Өдрийн сонин
2012 оны 4-р сарын 26, Пүрэв гариг

No comments:

Post a Comment