Thursday 26 April 2012

Ц.Нямдорж: Намайг зохион байгуулсан гэсэн дүгнэлт гарвал би дуугүй яваад өгнө


ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилсан асуудал­тай холбогдуулан танд хариуцлага тооцох, огцруулах асуудлыг ярих гэж байна. Нэр бүхий гишүүдийн тавьж буй асуудал хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Засгийн газрын хуульд байдаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад ажлаар цагдаагийн байгууллагыг удирдаж хяналт, шалгалт хийнэ гэсэн заалт байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж Монголд том хууль байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог эрхтэй субектуудыг  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гэх мэт хуульд заасан байгаа.  Өөр ямар ч хүн энэ үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа сайд. Гишүүдийн холбогдуулж яриад байгаа ажиллагаа бол цэвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар явагддаг ажиллагаа. Эрүүгийн хууль гэж тэрний эх хууль. Эрүүгийн хуулийн нутаг дэвсгэр гэж байдаг. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэрэг хуулийн байгууллага шалгадаг. Дараачийнх нь эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль нь буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субьектуудыг заасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Засгийн газрын Ерөнхий сайд гээд хэн нэгэн сайд оролцох ямар ч эрх байхгүй. АТГ-ын явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар явагдсан. Тэр газар саналаа гаргаад прокурор зөвшөөрөөд, шүүх захирамж гаргаад хийсэн ажил. Сүүлд нь гэр орноос нь авч явсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлээр хийгдсэн ажиллагаа. 74 дүгээр зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр “Ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргана. Албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн байдаг.
-Тэгэхээр гишүүдийг хуульд нийцэхгүй үндэслэл  тавьсан гэж үзэж байгаа хэрэг үү?
-Би үзээд байгаа юм биш. Хуульд нь тэгээд бичсэн юм. Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр би оролцож эхэлсэн бол энэ нь жинхэнээсээ хууль зөрчсөн асуудал болно.
-Сайд өөрөө үүрэг даалгавар өгсөн, чиглүүлсэн гэж огцруулах өргөдөл өгсөн гишүүд хэлж байсан?
-Тэрнийг би мэдэхгүй. Миний ойлгосноор АТГ-ын дарга, дэд дарга Н.Ганболд, Б.Хурц нар ажил дээрээ хоносон. ЦЕГ-ын дарга ч ажил дээрээ хоносон байна лээ. ЦЕГ-ын дарга хэв журмын ажиллагааг хариуцаж суусан. Мөн албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, зохион байгуулах шийдвэрээ гаргасан. 23.30 минутад албадан ирүүлэх ажлыг гүйцэтгэ гэсэн цохолтыг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хийсэн байна лээ. 24.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл “хойшлуулшгүй” бус тохиолдолд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нь хүн нас барсан бол газар дээр нь очоод үзлэг хийхийг хэлдэг. Бусад тохиолдолд хуулийн байгууллага 24.00 цагаас хойш ажиллагаа явуулах эрхгүй байдаг юм. Хуулиар хориглосон хугацаа нь болсон учраас тэд нар хөдлөөгүй юм билээ. Дахиад л хуулиа барьсан. Тэгээд 06.00 цаг болоход ажиллагааг гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт харагддаг юм. Эрх бүхий бүх байгууллагын дарга нар ажил дээрээ суугаад хонож байхад, хуулиар огт оролцож болохгүй хориотой сайд нь үүрэг даалгавар өгнө гэж байх уу.
-Гишүүд энэ асуудлыг намын даргад өргөн барьсан. Та хуулийн тайлбар хийгээд ойлголцож болохгүй байсан юм уу?
-Гишүүдэд би  хууль уншиж ойлгуулах үүрэг байхгүй. Өөрсдөө хуулийнхаа хязгаарыг мэдэж гүйцэтгэх ёстой хүмүүс. 75 гишүүний гэрт нь очоод хууль уншиж өгөөд явж чадахгүй. Хууль бус зүйлээс өөрсдийгөө холдуулж, хууль зөрчилдөх хил хязгаар болбол хөлөө татах ёстой байхгүй юу. Би яагаад үг хэлээгүй вэ гэхээр байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас та нар хуулийн дагуу ажиллаарай гэдэг үгийг орой 21.30 цагийн үед Д.Сандаг-Очир генералд утсаар хэлсэн. Ийм ажиллагаа явагдаж байна гэж надад хэлэхэд нь наадах чинь бол цэвэр байцаан шийтгэх ажиллагаа учраас та нар тус тусынхаа эрхийг хэрэгжүүлээрэй. Ганцхан зүйлийг хэлэхэд хүн гэмтээж болохгүй, замбараагүй байдал үүсгэж болохгүй, бусад нь та нарын шийдэх асуудал гээд утсаа салгасан даа.
-Маргааш өглөө нь бүлгийн хурал дээр мэдээгүй гэж хэлсэн гэсэн биз дээ?
-Үгүй дээ. Зарим хэсгийг нь салгаж аваад ярьсан юм шиг байна лээ. Өглөө босоод утсаар асуухад ажиллагаа дууссан байсан гэсэн. Унтаж босоод гэдэг үг хэлсэн юм. Тэрнээс биш унтсан, мэдээгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Наадах чинь хоёр өөр ойлголт. Ажиллагаа дуусаад Төв аймгийн замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй гэсэн мэдээллийг надад өгсөн.
-Экс Ерөнхийлөгчийг хоёр сар хорих шийдвэр гарсан. Үүнийг та мэдэж байсан уу?
-Би дуулаагүй байна. Энэ нь дахиад байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг. Суллах шийдвэрийг зөв гэж үзсэн бол АТГ саналаа гаргаад прокурор нь хянаад, шүүгч нь захирамжаа хүчингүй болгодог асуудал. Нэг зовлонтой юм нь хууль хаана явж байна гэдгийг мэдрэх чадамж Улсын их хурлын гишүүдэд байхгүй. Монгол хуулийн алтан хилийг давж гишгэдэг болъё гэдэг үгийг би хэрэглэдэг л дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алтан хил гэдэг бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад өөр хэн ч оролцох ёсгүй гэдэг үзэл. Тэр хил давчихаад өөр асуудал ярих нь хуульд харш. Огт болдоггүй ажиллагаа.
-Н.Энхбаяр даргын өрөөнд нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл гараад байна?
-Тийм. Өчигдөр /уржигдар/ намайг очиж уулзсан гэсэн худлаа мэдээлэл тараасан байна лээ. Би Төв аймагт очихгүй тав, зургаан жил болж байна. Намар хажуугаар нь нэг өнгөрсөн, очоогүй. Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэр ажлыг хариуцсан ажилтнууд очиж байгаа нөхцлийг нь хэвийн байлгах, хоол ундны нь асуудал, хамгаалалтын хүмүүстэй нь уулзахаар очсон тал байгаа байх. Ийм ажиллагааг тэд хийж байгаа. Надад очих эрх ч, үүрэг ч байхгүй.
-Эрх үүргийн асуудал үүгээр зогсож болох ч танаас болж нам дотор хагарал үүсч байна гэж зарим хүн хэлж байсан. Намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би асуудал гаргаж тавиагүй. Би хууль зөрчихгүй гэж хичээж байгаа хүн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг цагдаа, АТГ биелүүлж байхад би зүгээр л сууж байх ёстой хүн шүү дээ. Зүгээр суухгүй бол нөгөө хууль руу нь алхаж орчих гээд болдоггүй, ийм л нарийн асуудал. Би 10 жил прокурор хийсэн учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хил нь хаана байдаг, хэзээ зөрчил болдог гэдгийг мэддэг ухаантай. Би намд асуудал тавиагүй. Намын харьяалалтай гишүүд гаргаж ирсэн нь үнэн. Тэд яах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Хагарал гарахгүй байлгүй дээ. Ер нь МАН-ын бүлгээс гарах хүмүүсийн тоо тэд байна гээд та нар бичээд байсан биз дээ. МАХН руу гүйгээд байгаа, нэгдэх ёстой, нэгдэхгүй бол ялагдана гэж яриад байгаа хүмүүс намайг огцруулах санал тавьсан хүмүүс дотор байж байгаа. Тэр надад сонирхолгүй сэдэв.
-Сайн дураараа албан тушаалаа тавиад өгчихгүй юу гэх хүмүүс ч танай намд байгаа юм биш үү?
-Эхлээд хэн нь хууль зөрчсөн гэдгээ тогтоочих хэрэгтэй. Санал гаргасан нь хууль зөрчсөн үү, Ц.Нямдорж зөрчсөн үү гэдгийг ол. Намайг зөрчсөн гэдэг дүгнэлт гараад ирсэн бол би үг дуугүй явна. Намайг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж чадахгүй. Яагаад вэ гэхээр би энэ ажиллагааг зохион байгуулаагүй.
-Баривчлах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн үү. ШШГЕГ, ЦЕГ-ын дэд даргын нэр явж байна лээ?
-Хууль хяналтын байгууллагад байнга л хийгдэж байдаг ажил. ЦЕГ-ын тэргүүн, дэд дарга байсан н.Дулаанжаргал генерал дипломатын ажилд шилжиж байгаа. Тэр хүний оронд н.Чингис гэж дэд хурандааг тавьсан.  Н.Дулаанжаргал энэ ажилд шилжих яриа одоогоос  гурав, дөрвөн сарын өмнө тавигдсан учраас энэ асуудалд ямар ч холбоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр дэд даргыг ажлыг нь хооронд нь сольсон. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх дэд дарга, Эрүүгийн шийдвэр биелүүлэх ажлыг хариуцсан дэд дарга хоёрыг томилох, өөрчлөх эрхтэй. Хоёр хүний албан тушаалыг хооронд нь сольсноос болоод хохирсон хүн байхгүй. Наадах чинь дандаа цуурхал яваад байна. Жишээ нь дараачийн ээлжинд намайг огцруулах өргөдөл өгч, санал тавьсан хүмүүсийг Ц.Нямдорж хэрэгт хийх гэж байна гэсэн мэдээлэл яваад байх юм. Өөрсдөө л ийм зүйл бичүүлээд байгаа юм болов уу гэж сүүлийн үед хардаад байна. Надад хүнийг хэрэгт холбодог, шалгадаг, материал бүрдүүлэх эрх байхгүй. Айсан хүнд аргал хөдөлж харагдана гэсэн үг байдаг. Аргал хөдөлж харагдаад байгаа бол миний хариуцах ажил биш. Хэрэггүй юм байна.
С.Жигүүр

No comments:

Post a Comment