Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: “Бороо гоулд”-ийг энэ сарын 20 гэхэд шалгаж дуусна


"Бороо гоулд" ХХК тойрсон асуудал УИХ-ын анхаарлыг татав. Тэгээд Х.Бадамсүрэн, Г.Баярсайхан, Х.Наранхүү нарын гишүүдээс бүрдсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулжээ. Тэднийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ахалж буй. Гэхдээ УИХ тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулийн зохицуулалт байхгүй учраас Засгийн газрын эрх бүхий байгууллагаар "Бороо гоулд" ХХК-ийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэх Ажлын хэсэг гэж байгуулсан аж. Бүрэлдэхүүнд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болгож Миний Монголын газар шороо, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн П.Болд, Д.Ганбаатар нарыг багтаасан байна. Ажлын хэсгийн гишүүд Төрийн ордонд өчигдөр хуралдаж, "Бороо гоулд" ХХК-ийн үйл ажиллагаанд 13 чиглэлээр шалгалт хийж, зургадугаар сарын 20-ны дотор ажлаа дуусгах тохиролцоонд хүрчээ. Ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Шалгалт ямар чиглэлээр хийгдэх вэ?
-Тогтвортой байдлын гэрээ түүний хэрэгжилт, зөвшөөрөл олгогдсон талбайгаас олборлосон хүдэр цэвэр алтны хэмжээ, түүний мэдээ тайлан гаргасан байдал, төлсөн татварын хэмжээ зэргийг нарийвчлан шалгана. Үйл ажиллагаа явуулахдаа дагаж мөрдсөн технолог, цианитын уусмал, хяагдлын битүүмжлэлд нарийвчилсан шалгалт хийж, учруулсан хор хохирол, түүнийг барагдуулсан байдал, олборлолт хийгдсэн талбайд техникийн болон байгалийн нөхөн сэргээлт хийсэн байдлыг тогтоож, илэрсэн зөрчлийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Тус компанид ажиллаж байгаа болон одоо ажиллаж байгаа монгол ажилчдын хөдөлмөрлөх орчин, ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагааг хангасан байдал, цалин хөлс, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг шалгаж, гарсан зөрчлийг арилгуулах зэрэг 13 чиглэлээр Ажлын хэсгийн шалгалт хийгдэхээр боллоо.
-"Бороо гоулд"-ийн монгол ажилчид тус компаниас ашиг хүртэх ёстой гэсэн шаардлага тавиад байгаа. Тэндээс цалин авдаг хүмүүс одоо ашиг нэхэж байгаа нь хууль ёсны зүйл мөн үү?
-Биднийг улс төрийн болон тухайн компанийн захиалгаар ажиллаж болзошгүй гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Ажилчид нь тухайн компаниасаа ашиг хүртэх тухай шаардлага тавьсан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчид тухайн компаниасаа ашиг хүртэхийг шаардаж, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулсан нь манай улсын хувьд анхны тохиолдол боллоо. Энэ нь 100 гаруй жилийн өмнө барууны орнуудад өрнөж байсан ажилчны хөдөлгөөнийг санагдуулаад байгаа юм. Уг үйл ажиллагаа цаашид өрнөх эсэхээс олон зүйл шалтгаална. "Бороо гоулд" ХХК-ийг тойрсон хангалттай маргаан дэгдлээ. Улстөржихөө болиод нийгэмд нэг мөр, үнэн зөв мэдээлэл өгөх нь Ажлын хэсгийн гол зорилго гэж ойлгож болно.
-Та саяхан Өмнөговь аймагт ажиллахдаа нүд хальтрим явдлын талаар баримт цуглуулаад ирсэн гэсэн. Мөнгөн ус, цианитын урхаг хүний удмын санг хэрхэн сүйтгэж байгааг нүдээр харсан хүний хувьд сэрэмжлүүлэх үг байгаа байх.
-Алттай чулуу тээрэмддэг байсан бүх тээрмүүдийг хурааж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушааж устгасан юм. Гэтэл одоо авто машинд суурилуулсан тээрэм явдаг болсон сураг дуулдлаа. Тээрэмдсэн чулуугаа худагт угаачихаад зугтдаг тухай мэдээлэл авснаа холбогдох албаны хүмүүст хэлсэн. Мөнгөн ус, цианитын үр дагавар Өмнөговь аймагт үнэхээр аймшигтай байдлаар илэрч байгаа юм билээ. Нялхсын эндэгдэл, гаж төрөлт тасралтгүй, бүр 100 хувиар нэмэгдсээр байна. Холбогдох байгууллагууд маш яаралтай арга хэмжээ авахгүй бол тэнд байдал маш эмгэнэлтэй болж эхэллээ.
-Тухайлбал, гаж төрөлт ямар байдлаар илэрч байх юм.
Төрж байгаа хүүхдийн зүрх, гэдэс дотор эрхтэн нь их биеийнхээ гадна байрлалтай төрж байна. Тагнай, уруул, хамар, нүд, чих нь гажигтай төрж байгаа явдал маш их. Сүүлийн хоёр жил ийм гаж төрөлт эрс нэмэгджээ. Гаж хүүхэд төрүүлж байгаа эхчүүд хаана ажиллаж, юу хийж байсныг тогтоохоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажиллаж байна лээ. Миний ойлгосноор мөнгөн ус, цианитын хордлогоос энэ бүхэн үүдэлтэй бололтой. Үүнээс сэрэмжлэх ажлыг бүх аймгуудад нэн яаралтай хийж эхлүүлэх хэрэгтэй байна.
Го.ЭНХТӨР
2009 оны 6-р сарын 02, Мягмар гариг
Өнөөдөр сонин

No comments:

Post a Comment